Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0022

 


“Гуу” ХХК, “Эп” ХХК

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч:Шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч М.Цэцэгмаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч “Эп” ХХК-ийн төлөөлөгч А.Бд, нэхэмжлэгч “Гуу” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цд

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Гуу” ХХК, “Эп” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Гуравдагч этгээд: “Бм” ХХК, “Тэ” ХХК, “Аүш” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага:

1.Нэхэмжлэгч “Гуу ХХК-иас Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Сэлэнгэ аймгийн С сумын нутаг, Цу нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Гуу” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-аар,

2.Нэхэмжлэгч “Эп” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр “Сэлэнгэ аймгийн С сумын Д нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эп” ХХК-д олгох боломжгүй” талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн С сумын Д нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эп” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 667 дугаар шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч “Гуу” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цд, нэхэмжлэгч “Эп” ХХК-ийн өмгөөлөгч А.Тт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эб, Ш.Мж, гуравдагч этгээд “Тэ” ХХК-ийн төлөөлөгч А.Ос, өмгөөлөгч Ө.Сб, гуравдагч этгээд “Аүш” ХХК-ийн өмгөөлөгч Б.Тж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2022/0877/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 667 дугаар шийдвэрээр:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Гуу” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн С сумын нутаг, Цу нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Гуу” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч “Эп” ХХК-ийн гаргасан Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн С сумын Д нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эп” ХХК-д олгох боломжгүй талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, уг талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эп” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгч “Гуу” ХХК-ийн өмгөөлөгч Т.Цд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ:

“Үндэслэл: Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдлыг нотлох баримтуудтай уялдуулан зөв дүгнэж чадаагүй, хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т "Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан магадлан шалгах ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр холбогдох дүгнэлтийг цахимаар хүргүүлнэ" гэж, цаашилбал хуулийн дээрх заалт 2023.01.06-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж, ийм зохицуулалттай болсон байх ба түүнээс өмнө бүр ажлын 5 хоногийн дотор шүүлтийг хийж хариуг хүргүүлэхээр хуульд заасан байсныг анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй байна.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд гуравдагч этгээд "Бм" ХХК нь анх 2018.10.16-ны өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан байдаг ба 2018.10.25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргаас төрийн захиргааны байгууллагад цахимаар хүргүүлсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч компаниас 2019.11.21-ний едер өргөдөл гаргасан боловч цахимаар 2020.03.11-ний өдөр төрийн захиргааны байгууллагад буюу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст дугнэлт гаргуулахаар хүргүүлж, тэр хүртэл гуравдагч этгээд "Бм" ХХК-ийн хүсэлтэд зураг зүйн шүүлт хийгээгүй, бутэн 2 жил орчим болсон байхад тэрхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр шууд давхцалын асуудалд дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй.

Цаашилбал 2021.03.10-ны өдөр буюу яг нэхэмжлэгч компанийн өргөдлийн өмнөх өдөр "Бм" ХХК-д боломжтой гэх дүгнэлтийг гаргаж өгч, нэхэмжлэгч компанийн зураг зүйн шүүлтийг цахимаар ирүүлснээс хойш 7 сарын дараа буюу 2021.10.13-ны өдөр хийж, 1 өдрийн дараа буюу 2021.10.14-ний өдөр боломжгүй гэх хариуг хүргүүлж байгаа зэрэг маш ноцтойгоор бусдад давуу байдал бий болгосон, тэгш бус хандсан, нэхэмжлэгч компанийн эрхийг зөрчиж, хуульд заасан хугацааг ноцтойгоор зөрчиж, өөрийн дураар нөхцөл байдалд тохируулан зураг зүйн шүүлт болоод холбогдох дүгнэлтийг гаргаж байгаа байдлыг анхаарч үзээгүй байна.

Нөгөө талаасаа хавтаст хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.30-ны өдрийн 114/ШШ2025/0002 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.03.20-ны өдрийн 221/MA2025/0207 дугаар магадлалуудаар нэхэмжлэгч "Гуу" ХХК-иас 2019.11.21-ний өдөр гаргасан "Сэлэнгэ аймгийн С сумын нутаг, "Цу" нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэж дүгнэж хэргийг шийдвэрлэснээс биш 2019.11.21-ний өдөр биш өөр өдөр гаргасан ч гэдэг юм уу энэ өдөр гаргасан гэдэг тогтоогдохгүй байна ч гэдэг юм уу ийм дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлээгүй, мөн 226.22 гектар талбай бүхий хэмжээгээр хайгуулын тусгай зөвшөөрөл гаргасан гэх асуудлыг мөн адил захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэж үзэж, хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Үүнээс үзэхэд хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн зүгээс анх 226.22 гектар талбайгаар тусгай зөвшөөрөл авах өргөдлийг гаргасан нь одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа гуравдагч этгээд "Тэ" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай 1 сантиметрын ч зөрүүгүй байхад нэхэмжлэгч компанийн өргөдлийн талбай давхцалтай, харин гуравдагч этгээдийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь давхцалгүй болсон асуудалд огт дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан анхан шатны шүүхээс хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн зураг зүйн цахим бүртгэлд хийсэн үзлэгээс нэхэмжлэгч компанийн өргөдөл гаргасан гэх 168.92 гектар бүхий талбай нь гуравдагч этгээд "Бм" ХХК-ийн талбайтай давхцалтай гээд давхцалтай хэсгийн булан хэсэг улаанаар тэмдэглэгдсэн, мөн гуравдагч этгээд "Тэ" ХХК-ийн тусгай зөвшөөрөл авсан талбай нь мөн бусдын талбайтай давхцалтай болох нь улаан цэгээр тэмдэглэгдсэн байтал түүнийг хариуцагчаас үл харгалзан боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа байдлыг мөн шүүхээс анхаарч үзээгүй, огт дүгнэлт хийгээгүй байдаг.

Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлуулсан нь шүүх хуралдааны бичлэгт болон тэмдэглэлд тусгагдсан байгаа ба зүй нь уг асуудлаар шүүхээс ганц маргагч буюу хариуцагчаас гаргаж өгсөн эргэлзээтэй баримт, мөн шүүхэд болон шүүх хуралдаанд үнэн зев тайлбарыг гаргахгүй байгаа этгээдийн тайлбар баримтад үндэслэн шийдвэрээ гаргалгүйгээр хөндлөнгийн шинжээчээр дугнэлт гаргуулах боломжтой байсан.

Мөн анхан шатны шүүхээс уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ "Нэхэмжлэгчээс "Эп" ХХК-ийн өргөдөлтэй давхцалгүй болсон байсан гэх боловч, уг өргөдлийн талбай нь "шохойн чулуун давхацалтай гэх нөхцөл байдал арилах үндэслэл мөн болохгүй байна" гэх ойлгомжгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийсэн нь хуульд нийцэхгүй.

Учир нь уг асуудлаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч нарын зүгээс маргадаггүй, мөн гуравдагч этгээд "Тэ" ХХК-д боломжтой гэх дүгнэлтийг гаргаад, одоо тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа, хариуцагчийн зүгээс ч зураг зүйн шүүлт хийхэд уг асуудал огт дурдагдаагүй, энэ үндэслэлээр боломжгүй гэх дүгнэлтийг гаргаагүй байдаг.

Эдгээрээс үзэхэд анхан шатны захиргааны хэргийн шүүх нь өөрийн үндсэн үүрэг, зорилгоосоо ухарч, хариуцагч төрийн захиргааны байгууллагын хууль зөрчсөн дээр дурдсан үйлдлүүдийг зөвтгөж, төрийн захиргааны дур зоргоороо шийдвэр гаргаж байгаа байдлыг таслан зогсоох, хууль бус шийдвэр үйл ажиллагааг нь цуцлаж, хүчингүй болголгүйгээр тэрхүү хууль бус, хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйн улмаас хохирсон хуулийн этгээдийн эрхийг сэргээн хамгаалахаас татгалзсан шийдвэрийг гаргасан гэж үзэхээр байна.” гэжээ.

2.2.Нэхэмжлэгч “Эп” ХХК-ийн төлөөлөгч А.Бд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т энэхүү хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсхүл боломжгүй гэсэн хоёр шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан. Энэхүү шийдвэрийг гаргахдаа өргөдөлд дурдсан талбай нь 1/ ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, 2/ тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, 3/ түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэрийг гаргах тухай хуульд тодорхой заасан.

Шүүх дээрх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдож байна. Учир нь нийтийн эрх зүй, тэр дундаа Захиргааны эрх зүйд зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдох зарчим хэрэглэгддэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зөвшөөрөл олгохын өмнө шийдвэр гаргахдаа шалгах 3 нөхцөлийг зааж өгснөөс бусад үндэслэлээр татгалзах үндэслэлийг зааж өгөөгүй. Гэтэл хариуцагч нь хуульд тусгагдаагүй үндэслэлээр татгалзсан шийдвэрийг гаргасан. Хариуцагч талын гаргасан татгалзал нь хуульд заасан 3 үндэслэлд хамаарахгүй.

Харин шүүх энэ асуудалд "нэхэмжлэгчийн өргөдлийн талбай нь шохойн чулуун хилтэй давхцалтай тохиолдолд тухайн талбайтай холбогдох тусгай зөвшөөрлийн харилцаа нь Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдах юм" гэсэн дүгнэлт өгсөн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн §3.3-т "Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна" гэж заасан. Энэхүү тусгай хууль Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль юм. Иймээс энэхүү харилцаанд ашигт малтмалын тухай хууль хэрэглэгдэхгүй.

Түүнчлэн шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ Ашигт малтмалын тухай хуулийн аль заалтыг хэрэглэж, татгалзсан нь үндэслэлтэй талаар дүгнэлт өгөөгүй. Харин хуулийн нэрийг л ашигласан. Энэ нь хариуцагчийн татгалзлыг зөвтгөх хууль зүйн үндэслэл биш. Хариуцагч нь нэхэмжлэгч "Эп" ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан 2023 оны 04 сарын 25-ны өдөр шүүхэд хариу тайлбар өгсөн. Энэхүү тайлбартаа Ашигт малтмалын тухай хуулийн талаар огт дурдаагүй. Гэтэл шүүхээс хариуцагчийн дурдаагүй, татгалзаагүй хууль зүйн үндэслэлийг гаргаж, шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09-р сарын 15 өдрийн 159/132025/0264 дугаартай "Захиргааны хэрэг үүсгэх тухай" захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтыг шүүх хуралдааны өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэйл рүү илгээж, тус мэйлийг шүүх хүлээн авсан. Мэйлд ирүүлсэн тус захирамжийг шүүх хуралдааны шүүгч нар танилцаж, хэлэлцсэн боловч энэхүү баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралгүй гэж үзэж, тус баримтыг нэхэмжлэгчид буцаан өгсөн.

Энэ үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг үүсгэсэн. Учир нь нэхэмжлэгч тал тус баримтыг эш татаж, нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон. Тус анхан шатны шүүхэд энэхүү баримтыг хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэсэн атлаа шийдвэртээ "Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч "Эп" ХХК нь дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэрэг үүсгэсэн. Үүнд:

1. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 01/1034 тоот албан бичгээр "Эп" ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09/12 дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай;

2. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны 05-р сарын 20-ны өдрийн А/214 дугаар захирамжаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10-р сарын 14-ний өдрийн 8/4576 дугаар албан бичгийг үндэслэн Сэлэнгэ аймаг, С сумын нутаг "Ц-1" нэртэй 226.22 га газарт “Тзэ" ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай;

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол энэхүү маргаан хэрхэн, яаж шийдвэрлэгдсэн эсэхээс хамаарч, сэргэх боломжтой эсэх нь шийдвэрлэгдэнэ. Гэтэл шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Хуульд заасан үндэслэл журмын дагуу уг үйл баримтын хүрээнд захиргааны байгууллага болон холбогдох байгууллагад хандахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь "Даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгдсэн үйлдлийг Захиргааны байгууллагаар хийлгэх гэсэн санаа зорилготой байсан. Шүүх 1 дэх шаардлагыг дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж, процессын ноцтой алдаа гаргаж шийдвэрлэсэн, үүний улмаас 2 дахь шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч нараас Ашигт малтмал газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ:

1.1. Нэхэмжлэгч “Гуу” ХХК-иас Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Сэлэнгэ аймгийн С сумын нутаг, Цу нэртэй газарт орших 226.22 га талбай бүхий газарт “Гуу” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 8/4571 тоот “Дүгнэлт хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-аар,

1.2.Нэхэмжлэгч “Эп” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 8/4329 тоот албан бичгээр “Сэлэнгэ аймгийн С сумын Д нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эп” ХХК-д олгох боломжгүй” талаарх дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгох, Сэлэнгэ аймгийн С сумын Д нэртэй газрын 189 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эп” ХХК-д олгох боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хүргүүлэхийг даалгах,

2.Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлан маргажээ:

2.1.Нэхэмжлэгч “Гуу” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компани анх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад Сэлэнгэ аймгийн С сумын нутаг, Цу нэртэй газарт 226.22 га талбай бүхий газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан, ...түрүүлж ирүүлсэн “Эп” ХХК-ийн ХА-43000224 тоот өргөдөлтэй 166.90 гектар, "Бм" ХХК-ийн ΧΑ-43000156 тоот өргөдөлтэй 0.24 гектар талбайгаар тус тус хэсэгчлэн давхцалтай, сонгон шалгаруулалтын талбайтай давхцалтай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.

2.2.Нэхэмжлэгч “Эп” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...манай компанийн хувьд өмнө  гаргасан өргөдлийн талбайтай давхцал байхгүй харин “шохойн чулуутай давхацалтай” гэж татгалзсан нь захиргааны байгууллага сонгох боломжоо хэтрүүлсэн, хэрвээ манай компанийн тухайд энэ үндэслэлээр татгалзаж байгаа бол “Тэ” ХХК-д ч олгогдох боломжгүй байсан” гэж тайлбарлан маргажээ.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр”,  52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл” гэж,

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,

Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж,

107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.”, 107.4-т “Үндэслэх хэсэгт...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заажээ.

4.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр маргааны үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

5. Нэхэмжлэгч “Гуу” ХХК, “Эп” ХХК нараас гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Эп” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Гуу” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 409 дүгээр магадлалаар[1] хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Эп” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэх талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 409 дүгээр магадлалд заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүй хэргийг шийдвэрлэсэн гэдэг нь тогтоогдож байна.

7.Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн дараах ажиллагааг анхан шатны шүүхээс хийгээгүй байна:

7.1. “...“Гуу” ХХК-иас хэзээ анх, ямар талбайд өргөдөл гаргасан талаар талууд маргаж буй энэ тохиолдолд тус компаниас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Цу гэх 226,22 га талбайд өргөдөл гаргах боломжтой байсан эсэх, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/396 дугаар захирамжаар тус газарт 226.21 га газрыг "Вд" ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байсан эсэх, уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа хэзээ дуусгавар болсон зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр дүгнэлт хийж хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй” гэж давж заалдах шүүхийн 2024 оны 409 дүгээр магадлалд дурдсан.

7.2.Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 08/2776 дугаар[2] “...“Гуу” ХХК-ийн Цст нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000222 бүртгэлийн дугаартай 112.12 га талбай” -д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй”, мөн газрын 2021 оны 08/4571 дугаар[3] “...“Гуу” ХХК-ийн Цу нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн ХА-43000227 бүртгэлийн дугаартай 168.92 га талбай”-д тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” гэх албан бчигүүдээс үзэхэд нэхэмжлэгч “Гуу” ХХК нь хоёр газарт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан болох нь тогтоогдож байна.

7.3.Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны А/396 дугаар захирамжаар[4] Сэлэнгэ аймгийн С сум, Ц гэх газарт 226.21 га газрыг "Вд" ХХК-д тусгай зөвшөөрөл 3 жилийн хугацаагаар олгосныг, мөн аймгийн Засаг даргын 2017 оны А/531 дүгээр захирамжаар “..."Вд" ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгасан” байх ба харин тусгай зөвшөөрлийн хугацаа хэзээ дууссан, нэхэмжлэгч “Гуу” ХХК-аас дээрх хоёр өргөдөл гаргах үед тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байсан эсэх тодорхой болоогүй байх тул энэ нөхцөл байдалтай холбоотой баримтыг цуглуулах, тодруулах ажиллагааг анхан шатны шүүхээс хийгээгүй гэж үзэхээр байна.

7.4.Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс “...нэхэмжлэгч “Эп" ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд шүүлт хийхэд шохойн чулуутай давхцалтай үндэслэлээр түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан атлаа гуравдагч этгээд “Тэ” ХХК-нд шохойн чулууны илрэлтэй гэх дүгнэлтийг гаргаж тусгай зөвшөөрлийг олгосон нь ойлгомжгүй бөгөөд ямар учраас 23 хоногийн зайтай нэг талбайд өөр агуулга бүхий дүгнэлт гарсан талаар бодит нөхцөл байдлыг тодруулж, холбогдох баримтыг цуглуулах”-ыг давж заалдах шүүхийн 2024 оны 409 дүгээр магадлалд дурдсан.

7.5.Нэхэмжлэгч “Эп” ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 8/4329 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...нэхэмжлэгч “Гуу” ХХК, “Эп” ХХК нараас сүүлд хүсэлт гаргасан, мөн нэхэмжлэгч нарын өргөдөлтэй давхцалтай, шохойн чулуун давхцалтай гэх гуравдагч этгээд “Тэ” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон атал нэхэмжлэгч “Эп” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь үндэслэлгүй” гэж маргаж байна.

7.6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, гуравдагч этгээд “Тэ” ХХК-д Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2022 оны А/214 дүгээр захирамжаар[5] “...Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 8/4576 тоот албан бичиг, С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 19 тоот тогтоол, аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2022 оны 03 тоот хурлын тэмдэглэлийн дагуу Сэлэнгэ аймаг, С сумын нутаг “Ц 1” нэртэй 226.22 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон” байна.

7.7.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нарын түрүүлж хүсэлт гаргасан гэж маргаж буй талбайд гуравдагч этгээд “Тэ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлдээ маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагадаа гуравдагч этгээдэд олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар дурдаж маргаагүй байгаа нь илтэд ойлгомжгүй, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас өөр үндэслэлийг маргаж байгаа гэж үзэх үндэслэлтэй байхад үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байжээ.

7.8.Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдан маргаж буй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн  “Гуу” ХХК-д олгосон 2021 оны 8/4571 тоот албан бичиг, “Эп” ХХК-д олгосон 2021 оны 8/4329 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулснаар нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн сэргэх, шүүхээр хэрхэн хамгаалагдах, түүний ямар эрх зүйн байдал дээрдэх, уг актыг хүчингүй болгуулах ашиг сонирхол нэхэмжлэгчид байгаа эсэхийг нэхэмжлэгч нараас тус тус тодруулж, тайлбар авах шаардлагатай.

7.9.Дээрхээс дүгнэхэд, анхан шатны шүүхээс дээрх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй холбоотойгоор  нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дахин тодруулах ажиллагааг хийгээгүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т заасны дагуу шийдвэрийн Үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлд хамаарах захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбарыг бүрэн хийгээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаар дутуу дүгнэлт өгсөн нэхэмжлэгчийн маргаж буй зарим үндэслэлд дүгнэлт өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

8.Дээрхээс гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2024 оны 9894 дүгээр захирамжаар “Аүш” ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

8.1.Гуравдагч этгээдэд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны А/460 дугаар захирамжаар[6] “...Сэлэнгэ аймгийн С сумын нутагт орших “Цын хөндий” нэртэй газарт 76.7 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл”, мөн Засаг даргын 2025 оны  А/199 дүгээр захирамжаар[7] “.. С сумын нутагт орших Цын хөндий нэртэй газарт 65,39 га талбай бүхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл” тус тус олгожээ.

8.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Аүш” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2025 оны 25/09 дүгээр албан бичгээр “...Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/197 дугаар шийдвэрээр тус хайгуулын талбайгаас 65,39 га талбай бүхий МV-43000380 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн авсан. Харин хэсэгчлэн үлдэж байгаа 11,19 га талбай бүхий XV-43000305 тоот түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг дараах солбицлын дагуу бүхэлд нь орон нутагт буцаан өгөх хүсэлтэй байгаа” талаар, мөн

...анхан шатны шүүхэд 2025 оны 25/10 дугаар албан бичгээр “...Энэхүү 65,39 га талбай нь захиргааны хэрэгт маргаж байгаа, давхцалтай гэж дурдагдсан “Эп” ХХК-ийн гаргасан ХВ-43000224 дугаартай өргөдлийн талбайтай давхцсан гэх 11,19 га талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарахгүй болсон бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийг буцаан хүлээлгэн өгөх хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад гаргасан. Иймд  дээр дурдснаар хэргийг хянан шийдвэрлэхэд “Аүш” ХХК-д зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргажээ.

8.3.“Аүш” ХХК-ийн дээрх хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга хэрхэн шийдвэрлэсэн эсэх, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий газартай давхцалгүй болсон талаарх баримтыг цуглуулсан эсэх, нэхэмжлэлийн шаардлагын улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр тус компанийг оролцуулах шаардлагатай эсэхийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Дүгнэхэд, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаж буй зүйлийг тодруулалгүйгээр маргааны үйл баримтыг буруу тодорхойлж, холбогдох хуулийг бодит нөхцөл байдалд зөв тайлбарлан хэрэглээгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн дүүрэн хийлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ тодруулбал, захиргааны хэргийг бүрэн, бодитой, нэг мөр шийдвэрлэж чадаагүйн улмаас нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

       ШҮҮГЧ                                                       М.ЦЭЦЭГМАА

 

       ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 4-р хавтас 64 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 103 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 99 дэх тал

[4] Хэргийн 4-р хавтас 143 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 37 дахь тал

[6] Хэргийн 5-р хавтас 137 дахь тал

[7] Хэргийн 5-р хавтас 205 дахь тал