Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 216

 

М.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар магадлалтай, 201725020865 дугаартай эрүүгийн хэргийг Улсын ерөнхий прокурорын туслах прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 6/02 тоот эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын  байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэгт холбогджээ. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос  М.Э-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон зүйлчилж, М.Э-ыг албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Э-т оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтыг “Прокуророос шүүгдэгч М.Э-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар М.Э-ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар М.Э нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэйг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөн тогтоолын 4, 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын туслах прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 6/02 тоот эсэргүүцэлд “Шүүгдэгч М.Э нь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Goodcars.mn” цахим сайтад зар мэдээлэл байршуулснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгаар тогтнолын ордны 510 тоот дахь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн байрандаа иргэн Ц.Нармандахтай уулзаж “би захирал нь байна, танд Япон улсаас “Тоёота Прадо-120” маркийн автомашин захиалан оруулж ирж өгнө” гэж албан тушаалын байдлаа ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Автомашин худалдан авах” гэрээ байгуулан, 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн дансруугаа 18,250,000 төгрөгийг нь шилжүүлэн авч, зориудаар төөрөгдүүлэн хоорондын харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, Ц.Н-ын эд хөрөнгийг залилан авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас М.Э-т холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Сүхбаатар дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” тухай өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд л мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлаж, хорих ял тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр зүйлчилж, шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож (хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар) шийдвэрлэсэн нь зөв байна. Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Э-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар магадлалд өөрчлөлт оруулахаар хяналтын журмаар дээд шатны прокурорын эсэргүүцэл гаргав.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан. Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Улсын ерөнхий прокурорын туслах прокурорын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 6/02 тоот эсэргүүцлийг үндэслэн М.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч М.Э нь “Гэрэлт Соёмбо” ХХК-ийн захирлын албан тушаалаа ашиглаж 2017 оны 01 дүгээр сарын 06-наас 08-ны хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Тусгаар тогтнолын ордон”-ны 510 тоотод Япон улсаас “Тоёота прадо-120” загварын автомашин захиалгаар оруулж ирж өгнө хэмээн Ц.Н-тай “Автомашин худалдах, худалдан авах” гэрээ байгуулан хуурч мэхлэх аргаар 18,250,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилан мэхлэж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг болгон өөрчилж, албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар заасны дагуу М.Э-т холбогдох хэрэгт хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Э-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь аль хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай байгааг нэгэнт шийдвэрлэсний дараа зөвхөн уг хуулийг шүүгдэгчид хэрэглэх ба өмнөх болон сүүлд гарсан Эрүүгийн хуулиудын хэм хэмжээг хольж хэрэглэх нь хууль буцаан хэрэглэх зарчимд нийцэхгүй бөгөөд энэ нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Э-т тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэснийг хэрэгжих боломжийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй тул хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 514 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад” гэж өөрчилж тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

                    

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН