Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00203

 

“Б х” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дүгээр шийдвэр,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалтай,

“Б х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

С.О-д холбогдох,

829,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгончимэг, түүний өмгөөлөгч В.Удвал, хариуцагч С.О-, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б х” ХХК нь хариуцагч С.О-д холбогдуулан зочид буудлын хөлс, худалдан авсан бараа, хоолны төлбөрт нийт 829,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...төлбөрийг би хариуцахгүй, Р.Уртнасан хариуцна гэж маргасан байна.

2. Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.О-ээс 829,900 /найман зуун хорин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б х” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24,468 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.О-ээс 24,468 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б х” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

3. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалаар: Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан С.О-д холбогдох 829,900 төгрөг гаргуулах “Б х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч С.О-ийн 24,468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 19 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчаар С.О-ийг тодорхойлон түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Учир нь 2019.03.07-ноос 2019.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд манай компанийн “Буян” зочид буудалд иргэн Р.Уртнасанг байрлуулах, түүний төлбөр тооцоог өөрөө хариуцан төлөхөөр хэлцэл хийсэн, хэлцлийн нөхцөлийг тохирсон, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар байгуулсан хүн нь С.О- юм. Р.Уртнасан бол өрөө хөлслөх, хөлс төлөх талаар бидэнтэй гэрээ байгуулаагүй, тохиролцоогүй, үүрэг хүлээгээгүй хүн. С.О- Р.Уртнасан гэдэг хүнийг байрлуулж, өрөөний хөлсийг төлөхөөр тохирч үүрэг хүлээсэн юм. Хэдийгээр С.О-тэй бичгээр гэрээ тухайн үед байгуулаагүй ч С.О- эд хөрөнгө хөлслөх гэрээг амаар байгуулсныг бид нотолж чадсан байгаа. Гэрчүүд энэ талаар хангалттай, тодорхой, ойлгомжтой мэдүүлэг өгсөн. Хариуцагч С.О-ийн маргаж байгаа шиг: “...Р.Уртнасан гэдэг хүн орно шүү, ганцаараа орно, төлбөр тооцоогоо энэ хүнээсээ аваарай гэж...” хэлсэн бол манай байгууллага Р.Уртнасангаас төлбөр тооцоог нь аваад өрөөнөөсөө гаргах байсан, мөн Р.Уртнасанд холбогдуулан нэхэмжлэл гаргах байсан. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан Р.Уртнасан, Удвал, Эрдэнэчимэг нарын мэдүүлэг болон хариуцагчийн хариуцлагаас зайлсхийж байгаа тайлбаруудыг хуулийн хүрээнд үнэлж дүгнэж чадаагүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээг С.О-тэй байгуулсан бөгөөд түүний зөвшөөрлөөр Р.Уртнасанг өрөөнд байрлуулсан. С.О- нь уг гэрээний дагуу хөлсийг төлөх үүрэг хүлээсэн үйл явдлууд нь нотлогдож байна. Маргаан бүхий үйл явдлыг буруу дүгнэж нэхэмжлэлийг маань хэрэгсэхгүй болгосон нь давж заалдах шатны шүүх С.О-тэй байгуулсан Эд хөрөнгө хөлслөх гэрээг гэрээ байгуулагдаагүй, үүрэг үүсээгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Иймд Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн 19 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Б х” ХХК нь хариуцагч С.О-д холбогдуулан зочид буудлын хөлс, худалдан авсан бараа, хоолны төлбөрт нийт 829,900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...төлбөрийг би хариуцахгүй, Р.Уртнасан хариуцна гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлэг болон хариуцагчийн хариуцлагаас зайлсхийж байгаа тайлбарыг хуулийн хүрээнд үнэлж чадаагүй, ...маргааны үйл баримтыг буруу дүгнэж, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн хяналтын гомдол үндэслэлтэй гэж үзлээ. 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

10. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, “Б х” ХХК-ийн Буян зочид буудлын тооцооны бүртгэлийн дэвтэр, гэрч Р.Уртнасан, Б.Удвалцэцэг, Т.Эрдэнэчимэг нарын мэдүүлэг болон бусад баримтаар хариуцагч С.О- нь Монголын эрэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагчаар 2019.06.01-нийг хүртэл хугацаанд ажиллаж байсан, тэрээр нэхэмжлэгч компанийн зочид буудлын 204 тоот өрөөнд 2019.03.07-ноос 2019.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд Р.Уртнасанг байрлуулж, түүний зочид буудалд байрласны хөлс болон хоолны үнийг хариуцан төлөхөөр тохиролцсон, 2019.02.31-ний өдөр хоолны үнээс 340,000 төгрөг төлсөн үйл баримтууд тогтоогджээ.

11. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Дээрх байдлаар нэхэмжлэгч “Б х” ХХК нь өөрийн эзэмшлийн зочид буудлын 304 тоот өрөөг Р.Уртнасанд хөлслүүлсэн байх ба түүний эд хөрөнгө ашигласны хөлсийг хариуцагч С.О- төлөх үүрэг хүлээсэн нь тогтоогдсон, шүүхэд хариуцагч нь “...Р.Уртнасан өөрөө буудалд байрласны хөлс болон хоолны үнийг төлөх ёстой” гэсэн тайлбар гарган маргах боловч энэхүү тайлбарын үндэслэлээ нотолж чадаагүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

12. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас, Р.Уртнасангийн зочид буудалд байрласны хөлс 750,000 төгрөг, худалдан авсан барааны үнэ 34,400 төгрөг, хоолны үнэ 45,500 төгрөг, нийт 829,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцжээ. 

13. Харин, давж заалдах шатны шүүхийн ...С.О- нь буудлын захиалгыг өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч “Б х” ХХК, С.О- нарын хооронд анхнаасаа эрх зүйн харилцаа үүсээгүй, уг өрөөнд Р.Уртнасан байрласныг аль аль нь мэдэж байгаа, бодит байдалд Р.Уртнасан уг өрөөг хөлсөлсөн талаар маргаагүй, С.О- тухайн өрөөний төлбөрийг хариуцан төлөх талаар ямар нэгэн хэлцэл хийгдээгүй нөхцөлд нэхэмжлэлийг хариуцна гэж үзэх хуулийн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. 

14. Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.07-ны өдөр төлсөн 24,468 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

             Д.ЦОЛМОН