Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 364

 

Э.Н-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунчимэг,

шүүгдэгч Э.Н-, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг, О.Батболд, Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Н-д холбогдох эрүүгийн 1809039461085 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Э.Н-, 1990 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Э.Н- нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Айр Нэтворк” ХХК-ийн тасалбар захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тасалбарын мөнгийг тушаахгүй, бичсэн тасалбартаа анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Н-г албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Н-гоос 65.395.568 төгрөгийг гаргуулан хохирогч “Айр Нэтворк” ХХК-д олгож, Э.Н-г цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 Хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...одоог хүртэл хохирол төлөгдөөгүй. Э.Н- болон түүний ар гэрээс хохирол төлөх талаар ямар ч оролдлого хийхгүй байгааг гайхаж байна. Мөн Г.Золжаргалаас залилсан 3.960.000 төгрөг төлөгдөөгүй дарагдсан. Энэ хүн надаас өдөр болгон мөнгөө нэхдэг. Э.Н- манай компанид 2014 оноос эхэлж ажилласан. Өнгөрсөн хугацаанд манай компани энэ хүнийг тухайн ажлын онцлогт тохируулан бүх зүйлд сургаж, цаг зав, мөнгө төгрөгөө зарцуулж мэргэжлийн түвшинд хүртэл сургасан байтал итгэл алдаж 1997 оноос хойш тасралтгүй ажиллаж байсан компанийг маань дампууруулж амьжиргааны эх үүсвэргүй болгосон. Э.Н-гийн завшсан мөнгөний 40 хувь нь гарын үсгийн маргаантай гээд шинжилгээгээр тогтоогдоогүй. Харин 60 хувь болох 65.395.568 төгрөг нь тогтоогдсон. Түүний завшсан мөнгийг “Наран трэйвл” ХХК-д тушаах ёстой байсан.  “Наран трэйвл” ХХК-ийн нэхэмжлэлээр шүүхийн шийдвэр гарч 143.601.018,5 төгрөгийг “Айр Нэтворк” ХХК болон надаас гаргуулахаар болсон. Улмаар байгууллага, миний өмч хөрөнгө, банкны бүх дансыг битүүмжилж хаасан. Энэ нь үнэхээр хүнд цохилт болж би эрүүл мэндээрээ хохирч байна. Иймд Э.Н-д оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Намайг 65.395.568 төгрөг завшсан гэдэг. Би уг мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шалгуулах хүсэлтэй байна. Аудитын шалгалтын явцад 3 шалтгааны улмаас гарын үсэг зурсан. Мөрдөн байцаагч надад “2-3 удаагийн аудит орох учраас энэ удаагийн аудитаа хийлгэчих. Шүүхийн шинжилгээнээс аудит хийхээр ялгараад гараад ирнэ” гэж хэлсэн. Мөн захирал Н.Оюунчимэг намайг аудитын хүмүүсийн дунд “Бүдүүн авгай минь чи гарын үсэг зурахгүй өөр хэн зурах юм. Чи энэ мөнгийг авсан биз дээ” гэж загинаж байсан. Нийслэлийн аудитын ажилтан “Чи гарын үсгээ зурж байж бид хоёр салах юм байна. Өөр арга алга” гэж хэлж байсан.” гэв.

Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Э.Н- гэрчээр мэдүүлэхдээ 18.300.000 төгрөг завшсан гэм буруугаа хүлээсэн. Хохирлын хэмжээ эргэлзээтэй байдаг. ...” гэв.

Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдсан гомдлоос үзэхэд хохирогчийн байр суурь тодорхойгүй байна. “Айр Нэтворк” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өөр захиралтай болсон байхад Н.Оюунчимэг гэх хүн ямар үндэслэлээр тус компанийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болох нь тодорхойгүй. Итгэмжлэл өгсөн гэдэг боловч хууль ёсны хууль ёсны төлөөлөгчөөр томилолгүй шууд хохирогчоор тогтоосон байдаг. “Айр Нэтворк” ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоол байхгүй. Санхүүгийн шалгалтууд “Айр Нэтворк” ХХК-ийн санхүүгийн алдагдлыг бүхэлд нь үнэлж дүгнээгүй, зөвхөн 2016-2018 оны хоорондох буюу шүүгдэгч Э.Н-гийн тус компанид учруулсан байж болзошгүй хохирлууд гэдэг тооцооллыг гаргаж ирсэн. Уг тооцооллыг гаргахдаа “Айр Нэтворк” ХХК-ийн дансны хуулгыг хараагүй, дүгнэлтийн үндэслэл болсон санхүүгийн баримтууд шаардлага хангахгүй баримтууд байсан. Шүүгдэгч Э.Н- гэрчээр анх мэдүүлэг өгөхдөө “би 18.300.000 төгрөгийг компаниас завшсан. Би дүнгээ мэдэж байна гээд хэргээ хүлээн зөвшөөрсөн чинь анхан шатны шүүх хуралдааны явцад над дээр 65.395.568 төгрөгийн хохирол гараад ирсэн” гэдэг. Мөн “тухайн үеийн компанийн захирлууд баримтгүйгээр мөнгө авдаг байсан. Тэр мөнгөнүүдийг нь нэмээд 65.395.568 төгрөг болгосон” гэсэн гомдолтой байсан. Гомдлоо бичгээр гаргаж амжсангүй гэж байсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, хохирогчийг байцаасан тэмдэглэл гэх 3 баримт дээр хохирогч Н.Оюунчимэг гээд бичсэн байдаг. Гэтэл Цагдаагийн байгууллагад Б.Хулан гэх хүн компанийг төлөөлж гомдол гаргасан байхад түүнээс нэг ч мэдүүлэг аваагүй. Санхүүгийн тооцоог хийж өгсөн Ц.Мөнхнаран, Б.Отгонням, С.Гантөмөр гэх гурван хүнээс огт мэдүүлэг аваагүй. Т.Дөлгөөн гэх хэрэгт хамааралгүй хүнээс мэдүүлэг авсан байдаг. Өөр гэрч асуугаагүй. Хавтаст хэргийн материалтай танилцахад хохирлын хэмжээ их гарсан байдаг. Шинжээч томилсон тогтоол дээр “М.Оргил-Эрдэнэ гэх хүний 70 мл шээсний дээжийг хүргүүлэв” гээд бичсэн байсан. Бид мэтгэлцэх боломжгүй болсон. Учир нь “Айр Нетворк” ХХК-ийн дансны хуулгыг үзээгүй байж яаж ийм хэмжээний хохирол гаргаж ирсэн нь тодорхойгүй. Дээр нь шүүгдэгч Э.Н- уг компанид ажиллах хөдөлмөрийн гэрээ байхгүй, ажлын байрны тодорхойлолт байхгүй, хөдөлмөрийн дотоод журамтай танилцаагүй байдаг. Б.Хулан гэх захиралаас нь хэзээ, ямар алдагдалд орсон, хэдэн ажилтантай байсан талаар болон санхүүгийн программд үзлэг хийх ажиллагаа хийгээгүй. Хохирогч шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөдсөн гэсэн утгатай давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлж шийдвэрлэх боломжгүй. Иймд хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

Шүүгдэгч Э.Н-гийн өмгөөлөгч О.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Батбаяр өмгөөлөгчтэй санал нэг байна. Хавтаст хэргийн материалыг харахад хэт нэг талыг барьж буюу хохирогчийн эрх ашгийг харгалзаж үзсэн атлаа шүүгдэгчийн эрх ашиг сонирхлыг харгалзаж үзээгүй байдаг. Иймд хохирлын хэмжээг тодорхой тогтоолгох шаардлагатай байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Аудит, шинжээчийн гаргасан дүгнэлтүүдээр хохирлын хэмжээ 65.395.568 төгрөгөөр тогтоогдсон. Эдгээр дүгнэлтийг шүүгдэгч Э.Н-, хохирогч Н.Оюунчимэг нар мөрдөн байцаалтын шатанд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Анхан шатны шүүх шүүгдэгчид 2 жилийн хорих ял оногдуулах болсон үндэслэлээ шийтгэх тогтоолдоо тодорхой дурдаж өгсөн. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар гомдол гаргаагүй атлаа хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах санал гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирол болон зүйлчлэлийн талаар маргаагүй. Хохирогч санхүүгийн баримтуудаа жагсаалтаар гаргаж өгөөд түүнд нь аудит дүгнэлт хийсэн. Хохирлын хэмжээнд эргэлзээтэй зүйл байхгүй. Хохирогч Н.Оюунчимэг “Айр Нэтворк” ХХК-ийн захиралаар ажиллаж байгаад сүүлд охиндоо компаниа шилжүүлж өгсөн байдаг. “Айр Нэтворк” ХХК-ийг төлөөлөх төлөөллийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан. Иймд хохирогчоор тогтоогдсон нь үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Э.Н- нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Айр Нэтворк” ХХК-ийн тасалбар захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тасалбарын мөнгийг тушаахгүй, бичсэн тасалбартаа анхан шатны баримт үйлдэхгүйгээр 65.395.568 төгрөгийг завшиж, тухайн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунчимэг нь “...Э.Н- нь 2014 оноос “Айр Нэтворк” ХХК-д захиалгын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Манай байгууллага тасалбар худалдаалахдаа үйлчлүүлэгчээс бэлнээр болон дансаар төлбөр авч харилцагч компани руу тасалбарын үнийг шилжүүлдэг байсан. Э.Н- нь өөрийн захиалгын ажилтны дугаартай бэлэн мөнгөний орлогын баримт ашиглахгүйгээр бүртгэлгүй буюу дугаарлаж кодлоогүй бэлэн мөнгөний орлогын баримт ашиглаж үлдэх хувийг устгаж харилцагч компанитай тооцоо нийлж, илэрсэн зөрүүг дараа сарын орлогоос нөхөж төлөх замаар мөнгө завшиж, улмаар энэ байдал даамжирч үйлчлүүлэгчийн тасалбарыг захиалалгүй өөрийн болон бусдын дансанд эсхүл бэлнээр төлбөрийг авч үйлчлүүлэгчдийг хохироож байсан. Манай компани 2016 оноос эхлэн нягтлан бодогчгүй үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба тайлан тооцоог би гардан хийдэг байсан. Гэвч би зарим нэг шалтгаанаар гадаад улс болон дотооддоо явахдаа санхүүгийн тамга тэмдэг, бичиг баримт компанийхаа дансны картаа Э.Н-д үлдээдэг байсан. ...” /хх 43-44, 210/ гэж Э.Н-г тасалбар захиалгын ажилтнаар болон компанийн бусад асуудлыг хариуцан ажиллаж байхдаа тасалбар захиалсан үйлчлүүлэгчдийн мөнгийг харилцагч байгууллагад тушаалгүй, бичсэн тасалбартаа анхан шатны баримт үйлдэхгүйгээр өр хуримтлуулсан үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Т.Дөлгөөний “...Э.Н- гэх хүн манай эхнэрийн төрсөн дүү Одбаярын эхнэр. Би өөрийн Хаан банк дахь 5009830447 дугаартай дансыг 2018 оны 7 билүү 8 сараас 10 сар хүртэл Э.Н-д ашиглуулж байсан. Учир нь тухайн үед би Япон улсын виз гаргуулах гэж хөөцөлдөж байгаа, дансны түүх сайн байвал асуудалгүй гардаг талаар ярихад Э.Н- “Та надад картаа өгчих би ажлынхаа орж гарч байгаа мөнгийг таны данс луу оруулчихаад захирал руугаа шилжүүлчихэж байя” гэж хэлэхээр нь картаа өгчихсөн. ...” /хх 55/,

- шүүгдэгч Э.Н-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тус компанид захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа иргэдийн тасалбар захиалсан мөнгийг компанидаа тушаалгүй өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байсан. Гарсан төлбөрийг зөвшөөрч байна. Өр төлбөрөө хашаагаа зараад төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 163-164, 209/ гэсэн мэдүүлгүүд,

- “Айр Нэтворк” ХХК-ийн харилцагч ХХК-иудтай тооцоо нийлсэн тасалбарын жагсаалт, анхан шатны баримт, тус ХХК-ийн менежер Н.Оюунчимэгийн Хаан банк дахь дансны хуулга зэрэгт дүн шинжилгээ хийж Э.Н-г 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд тус ХХК-д тасалбар захиалгын ажилтнаар ажиллаж байхдаа, харилцагч ХХК-иудад тасалбарын мөнгийг тушаагаагүй, мөн бичсэн анхан шатны баримтыг устгаж нийт 60.396.988 төгрөгийн дутагдал үүсгэсэн болохыг тогтоосон “Нийслэл-Аудит” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 13, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн “Хараат бус баталгаажуулах ажлын тайлан /хх 100-119/,

- “Айр Нэтворк” ХХК-ийн санхүүгийн баримтууд болон “Нийслэл-Аудит” ХХК-ийн “Хараат бус баталгаажуулах ажлын тайлан”-д дүн шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 031 дугаартай дүгнэлт /хх 95-103/,

- “Айр Нэтворк” ХХК-ийн 2017, 2018 онуудын санхүүгийн анхан шатны баримтууд болон Н.Оюунчимэгийн гарын үсгийн загваруудад харьцуулан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 1652 дугаартай дүгнэлт /хх 79-88/,

- Э.Н-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк дахь дансны хуулгууд, өөрийн дансаар 4.998.580 төгрөг авснаа хүлээн зөвшөөрсөн түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 164/,

- Э.Н-г 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн “Айр Нэтворк” ХХК-ийн тасалбар бичигч операторын ажилд томилж, 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн тухай тус ХХК-ийн захирал Н.Оюунчимэгийн тушаал /хх 152-153/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Э.Н-гийн дутаасан өр төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрч, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ.” хэмээн тодорхойлсон.

Н.Оюунчимэг нь 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Айр Нэтворк” ХХК-ийн захирлаар томилогдож тус ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байсан болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 28/-аар тогтоогддог.

Иймээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Оюунчимэгийг хохирогчоор тогтоосныг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Н-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж завшсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

Нөгөөтэйгүүр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.1-т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заасан.

            Шүүгдэгч Э.Н-гийн хувьд завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжтэй байх ба хэрэгт цугларсан ажилд томилох тухай тушаал, хохирогч байгууллагын захирлын хариуцуулсны үндсэн дээр гүйцэтгэж байсан чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, эд хөрөнгийг зувчуулсан арга зэргээс үзэхэд эдгээр нь түүний хашиж байсан албан тушаалын байдалтай нягт холбоотой болох нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Н- нь “Айр Нэтворк” ХХК-д тасалбар захиалгын ажилтнаар ажиллаж байх үедээ хүлээсэн ажил үүргийн дагуу байгууллагын бэлэн мөнгөтэй харьцах боломж гарч энэ байдлыг ашиглан их хэмжээний мөнгө завшсан нөхцөл байдал нотлогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний асрамжид бага насны 2 хүүхэд байдаг, хохирогч нь санхүүгийн мэдлэг мэргэжилгүй хүнд компанийн бүх ажлыг хариуцуулан үлдээж, зохих хяналтыг хэрэгжүүлж чадаагүйн улмаас бусдад мөнгө ашиглах боломж олгосон буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээнд ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас “Айр Нэтворк” ХХК-д учирсан хохирлын хэмжээг хэргийн хүрээнд үндэслэлтэй зөв тогтоож, шүүгдэгч Э.Н-гоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. 

Иймд “...шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн...” асуудлаар гаргасан хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч “Айр Нэтворк” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН