Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00750

 

                                         “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00401 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр магадлалтай,

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

А. ****ад холбогдох

36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч /50,000,000/, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг /20,000,000 төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. “ **** ****” ХХК нь А. ****ад холбогдуулан 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч /50,000,000/, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг /20,000,000 төгрөг/ гаргуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00401 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар “ **** ****” ХХК-ийн өөрийн өмчлөлийн 36-38 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, CLG855L1029876 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг А. ****ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станц гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр магадлалаарБаян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 130/ШШ2020/00401 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ **** инсталейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч А. ****аас 36-38 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, CLG855L1029876 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл болон 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгосугай. гэж, 2 дахь заалтын 407,950 төгрөгийг гэснийг 507,950 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч А. **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.2.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн 172.2.2-т заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. А. **** миний бие 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч (механизм), 100 квт-ын хүчин чадалтай дизель станцыг 2018 оны 07 дугаар сард Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу С.Батсуурийн эзэмшилд байхад С.Батсууриас тохирсон үнийг төлж худалдан авсан бөгөөд 2018 оны 07 дугаар сард өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдах-худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр болсон юм. Худалдагч С.Батсуурь, худалдан авагч А. **** бидний хүсэл зоригийн дагуу маргаан бүхий эд юмсын эзэмшил үүссэн тул тухайн эд хөрөнгийн хувьд А. **** би Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болох билээ. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тодорхой заасныг үндэслэж би нэгэнт маргаан бүхий эд хөрөнгүүдийн үнэ өртгийг төлж, иргэн С.Батсууриас худалдан авсан тул шударга эзэмшигч мөн юм. А. **** би тухайн хөрөнгүүдийг хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар олж аваагүй, тохирсон үнийг төлж худалдан авсан учир нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3-т заасан журмаар шинэ эзэмшигч А. **** надаас нэхэмжлэх, шаардан авах эрхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 90.3 дахь заалтуудыг буруу хэрэглэсэн.

4.1. Шударга эзэмшигч болох А. **** надаас нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д заасан “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэсний дагуу нэхэмжлэх эрхгүй. Шүүх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглээгүй. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан учир худалдагч С.Батсууриас маргаан бүхий эд хөрөнгийг би 2018 оны 07 дугаар сард шилжүүлэн авснаар өмнөх өмчлөгч нарын өмчлөх эрх дуусгавар болж, надад өмчлөх эрх бүрэн шилжсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу худалдагч С.Батсуурьд 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай дизель станцын үнийг 2018 оны 07 дугаар сард би бүрэн төлсөн тул уг эд хөрөнгийн өмчлөх эрх надад хууль ёсоор бүрэн шилжсэн. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн эдгээр заалтуудыг хэрэглээгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Маргаан бүхий 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай дизель станцын өмчлөгч С.Батсуурь биш гэдгийг А. **** би мэдээгүй бөгөөд тухайн хөрөнгүүд Ховд аймгийн нутаг дэвсгэрт худалдагч С.Батсуурийн эзэмшил, өмчлөлд байсан газраас бэлэн мөнгөөр худалдаж авсан юм. С.Батсуурь өөрийнх нь эд хөрөнгө гэж худалдсан ба би үнэ өртгийг бэлэн өгсөн юм. Нэгэнт С.Батсуурийн эзэмшилд байхад авсан тул өөр этгээдийн эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байсан. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно” гэсэн заалтад миний эд хөрөнгө худалдан авсан үйлдэл бүрэн тохирч байна. Иймд би тухайн эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигч, өмчлөгч мөн юм. Энэ нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй болохыг илтгэж байна. Худалдагч С.Батсуурь, худалдан авагч А. **** бидний хооронд эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл нь нүүр тулан хийсэн, хиймэгц биелэгдэх, эд хөрөнгийг 2018 оны 07 дугаар сард шилжүүлэн авсан гэрээ, хэлцэл тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.5-д заасан “гэрээ байгуулсанд тооцох” хуулийн шаардлага бүрэн хангагдсан байна. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлд ...С.Батсуурь нь “түрээсийн гэрээгээр ашиглаж байсан” гэх боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан “түрээсийн гэрээг бичгээр байгуулах” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 318.4-т заасан “хүчин төгөлдөр гэрээ” болон “түрээсийн төлбөр” төлж байсан талаар санхүүгийн анхан шатны баримт байхгүй учир С.Батсуурь тухайн эд хөрөнгийг түрээсэлж байсан гэдгийг бүрэн үгүйсгэж байна.

4.2. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь Баруун бүсийн Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын давж заалдах шатны шүүх 2018 он хүртэл Ховд аймагт төвлөрөн ажиллаж байхад тус давж заалдах шатны шүүхэд “шүүхийн туслах”-аар ажиллаж байжээ. Тухайн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батзаяа нь тус шүүх хуралдааны даргалагч шүүгч С.Өмирбек, бүрэлдэхүүний шүүгч Д.Жамбалсүрэн нарын туслах байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-т заасан “Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, хэргийг шударгаар шийдвэрлэхэд үндэслэл бүхий эргэлзээ байхад давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Өмирбек, Д.Жамбалсүрэн нар нь мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үүрэгтэй байсан юм. Шүүгч С.Өмирбек, Д.Жамбалсүрэн нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан үүргээ мэдсээр байж биелүүлээгүй явдал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Уг асуудлыг би шүүхийн шийдвэр гарсны дараа мэдсэн. Ард түмэн бид шүүгчийн хуульд захирагдаж, шударга байхыг хүсдэг юм шүү. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан журмыг зөрчиж, хариуцагчийг буруу тодорхойлж шийдвэр гаргасан. Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, буюу үүргээ биелүүлээгүй этгээдийг хэлнэ” гэж заасан байна. Миний бие нэхэмжлэгч “ **** ****” ХХК буюу нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар гэрээ хэлцэл хийгээгүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, тэднээс эд хөрөнгө аваагүй тул өөрийгөө энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Энэ нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч “ **** ****” ХХК нь иргэн С.Батсуурьд хөрөнгөө алдсан гэвэл тухайн хүн нас барлаа гэхэд өв залгамжлагчаас нэхэмжлэх үүрэгтэй байсан юм. Хариуцагч А. **** би С.Батсууриас дээрх эд хөрөнгүүдийг 2018 оны 07 дугаар сард худалдан авсан, С.Батсуурь 2019 оны 04 дүгээр сард нас барсан байхад нэхэмжлэгч “ **** ****” ХХК-ийн 2019.03.27, 2019.10.04-ний өдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2019.03.27-ны өдрийн техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл зэрэг үйл явдал болж өнгөрснөөс хойш авсан нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргасан нь нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, хэрэгт хамааралтай талаас үнэлээгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны биш юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч А. ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК-ийн өмчлөлийн 36-38 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай, CLG855L1029876 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгслийг А. ****ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, “ **** ****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станц гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг оруулсан байна.

7. Давж заалдах шатны шүүх А. ****ыгмаргааны зүйл болсон эд хөрөнгийн шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэхэд хамаарах болон нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэх талаар хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. Тодруулбал:

8. “ **** ****” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...компанийн өмчлөлийн 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцыг С.Батсуурь нь Ховд аймгийн Алтай суманд ажил хийхээр түрээсэлье гэж хэлээд 2018 оны 06 дугаар сард авч яваад Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхайн дэд захирал А. ****ад худалдсан байх ба А. **** нь жинхэнэ өмчлөгч бус этгээдээс худалдан авч уг эд хөрөнгүүдийг хууль бусаар эзэмшиж байгаа тул уг эд хөрөнгүүдийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон байна.

9. ХариуцагчА. **** “...авто ачигч, зөөврийн станцыг 2018 оны 07 дугаар сард С.Батсууриас тохирсон үнийг төлж худалдан авсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч болно. Мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар ... хөдлөх эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан тул С.Батсууриас маргаан бүхий эд хөрөнгийг А. **** би шилжүүлэн авснаар надад өмчлөх эрх бүрэн шилжсэн...” гэж мэтгэлцжээ.

10. Зохигч хооронд 36-38 УБ улсын дугаартай, LIUGONG CLG855 маркийн, 2008 онд үйлдвэрлэгдсэн, авто ачигчийн зориулалттай M7BG3A00207 хөдөлгүүрийн дугаартай,   CLG855L1029876 арлын дугаартай, улбар шар өнгийн тээврийн хэрэгсэл болон 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөх эрхмаргааны зүйл болжээ.

11. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч  36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмших, өмчлөх эрх хууль бус байхыг шаардана.

12. Хавтаст хэрэгт авагдсан 2019.10.01-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, гэрч Э.Эрдэнэбатын мэдүүлэг зэрэг баримтуудаар 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станц нь “ **** ****” ХХК-ийн өмч болох нь тогтоогджээ.

12.1. С.Батсуурь нь дээрх эд хөрөнгүүдийг А. ****ад худалдсан болох нь прокурорын тогтоол, гэрч Э.Эрдэнэбатын мэдүүлэг, А. ****ын 2019.07.02-нд Ховд аймгийн цагдаагийн газарт бичиж өгсөн тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдсон.

12.2. Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д  “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэж зохицуулан хуульчилсан байна.

А. **** нь С.Батсууриас 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигчийг худалдан авахдаа тухайн эд хөрөнгийн С.Батсуурь захиран зарцуулах эрхтэй эсэх, өмчлөгч нь хэн болохыг мэдэх боломжтой байсан талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

13. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “...эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зааснаас үзэхэд хариуцагч тухайн үед уг эд хөрөнгүүдийг өмчлөгч нь хэн болохыг бүртгэлээс мэдэх боломжтой байсан тул мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй гэсэн дүгнэснийг буруутгах боломжгүй.

14. Анхан шатны шүүх 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын хууль ёсны өмчлөгч гэдгийг нэхэмжлэгч нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,“ **** ****” ХХК 36-38 УБ улсын дугаартай LIUGONG CLG855 маркийн M7BG3A00207 арлын дугаартай авто ачигч, 100 квт-ын хүчин чадалтай зөөврийн дизель станцын өмчлөгч тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар хийсэн давж заалдах шатны шүүх дүгнэлтийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

15. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Батзаяа шүүгч С.Өмирбек, Д.Жамбалсүрэн нарын туслахаар ажиллаж байсан тухай тухай баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч шүүгч нарыг хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байсан талаар нотлоогүй байх тул энэ нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.  

16. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч А. ****ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,хариуцагч А. ****ынгомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ