Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01073

 

Д.Аийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00480 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Аийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Э ТӨААТҮГ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19 292 836 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нь “Э” ТӨААТҮГ-т 2011 онд нягтлан бодогчоор ажилд орж,  алдаа дутагдал гаргалгүйажлаа хийж гүйцэтгэж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажил албан тушаалын жагсаалт шинээр батлагдаж байгаа болохоор хөдөлмөрийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулна гээд гарын үсэг зуруулсан. Ингээд ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэж 1 өдөр гарсан мэдэгдэл болон ажлаас чөлөөлсөн тушаал өгсөн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/01369 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28- ны өдрийн 1478 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 183/ШШ2017/00895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үе буюу 2017 оны 04 сарын 25-ны өдрөөс хойш 2018 оны 02 сарын 05-ны өдрийг хүртэлх цалин бол 14 669 023 төгрөг бөгөөд энэ цалинг бодож гаргахдаа өмнө нь шүүхийн шийдвэрт нэг өдрийн дундаж цалинг 74 462 төгрөг гэж тогтоосны дагуу ажилгүй байсан 274 хоногийн цалин гэж гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажилтанд үр дүнгийн урамшуулалт цалинг захирлын тушаалаар олгоно гэж заасан. 2017-2018 оны хамтын гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа бөгөөд энэ хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт үр дүнгийн шагналт цалинг жилд 5 хүртэлх сараар олгоно гэж заасан. Нийт 2 800 813 төгрөгийг нэхэмжилсэн. Ажлаа хийж байсан бол ээлжийн амралтын олговрыг авах ёстой байсан.  Иймд 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны үндсэн цалин болон бусад нэмэгдэл 14 669 023 төгрөг, мөн 2017 оны үр дүнгийн урамшуулалт цалин 2 823 000 төгрөг, 2017 оны ээлжийн амралтын цалин 1 800 813, нийт 19 292 836 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд ирүүлсэн  тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. А нь “Э”-ийн захирлын тушаалаар цалин хөлс, үндсэн хөрөнгө хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь ямар ч үндэслэл шалтгаангүйгээр цалин хөлсийг нэмж авах талаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 2017 онд манай байгууллагад ажиллаагүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл гарах үндэслэл байхгүй. Шагналт цалинг олгохдоо ажилчдын бүтээлч, идэвхи санаачлага, ажлын үр дүнг харгалзан үзэж дүгнэж олгодог. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ТӨААТҮГ-аас 18 673 403 /арван найман сая зургаан зуун далан гурван мянга дөрвөн зуун гурван/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 619 430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр суутган төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Э ТӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 596 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 251 317 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.А нь анх ажлаас үндэслэлгүй халагдсан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр тооцох байсныг шүүх Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тооцон ажилгүй байсан хугацааг нийт 195 хоног гэж тооцсон нь хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв үнэлээгүй гэдэг нь харагдаж байна. Учир нь давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгт хамааруулж шийдвэрлэсэн байна. Тус шүүх нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс буюу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тооцож гаргах байсан. Энэ хугацаагаар тооцвол нийт 60 хоног ажилгүй байсан хугацааны олговор 4 467 720 төгрөг болж байгаа билээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнгийн хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э ТӨААТҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19 292 836 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх–ийн 1-2, 45-46 дугаар хуудас/

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00895 дугаар шийдвэрээр Д.Аийг Э ТӨААТҮГ-т нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаад ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоожээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн тогтоол 2017 оны 11 дүгээр сарын 7 өдөр гарсан байх бөгөөд уг шийдвэрийг ажил олгогч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр биелүүлж, ажилд томилсон тушаал гаргажээ. /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон нэг өдрийн цалин болох 74 462 төгрөгийг ажилгүй байсан 194 хоногоор тооцож 14 445 628 төгрөгийг гаргуулан олгох нь хуульд нийцэх юм.

 

Харин ажилтан ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй байх үед хамаарах үр дүнгийн урамшуулалт цалинг анхан шатны шүүхээс гаргуулахаар заасан нь хууль, дүрэмд нийцэхгүй болжээ. Учир нь хэрэгт авагдсан баримтаас үзэхэд урамшуулалт цалин хөлсийг ажлын үр дүн, ажилтны идэвхи зүтгэлээс хамааран ажлын үр дүнг дүгнэж байж олгохоор байна. Иймд урамшуулалт цалин олгосныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            Түүнчлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан маргаан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад 128 дугаар зүйлийн 128.1 гэснийг 128.1.5 гэж өөрчлөх нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2018/00480 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ТӨААТҮГ-аас 14 445 628 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дамдингийн Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 847 208 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “251 317” гэснийг “230 178” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Эрчих хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД