Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 269

 

 

 

129/ШШ2020/00269

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                         

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багт байрлах “Б.Х” ХХК-ийн /РД:3003035/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг,  Цогт-Уулын 08-14 тоотод оршин суух Х овгийн С.Д-д  /РД:АЮ60020461/ холбогдох

829.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У хариуцагч С.О хариуцагчийн өмгөөлөгч С.П, гэрч Б.У, Т.Э А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б.Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Одоо үлдэгдэл төлбөр 829.900 төгрөгийг төлөлгүй олон сар манай байгууллагыг хохироож байна. Иймд үлдэгдэл төлбөр 829.900 төгрөгийг С.О-с  гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..С.О миний бие тус буудалд байрлаагүй бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 03 сарын 08-ны өглөө ажилдаа ирсэн. Тэгэхэд манай ресепшин надад хэлэхдээ өчигдөр орой С.О гэдэг хүн өөрийн иргэний үнэмлэхээ тавиад дуу зохиолгох ажлаар авчирсан Ц.У  гэдэг хүнийг байрлуулсан гэсэн. Тэгээд би нэгэнт буудалдаа хонуулсан юм бол яахав дээ хариуцах хүнийг нь надтай уулзуул гэж хэлсэн. С.О гэдэг хүн ногоон пальто өмсчихсөн орж ирээд миний дүү санаа зоволтгүй эгч нь өөрөө төлбөр мөнгийг нь хариуцаад төлнө. Манайх дуу хийлгэх ажлаар хүн урьсан. Тийм учраас би өөрөө төлбөр мөнгийг нь төлнө. Чи ерөөсөө санаа зоволтгүй гэж надад хэлсэн. Би С.О-д та энэ хүнийг нилээн хэд хонуулчихлаа гээд өөрийнхөө өрөөнд С.О-г дуудаж хоол мөнгөнийх нь тооцоог танилцуулсан. Би С.О-г өрөөндөө дуудаж уулзахад У гэдэг манай менежерийн албыг гүйцэтгэдэг дотоод хяналтын менежер маань хамт байсан. Тэгээд С.О-г манай өрөөнд орж ирэхээр нь та намайг хулхидчих юм биш биз дээ, үгүй биз дээ гэхэд С.О эгч нь юу гэж хулхидах юм бэ төлбөр тооцоогоо би хариуцдагаараа хариуцаад хийнэ. Энэ хүн ямар ч байсан ажлаа дуусгаадхаг, ажлаа дуусахаар нь төлбөр тооцоогоо нэг мөсөн төлнө гэж хэлсэн. Тэгэхэд нь би одоогоор та ямар ч тооцоо хийгээгүй байна одоо тооцоо хий гэж шаардсан. С.О нилээн олон удаа дуудуулж байж 2019 оны 03 сарын 21-нд 340.000 төгрөг бэлнээр бариад ирсэн. Тэгэхээр нь би та байгууллагынхаа регистрээр и баримтаа авах юм уу? эсвэл хувь хүнийхээ регистрээр ибаримтаа авах юм уу гэж асуусан чинь С.О хувь хүний регистрээр баримтаа авна гэж хэлсэн. Тэгэхэд нь би та 340.000 төгрөгөө хоолны тооцооноос хасуулах уу?, буудлын тооцооноос хасуулах уу? гэхэд хоолны тооцооноос хасуулчихая, тэгж байгаад дараа нь Уртнасанг гарахад нь буудлын төлбөрөө төлнө гэсэн. Ц.У гэдэг хүн 2019 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал манай буудалд байрласан. С.О-г  2019 оны 04 сарын 01-ний өглөө ирээд надтай уулзаарай гэж би хэлсэн. С.О 2019 оны 04 сарын 01-ний өглөө ирээд надтай уулзсан. Тэгээд 2019 оны 04 сарын 01-ний өглөө хүнээ гаргасан. Хүнээ гаргахдаа баярлалаа, миний дүү би танайд олон хоног байрлуулчихлаа гэж С.О  өөрөө хэлж байсан. Нийт тооцоо 1.249.900 төгрөг болсон байна гэж би С.О-д  хэлсэн. Та 2019 оны 03 сарын 21-нд 340.000 төгрөг бэлнээр өгөөд ибаримтаа авчихсан. Одоо таны нийт төлбөр 909.900 төгрөг болсон. Одоо та энэ төлбөрөө яаж төлөх юм бэ? гэхэд чи наад баримтаа бэлдээд байж бай би банк орчихоод ирнэ гээд эргэж ирээгүй тэр чигээрээ алга болсон. Би С.О-н бүртгүүлсэн хаягаар нь гэрт нь очсон. Гэрт нь хүн байхгүй утсаа авдаггүй. Би өдөрт 30-40 удаа С.О-н утас руу залгадаг байсан. Тэгэхэд нэг л удаа утсаа авдаг. Нэг удаа утсаа авахдаа эгч нь хотод ирсэн байна. Намайг уучлаарай болсонгүй. Хүүхэд хагалгаанд ороод бие нь муу байна. Миний дүү нэг сар, хоёр сар, энэ долоо хоног хүлээгээч гэсэн хариуг байнга өгдөг. Би өдөр болгон С.О-н утас руу залгадаг байсан. С.Оюунгэрэлийн утас 2019 оны 06 сарын 16-нд орох ярианы эрх нь хаагдчихсан байсан. Би өөрөөсөө 20.000 төгрөг гаргаж мобикомын интернэт банкаар төлбөрийг нь төлсөн. Тэгээд С.О-н  дугаарын орох ярианы эрх нь нээгдсэн. Тэгэхээр би тэр өдөртөө бараг 100 залгасан байх. Тэгээд би уурлаж байгаад С.О-с 100.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд би С.О-н  дугаарын эрх сэргээхэд төлсөн 20.000 төгрөгөө хасаад үлдсэн 80.000 төгрөгийг нь төлөх ёстой 909.900 төгрөгөөс нь хассан. Хасаад 829.900 төгрөг үлдсэн. Тэгээд дахин дахин С.О-н  дугаар руу залгаж та одоо үлдсэн 829.900 төгрөгөө хэзээ төлөх юм бэ?, та өөрөө төлнө гэж хэлсэн. Энэ төлбөрөө төл гэхэд эгч нь тэтгэврийн зээл аваад өгөх гэсэн чинь болохгүй байна. 2019 оны 11 сард дуусна гэж байна, тэгэхээр нь би аваад өгье, гуйж байна тэгэх үү гэж хэлсэн. Би С.О-н  араас Улаанбаатар хот руу 2 удаа явсан. Нүүр нүүрээ хараад уулзъя та намайг хулхидаад байгаа юм биш үү? гэхэд юу гэж тийм юм байх юм бэ би харин Ц.У-д  хулхидуулчихсан гэсэн тайлбар хэлж байсан. Тэгээд дараа нь Ц.У-г  авч ирээд гэрчийн мэдүүлэг авахуулахад Ц.У гэдэг хүнийг С.О-г  хулхидаагүй С.О  өөрөө Ц.У  гэдэг хүнийг урьж авчирсан байна лээ. Яагаад С.О-с  829.900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бэ? гэхээр С.О  “би өөрөө төлбөр тооцоог нь төлнө” гэж хэлсэн учраас С.О-с 829.900 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С.О-с  үлдэгдэл төлбөр 829.900 төгрөг гаргуулж өгнө үү. С.О өөрөө өдөр болгон хүүхэдтэйгээ байнга орж ирээд хоол иддэг байсан. Надаас и баримт авахдаа үлдэгдэл төлбөрийг Ц.У гуай төлнө гэж хэлээгүй. Та и баримт хувь хүнээрээ авах юм уу? байгууллага дээрээ авах юм уу? гэхэд зүгээрээ манай байгууллага хувь хүн дээр авсан ч болдог юм гэж хэлж авчихаад сүүлд нь ийм тайлбар гаргаж болохгүй. Хариуцаж төлнө гэж С.О удаа дараа өөрийнхөө амаар хэлсэн учраас төлбөрийг С.О-с  гаргуулахаар нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч С.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 сарын 07-ны өдөр Р.У  надтай холбогдоод би Архангай аймагт дуу хийж байгаа гэж хэлсэн. Би Р.У-г танихгүй. Манай генералын мессеж миний утсанд ирэхээр нь би Р.У-г хүлээж авсан. Би Р.У-тай уулзахад гадуур дуу хийж байгаа гэж надад хэлсэн. Р.У би хөл муутай байх газар байхгүй буудалд оруулаад  өгөөч. Танайхтай ойрхон байрлаад дуу хийе гэсэн. Тэгээд 2019 оны 03 сарын 07-ны өдөр “Буян” зочид буудалд орохдоо ресепшин Удвал гэдэг хүн дээр очсон. Хөл муутай хүн ганцаараа байрлах юм байна гэсэн чинь У  гэдэг хүн би менежерээсээ асууя гээд яг тэр өдрөө тэр өрөө рүү нь орсон. Өрөөнд нь ороод ийм хүн байрлах юм байна гэж хэлсэн. Тэгээд надаас та ямар ажил хариуцаж хийдэг юм бэ? гэж асуусан. Би Архангай аймгийн эрэгтэйчүүдийн салбар зөвлөлийг хариуцдаг. Манай байгууллагын нэр дээр энэ хүн ирсэн. Энэ хүн буудалд байрлах юм байна. Та нар байрлуулаарай, би энэ хүнийг сайн мэдэхгүй одоо оруулаад байрыг нь өгөөрэй. Өөрөө ганцаараа байна гэсэн хүсэлт тавиад байна шүү гэж хэлчихээд би явсан.  Дараа нь өөрөө өрөөний түлхүүр аваад “Б.Х” ХХК-ийн “Буян” зочид буудалд ирж байрласан. Маргааш, нөгөөдөр нь ямар буудалд, ямар өрөөнд орсныг нь би мэдээгүй. “Б” зочид буудлаас хэд хоногийн дараа над руу утасдсан бөгөөд мөнгийг нь төлөөч гэж надад хэлсэн. Би Архангай аймаг дахь “Эрчүүдийн холбоо” ТББ-ийн тэргүүн. Төрийн бус байгууллага болохоор зардал мөнгө гэж байхгүй. Би буудалд хамт хоолонд орсон. Дуу хийлгэх хүн амьтан байгаа бол энэ талаар  хэлж ярьж өгье гээд би А руу утасдсан.  “Буян” зочид буудлаас утасдаад байхаар нь би 2019 оны 03 сарын 21-нд очсон. Тэгээд Ч.Отгончимэгийн өрөөнд ороход энэ менежер, У хоёр нь байсан. 204 номертэй 30.000 төгрөгийн үнэтэй өрөөнд орсон, хоолны нийт төлбөр тэд гэж хэлэхээр нь гарын үсэггүй энэ их хоолны мөнгө би яаж төлөх юм бэ? яасан их иддэг хүн бэ гэж хэлсэн. Би Р.У-тай  хамт хоолонд орсон болохоор одоо надад байгаа нь 340.000 төгрөг байна. Хоолных нь мөнгийг төлчихье гэж хэлээд 340.000 төгрөг төлсөн. Яагаад хоолны мөнгө төлсөн бэ гэхээр тухайн үед нэг найз нь ирсэн. Тэгээд би дагуулж ороод хоол идсэн. Энэ хүн хөгшин хүн байна энэ хүн буцаагаад надад өгчих байх гэж бодсон учраас хоолны мөнгө дээр мөнгө нэмж өгсөн. Надаас нэхэмжлэхээр авах уу, и баримт авах уу гэж асуухаар нь би өдөр өдрийнх нь и баримт авмаар байна яагаад гэвэл би хувиасаа өгч байгаа гэж хэлсэн. Хамгийн сүүлд тэр хүнийг буудлаас гарахад би тэр хүнийг дагуулж буудлаас гараагүй. Алагаа гуай дуу хийлгэх гээд Ц.У-тай  очиж уулзаж байсан байх. Дараа нь над руу фэйсээр дуунууд явуулсан байсан. Р.У-г буудалд байрлуулъя гэж би хэлээгүй. Намайг 2019 оны 06 сард Улаанбаатар хотод явж байхад миний утасны төлбөр төлөгдчихсөн байсан. Над руу утсаар ярьж Р.У Багануурт байдаг. Энэ хүн явчихсан байна гэж хэлсэн. Би Р.У-г  дагуулж ороод төлбөр тооцоог нь би төлнө гээд гэрээ байгуулаагүй. Тэр хүн одоо ирэх байх та нар өөрийнх нь хүсэлтээр өөртэй нь гэрээг нь хийгээд байрлуулаарай гэж хэлсэн. Би тэр буудалд байрлаагүй харин Ц.У-г буудалд оруулсан. Хөл муутай намайг оруулаад өгөөч ээ гэхээр нь би өөрөө ороод өрөө сонгоорой гэж хэлсэн. Энэ талаар Буян зочид буудлын ресепшинд хэлсэн. Текнээс авсан зүйлийн үнийг надаас яагаад нэхэж байгаа юм бэ, энэ хүний мөнгө төгрөгийг би төлөхгүй. Би гэрээ хийгээд төлбөр тооцоог нь хийнэ гэсэн зүйл байхгүй. Төрийн бус байгууллага санхүүгүй гэж хэлсэн. Би яг тэр дууг хийлгэе гэж үйлчлээгүй. Тэр хүн өөрөө энд байрлаад одоохондоо мөнгө байхгүй хүмүүст дуу хийж өгөөд төлөх юм ярьсан. Би олон дууны мөнгө хөлс авах юм байна гэж ойлгосон. Хоолны мөнгийг нэхээд байхаар нь өөрийн дансанд байсан 340.000 төгрөгөө өгчихсөн. Би энэ төлбөрийг төлөхгүй. Яагаад вэ гэхээр анх орохдоо энэ хүн төлнө гэж хэлсэн гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б.Х” ХХК нь хариуцагч С.О-с зочид буудалд байрласны хөлс 750.000 төгрөг, худалдан авсан барааны үнэ 34.400 төгрөг, хоолны үнэ 45.500 төгрөг нийт 829.900 төгрөг нэхэмжилж, хариуцагч С.О “энэ төлбөрийг би хариуцахгүй, Р.У  хариуцна” гэж нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байна.

“Б.Х” ХХК-ийн зочид буудлын 204 тоот өрөөнд Р.У 2019 оны 03 сарын 07-нд байрлаж 2019 оны 03 сарын 31-ний өдөр уг зочид буудлаас гарсан нь “Б.Х” ХХК-ийн буудлын тооцооны бүртгэлийн дэвтрээр тогтоогддог ба зохигч энэ үйл баримттай маргаагүй.

Р.У нь “Б.Х” ХХК-ийн зочид буудалд байрлахдаа уг буудлаас хоол болон бараа худалдан авсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарладаг.

С.О нь Монголын Эрэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөлийн зохицуулагчаар 2019 оны 06-р сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан нь  Монголын Эрэгтэйчүүдийн холбоо НҮТББ-ийн 2020 оны 02 сарын 22-ны өдрийн 20/04 тоот албан бичгээр тогтоогддог. Эрэгтэйчүүдийн холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөл Р.Ушүлгэнд ая зохиолгохоор ажиллуулсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч С.О нь Р.У-г өөрөө буудалд байрласны хөлс болон хоол хүнсний зүйл худалдан авсны үнийг төлөх ёстой гэсэн тайлбараа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Р.У-н нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийн зочид буудалд байрласан  төлбөр болон хоол, худалдан авсан барааны үнийг хариуцагч С.О төлнө гэсэн нь гэрч Б.У-н “С.О  нь 2019 оны 03 сарын 07-ны өдөр өөрийн биеэр ирж манай ресепшинд захиалга өгч өөрөө төлбөр тооцоог хийнэ, доороос хоол унд идүүлнэ гээд Уртнасан гэх хүнийг буудалд байрлуулсан байсан. С.О  гуайтай би уулзахад эгч нь тооцоо хийнэ, санаа зоволтгүй гэж хэлсэн. Уртнасан гэдэг хүнээс мөнгийг нь ав гэж хэлээгүй. Бид нар та хэд хоногоор тооцоог нь хийгээд яв гэхэд санаа зовох зүйлгүй энэ хүн эндээ байрлаад хоол ундаа эндээс иднэ гэсэн. Дунд нь та төлбөр тооцоогоо хий гэхэд С.О  340.000 төгрөг авчирч өгөөд удахгүй энэ хүнийг гаргана. Гарахад нь би өөрөө бүх төлбөр тооцоог барагдуулна гэж хэлсэн. Буудлын тооцоо 750.000 төгрөг болсон. Тэр хүн буудлын юм зардаг газраас 34.400 төгрөгийн бараа авсан байсан. Хоол нь 465.500 төгрөг болсон. Нийт 1.245.000  төгрөгөөс манай нягтлан бид хоёрыг байхад С.О 340.000 төгрөгийг төлж баримтаа хувь хүнээр авсан. Хүнээ гаргахдаа үлдэгдэл тооцоогоо хийнэ гэсэн боловч мөнгөө аваад ирье гэж явчихаад эргэж ирээгүй” гэх мэдүүлэг, гэрч Т.Э –н “2019 оны 03 сарын 08-ны өдөр би ажилдаа ирээд ээлжээ хүлээж авсан. Тэгэхэд Нэргүй гээд манай ажилчин 204 номерын 30.000 төгрөгийн төлбөртэй өрөөнд О гэх хүн У гэх хүнийг байрлуулсан гэж хэлсэн. Тэр хүн буудалд 25 хоносон. Буудлын тооцоо 750.000 төгрөг болсон. Буудлын юм зардаг газраас 34.400 төгрөгийн бараа авсан байсан. Хоол нь 465.500 төгрөг болсон. О гэх хүнийг орж гарч байхад нь төлбөрөө төл гэдэг шаардлагыг тавьдаг байсан. С.О гуай У  гэдэг хүний төлбөрийг би хариуцна гэсэн учир түүнээс төлбөрийг нь нэхэж байсан. Би У-с төлбөр нэхээгүй” гэх мэдүүлэг, гэрч Р.У-н  “Буян зочид буудалд С.О намайг өөрөө байрлуулсан, Буян зочид буудлын өрөө, хоолны тооцоог Эрчүүдийн холбоо С.О  би өөрөө төлнө гээд байсан болохоор би огт санаа зовоогүй” гэх мэдүүлгээр тогтоогддог.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан ба  хариуцагч С.О-н Р.У-г буудалд байрласантай холбоотой төлбөрийг би хариуцан төлнө гэснийг нэхэмжлэгч “Б.Х” ХХК хүлээн зөвшөөрснөөр зохигчийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж хариуцагч С.О нь Р.У-н  хөлсөлсөн зочид буудлын хөлс болон худалдан авсан хоол, хүнсний барааны үнийг “Б.Х” ХХК-д төлөх үүрэг хүлээн хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байна. Үүнээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу С.О-г  “Б.Х” ХХК-тай байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээ болон худалдах худалдан авах гэрээний харилцааны үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Р.У-н буудалд байрласан төлбөрөөс хариуцагч 420.000 төгрөг төлсөнтэй болон одоо зочид буудалд байрласны хөлс 750.000 төгрөг, худалдан авсан барааны үнэ 34.400 төгрөг, хоолны үнийн үлдэгдэл 45.500 төгрөг, нийт 829.900 төгрөг шаардсан нэхэмжлэлийн үнэтэй хариуцагч маргасан тайлбарыг гаргаагүй.

Иймд хариуцагч С.О-с Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар буудлын хөлс 750.000 төгрөг, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар буудлаас худалдан авсан барааны үнэ 34.400 төгрөг, хоолны үнэ 45.500 төгрөг, нийт 829.900 /найман зуун хорин есөн мянга есөн зуу/ төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч “Б.Х” ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Б.Х” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гарын үсэг зураагүй бөгөөд Д.Ч нь уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогддог тул шүүх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгчийн төлөөлөгч гарын үсэг зурж шүүхэд анх гаргаж өгсөн нэхэмжлэлээ дахин бичиж өгснийг хариуцагчид гардуулан өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.О-с 829.900 /найман зуун хорин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б.Х” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 24.468 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.О-с  24.468 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б.Х” ХХК-д олгосугай.

7. Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.БАЙГАЛМАА