Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/315

 

О.Тэ, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Онон, Д.Дарханбаатар, М.Баасанбат,

шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Бум-Аюуш,

шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ононгийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 5 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр О.Тэ, С.Б нарт холбогдох 1809052951233 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Оийн Тэ, 1989 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 70 дугаар байрны 50 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. Б овгийн Сийн Б, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4э хэсэг, Сургуулийн гудамжны 1622 тоотод оршин суух бүртгэлтэй;

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар санхүүгийн байгууллагад тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3161 дугаартай тогтоолоор албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

            О.Тэ, С.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчим, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын оффист Б.Ттэй маргалдаж, улмаар бүлэглэн зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Тэ, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч О.Тэ, С.Б нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотолбол зохих байдал” бүрэн нотлогдоогүй байна. Үүнд:

1. Өмнөх шүүгчийн захирамжийн заалт бүрэн биелэгдээгүй байна. Хэргийг прокурорт буцсанаас хойш яллагдагч нарыг байцаахдаа шинжээчийн дүгнэлтэд дурдсан нөхцөл байдлыг тодруулалгүй, эрүүлжүүлэгдсэн эсэх баримтуудыг хэрэгт хавсарган өмнөх яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Б.Тийг “эхнэр Б.Энхтуултай хамт ажил дээрээ архи уулаа гэж зодлоо” гэснийг “Ттэй маргалдаж” гэсэн өөрчлөлт оруулснаас өөр ямар ч ажиллагаа хийгээгүй хэргийг шүүхэд ирүүлжээ. Гэмт хэрэг гарсан гэх Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын оффист байрлуулсан “Juan” гэсэн бичигтэй хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид бичигдсэн бичлэг хүний гараар устсан болохыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш тогтоосон байна. Хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 2018 оны 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө “EverGood” барилгын хяналтын камерын бичлэг /1хх 122/-ийг хавсарган ирүүлснийг тодруулах боломжтой эсэхийг дээрх шинжээч нараас тодруулахаар захирамжид заасан боловч энэ ажиллагааг бүрэн хийлгээгүй байна. Учир нь, хохирогч Б.М нь дээрх бичлэгийг хуулбарлан авч, сийрүүлэн хэрэгт хавсаргуулсан болно. Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч тодруулах боломжгүй гэсэн байна.

2. Мөрдөн шалгалтын явцад шинжээч эмч О.Болороо мэдүүлэхдээ: “...Зүүн чамархайн хуйхны дотор гадаргуйн цус хуралт, зүүн чамархайн булчингийн цус хуралт, зүүн чихний цус хуралт, суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их бага тархины суурь, орой тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, нэг механизмаар үүсгэгдсэн тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Гараар цохисон гэж үзвэл олон удаагийн давтамжтай цохигдох үед үүснэ. Биет зүйлээр цохисон байна гэж үзвэл хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...” /2хх 207-208/ гэжээ. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Талийгаачид учирсан энэхүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтлээс нь харахад хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлээр үүсгэгдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тугны ишний бариулын гол хэсгээр цохиход дээрх гэмтэл үүсэх боломжтой. ...” гэж мэдүүлсэн болно. Гэтэл талийгаачийн биед үхэлд хүргэсэн дээрх гэмтлийг хэн, хэрхэн учруулсан нь тогтоогдоогүй, үүнийг зайлшгүй тодруулах, өөрөөр хэлбэл, яллагдагч тус бүрийн оролцоог тодруулах шаардлагатай гэсэн заалтууд бүрэн биелэгдээгүй байна.

3. Мөн яллагдагч Тэ нь полиграф хийлгэх хүсэлт гаргасан байхад /6хх 224/ үүнийг шийдвэрлээгүй, шаардлагатай гэж үзвэл шүүгдэгч нарыг полиграфт оруулах, С.Б нь удаа дараа надад О.Тэ хэргийг хүлээчих гэдэг байдлаар шахалт үзүүлж байсан гэж мэдүүлсэн нь үндэслэлтэй эсэхийг шалгах.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 149 см урттай, мөнгөлөг төмөр, 106 см урттай, суурьтай мөнгөлөг, нарийн төмөр зэрэгт цус илэрсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактериологийн шинжээчийн дүгнэлтээр цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй /2хх 153/ гэсэн байна. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ-ийн шинжээчийн дүгнэлтээр 149 см урттай, мөнгөлөг төмөр, 106 см урттай, суурьтай, мөнгөлөг, нарийн төмөр зэрэгт илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг /2хх 154-155/ тогтоосон байна. Шинжээч хүний ДНХ дахин давтагддаггүй гэж мэдүүлсэн тул ДНХ-г үндэслэн тугны ишэн дээрх цус хэний цус болохыг тогтоолгох.

5. Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч О.Тэ, С.Б, гэрч Б.Энхтуул нар бүгд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар С.Б эрүүлжүүлэгдсэн /6хх 210/, О.Тэ, Б.Энхтуул нар эрүүлжүүлэгдээгүй байна. Хэрэгт авагдсан шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр С.Б, Энхтуул нар эрүүлжүүлэгдсэн тухай мэдүүлжээ. Гэтэл О.Тийг эрүүлжүүлээгүй шалтгааныг тухайн үед хэргийн газарт очсон цагдаагийн ажилтнуудаас тодруулах.

            Эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй. ...” гэж анхан шатны шүүх дүгнээд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булаг овогт Очирсүрэнгийн Тэ, Боржигон овогт Сайнхүүгийн Б нарт холбогдох эрүүгийн 1809052951233 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч О.Тэ, С.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Н.Онон бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2019/ШЗ/1192 дугаартай шүүгчийн захирамжид заасан боломжит ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар хийж гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. Учир нь, дээрх захирамжийн 1 дүгээр заалтад “...Бид банк бус санхүүгийн байгууллагын оффист байрлуулсан “Juan” гэх бичигтэй хяналтын камерын дүрс бичлэгийг мэргэжлийн байгууллага буюу Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн сургуульд даалгаж, бичлэг байгаа бол сэргээлгэх, хэрвээ бичлэг хийгдээгүй бол шалтгааныг тодруулах, хэрэгт авагдсан бичлэгийг тодруулах боломжтой эсэхийг шалгах шаардлагатай. ...” гэсэн заалтыг бүрэн хийж гүйцэтгэн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш дүгнэлт гаргасан байна.

            Хэрэг учрал болсон гэх барилгын эсрэг талд байрлах “Evergood” барилгын хяналтын камерын бичлэгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд “...Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь шөнө холоос бичигдсэн, “Ампер хаус”-ын 3 давхрын гэх гэрэлтэй цонхны цаана дүрслэгдэх үйл явдал тодорхой дүрслэгдэхгүй байх тул цонхоор харагдах үйл явдлыг тодорхойлон бичих боломжгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

            Талийгаачид учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсан, яллагдагч тус бүрийн оролцоог тодруулах боломжгүй. Учир нь, энэ хэргийн яллагдагч нар эсрэг сонирхолтой этгээдүүд юм. Энэ хэрэг учрал гарахад яллагдагч нар болон талийгаачаас өөр этгээд байгаагүй. Шүүх яллагдагч тус бүрийн оролцоог зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн заалттай зөрчилдөж байна гэж үзэж байна. Тухайн хэрэг гарсан объектын доторх хяналтын камерын бичлэг хүний гараар устсан болох нь тогтоогдсон. Энэ хэрэгт цорын ганц гэрч болох С.Энхтуулын мэдүүлгээр яллагдагч нар талийгаачийг бүлэглэж зодож алсан болох нь тогтоогддог.

            Яллагдагч О.Тэ, С.Б нарыг полиграфт оруулах, тугны ишэн дээрх цусыг хэний цус болохыг тогтоосноор хэргийн үйл баримт өөрчлөгдөхгүй, зайлшгүй хийх ажиллагаа биш юм. Мөн хэрэг гардаг өдөр яллагдагч О.Тийг эрүүлжүүлээгүй шалтгааныг тодруулснаар хэргийн зүйлчлэл болон хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан байхад шүүхийн тогтоол нь ойлгомжгүй, тогтоолд заасан ажиллагааг хийснээр хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй, хэргийн зүйлчлэл, гэм бурууг тогтооход зайлшгүй шаардлагатай ажиллагаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн 2020/ШТ/04 дугаартай шүүхийн тогтоолд 1809052951233 дугаартай хэргийг 1909026220816 гэж буруу бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байна” гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Учир нь, гэмт хэрэг үйлдэгдэх үйл явдлыг харсан хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авч, хэргийн нөхцөл байдлыг тодруулсан. Мөн талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулж, шинжээч эмч дүгнэлт гаргасан. Тухайлбал, “талийгаачийн болон яллагдагч, шүүгдэгч нарын хувцаснаас илэрсэн цус, хэрэг явдал болсон газраас авсан цусны дээжийн цусны бүлэг бүгд талийгаачийн цус болох нь тогтоогдсон” гэх дүгнэлтүүд гарсан. Харин гэм буруугийн асуудлын хувьд, хохирогчийн үхлийн шалтгаантай шүүгдэгч нарын хэн аль нь ямар үйлдэл оролцоотойгоор оролцсон бэ гэдэгт үнэлэлт дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Иймд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгч 6 дугаар хавтас хэргийн 152 дугаар хуудсанд “хэрэгт авагдсан хяналтын камерын дүрс бичлэгийг сэргээх, сэргээгдэхгүй бол учрыг нь тодорхойл, дүрс бичлэгийн чанарыг сайжруул” гэсэн агуулгатай захирамж гаргасан. Гэтэл шүүгч 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгчийн захирамж биелэгдээгүй байна гэж үзсэн. Хэрэгт олон бичлэг авагдсан байхад яг аль бичлэгийг тодруулж, сэргээх тухай хэлээгүй мөртлөө биелэгдээгүй гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Болороо мэдүүлэхдээ “тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалтын гэмтлүүд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой”, шүүхийн хэлэлцүүлэгт “нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн” гэж дүгнэснийг шүүх мушгин гуйвуулж дүгнэсэн. Учир нь, 2 дугаар хавтас хэргийн 102 дахь талд авагдсан шинжээч эмч Болороогийн дүгнэлтэд энэ талаар тодорхой бичигдсэн байдаг. “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн” гэж дүгнэсэн байхад шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгч тархины хоёр хажуугийн болон 3, 4 дүгээр ховдлын цус харвалт гэж үзсэн. Анагаах ухааны үүднээс уг гэмтэл нь битүү гэмтэл юм. Гэтэл шинжээчийн дүгнэлт, асуулт хариултаас үзэхэд хавтас хэргийн 222 дугаар хуудсанд гавлын тархины битүү гэмтэл, зүүн чамархайн булчин, баруун чамархай, зүүн чамархай, түүний хуйхан доторх цус хуралт, зүүн зулай хуйхны шарх, зүүн чамархай, зүүн чихний цусны хуралт зэрэг нэг биш олон удаагийн гэмтлийг тус бүрт нь тодорхой заасан. 3, 4 дүгээр ховдлын цус харвалт гэдэг нь энэ гэмтлээс цааш гүн буюу тархины гавал ясны доторх хэсэгт хамаарна гэж зааснаас үзэхэд эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Аливаа хүний биед учирсан гэмтэл нь ул мөр болон үлддэг. 1 дүгээр хавтас хэрэгт авагдсан талийгаачийн тархины задлан шинжилгээний зургаас үзэхэд тархмал цус нь баруун болон зүүн талд нь гарч ирсэн, олон удаагийн үйлчлэлээр учирсан, хэмжээний хувьд мохоо болон иштэй зүйлийн нөлөө байхгүй гэж ойлгогдож байна. Иштэй зүйл байсан бол задлан шинжилгээгээр арай өөр төрлийн гэмтэл учрах байсан.

Түүнчлэн, шүүгдэгч О.Тэ полиграф хийлгэх тухай хүсэлт гаргасан ба 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаар “С.Б намайг удаа дараа хэргээ хүлээчих гэх байдлаар ханддаг” гэж мэдүүлсэн. Тухайн үед би шүүгдэгч С.Боос “та нар камер дотроо захиагаар харилцдаг юм уу” гэж асуухад “үгүй, бид нар захиагаар харилцаад байдаггүй. Заримдаа нар салхинд гарахдаа тааралдаж ярилцдаг” гэж хариулсан. Шүүгдэгч нар хэрэг гарснаас хойш нийт 9 удаагийн мэдүүлэг өгсөн байдаг. С.Б хэрэг явдлаас хойш 1 сарын дараа буюу 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн мэдүүлэгтээ “бид нар захиагаар харилцсан” /3хх 3-34/ гэж мэдүүлдэг. Шүүгдэгч О.Тэ полиграф хийлгэх тухай хүсэлтийг 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр гаргасан байдаг /6хх 224/. Гэтэл хэрэг гарсан өдрөөс хойш 1 сарын дараа хэргийн үнэнийг хэзээ ч илрүүлэхгүй гэдгээ ярилцаж тодорхойлохоос гадна шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч “надтай камерт уулзаж хэргийн талаар ярилцсан” гэж О.Тэ мэдүүлдэг. Энэ бүгдээс үзэхэд полиграф хийлгэх ямар ч үндэслэлгүй. Полиграф хийлгэсэн тохиолдолд түүнийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх ёсгүй. Учир нь, полиграфын үр дүн нь магадлалын шинжтэй байдаг тул шүүгдэгч нар үнэнээ ярихгүй нь тодорхой байна.

Миний бие хэрэг гарсан өдөр хэргийн газарт очиход 2 ширхэг архины шил хурааж авсан байсан ба шүүгдэгч нар хэргийг архидан согтуурсан, уусан үедээ үйлдсэн нь нотлогддог. Шүүгдэгч нараас 12 дугаар сарын 1, 3-ны өдөр, мөн 1 дүгээр сарын 3-ны өдөр авсан мэдүүлгүүдээс тус тус үзэхэд шүүгдэгч нар архи уусан үедээ хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг тул уг үйл явдлыг хэзээ ч сэргээн санах, үнэн зөв мэдүүлэх бололцоогүй гэдэг нь харагддаг. Учир нь, 12 дугаар сарын 1-ний өдөр өгсөн мэдүүлэг нь 1 сарын дараа өгсөн мэдүүлэгтэй нь зөрдөг, зарим утгаараа өөр хоорондоо нийцдэг байдлыг нь үзэхэд шүүгдэгч нар үгсэн тохиролцсон байдаг тул полиграф хийлгэхийг эсэргүүцэж байна.

Шүүгчийн захирамжид тугны ишэн дээрх цусны толбоноос биологийн шинжилгээг тодорхойлж болоогүй юм бол ДНХ-г тодруул гэх агуулгыг тусгасан. Би хэргийг шийдвэрлэсэн Оюунчимэг шүүгчийг хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцсан эсэхэд эргэлзэж байна. Учир нь, биологийн шинжилгээ хийлгэхэд тугны иш никел төмөр учир хангалттай цус нь хүрэлцэхгүй гээд хийгээгүй. Мөрдөгч О.Эрдэнэбаатар бүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад 1299 дугаартай шинжээчийн дүгнэлт /6хх 28/-ээр ДНХ-г тогтоосон байхад шүүх дахин тогтоох даалгавар өгсөн нь үндэслэлгүй байна.

Эрүүлжүүлэхэд авагдсан материалын хувьд, хэрэг гарсан шөнө дуудлагаар офицер, цагдаа ирэхэд би хамт очсон. Тухайн үед эмэгтэйг нь төмөр зам руу, С.Бийг эрүүлжүүлэх рүү тусад нь салгаж явуулаад О.Тэ хамгийн сүүлд бүрэлдэхүүний хамт хэргийн газраас явсан. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвд гарсан хэрэг тул О.Тийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст аваачиж өгсөн. Надаас 6 цагаас хойш мэдүүлэг авна гэсэн тул би дагаж очоод 1 цаг хүлээсэн. Тэр хооронд О.Тэ түр саатуулах байранд байсан. Би яагаад О.Тийг эрүүлжүүлээгүй талаар мэдэхгүй. Гэвч саатуулах өрөөнд ганцаараа байсныг нь баталгаатай мэднэ. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Камерын бичлэг устгасан асуудлын тухайд, хэрэг болох үед хэргийн газар очсон цагдаагийн байгууллагын ажилтан камерын бичлэгийг үзэх гэтэл “бичлэг устгагдсан” гэсэн бичиг англиар гарч ирсэн гэж мэдүүлдэг. Бичлэгийн нууц кодыг тухайн салбарын эрхлэгч болох мэдээлэл технологийн мэргэжилтэн мэддэг талаар гэрчүүд мэдүүлдэг тул камерын бичлэг хүний гараар устсан байх үндэслэлтэй. “Evergood” барилгын хяналтын камерын бичлэгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр дүрс бичлэг нь шөнө бичигдсэн, холоос бичигдсэн, “Ампер хаус”-ын 3 давхрын гэх гэрэлтэй цонхны цаана дүрслэгдэх үйл явдал тодорхой дүрслэгдэхгүй байх тул цонхоор харагдах үйл явдлыг тодорхойлон бичих боломжгүй гэж дүгнэсэн. Шүүгчийн захирамжид зааснаар дахиж сайжруулах тохиолдолд өрөөн дотор болж байгаа үйл явдал тодорхой дүрслэгдэхгүй. Мөн шүүгдэгчийн полиграф хийлгэх хүсэлтийг хангасан ч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй тул уг хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн өмгөөлөгч М.Баасанбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Прокурорын эсэргүүцэл болон анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дээр заасан заалтуудад шүүх эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Уг хэрэг 1 жил гаруй хугацаанд шалгагдаж байна. Хяналтын камертай холбоотой асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгасан. Хэн устгасан талаар яригдаж бидний зүгээс хүсэлт тавьж байсан. Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, мэдээлэл технологийн мэргэжилтэн, банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд камерын бичлэгийг устгах нууц код буюу эрх нь зөвхөн тухайн байгууллагын салбарын эрхлэгч буюу захирлын эрх байдаг талаар тус бүрдээ мэдүүлдэг. Гэтэл хэрэгт холбогдсон хүн “би устгаагүй, угаасаа бичлэг хийгддэггүй, ажилладаггүй байсан” гэдэг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэргийн үйл баримтыг нотлох үүрэггүй субъект юм. Түүнчлэн, хавтас хэрэгт авагдсан талийгаачийн эхнэр болох гэрч Энхтуул шүүх хуралдаанд өгсөн зарим мэдүүлгээсээ буцаж, санахгүй байна гэсэн зүйл ярьдаг. Энэ нь хэрэгт холбогдон шалгагдаж байгаа газартаа ажиллаж байгаатай холбоотойгоор үүссэн байх магадлалтай. Гэрч Батмөнх “тэгээд буцаад гарахад нөгөө хоёр залуу 301 тоотод байсан залуутай зодолдож байсан” /2хх 23-24/ гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд хоёр хүн биш гурван хүний зодолдож байгаа үйл явдлыг дүрсэлж хэлсэн байгаа юм. Гэрч Энхтуул “буцаад ороход нөгөө залуу шалан дээр уначихсан, шүүгдэгч нар хоёр талаас нь босож байсан” гэж мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтуудаар хүний бие болон хувцаст үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр эдгээр хүмүүсийн биед учирсан шарх, сорви, хувцаст үүсэж болох урагдал, ханзрал зэрэг бүгдийг тогтоосон. Иймд хэрэг гарах үед хоёр эсхүл гурван хүний дунд асуудал болсон эсэх нь тодорхой үйл баримтуудаар нотлогдон тогтоогдсон учир шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй. Энэ хэрэг гараад нилээдгүй хугацаа өнгөрсөн тул нэг мөр зохистой шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн өмгөөлөгч Д.Онон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжин оролцож байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруу бүрэн нотлогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ маш их хэмжээний согтолттой байсан ба бүгд өөр өөр үйл баримтын талаар мэдүүлдэг. Иймд шүүгдэгч нар өөрсдийн хийж байгаа үйлдлээ ойлгох чадваргүй байсан, өөр эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллээр мэдүүлгүүдээ өгсөн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Ж.Яринпил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг маш ээдрээтэй, болсон үйл явдлыг тогтоож шийдвэрлэхэд бэрхшээлтэй хэрэг юм. Шүүгдэгч нар нь бүлэглэн талийгаачийн амь насыг хохироосон гэж улсын яллагч ялласан. Өмгөөлөгчийн хувьд, яллах дүгнэлт хууль бус болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд зааснаар мөрдөгч мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих зүйлүүдэд хяналт тавиагүй орхигдуулсан. Тухайлбал, гэмт хэргийг шинжийг бүрэн нотолсон эсэхэд хяналт тавиагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавиагүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтын хүрээнд яллах дүгнэлт үйлдээгүй. Яллах дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан баримтууд агуулгын хувьд өөр байдаг. Нотолбол зохих байдлыг нотлоогүй мөртлөө шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан. Прокурор нотлогдоогүй баримтад үндэслэж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тодруулбал, 7 дугаар хавтас хэргийн 56 дахь талд авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2018 тоот яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай тогтоолыг үндэслэлгүйгээр үйлдсэн. Улмаар, шүүхэд шилжүүлэх үндэслэл, нотолгоог хангаагүй яллах дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн үйл ажиллагааны зарим дутагдалтай, эргэлзээтэй дүгнэлтийн талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ярьсантай санал нийлж байна.

Түүнчлэн, энэ хэрэгт прокурор бэлгэ тэмдгийн шинжтэй оролцсон. Албан үүргийн шинжтэй үйлдэл, үйл ажиллагаа огт явуулаагүй. Хуульд заасан үндэслэл журмыг хангаагүй нөхцөлд яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолд бичсэн эсэргүүцлийн хувьд, хэрэг олон прокурор дамжсан тул хэргийг шийдвэрлэхэд төвөгтэй, хэцүү байсан гэдгийг ойлгож байна. Анхан шатны шүүх хуралдаанаар камерын бичлэг хүний гараар устсан эсэх талаар ярьсан учир энэ талаар дахин маргалдах шаардлагагүй. Хэргийн оролцогч нар энэ талаар хэрэгт авагдсан баримтыг судлаагүй. Учир нь, 6 дугаар хавтас хэргийн 171 дэх талд байх Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 11316 тоот шинжээчийн дүгнэлт хүргүүлэх тухай албан бичгийг мөрдөн байцаалтад явуулсан. Тус албан бичигт 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс хойш ямар ч бичлэг хийгдээгүй болохыг нотолсон. Гэтэл тухайн өдөртэй давхцуулж мөрдөгч нь өмгөөлөгч Батбаяртай хамт давхар мэдүүлэг авах хувийн сонирхлоор очсон байдаг. Шинжээчийн дүгнэлтэд ач холбогдол өгч албан тоотод дурдсан захирлын үндэслэлүүдийг орхигдуулсан. Үүнтэй холбоотойгоор 2 дахь удаагийн шинжээчийн дүгнэлт буюу хүний гараар камерын бичлэг устсан гэж дүгнэсэн. Ингэхдээ хүний гараар устгасан талаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, хууль бус хандлага гаргасан. Энэ үйлдэл нь хэргийг ээдрээ төвөгтэй болгож, шийдвэрлэгдэхэд бэрхшээлтэй болгосон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, хангалтгүй явагдсан. Хэргийн оролцогчид хавтас хэрэгт цугларсан баримтад үндэслээгүй, өөрсдийн хувийн сонирхол, хандлагаар дүгнэлт хийсэн байдаг.

Шүүгдэгч О.Тэ 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт тугны ишний талаар “...Би цагдаагийн хүмүүсийг ирж байгаа эсэхийг жижүүр Батмөнхөөс асуух гэж яваад ирэхэд гэнэт пижгэнээд явчихсан. Тэр хоёр хоёулхнаа үлдсэн байсан. Би болохоо байлаа гээд ортол С.Б гараа өргөсөн, талийгаач сандал тэвэрсэн юм шиг хэвтэж байсан. Түүнээс хойш талийгаач дахин хөдлөөгүй. ...” гэж тодорхой мэдүүлсэн. Уг мэдүүлэг нь бусад баримтуудаар хангалттай нотлогдож байдаг. Мөн “...Тугны ишэн дээр цусны толбо байсан ба түүнийг босгож тавьсан. ...” гэж мэдүүлдэг. Уг цусны толбыг хэний цус болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоогоогүй, шинжээч томилоогүй. Мөн тугны иш цус болохоос гадна хонхойж, мурийсан байдалтай байсан. Ямар учраас тугны иш хэвийн байдлаа алдсан талаар ямар ч ажиллагаа хийлгүй орхигдуулсан. Үүнийг нарийвчлан шалгах ёстой байсан.

Түүнчлэн, яллагдагч нарын үйлдлийг буруу зүйлчилсэн нь хэрэг удаашрах, ээдрээ төвөгтэй нөхцөл байдалд хүргэсэн ноцтой шалтгаан юм. Яллагдагч нар өөрсдийнхөө өрөөнд ажил яриад архи уугаад сууж байсан /архи уусан буруутай/ нөхцөлд хохирогч гаднаас гэнэт шалтгаангүйгээр орж ирэн, гэмгүй хүмүүсийн эрх чөлөөнд халдаж, нэгийг нь цохиж унагаан ухаан алдуулж, 6 оёдол тавиулах гэмтэл үүсгэсэн. Нөгөө хүний хамрын ясыг нь хуга цохисон. Улмаар, даамжирч “Та нарыг ална, эндээс та нар амьд гарахгүй, гүйцээнэ” гэж довтолгоон хийсэн ба үүний эсрэг яллагдагч нар аргагүй хамгаалалт хийсэн. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан маш хангалтгүй, хайхрамжгүй явагдсан гэж үзэж байна. Ийм ээдрээтэй хэрэгт хариуцлагатай хандахгүй бол хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэхгүй. Шүүх хуралдааны мэтгэлцээний хоёр тал үнэн зөв бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргадаг. Үүнийг шүүх үнэлэлгүйгээр зөв шийдвэр гаргах боломжгүй. Нотлогдоогүй, хийсвэр байдлаар дүгнэсэн хууль бус яллах дүгнэлтэд үндэслэж хэргийг хэлэлцэж байгаа нь эргэлзээтэй байх тул анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, тус шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолын зарим заалтууд үндэслэлтэй. Талийгаач хэний буруутай ямар үйлдлээс болж амь хохирсон нь нотлогдоогүй. Прокурорын эсэргүүцэл, хавтас хэрэгт авагдсан нотлох баримт зөрүүтэй байна. Мөн шүүх хэргийн ээдрээ төвөгтэй байдал тайлагдаагүй гэж дүгнээд О.Тийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 13 удаа хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч, яллагдагч нарын үйлдлийг буруу зүйлчилснээс болж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хууль ёсны эрх ашиг нь олон удаа зөрчигдөж байх тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч О.Тийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Учир нь, нэг камерын бичлэг дээр 2 дүгнэлт гаргасан байдаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр уг дүрсийг тогтоох боломжгүй гэсэн. Гэтэл Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багшийн мэдүүлгээр камерын бичлэг хүний гараар устсан байна гэж эсрэг дүгнэлт гарсан. Үүнийг шүүх үнэлэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хавтас хэрэгт авагдсан баримт нь хэргийн бодит байдлыг эргэлзээгүйгээр тогтоосон байхыг шаарддаг тул уг баримтын эргэлзээг гаргасны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн нь үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Болороогийн мэдүүлгийг үндэслэж хэрэгт холбогдогч нарын үйлдэл, оролцоог зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Учир нь, прокурор болон хохирогч талаас “хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг байгаа тул эдгээрийг үндэслэж хэргийн үйл баримтыг тогтоох боломжтой” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт тухайн үйл явдлыг харсан гэрч Энхтуул, Жанжинхүү, Батмөнх нарын мэдүүлэг байдаг. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтаар Жанжинхүү, Батмөнх нар 3-4 удаагийн мэдүүлэгтээ хэргийн үйл баримтыг өөр өөрөөр мэдүүлдэг тул эдгээрийг үнэн зөв гэж үндэслэх боломжгүй. Гэрч Энхтуулын мэдүүлэг шалгах ажиллагааны явцад тогтвортой юм шиг боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн мэдүүлгээсээ буцдаг бөгөөд мөн мэдүүлэг нь зөрдөг. Үүнээс үзэхэд гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрчилдөж, үйл баримтыг гэрчлэх хэмжээнд байхгүй учир нэг бүрчлэн тогтоож байж ял шийтгэл, гэм буруугийн талаар дүгнэх нь зүйтэй юм. Мөн шүүгдэгч нарын хэн нэгний үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан байх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар заавал тогтоох шаардлагатай.

Түүнчлэн, манай үйлчлүүлэгчийн зүгээс хавтас хэрэгт авагдсан баримтуудыг прокурорт хэргийг шилжүүлж, танилцуулахад гэмт хэргийн үйл баримтыг тогтоох ямар ч нотлох баримт байхгүй учир миний мэдүүлэг юм уу, эсхүл С.Бийн мэдүүлгээр нотлох боломжтой тул мэдүүлгээ бататгаж полиграф хийлгэе гэсэн хүсэлтийг гаргасан. Хэдийгээр полиграф хийлгэх нь хууль зүйн үндэслэл болохгүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тухайн мэдүүлэг өөр эх сурвалж, нотлох баримтаар нотлогдож байгаа тохиолдолд хэний мэдүүлэг, үйл баримттай тохирч байна гэдгийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжтой.

Мөн шүүгчийн захирамжид заасан цусны бүлгийн харьяаллыг тогтоох тухайд, гэмт хэрэгт холбогдогчид болон амь хохирогчийн хувцас, тухайн байгууллагын эд зүйлд цусны толбо үүссэн байдаг. Эдгээрт хувцасны толбонд хийсэн шинжилгээнээс ДНХ гаргасан, нөгөө шинжээч нь цусны бүлгийн харьяаллаар “О(I)” гэж тогтоосон. Үүнд үндэслэж хавтас хэрэгт авагдсан холбогдогч нарын хэний цусны бүлгийн харьяалалтай тохирч байгааг шалгах гэхээр тэдний цусны бүлгийн харьяаллыг тогтоогоогүй байдаг. Иймд хэрэгт холбогдогчдын бүгдийнх нь цусны бүлгийн харьяаллыг зайлшгүй тогтоох шаардлагатай” гэв.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэргийн тухайд, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Амь хохирогчийг үхэлд хүргэх үйлдлийг хэн учруулсан талаар холбогдогч нарын оролцоог эргэлзээгүй тогтоох ёстой. Энэ талаар эргэлзээгүй шалгаж тогтоосон зүйлгүй. Прокурор шийдвэр гаргах эрх бүхий субъект тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдний үйлдэл холбогдлыг шалгах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч С.Б нь гэм буруугийн асуудлаар маргадаг бөгөөд өөрт нь гэмтэл учирсан байдаг. Гэмт хэрэг гарах үед О.Тэ, С.Б хоёр байсан гэдэг үндэслэлээр хоёуланг нь буруутган яллаж болохгүй. Яг хэний үйлдлээс болж хүний амь хохирсныг тогтоох нь зүйтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх, хэргийг прокурорт буцаасан шүүхийн тогтоолын зарим заалт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, шүүхийн тогтоолд “...Шүүгдэгч О.Тэ, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд яллах дүгнэлт үйлдээгүй байна.

Түүнчлэн гэмт хэрэг гарсан гэх Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын оффист байрлуулсан “Juan” гэсэн бичигтэй хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид бичигдсэн бичлэг хүний гараар устсан болохыг Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш тогтоосон байна. Өөрөөр хэлбэл Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн багш уг өдрийн бичлэгийг хүний үйлдлээр устгасан болохыг тогтоосон болохоос тухай гэмт хэрэг гарсан шөнийн бичлэг бүрэн сэргэх огт боломжгүй талаар дүгнэлт гаргаагүй бөгөөд сэргээх талаар холбогдох мэргэжлийн эрх бүхий байгууллагаар дахин дүгнэлт гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой.

Иймд, мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах нь зүйтэй.

Мөн Прокурорын яллах дүгнэлтийн агуулга тодорхой биш байх бөгөөд яллагдагч нар хэрхэн бүлэглэж үйлдсэн буюу үйлдэл, оролцоо тодорхойгүй байна.

О.Тэ, С.Б нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоохоос гадна хэн, хэн ямар оролцоотой уг гэмт хэргийг үйлдсэн, хэний ямар үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан талаар буюу хэргийн үйл баримтыг яллах дүгнэлтэд тодорхой зааж, уг үйл баримтад шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

Уг ажиллагаануудыг хийснээр хэрэгт хууль зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүхийн тогтоолд заасан “...“EverGood” барилгын хяналтын камерын бичлэг /1хх 122/-ийг хавсарган хохирогч Б.Мгийн хэргийн үйл баримтын талаар дүрслэн бичсэн хүсэлтэд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч томилох,

яллагдагч нарыг полиграфт оруулах,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 149 см урттай, мөнгөлөг төмөр, 106 см урттай, суурьтай мөнгөлөг, нарийн төмөр зэрэгт цус илэрсэн бөгөөд ДНХ-г үндэслэн тугны ишэн дээрх цус хэний цус болохыг тогтоолгох,

2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр О.Тэ, Б.Энхтуул нарыг хаана саатуулсан талаар цагдаагийн ажилтнуудаас тодруулах” зэрэг үндэслэлүүдийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, О.Тэ, С.Б нарт холбогдох 1809052951233 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 04 дугаартай шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ