Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2018/0662

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л ХХК /РД:/.

Хариуцагч: Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

Б******* дүүргийн Засаг дарга;

               Б******* газрын хамгаалалтын захиргаа.

Нэхэмжлэлийн шаардлага: Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л ХХК-ийн захирал Н.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагч Б******* газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, иргэдийн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л ХХК нь Б******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрэлтогоот нэртэй газрын 15.0 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 2012/08 дугаартай гэрчилгээг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр авсан ба газар ашиглах тухай 15/035 дугаар гэрээг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан.

2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан газар ашиглах тухай 15/035 дугаар гэрээнд Л ХХК-ийн төлөх газрын төлбөрийн хэмжээг тооцоолохдоо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон бүсчлэл, 1м.кв газарт ногдуулах төлбөрийн хэмжээг баримтлахаар заасан байдаг.

Тус Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр болсон 269 дүгээр магадлалаар нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн ба Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоол гарснаар дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг тухайн талбайд газар ашиглах эрх бүхий этгээд дагаж мөрдөхөөргүй болсон.

Гэтэл гэрээг шинэчлэн байгуулалгүй, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээнд одоог хүртэл хүчингүй болсон 2010 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг баримтлан нэхэмжлэгч компаниас төлбөр авч байгаа нь манай компанийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байна.

Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолоор газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар болон газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг батлахдаа тухайн газрын ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар ямар нэгэн судалгаа, шинжилгээ, тооцооллыг үндэслэлгүйгээр тогтоосон нь Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл ямар судалгаа, үнэлгээг үндэслэн Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газрын бүсчлэлийн зэрэглэлийг тогтоож байгаа нь тодорхойгүй байна. Газрын ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоог бүсийг хамгаалах талаар ямар нэгэн судалгаа, шинжилгээ, үнэлгээг үндэслэлгүй гаргасан шийдвэрийн дагуу газар ашигласны төлбөр төлж байгаа нь нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн.

Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/34 дүгээр тогтоол нь Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тусгайлан эрх олгосон эрхийн дагуу нийтэд заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, тухайн талбайд газар эзэмшиж, ашиглах бүх этгээдэд үйлчлэх дахин давтагдах шинжтэй, гадагш чиглэсэн шийдвэр байх тул Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т тодорхойлсон захиргааны хэм хэмжээний акт юм.

Тус тогтоолыг гаргах үед үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам-д хэм хэмжээний акт гаргахад, төсөл бэлдэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг шийдвэр гаргах ажиллагааны журмыг тогтоосон ба уг журмыг зөрчсөн хэм хэмжээний акт нь хууль бус байна. Уг хэм хэмжээний актыг гаргахад газар ашиглах эрхтэй этгээдүүд, иргэдийн санаа бодлыг сонсохоор хэлэлцүүлэг хийж, холбогдох нотлох баримт цуглуулсан зүйл байдаггүй.

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 65 дугаар зүйлийн 65.1, 65.2-т захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж бүртгэх ба бүртгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, шаардлагыг хангаагүй захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхгүй байхаар заасан.

Мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т зааснаар захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлэх ба уг шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн хэм хэмжээний акт үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.

Одоо үйлчилж буй Захиргааны ерөнхий хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа ба тус хуульд зааснаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй хэм хэмжээний акт үйлчлэл үзүүлэхгүй тул нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш А/34 дүгээр тогтоолын дагуу газрын төлбөр төлөх үүрэг хүлээхгүй.

Хүчин төгөлдөр болоогүй, хууль зөрчиж гаргасан хэм хэмжээний актаар тогтоосон төлбөрийн дагуу нэхэмжлэгч нь газар ашигласны төлбөрийг төлөх болсон нь тус компанийг хохирооход хүргэж байна. Хэрэв тухайн актыг гаргахдаа газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзаж, ямар нэгэн судалгаа шинжилгээний үндсэн дээр тогтоосон бол газрын төлбөрийн итгэлцүүрийн зааг хязгаар болон тоон утга нь өөрөөр гарах боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар захиргааны хэм хэмжээний  акттай холбоотой нэхэмжлэлд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй тул хэдийгээр 2015 оны 07 дугаар сард Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/34 дүгээр тогтоол гарсан ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байгаа тул тус нэхэмжлэлд дараах шаардлагыг гаргаж байна. гэжээ.

        Хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга Т.Б-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/11 дүгээр тушаалаар Б******* дүүргийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай Б******* газар, Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 15,0 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах зөвшөөрлийг Л ХХК-д олгожээ. Улмаар тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 2012/08 дугаар гэрчилгээг Л ХХК-д олгож, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ-г Б******* дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргааны дарга болон Л ХХК гурвалсан гэрээг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх заалт, Байгаль орчны сайдын Журам батлах тухай 2001 оны 218 дугаар тушаалыг үндэслэн уг маргаан бүхий гэрээг байгуулсан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай 5/39 дүгээр тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх газрын үнэлгээний бүсчлэлийн хий хязгаар, итгэлцүүрийн тоон утга, төлбөрийн хэмжээ зэргийг баталсан байна. Л ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолын дагуу ногдуулсан газрын төлбөр, хэмжээний талаар маргаагүй хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2015 онд 15/035 дугаар газар ашиглах гэрээг байгуулж, улмаар уг маргаан бүхий гэрээний нэгдүгээр зүйлийн 2.4-т Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон газрын үнэлгээний 3-р бүс, 15,0 га талбай, нэгжийн үнэ 396 төгрөг, бүгд үнэ 1 жилд 59,400,000 (тавин есөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийн төлбөр төлөх-өөр гэрээний гол нөхцөлийг  харилцан тохиролцож гэрээг байгуулсан байна.

Уг маргаан бүхий гэрээний тавдугаар зүйлийн 5.4-т Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар, нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцална гэж заасан бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх, дуусгавар болох талаар зохицуулсан.

Энэхүү гэрээг хүчингүйд тооцох хуульд заасан дээрх үндэслэлүүдээс аль нь ч тогтоогдохгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  52 дугаар зүйлийн 52.2.4-д Нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тусгана, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл гэдэгт захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн зэрэг хамаарна гэж заасан байдаг. Уг гэрээг байгуулснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-с шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А/34 дүгээр тогтоолыг Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 1997 оны Газрын төлбөрийн хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай  152 дугаар тогтоолд заасныг тус тус үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2010 онд баталсан 5/39 дүгээр тогтоолыг батлахад хийсэн судалгаа шинжилгээнд тулгуурлан батлагдаж байсан тул хүчин төгөлдөр хэм хэмжээний акт юм.

Тодруулбал Нийслэлээс 5/39 дүгээр тогтоолыг батлахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д тусгагдсан инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар судалгаа шинжилгээг Нийслэлийн Засаг даргаас Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан нь тус байгууллагад холбогдох Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаагаар нотлогдож байгаа болно.

Маргаан бүхий хэм хэмжээний актыг батлагдах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоол эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага /одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам/-аас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх эрх зүйн харилцааг зохицуулсан тогтоол.

Тогтоолын хавсралтаар батлагдсан Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.6.3-д эрх бүхий этгээд гэж засгийн газрын гишүүн, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга болон хуулиар хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахаар тусгайлан эрх олгогдсон газар, зөвлөл, хороо, төв хүрээлэн зэрэг байгууллагыг тусгайлан тодорхойлж өгсөн бөгөөд уг байгууллагуудаас гаргасан шийдвэрийг улсын нэгдсэн бүртгэлд заавал бүртгүүлэхээр зохицуулсан.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын тухайд журмын 6 дугаар зүйлийн 6.1-д "шийдвэрийн улсын нэгдсэн санг эрхлэн хөтлөх, нийтэд мэдээлэл, лавлагаа өгөх зорилгоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурлаас байгуулдаг төрийн байгууллага, төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг холбогдох хууль, түүнд үндэслэсэн Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг төрийн байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээн тогтоосон шийдвэрийг энэ журамд заасан хугацаанд хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, шийдвэр нь хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа тохиолдолд тухайн байгууллагад зөвлөмж хүргүүлж болно гэж заасан нь манай байгууллага гаргасан шийдвэрээ заавал бүртгүүлэх шаардлагагүй гэх хууль зүйн агуулга тодорхойлж байна.

Иймд нэхэмжлэгчийн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдсан 2015 оны хэм хэмжээний актыг 2016 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн батлах ёстой байсан гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, тухайн байгууллага тус байгууллагаас гаргасан хэм хэмжээний актаас хохирол учирсан гэх боловч хохирол нь бодит бус тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б******* газрын хамгаалалтын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Б******* газрын хамгаалалтын захиргаанаас иргэн, аж ахуй нэгж байгууллагатай Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуй нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно, 37 дугаар зүйлийн 37.1-д Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна. 37.2-д Газар ашиглах гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана:

1/ тухайн газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах, нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ, түүнд зарцуулах хөрөнгө;

2/ газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа;

3/ газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага;

4/ гэрээ дуусгавар болсон тохиолдолд газрыг эргүүлж авах нөхцөл, журам, уг газрыг нөхөн сэргээх, засаж тохижуулах, хүлээлгэн өгөх журам зэргийг үндэслэн газар ашиглах гурвалсан гэрээг байгуулан ажилладаг ба Л ХХК-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар газар ашиглах гурвалсан гэрээнд туссан үнийн дүнг холбогдох байгууллагаас шинэчлэн тогтоосон нөхцөлд гэрээг шинэчлэн байгуулахад татгалзах зүйлгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л ХХК-иас Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээг хүчингүй болгуулах[1] тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хариуцагч Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-с ... шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д зааснаар Хариуцагч Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

1. Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг[2] хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд

Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн д, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэгдүгээр хавсралтаар Б******* дүүргийн нутаг дэвсгэрийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/, хоёрдугаар хавсралтаар газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг, гуравдугаар хавсралтаар хөдөө аж ахуйн газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тус тус баталжээ.

Нэхэмжлэгч нь ...хариуцагч Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг гаргахдаа газар ашиглах эрхтэй этгээд, иргэдийн санаа бодлыг сонсохоор хэлэлцүүлэг хийж, холбогдох нотлох баримтыг цуглуулаагүй, захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй,[3] ... Захиргааны  хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдээгүй акт үйлчлэл үзүүлэхгүй гэж, хариуцагч Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ...Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр гүйцэтгэдэг төрийн байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрээ заавал бүртгүүлэх шаардлагагүй ... гэх үндэслэлээр маргаж байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. заажээ.

Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолоор Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд газар эзэмшигч, ашиглагч нарын эзэмшил, ашиглалтын газрын зааг хязгаар буюу хамрагдах бүсчлэл, төлөх газрын төлбөрийн итгэлцүүрийн тоон утгыг тогтоосон нь дээр дурдсан хуулийн заалтад заасан нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий, үйлчлэл нь байнга давтагдах шинжийг агуулсан захиргааны хэм хэмжээний акт байна.

Захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсад Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ., 67 дугаар зүйлийн 67.2-т Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ., 67.3-д Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй хэмээн тодорхой заасан байна. гэж заасан шаардлагад нийцсэн байх учиртай бөгөөд хуульд нийцүүлэх ажлыг холбогдох захиргааны байгууллага хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

Гэтэл Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолоо хуульд заасан шаардлагад нийцүүлэн бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, тус акт нь Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. гэж зааснаас үзвэл газрын итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоохдоо хуульд заасан нөхцөл шаардлагыг харгалзан үзэж тогтоохоор зохицуулсан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийн дагуу хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний актад жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг цаашид авах арга хэмжээний талаарх саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ёстой.

Хариуцагч Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас маргаан бүхий актыг гаргахын өмнө инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх үүргээ биелүүлээгүй, төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулаагүй, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх бөгөөд Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлд нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр бус актыг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээс дүгнэвэл дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, тогтоох эрхтэй нь тогтоогдож байх боловч маргаан бүхий тогтоолыг батлан гаргахдаа хуульд заасан шаардлага буюу инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийх үүргээ биелүүлээгүй, төсөлд олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулаагүй, захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлээгүй болох нь нотлогдож байна.

Иймд хариуцагч захиргааны байгууллагад захиргааны акт гаргах эрх хуулиар олгогдсон тул дээрх алдаагаа засах боломж олгон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1/1732 дугаар албан бичгээр сум, дүүргийн хэмжээнд дагаж мөрдөх газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх хил зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар яаралтай батлан Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын зэргийн хэрэгжилтийг ханган ажиллахад дэмжлэг үзүүлэх талаарх зөвлөмжийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлснийг дурдах нь зүйтэй.

2. Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дүгээр тушаалаар[4] Б******* дүүргийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай Б******* газар, Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсны дагуу Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргаатай 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 15/035 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гурвалсан гэрээг[5] байгуулжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг; гэж зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа буюу захиргааны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг.

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно гэж захиргааны гэрээний шинжийг, мөн зүйлийн хоёр дэх хэсэгт захиргааны гэрээг хэрэглэж болох харилцааг тус тус тодорхойлжээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээ нь захиргааны гэрээний шинжийг агуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 44 дүгээр зүйлийн 44.8-д зааснаар газар ашиглуулах гэрээг нэхэмжлэгчид газар ашиглуулсан шийдвэр буюу захиргааны актад үндэслэж байгуулдаг бөгөөд тус гэрээ нь нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгосон шинжийг агуулаагүй юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:, 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус; 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. гэж зааснаар Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэн, хүлээн авахаас татгалзаж, Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргаанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 52.2-т зааснаар Л ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргаанд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Б******* дүүргийн Засаг дарга, Б******* газрын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15/035 дугаар гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 69 дүгээр зүйлийн 69.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шинэ акт гаргаагүй бол Б******* дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоол хүчингүй болохыг мэдэгдсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ДАМДИНСҮРЭН

                                       ШҮҮГЧ Л.БАТБААТАР

                                       ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ