| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 182/2018/00022/И |
| Дугаар | 210/МА2018/01125 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2018/01125
Б.Эгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00446 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Эгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: К ХХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 14 850 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э миний бие К-инд ажиллаж байхдаа Ка ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Д.Нянтайсүрэнгийн гудамж 75 дугаар байрны 31 тоот ЗЗ мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1 300 000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр тооцон 2012 онд захиалгын гэрээ байгуулсан. Худалдан авагчийн зүгээс захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг Ктай 2012 оны 06 сарын 05-ны өдөр №359 тоот Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ байгуулан 42 900 000 /Дөчин хоёр сая есөн зуун мянган/ төгрөгийг 25 жилийн хугацаатай, сарын 1%-ийн хүүтэй зээлээр авч гүйцэтгэгч барилгын компанид үнийг бүрэн төлж, захиалсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Кны зүгээс дээрх нөхцөлөөр ажилтнууддаа орон сууцны зээл олгож байсан бөгөөд олгосон зээл бүрийг Засгийн газраас хэрэгжүүлсэн 8%-ийн зээл рүү шилжүүлэх, МИК-д худалдах шаардлага гарч ирсэн. Гэвч ажилтнууддаа олгосон зээл нь 8%-ийн зээлийн журмын шаардлага хангахгүй нөхцөл байдал үүссэн тул журмын шаардлага хангуулахын тулд худалдан авсан орон сууцны үнийг 1мкв талбайн үнийг зохиомлоор 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр өсгөж, 1 800 000 төгрөгөөр худалдан авсан мэтээр тооцож зөрүү /33 мкв талбай * 1 800 000 төгрөг/ 16 500 000 /Арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг орон сууцны урьдчилгаанд зориулж К төл гэдэг шаардлагыг тавьсаны дагуу 14 850 000 төгрөгийг Кин дах өөрийн харилцах дансанд шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс Кин дах өөрийн харилцах дансанд шилжүүлсэн 14 850 000 төгрөгийг зээлсэн 42 900 000 төгрөгөөс хасагдана гэж бодож байсан боловч бодит байдал дээр хасч тооцоогүй ба уг мөнгийг миний гарын үсэггүй, миний зөвшөөрөлгүйгээр данснаас зарлагаар гаргаж, ямар дансанд шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талаас орон сууцыг Ка ХХК-аас 1мкв талбайг 1 300 000 төгрөгөөр тооцон авсан атал хариуцагч талаас 1 мкв талбайн үнийн 1 800 000 төгрөг болгон 1 мкв талбай тутмыг 500 000 төгрөгөөр нэмэгдүүлж 14 850 000 төгрөгийг хувьдаа авч байгаа нь хууль бус бөгөөд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл гэж үзэж байна.
Иймд орон сууцны мкв талбайн үнийг зохиомлоор өсгөж, зээлдэгчээс үндэслэлгүйгээр авсан 14 850 000 төгрөгийг К-наас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан болохыг анхаарч үзэхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: К ХХК-нд холбогдуулан Б.Эгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.Эгийн зүгээс үндэслэлгүйгээр авсан 14 850 000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг К ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон бусад материалаас харахад түүний нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээнд талууд тэгш эрхтэй оролцсон байх бөгөөд гэрээний бүхий л зүйл заалттай гэрээний хоёр тал танилцаж, хүлээн зөвшөөрч, хүсэлт зоригоо бүрэн илэрхийлсэн /ИХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1/ байна. Өөрөөр хэлбэл К ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Б.Эд ямар нэгэн дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлж 16 500 000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг төлүүлсэн гэх баримт байхгүй ба нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл тухайн асуудлыг гэрээ байгуулагдсанаас хойш 5-6 жил хүлээн зөвшөөрч байсан гэж тайлбарлах нь зүйтэй. Зээлийн гэрээг талууд хүсэлт зоригоо өөрсдөө чөлөөтэй илэрхийлж /ИХ-ийн 189 дүгээр зүйлийн 189.1-д / хуулийн дагуу гэрээ байгуулсан гэж хариуцагч талаас үзэж байгаа болно. Мөн нэхэмжлэгч Б.Э нь 16 850 000 /арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 10, 11-нд хоёр хуваан өөрийн дансруугаа хийсэн байгаа нь төлбөр төлсөн дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд дээрх нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар хуульд зааснаар гэрээний нөгөө талын саналыг хүлээн авч гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхой гаргах шаардлагатай юм. К ХХК-ийн зүгээс хууль бус үйлдэл гарган нэхэмжлэгчид дарамт шахалт үзүүлж эрх ашгийг нь хөндсөн гэж үзсэн тэр өдрөөс эхлэн эрхээ хамгаалуулах зорилгоор холбогдох хууль хяналтын байгууллагад хандах шалгуулах эрх нь үүссэнийг анхаapax нь зүйтэй. Иймд Б.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч К ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байх тул тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч К ХХК-аас 14 850 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталж шийдвэрлэсэн нь буруу. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй, үргэлжилж байгаа. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсаны дагуу шилжүүлэн авсан данс нь Ка ХХК-ийн данс болох нь хавтаст хэргийн 82 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч 14 850 000 төгрөгийг К-наас гаргуулах зүйтэй гэж шийдвэрлэсэн нь буруу. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, бусад агуулгыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч К ХХК-нд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 14 850 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нь К-наас орон сууц худалдан авах зорилгоор 2012 онд 42 900 000 төгрөгийн зээл авч уг зээлээрээ орон сууцаа худалдаж авсан үйл баримт тогтоогджээ./ хх-ийн 31-33, дугаар хуудас/ Түүнчлэн 2013 онд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлээ 8 хувийн ипотекийн санхүүжилттэй зээлд шилжүүлэх үед байрны үнэ өөрчлөгдөөгүй байхад хариуцагч банк данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дансанд байршиж байсан 14 850 000 төгрөгийг захиран зарцуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар няцааж чадаагүй байна.
“Ка” ХХК, “К” ХХК, нэхэмжлэгч Б.Э нарын хооронд гурван талт гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр 33 м.кв талбай бүхий орон сууцыг 42 900 000 төгрөгөөр захиалан бариулахаар, үнийг зээлээр төлөхөөр тохиролцсон, гэрээний нийт үнэ 42 900 000 төгрөг, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Эгийн нэр дээр гарсан зэрэг үйл баримт 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ, 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Y-2204057138 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” зэрэг хэргийн баримтаар тогтоогджээ. / хх-ийн 31-33, 89-95 дугаар хуудас/
Харин 2013 онд нэхэмжлэгчийн дансандаа байршуулсан мөнгөн хөрөнгийг хариуцагч өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр “Ка” ХХК-ийн дансанд шилжүүлж нэхэмжлэгчийн эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан байна. Иймд нэхэмжлэгчийн данснаас зөвшөөрөлгүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар буцаан төлөх үүрэгтэй юм. Хууль ёсны эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдын эд хөрөнгийг ашиглах зэргээр захиран зарцуулсан байвал буруутай этгээд нь хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс дансны гүйлгээг хийх эрх олгосон талаарх, түүнчлэн нэхэмжлэгч 14 850 000 төгрөгийг орон сууцны үнэд нэмж төлөх үүрэгтэй болохыг, худалдаж авч байгаа байрны үнийн дүнд өөрчлөлт орсон зэргийг нотолсон баримтыг хэрэгт гаргаагүй. Барилга барьж байгаа компани болон банкны хооронд Б.Эгийн захиалсан байрны м.кв-ийн үнийг 1 800 000 төгрөг болгож тохиролцсон гэрээ байгаа боловч энэхүү гэрээнд нэхэмжлэгч Б.Э оролцоогүй. Нэхэмжлэгчийн хувьд 42 900 000 төгрөгөөс илүү үнээр байрыг авах ёстой байсан, нэмж урьдчилгаа төлөх үүрэг үүссэн гэдэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө шилжүүлсэнээ буцаан шаардаагүй, харин дансан дах мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсантай холбоотойгоор шаардлага гаргасан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх гэснийг 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хуулийн хэрэглээний өөрчлөлт оруулж бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1” гэснийг “495 дугаар зүйлийн 495.1” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.5 дах хэсэгт зааснаар гуравдагч этгээд К ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД