Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 1516

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Н” ХХК /РД: /-д холбогдох

 

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгөнд учирсан хохирол 64,952,019 төгрөг, цахилгааны төлбөр 1,605,312 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 400,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нийт 69,957,331 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүл Төв аймгийн Зуунмод сумын ........ тоотод байрлах өөрийн эзэмшлийн газар дээр хувийн сууц барих зориулалтаар босгосон байсан 72 м.кв талбайтай модон торхны барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр “Н” ХХК-тай 2018 оны 4 сарын 26-ны өдөр №011 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан юм. Бидний байгуулсан дээрх гэрээгээр барилгын гадна, дотор талын бүх засвар, үүнд гадна дулаалга, дотор хана, тайз / халаалт дулаан, цахилгаан, сантехник, шат гээд бүхий л ажлуудыг 4 сарын хугацаанд өөрийн материалаар “Н” ХХК хийж гүйцэтгэх, ажлын хөлсөнд 40,000,000 (дөчин сая) төгрөгийг манайх төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч “Н” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд барилгын ажлыг бүрэн хийж дуусгаагүй бөгөөд манай гэр бүл амьдрах өөр орон байргүй учир арга буюу 2018 оны 11 сарын 10-ны үеэр халаалтгүй байшинд орсон. Тус компани шалны халаалт тавьж өгнө гэсэн боловч амжаагүй гээд биднийг байшиндаа ороход 6 ширхэг цахилгаан тенийг авчирч өгсөн. Уг тенүүдээр зөвхөн 1 давхрыг халааж, нэг давхрын хэсгийг ашиглаж өвлийг өнгөрүүлсэн юм. 2019 оны 4 сарын 19 өдөр угаалгын өрөөний таазнаас гэнэт гал гарч байшин болон байшин дотор байсан гэрийн бүх зүйл, хувцас хунар шатаж талийгаач бид хоёр зөвхөн өмссөн хувцастайгаа үлдсэн. Галыг Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн аврагчид ирж унтраасан бөгөөд 2019 оны 7 сарын 16-ны өдрийн №08/13 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... уг гал түймэр хялбар авалцан асах материалд цахилгаан холболтыг хэт ойр холбосон, цахилгааны утас болон автоматад масс үүссэний улмаас гал гарсан байх магадлалтай” гэж гал гарсан шалтгааныг тогтоосон. “Н “ ХХК нь манай байшингийн цахилгааны ажлыг хийхдээ холбогдох дүрэм журмын дагуу хийгээгүйгээс болж эд хөрөнгөөр хохирсоны гадна амьдарч байсан гэр орон нь шатаж үгүй болсны улмаас эрүүл саруул байсан нөхрийн минь сэтгэл санаа, бие эрхтэнд нь хүндээр тусаж уг үйл явдлаас хойш 10 гаруй хоногийн дараа нас барсан. Гал гарсан асуудлыг шалгах үед Төв аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолоор манайд учирсан хохирлыг үнэлгээг хөрөнгийн үнэлгээний Э ХХК-иар хийлгэсэн бөгөөд барилгыг 51,610,370 төгрөг, гэр дотор байсан шатаж үгүй болсон эд хөрөнгийг үнийг 13,341649 төгрөг болохыг үнэлж тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний компанид ажлын хөлсөнд 400,000 төгрөгийг манай зүгээс төлсөн юм. “Н” ХХК, шалны халаалтыг тавиагүйгээс шалтгаалан зөвхөн байшингийн 1 давхрыг 6 ширхэг цахилгаан тенээр халааж байснаас цахилгааны төлбөр маш өндөр гарч 5 cap хүрэхгүй хугацаанд 1,605,312 төгрөгийг цахилгааны төлбөрт төлж хохирсон бөгөөд уг мөнгийг тус компани төлүүлнэ. Хариуцагч компани ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс миний бие эрүүл саруул байсан нөхрөө цаг бусаар алдан гэр оронгүй болж сэтгэл санаа тогтворгүйгээс хууль шүүхийн өмнө өөрийгөө хамгаалах чадамж муу болсон тул хууль эрх зүйн туслалцааг төлбөр төлж өмгөөлөгчөөс авах болсон нь дээрх компанитай холбоотой болно. Иймд надад учирсан дараахи хохирол зардал болох шатсан байшин, эд хөрөнгийн үнэ 64,952,019 төгрөг, цахилгааны төлбөрт төлсөн 1,605,312 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компанид ажлын хөлсөнд төлсөн 400,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 3,000,000 төгрөг нийт 69,957,331 төгрөгийг “Н “ ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагчийг манай гэр бүлийн хүн сонгоод мөнгөө цуглуулаад О очиж үзээд үнэ тохироогүй. Гэтэл эргэж уулзаад 40 саяар барихаар тохиролцсон. Суурь цутгачихаад алга болсон. Эхлээд 15 саяыг дараа нь 7 сард дахиж 15 саяыг өгсөн. Нөхөр маань тэр үед эрүүл саруул байсан. Замын үүдээс материал татна гээд алга болсон. Гэтэл цагдаад баригдсан байсан. Гарч ирээд дахиж барьж байгаад дахиад алга болсон. Материалгүй гээд байсан тул нэмж 10 саяыг өгсөн. Маш муу барьсан. Маш хүйтэн байсан. Цахилгаан шалны халаалт тавьж өгнө гэсэн. Модон байшинд далд мантаж хийж болох юм уу гэхэд болно гэсэн. Цахилгаан болон шалны халаалт нь байгаагүй. Тэгээд 6 тень авчирч өгсөн. Хавар янзалж өгнө гэсэн. Нэмж 2 тень авчирч өгсөн. Ингээд 4 сарын 24-нд гэнэт чимээ гараад харахад 2 давхарт гал гарч байсан. Битүү утаа болоод гал команд 20 минутын дараа ирэхэд бүх зүйл шатаад дууссан. Үүнээс болж манай нөхрийн бие муудаад 5 сарын 10-нд гэнэт нас барсан. Хариуцагч нь нэг ч удаа эргэж ирээгүй. Тенийг ээлжилж асаадаг байсан. Хоол ундаа жижиг гэртээ хийдэг байсан. Тень залгаад утас нь наалдаад гал гарсан юм. Модон байшинд далд монтаж хийж болох эсэхийг асуухад болно гээд хийсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Төв аймагт байрлах газар дээрээ хувийн сууцыг хариуцагчаар бариулахаар гэрээ байгуулсан. Гэрээгээр модон торхыг байшин болгож өгөхөөр тохиролцсон. Хүн амьдрахад бэлэн болгохоор бүх ажлыг хийхээр тохиролцсон. Улмаар 40 саяар тохиролцсон. Хариуцагч нь барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй. Улмаар гадаа нь жижиг гэр барьж амьдарч байсан тул дуусаагүй барилгыг тень авчирч өгөөд энэ өвлийг өнгөрөөчих гэсэн байдаг. Улмаар хавар нь гал гарч бүх зүйл нь шатаж үгүй болсон байдаг. Хариуцагч нь цахилгааны ажлыг хийхдээ хамгаалалтгүй хийснээс болоод гал гарч хохирол учирсан. Үүнээс болж нөхөр нь хямраад нас барсан. Байшин, эд хөрөнгийн үнэ нь 64 952 019 төгрөг болсон. Үүнийг шинжээч гаргасан. Цахилгааны төлбөрт тенээс болж 1 605 312 төгрөг төлсөн. Хөрөнгийн үнэлгээ гаргахад 400 000 төгрөг төлсөн. Өмгөөлөгчийн зардалд 3 сая төгрөг, нийт 69 957 331 төгрөг нэхэмжилнэ. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажлын зарим зүйлийг хийсэн. Үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй. 4 сард хүлээлгэж өгөх байтал ажлаа хийлгүйгээр өвөл болгосон. Барилгын тухай хуульд зааснаар улсын комисс акт үйлдэх ёстой. Хувийн байшин ч гэсэн акт үйлдэх ёстой байсан. Иймд ажлыг хүлээлгэж өгөөгүй гэж үздэг. Цахилгааны утаснаас болж гал гарсан. Хариуцагчийн захиралтай яриад тенээ 1 удаа солиулж байсан. Нэхэмжлэгч нь болж бүтээх гэж байгаад л ийм зүйл болсон. Хариуцагчийн захиралтай холбогдоход маш хүндрэлтэй байсан. Шинжээч томилж гаргасан хохирлын хэмжээгээр нэхсэн. Өмгөөлөгчийн зардлыг Иргэний хуулийн 219-р нэхэж байгаа болно. Ажлаа бүрэн гүйцэтгэсэн байсан бол тень ажиллуулж хохирол учрахгүй байсан гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Дгийн хариуцагч Н ХХК холбогдуулан гаргасан хохирол бусад зардалд 69.957.331 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Татгалзалын үндэслэлээ шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлах болно.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанд маргаагүй. 2018 оны 11 сард ажлыг хүлээлгэж өгсөн. Акт үйлдээгүй боловч нэхэмжлэгч нь үүнийг зөвшөөрч байна. Гэрээний үр дүнг хүлээж авчихаад доголдлыг мэдээд шаардлага гаргаагүй тул ажлыг хүлээлгэж өгсөн гэж үзнэ. 6 ширхэг тень аваад халаалтаа шийдэж байсан талаар нэхэмжлэгч маргаагүй. Улмаар хүлээж авсанаас хойш 5 сарын дараа гал гарсан нь тогтоогдож байна. Галын улсын байцаагчийн дүгнэлтээр гэрч Доржжигжидийн мэдүүлгийг үндэслэсэн байна. Нэхэмжлэгч нь цахилгааны утсыг 5 сар хэрэглэсний дараа үүссэн гэмтэл байна. Хэрэглэгч ачаалал ихэсгэсэн талаар баримтгүй. Бүтэн 5 сар ашигласны дараа яагаад гал гарах болсон бэ. 5 сарын хугацаанд хэрэв хариуцагчийн буруу байсан бол гомдол гаргах байсан. Гэтэл энэ талаар мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгч нь өнөөдөр ярьж байна. Их салхитай байсан гэж тайлбарлаж байна. Энэ нь хариуцагчтай хамааралгүй. Гомдол гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ алдана. Цахилгааны төлбөр нь нэхэмжлэгч өөрөө хэрэглэсэн цахилгаан юм. 400 000 төгрөг хэрэг бүртгэлийн ажиллагаанд гарсан зардал байна. Хариуцагч нь эрүүгийн хэрэгт буруугүй тул хамааралгүй. Өмгөөлөгчийн зардал нь хамааралгүй. Нэхэмжлэгчийн тайлбараар бодит байдлаар ажлыг хүлээж авсан байна. Халаалт тавиагүй байхад тень аваад байгаа нь зөвшөөрөөд байна. Цахилгааны утас хамгаалалтгүй байсан гэдгээ мэдээд байсан байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Д нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгөнд учирсан хохирол 64,952,019 төгрөг, цахилгааны төлбөр 1,605,312 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 400,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг, нийт 69,957,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Н” ХХК нь ажлыг хүлээлгэж өгсөн, хүлээж авсан, гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй, цахилгааны, хөрөнгийн үнэлгээний болон өмгөөлөгчид төлсөн төлбөрт нь хариуцагч хамааралгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 11 дүгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. /хэргийн 16-18 дугаар тал/ Гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч нь 162 мкв дүнзэн байшинг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд барих, захиалагч буюу нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгний ажлыг хөлс төлөхөөр тохиролцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр Иргэний хуульд зааснаар гүйцэтгэгч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй гэрээний зүйл буюу үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь үр дүнг хүлээн авч, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 3 удаагийн төлөлтөөр бүрэн төлсөн гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

Нэхэмжлэгч нь байшинг 2018 оны 11 сард бүрэн дуусаагүй, өөрөөр хэлбэл тохиролцсон шалны халаалтгүй байхад өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан 6 ширхэг цахилгаан халаагуурын хамт хүлээн авч амьдарч эхэлсэн. Улмаар 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гал гарсаны улмаас бүрэн шатаж, устсан гэж тайлбарласан. Хариуцагч тал нь энэ үйл баримтын талаар маргаагүй бөгөөд ийнхүү Төв аймаг, Зуун мод сум, .........тоот хаягт байрлаж байгаад шатаж устсан модон байшин нь зохигчийн гэрээний дагуу баригдсан байшин мөн гэдгийг зөвшөөрсөн. Энэхүү үйл баримт нь 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хэрэг бүртгэлтийн 193400314 дүгээр хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Төв аймгийн прокурорын газрын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 401 дүгээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбараар тогтоогдсон. /хэргийн 6-8 дугаар тал/

Энэхүү үйл явдлын улмаас шатаж устсан байшинд гал гарсан шалтгааныг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 08/13 дүгнэлтээр тогтоожээ. Дүгнэлтэд “уг гал түймэр хялбар авалцан асах материалд цахилгаан холболтыг хит ойр холбосон, цахилгаан утас болон автоматад масс үүссэний улмаас гал гарсан байх магадлалтай” гэсэн байна. /хэргийн 9 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь байшинд шалны халаагуур тавигдаагүйн улмаас ил цахилгаан халаагуураар халааж өвлийн улирлыг дуусгаж, хавар болоход шалны халаалт хийж гүйцээх саналыг хариуцагч гаргасны улмаас эхлээд 6 ширхэг, дараа нь 2 ширхэг цахилгаан халаагуурыг хариуцагч талаас олгосноор байшинд амьдарч эхэлсэн гэж тайлбарласан. Хариуцагч нь энэхүү тайлбарыг үгүйсгэж, маргаагүй, цахилгаан халаагуур олгосон болохыг зөвшөөрч байна.

 

Харин хариуцагчийн төлөөлөгч нь байшин хүлээн авсанаас хойш 5 сарын хугацаанд ашигласан тул гүйцэтгэгчийн буруугаас гал гараагүй гэж маргасан. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтээр цахилгаан холболт буюу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын улмаас гал гарсан нь тогтоогдож байна.

Мөн хариуцагч нь ажлыг хүлээн авсанаас хойш гомдлын шаардлага гаргаж байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж маргаж байна. Гэвч зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т зааснаар ажлын үр дүнгийн талаар 36 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байх тул хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Үүнээс гадна зохигч цахилгааны холболтыг далд хэлбэрээр хийгдсэн талаар маргахгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар ажлын доголдлын талаар мэдэх боломжгүй юм.

Иймд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг чанарын буюу биет байдлыг доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй.

Эдгээрээс хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, улмаар ажлын үр дүнгийн доголдолтой буюу шаардлага хангахгүй шийдлээр цахилгааны холболт хийсний улмаас гал гарч, нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.

Зохигчийн маргаж буй Төв аймаг, Зуун мод сум, тоот хаягт байрлаж байсан үл хөдлөх эд хөрөнгө болон эд зүйлийн зах зээлийн үнийг Э ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нийт 64,952,019 төгрөг гэж тогтоожээ. /хэргийн 19-36 дугаар тал/

Энэхүү үнэлгээ нь захын зээлийн бодит үнэнд нийцсэн эсэх талаар хариуцагч талаас маргахгүй байна. Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд гал түймрийн улмаас учирсан шууд хохирлыг 64,952,019 төгрөг гэж үзэж, дээрх үндэслэлээр хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн санал болгосноор ил цахилгаан халаагуурыг хариуцагчаас авч байшин халаах зорилгоор ашиглаж байсан талаар тайлбарласан.

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар эрчим хүч хэрэглэгч гэж эрчим хүч худалдан авахаар эрчим хүчээр хангах гэрээнд оролцож байгаа этгээдийг ойлгоно. Иймд нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу ил цахилгаан халаагуур ашиглаж, цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчийн хувьд худалдан авч, төлбөр төлсөн байх тул энэхүү төлбөрийг хариуцагчаас шаардах үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгчээс өөрийн шаардлагыг нотлох зорилгоор шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийг нэхэмжлэгчээс өөр этгээд төлсөн байна. Иймд цахилгаан төлбөрт 1,605,312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Э ХХК-тай хөрөнгийн үнэлгээний гэрээ байгуулсан байна. Гэвч энэхүү гэрээний дагуу төлбөр төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Мөн гал гарсаны улмаас шатаж устсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргасан дээрх дүгнэлтийн захиалагч нь нэхэмжлэгч биш байна. Иймд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн төлбөрт 400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, өөрөө хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу ажиллагаанд оролцдог. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хуулиар олгосон эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригоос шууд хамаарна. Иймд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн гэх 3,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах боломжгүй. Мөн уг хууль зүйн туслалцаа авахад төлбөр төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Энэхүү үндэслэлээр өмгөөлөгчийн зардал 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 64,952,019 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,005,312 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-иас 64,952,019 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,005,312 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 482,710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД