Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 183/2017/02243/И |
Дугаар | 210/МА2018/01126 |
Огноо | 2018-05-14 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2018/01126
Б.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00201 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй
Хариуцагч: М ХХК, Г.Г нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж,гэрээгээр шилжүүлсэн 10 600 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Х эмнэлгийг хувиараа ажиллуулдаг. “М” ХХК-ийн захирал Г.Гтой гэрээ байгуулан, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 12 600 000 төгрөгийг бэлнээр шилжүүлж, барилгын зураг зуруулахаар болсон. Гэтэл Б.Б-ын худалдаж авахаар хөөцөлдөж байсан газар бүтэхгүй болсон талаар Г.Г-т мөнгө шилжүүлснээс хойш 3, 4 хоногийн дараа хэлж, зураг зуруулах шаардлагагүй боллоо мөнгөө авья гэдэг санлыг тавьсан. Тухайн үед Г.Г "мөнгийг чинь хэрэглэчихсэн мөнгөтэй болохоороо өгнө" гэж тайлбарласан. Ийнхүү мөнгө шилжүүлснээс хойш 3, 4 хоногийн дараа нэхэжмлэгч гэрээнээс татгалзсан нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар нотлогддог. Хариуцагчийн хавтаст хэрэгт өгсөн барилгын зураг төсөл ямар ч тамга тэмдэггүй, Г.Г хаанаас яаж татаж зурсан юм нэг зурагдээр өөрөө гарын усэг зураад, н.Э гэж гарын үсгийг хуурамчаар зурсан байдаг. Энэ талаар шинжээчийн 3300 дугаартай дүгнэлт, Ө.Эийн мэдүүлэг зэргээр тогтоогддог. Барилгын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолын хавсралт болох барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах журам, магадлал хийх дүрэм зэргээс харахад барилгын зураг төсөл зурагдаагүй, зурагдах ямар ч нөхцөл байдал үүсэх боломжгүй болсон. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч талууд гэрээнээс татгалзсан. Хариуцагч нэхэмжлэгчид ажлын үр дүнг шилжүулж өгөөгүй. Иймд Г.Гт 12 600 000 төгрөг шилжүүлснээс 2 000 000 төгрөгийг буцаан авсан тул үлдэх 10 600 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч "М" ХХК, Г.Г нар шүүхэд болон Г.Г өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: "М" ХХК-ийг 2013 онд барилгын зураг төслийн тусгай зөвшөөрөл авах зураг төслийн гэрээт ажил хийх зорилгоор байгуулсан. 2014 оны 6 дугаар сард танил н.Даваажав утасдаж "зураг төслийн ажил яаралтай хийлгэх хэрэгтэй байна" гэсний дагуу Б.Бтай уулзсан. Тэр үед Б.Тодгэрэл гэж хүн найз н.Золзаяагийн газрыг 20 000 000 төгрөгөөр авахаар тохиролцсон гэж газрын гэрчилгээний хуулбарыг үзүүлэн, уг гэрчилгээнд заагдсан газрыг надад үзүүлээд, Б.Б нь "гэрчилгээ арай хэвлэгдээгүй байна, зунаас өмнө барилгын ажлаа эхлүүлмээр байна, цаг хэмнээд зургаа эхлүүлж байж болох уу" гэж гуйсны дагуу гэрээ байгуулсан. Зургийн ажлыг хийж байх явцдаа захиалагчтай 3 удаа уулзсан, инженерүүдтэй зөвлөлдөж зургийн ажлыг хийж байсан. Манай компани зургийн тусгай зөвшөөрөлгүй гэдгийг би анхнаасаа хэлж, 90 000 000 төгрөгийн ажлыг 42 000 000 төгрөгөөр хийхээр тохиролцсон бөгөөд тусгай зөвшөөрөлтэй, хамтарч ажилладаг "У" ХХК-ийн нэрээр зургийг гаргуулахаар тохирч, энэ талаар гэрээнд хавсаргаж өгсөн байтал энэ талаар мэдээгүй гэж тайлбарлан хавсаргасан байсан арын хуудсыг алга болгочихоод байна. Би захиалагч талтай 3 удаа уулзаж, судалгаа явуулж, зургаа хийж байхад над руу яриад "газар түр бүтэмжгүй байна, хүлээж байгаарай" гээд 2017 оны 02 дугаар сар хүртэл алга болсон. 2017 оны 4 дүгээр сард бүтэхээргүй болсон гэдгээ хэлсэн бөгөөд энэ хүртэл бид маш их ажил хийсэн байсан тул хийсэн ажлаа 10 600 000 төгрөгөөр тооцож, үлдэх 2 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Нэхэмжлэгчид зургийг хүлээлгэж өгөх гэсэн боловч өөрсдөө одоо хэрэггүй болсон гээд файл зургаа хүлээж аваагүи. Б.Б цагдаад хандан гомдол гаргасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа 2 жил шахам явагдаж, шүүх Г.Гыг цагаатгасан. Г.Г гэрээ байгуулж, урьдчилгаа 12 600 000 төгрөг аваад л ажлаа хийж эхэлсэн, гэтэл сар гарангийн дараа газрын гэрчилгээ бүтэгүй байна гэсэн болохоос бүр боль гэж хэлээгүй байдаг. Харин 2015 онд “манай газрын гэрчилгээ бүтэхээ больсон тул байшин барих шаардлагүй болсон. Танай зураг төслийн ажлыг авахгүй” гэсэн. Г.Г 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулахдаа урьдчилгаа авсан мөнгөнийхөө дагуу ажлаа хийж байсан, скиз зураг хэрэгт байгаа. Тухайн үед энэ зургийг зурахдаа ганцаараа зураагүй. 2 ажилтны нийгмийн даатгалыг төлж цалин өгч, байрны төлбөр, компьютер, цаас бичиг энэ бүх ажлыг хийсэн. Манайх үнэлгээ хийлгэхээр Монголд ганц байдаг барилга архитектурын корпорацид хандсан Зөвлөх инженер Ш.Ц гэдэг хүн Г.Гыг нийт 17 208 980 төгрөгийн ажил хийсэн байна гэсэн дүгнэсэн. Захиалагч тал өөрөө гэрээнээс татгалзаж, ажлыг зогсоосон. Зөвшөөрөл өөрсдийнх нь нэр дээр гараагүй, өөрсдийнхөө буруутай үйл ажиллагааг бусдад халдааж болохгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгмэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК болон Г.Г нараас 10 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Талууд гэрээгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэнээр хариуцагч ажлаа эхлүүлэхээр тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Нэхэмжлэгчийг шаардлага гаргаагүй гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Барилгын зургыг үнэлэх боломжгүй болох нь нотлогдож байхад шүүх хариуцагч нарыг үүргээ биелүүлсэн хэмээн дүгнэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ямар нэгэн ажлын үр дүн буюу барилгын зураг төслийг хүлээн аваагүй байхад хариуцагч нарыг үүргээ биелүүлсэн мэтээр дүгнэсэн буруу юм. Хариуцагч нар нь гэрээ байгуулах эрхгүй тухайн ажлыг гүйцэтгэх эрхгүйгээ мэдсээр байж хууль зөрчин нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан 12 600 000 төгрөгийг шилжүүлэн авсан, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, биелүүлэх ямар ч боломжгүй байх тул нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “М” ХХК, Г.Г нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 10 600 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,зургийн ажлыг хийж байтал 2017 оны 04 дүгээр сард газрын гэрчилгээ бүтэхээргүй болсон гэсэн. Энэ хүртэл маш их ажил хийсэн тул ажлаа 10 600 000 төгрөгт тооцож, үлдэх 2 000 000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Х ХХК, М ХХК нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Барилгын ажлын зураг төсөл боловсруулах тухай” гэсэн нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь 45 айлын орон сууцны ажлын зураг, түүнд багтах 1000 мкв үйлчилгээний барилгын зураг төслийг захиалагчийн өгсөн техник, эдийн засгийн үндэслэл, даалгаврын дагуу гэрээ байгуулсан өдрөөс эхлэн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгөхөөр, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хөлс нийт 42 000 000 төгрөг төлөхөөр талууд тохиролцсон, урьдчилгаа 12 600 000 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ./ хх-ийн 3, 18, 25-29, 86-88, дугаар хуудас/
Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн барилгын зураг байна.
Барилга барих газрын зөвшөөрөл бүтээгүй шалтгаанаар гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд маргаагүй боловч хариуцагч нь “гэрээ цуцлах талаар 2015 оны 04 дүгээр сард мэдэгдсэн, энэ хүртэл хийх ёстой ажлаа бараг хийж дуусгасан байсан гэж, нэхэмжлэгч захиалга өгсөнөөс хойш 3-4 хоногийн дараа гэрээнээс татгалзсан гэж” өөр өөр үндэслэл заан маргасан.
Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь ялгаатай ойлголтууд юм. Татгалзах нь гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаах үр дагавартай байдаг бол гэрээг цуцлах нь аль шатандаа цуцласнаас хамаарч ажил гүйцэтгэхэд гарсан зардал, хохирлын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болдог.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн зураг төсөл боловсруулах эрхгүй байсан гэж нэхэмжлэлдээ зааж байгаагаас үзэхэд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар, эсхүл гэрээг хугацаанаас өмнө цуцалсантай холбоотой гэрээгээр шилжүүлсэн гүйцэтгэлийг буцаан шаардаж байгаагийн аль нь болохыг тодруулах шаарлагатай.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Б нь “Х” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардахдаа компаний өмнөөс эсхүл хувь хүнийхээ хувьд шаардаж байгааг тодруулах нь нэхэмжлэх эрхтэй эсэхийг тогтооход ач холбогдолтой. Хэрэгт “Х” ХХК хэдэн гишүүнтэй, гүйцэтгэх удирдлага нь хэн болох талаар баримт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь уг компанийг төлөөлөн эсхүл компанийн байгуулсан гэрээний дагуу шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан эсэх, нөхцөл байдлыг тодруулах ёстой.
Хариуцагчаар “М” ХХК, Г.Г нарыг татсан байна. Эдгээр хариуцагч нарын хэн нь гэрээний тал болох нөхцөл байдлыг тодруулах нь гэрээний хүчин төгөлдөр байдал, тусгай зөвшөөрөл тухайн гэрээг байгуулахад шаардлагатай эсэхэд дүгнэлт өгөхөд ач холбогдолтой болно.
Хариуцагчийн хувьд гүйцэтгэсэн ажлын онцлог, ажил гүйцэтгэхтэй холбоотой ямар зардал гарсныг гэрээний нөгөө тал ойлгохгүй байгаа учраас шинжээч томилуулна гэсэн агуулгатай хүсэлт гаргажээ. / хх-ийн 81 дүгээр хуудас/
Хэрэгт ач холбогдолтой, тусгай мэдлэг шаардагдсан асуудлаар хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргах эрхтэй юм. Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, үр дагаврыг арилгуулах шаардлага гаргаж байгаа тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах хүртэл хугацаанд хийгдсэн ажлын үр дүн, түүнтэй холбоотой хариуцагчид үүссэн зардал, хохирлын хэмжээг тогтооход шинжээчийн дүгнэлт ач холбогдолтой юм. Гэтэл уг хүсэлтийг шүүхээс шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасантай нийцэхгүй.
Дээрх нөхцөл байдлуудыг тодруулаагүй, хэргийн оролцогчийн хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/00201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД