Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00201

 

А.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар магадлалтай,

А.Т-ын нэхэмжлэлтэй,

Д.А-д холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсэг болох 50,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Г.П-ийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ц, гуравдагч этгээд Г.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Т- нь хариуцагч Д.А-д холбогдуулан ...Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоотын 44 м3 өрөө байрыг авга эгч Д.А-тай хамтран өмчилдөг.  ... цаашид Улаанбаатар хотод амьдрах болсон... гэж тодорхойлон, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсэг 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.А- эс зөвшөөрч, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.П- нь 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан Орхон аймгийн Баян-Өндөр Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон сууцыг Амарсанаагийн Тамирт бэлэглэсэн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Т-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.5-д заасныг баримтлан 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөг, хариуцагч Д.А-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.П-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Т-аас 70,200 төгрөг гаргуулан хариуцагч Д.А-д, 35,100 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.П-ид, хариуцагч Д.А-гаас 35,100 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.П-ид тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г болон өмгөөлөгч Ц.Э нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн №142/ШШ2020/00123 тоот шийдвэр, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн №45 тоот магадлалыг тус тус эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үндэслэл болсон талуудын хооронд 2002.11.11-нд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-ний шаардах эрхийн талаарх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хуулийн 78-р зүйлийн 78.4 дэх заалтыг анхаарч үзээгүй хөөн хэлэлцэх хугацааг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргажээ. Үндэслэл нь:

4.1. Шүүх хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан бичгийн тайлбар, гэрч Г.Замбага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.П-ийн А.Т-ын эрх зүйн чадамжтай болсон үе буюу 18 нас хүрсэн байдал, Тамир түүний ээж Гантөгс нарыг эрэн сурвалжлах тухай захирамж зэрэг баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Хариуцагч Д.А-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.П- нарт 2005 оноос насанд хүрээгүй А.Т- болон түүний хууль ёсны төлөөлөгч эцэг Д.Амарсанаа, эх Б.Гантөгс, асран хамгаалагч Г.Дашдорж нараас шаардах эрх үүссэн талаарх нотлох баримтад талууд маргадаггүй. Иргэний хуулийн 78-р зүйлийн 78.4 дэх заалтыг ...хууль ёсны төлөөлөгч байхгүй бол гэх заалтыг үндэслэн хэрэглэнэ. Нэхэмжлэгч А.Т-т хууль ёсны төлөөлөгч байсан нь хэрэгт нотлогдсон ба талууд маргаагүй. Иймд түүнд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага гаргах эрх Иргэний хуулийн 76-р зүйлийн 76.1, 76.2-т зааснаар эхлэх бөгөөд уг заалтыг хэрэглэх үндэслэлтэй. А.Т-ын хууль ёсны төлөөлөгч аав Д.Амарсанаатай хариуцагч нар цуг амьдарч байсан эх Д.Г А.Т- нартай харилцаа холбоотой байсан талаар Пүрэвдорж Д.А- нар нь үгүйсгээгүй, хүлээн зөвшөөрдөг. Харин хариуцагчийн нэхэмжлэл гаргах гэхээр хаяг мэдэхгүй байсан гэх тайлбар нь хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах хууль зүйн үндэслэл мөн эсэхийг шүүх анхаарч үзээгүй.

4.2. Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот 3 өрөө орон Г.Д, А.Т- нарт өмчлөх эрхээ 2002.11.11-нд “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-ээр шилжүүлжснийг үндэслэх хэсэгтээ дүгнээгүй.

4.3. Гэрч А.Хонгорзул нь шүүх хуралдаан дээр гэрчээр оролцохдоо 2006 оноос хойш зун болгон 6-20-02 тоотод гэртээ ирж аав Д.Амарсанаатай хамт амарч байсан мөн эмээ Замбагындаа очдог байхдаа Г.П- болон Алимаа нартай хамт байдаг байсан ба авга эгч Д.А- нь өөрийн дүү Д.Амарсанааг архи уулаа гэж хүү А.Т- болон түүний эгч А.Хонгорзул нарыг хамт гэрээс хөөж гаргаж байсан, аав Д.Амарсанаа нь Улаанбаатар хотод гэрт ирж хоёр хүүхэдтэйгээ уулздаг байсан, 2010 онд өвөө Г.Дашдоржийг нас барахад мөн нэхэмжлэгч А.Т- эгчийн хамт оршуулах ёслолд оролцож байсан, 2018 онд аав Д.Амарсанааг нас барахад хамт ирж ажил явдлыг нь хийхэд оролцож байхад Д.А-, Г.П- нартай уулзаж хамт байсан гэх мэдүүлгэн нотлох баримт хууль ёсны төлөөлөгч нар олдохгүй байсан гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Нэхэмжлэгч А.Т- нь 2006 оноос хойш Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 6-р байр 14 тоот хаягт байнга оршин сууж байгаагаа багийн засаг даргын тодорхойлолтоор гаргаж өгсөн. А.Т-ын ээж Б.Гантөгс нь Орхон аймгийн Сум дундын шүүхэд гэрлэлт цуцлуулахаар 2010.10.18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6 дугаар хороолол 20 дугаар байрны 02 тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргаад хариуцагч энэ хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр, дахин 2015.01.12-ны өдөр Орхон аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба мөн уг хаяг дээр байхгүй гэж буцсан. Гэтэл 2 хүүхэд зун болгон, зарим цагаан сараар аав дээрээ буюу Пүрэвдоржийнд очдог байсан, мөн 2 хүүхэдтэйгээ уулздаг байсныг нотлох фото зургийг хавсаргаж өгсөн, илтэд надаас харин зугтаж Д.Амарсанааг энэ хаяг дээр байхгүй гэдэг байсныг мэдэж авсан байдаг. Аавтайгаа холбоотой байсныг нотлох фото зураг хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтыг үнэлээгүй ба уг нотлох баримтыг хариуцагч үгүйсгээгүй байхад эрэн сурвалжилсан шүүгчийн захирамжийг зөвхөн үнэлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй.

4.4. Шүүхэд гэрч Д.Замбага нь 2002 онд миний охин Д.А- нь хүү Д.А, бэр Б.Гантөгс нараас 7000 доллар зээлээд 2005 онд буцааж төлсөн гэж мэдүүлж бэлэглэлийн гэрээ хийсэн гэх үндэслэлийг нотолж гэрчээр оролцсон боловч үйл баримтыг нотлоогүй.

4.5. Хариуцагч Д.А-, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.П- нар нь өөрийн төрсөн эцэг Г.Д-ийг 2009.01.15-ны өдөр нас барсан ба 2010.03.29-ний өдөр №27 дугаартай нотариат гэрчилсэн өвлөх эрхийн №30 дугаартай гэрчилгээг үндэслэн өмчлөх эрх иргэн Д.А-д /ФБ68042008/, А.Т- нар /ФБ96121939/ нарт шилжсэнийг 2010.03.29-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийн №000107061 дугаартай гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан ба өвлөх эрхийн гэрчилгээгээр Д.А- нь өвлөгчөөр тогтоогдсон байна. А.Т-ын асран хамгаалагчаар Дашдорж оролцон бэлэглэлийн гэрээ хийснийг талууд үгүйсгээгүй төдийгүй түүний эрхийг өвлөн авснаа хариуцагч үгүйсгээгүй. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлах хүсэл байхгүй, илтэд хууль ёсны бөгөөд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцох гэрээ хийснээ нотлоогүй байхад уг заалтыг шүүх баримталсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх заалт, Иргэний хуулийн 56.1.5-д заасныг баримтлан 2002.11.11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ нь хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Орхон аймаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.21-ний өдрийн №142/ШШ2020/00123 тоот шийдвэр, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.23-ны өдрийн №45 тоот магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч А.Т- нь хариуцагч Д.А-д холбогдуулан ...Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоотын 44 м3 өрөө байрыг авга эгч Д.А-тай хамтран өмчилдөг.  ...цаашид Улаанбаатар хотод амьдрах болсон... гэж тодорхойлон, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт оногдох хэсэг 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.А- эс зөвшөөрч, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

7. Хариуцагч Д.А- сөрөг шаардлагын үндэслэлийг ...өөрийн орон сууцыг нэхэмжлэгч А.Т-т бэлэглээгүй, 2002 онд Япон улс руу явах зорилгоор нэхэмжлэгч А.Т-ын аав Д.Амарсанаа, ээж Д.Г нараас 7000 ам.доллар зээлсний барьцаа болгож, тэдний шаардсанаар 5 настай хүү А.Т- болон өөрийн аав Г.Дашдорж нарын нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. ...Япон улсад ажиллаж байх хугацаандаа зээлд 9,200,000 төгрөгийг ээж Д.Замбагаар дамжуулж төлсөн, ...орон сууцны гэрчилгээг шилжүүлэх гэхэд Д.Г гадаадад амьдарч байсан тул чадаагүй, тэрээр Монголд ирсэн сураг байсан боловч хаяг тодорхойгүй, ...2015 онд эрэн сурвалжлуулж байсан. Бид 2001 онд уг орон сууцыг хувьчилж авснаас хойш байрандаа амьдарч байгаа... гэж тодорхойлон маргажээ.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Д.А-, Г.П- нарт хэзээ ч мөнгө зээлж байгаагүй, хадам ээж Д.Замбага болон өөр бусдаас ямар ч мөнгө авч байгаагүй. ...би 2006 оноос хойш нөхөр Д.Амарсанаагаас тусдаа амьдарсан, түүнээс гэрлэлтээ цуцлуулах гэж 2 удаа шүүхэд хандсан боловч хаяг тодорхойгүй үндэслэлээр буцсан. ...маргаан бүхий орон сууцыг хууль ёсны дагуу худалдаж авсан... гэсэн тайлбар гаргасан байна.

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-р хороолол 20 дугаар байрны 02 тоотын 44 мталбай бүхий 3 өрөө орон сууцыг 2001.06.20-ны өдрийн Орон сууц хувьчлах товчооны 41 дугаар тогтоолоор Г.П- хувьчлан авч, Д.А-, П.Амарзаяа, П.Алтанзаяа нар дундаа хамтран өмчлөх эрхтэйгээр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005338 дугаарт бүртгүүлсэн байх ба уг байрыг 2002.11.11-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр А.Т-, Г.Дашдорж нарын өмчлөлд шилжүүлж, улмаар өв залгамжлалын дагуу Д.А- нь тухайн байрны хамтран өмчлөгчөөр 2010.01.29-ний өдөр бүртгэгдсэн үйл баримтууд тогтоогджээ.

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-д заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.5-д заасныг баримтлан 2002.11.11-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

11. Хоёр шатны шүүх зохигчийн маргаж буй үндэслэлд дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, маргаанд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, ...бэлэглэлийн гэрээ байгуулах үед эрх зүйн чадамжгүй этгээд болох 6 настай А.Т-ын хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эхээс зөвшөөрөл авсан эсэх нь тогтоогдоогүй, бэлэглэлийн гэрээнд хууль ёсны төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй байхад нотариатч гэрээг баталж, улмаар улсын бүртгэл хийгдсэн нь хууль зөрчсөн, уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар эрх зүйн чадамжгүй этгээдтэй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. 

12. Шүүхүүд үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, тодруулбал зохигчийн маргаж буй дээрх үндэслэлүүдэд нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж, мөн бэлэглэлийн гэрээгээр байрыг шилжүүлэх үед П.Амарзаяа, П.Алтанзаяа нар ямар шалтгаанаар орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсан, бэлэглэлийн гэрээ байгуулснаар байрны эзэмшил шилжсэн эсэх зэрэг үндэслэлүүдэд шүүх дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

13. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШШ2020/00123 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШЗ2020/02309 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлснийг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН