Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 366

 

Т.Э-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Т.Э-ы өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Т.Э-д холбогдох эрүүгийн 190904651341 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Т.Э-, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уран барималч, хар төмрийн дархан мэргэжилтэй, чөлөөт уран бүтээлч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Т.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Холливууд шөнийн цэнгээний газарт “Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад мөрлөлөө” гэх шалтгаанаар иргэн Б.Доржзодовтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж “эрүүнд цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн дээд хоёрдугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Т.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан зайлшгүй гарах зардал болох 3.455.000 төгрөгийг шүүгдэгч Т.Э-аас гаргуулж хохирогч Б.Доржзодовт олгож, шүүгдэгч Т.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй тухайд;

Гэрч Х.Шагайхүү нь “...Э-ы хэлснээр талбай дээр шүргэлцээд гар барихад өөдөөс нь тохойгоороо цохисон. Тэгэхээр нь Э- зөрүүлээд цохисон гэж хэлсэн. Тэрнээс өөр хэн, хаана, хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна...” гэж, Г.Билэгнүдэн нь “...би тэрийг хараагүй...” гэж, Н.Амартүвшин нь “...би хэн, хэнийхээ хаана нь юугаар, хэдэн удаа цохисоныг хараагүй, мэдэхгүй байна...” гэж, Б.Сонинбаяр нь “...намайг бүжгийн талбай дээр очиход маргаан зодоон дуусчихсан байсан бөгөөд хэн хэнтэйгээ зодолдсоныг хараагүй...” гэж тус тус мэдүүлсэн.

Түүнчлэн гэрч Х.Шагайхүү, Г.Билэгнүдэн, Н.Амартүвшин нарын мэдүүлгээс хохирогч шүүгдэгчтэй маргахаас өмнө болон маргаан болох үед өөр бусад этгээдтэй маргалдсан, зодолдсон нөхцөл байдал тогтоогддог. Үүнийг хохирогчийн “...нүдний орчим үүссэн гэмтлүүд нь Э-д зодуулахаас өмнө үүссэн юм. Дүгнэлтэд заагдсан зүүн мөр, дагзны хуйханд үүссэн гэмтлийг намайг унасан байхад цохисон залуу учруулсан. Гэхдээ би тэр залууг таньж чадахгүй. Ямар хувцастай ямар царайтай залуу байсныг мэдэхгүй байна. Намайг газар унасан байхад нүүр лүү цохисон хүнийг би зааж чадахгүй. Одоо харвал тэр хүнийг танихгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогчоос нотлох баримтаар гарган өгсөн камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс харж болно.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13755 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг, ялангуяа яллах дүгнэлтэд заагдсан “...эрүүнд цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн дээд хоёрдугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт...” гэмтлүүдийг шүүгдэгч хохирогчид учруулсан нь эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдохгүй байна.

2. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой үүссэн тодорхойгүй, эргэлзээтэй байдлын тухайд;

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч “...уг дүгнэлтэд заагдсан зүүн нүдний ухархайн дээд, дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь 2019 оны 8 дугаар сард нэг танилтайгаа маргалдаад цохиулахад үүсч байсан юм...” гэж мэдүүлсэн байхад шинжээчийн дүгнэлтэд энэ гэмтлийг тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн хэмээн дүгнэсэн байдаг. Энэ нь шинжээч дүгнэлтээ гаргахдаа хохирогчид үүссэн гэмтлүүдийн цаг хугацааг зөв тодорхойлж, тогтоож чадаагүй болохыг харуулна.

Мөн шинжээч дүгнэлтээр хохирогчид учирсан буюу шинжлүүлэгчид үүссэн хэд хэдэн гэмтэл тус бүрд эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоосон эсхүл тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзсэн эсэх нь тодорхойгүй байхад улсын яллагч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн зарим хэсгийг шүүгдэгч хохирогчид учруулсан гэж үзэн яллаж, үүнийг нь шүүх хаацайлан шийдвэр гаргалаа.

3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн тухайд;

Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, шүүгдэгчийн үйлдлээс болж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл хохирогчийн биед учирсан эсэх, шүүгдэгчийн учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байхад шүүх хохирогчоос бодитой гаргаагүй, гарах эсэх нь тодорхой бус зардлыг шүүгдэгчээс гаргуулсан нь үндэслэлгүй.

Төгсгөлд нь зориуд цохон тэмдэглэхэд, хохирогч Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2-т заасныг зөрчиж, олон нийтийн газарт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, биеэ зүй зохистой авч яваагүй, мөн бидний үйлчлүүлсэн шөнийн цэнгээний газар ч тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг зөрчиж, хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэсэн зохисгүй үйлдэл гаргасан хохирогчид шаардлага тавьж, түүнийг тэндээс гаргаагүй, уг үйлдлийг нь таслан зогсоогоогүй зэрэг нь энэхүү асуудал үүсэхэд нөлөөлсөн гол шалтгаан, нөхцөл болно. Шүүгдэгч тухайн цаг хугацаанд хохирогч бусдад зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон явдалд харамсаж байгаа хэдий ч өөрийн үйлдлийн шинж байдалд тохирсон хуульд заасан хариуцлага хүлээх хүсэлттэй байгаа.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон. Хохирогч Б.Доржзодов нь өөрийн эрүү, шүдэнд учирсан гэмтлийг шүүгдэгч Т.Э- учруулсан, харин бусад гэмтлүүд урьд нь учирсан байсан талаар тодорхой мэдүүлдэг. Шинжээчээс гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан тайлбар авахад шүүгдэгч Т.Э-ы учруулсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болохыг мэдүүлсэн. Түүнчлэн бусад гэрчийн мэдүүлэг, маргаан зодоон болж байгаа үйл явдлыг харуулсан камерын дүрс бичлэг зэргээр хэргийн үйл баримт тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-ы үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Т.Э- нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливууд” шөнийн цэнгээний газарт “Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад мөрлөлөө” гэх шалтгаанаар иргэн Б.Доржзодовтой маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “эрүүнд цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн дээд хоёрдугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Доржзодов нь “...бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг хүнтэй шүргэлцсэн юм. Тэгээд уучлалт гуйгаад гар барихад тавихгүй байхаар нь би цээж рүү нь түлхсэн. Тэгтэл миний эрүү, ам хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. ...” /хх 5/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээд, өөрт учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Н.Амартүвшингийн “...баарны 00-ын өрөөнөөс гарч иртэл бүжгийн талбай дээр зодоон болж байсан. Тэгээд би очтол Э- цагаан майктай залуутай зодолдож байхаар нь Э-ыг салгаад аваад гарсан. ...” /хх 10/,

- гэрч Б.Сонинбаярын “...хоёр өөр ширээнд сууж байсан хүмүүс хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. Ингээд тэр хүмүүсийг салгаад хартал нэг залуугийнх нь шүд уначихсан байсан. ...” /хх 47/,

- шүүгдэгч Т.Э-ы “...нэг өндөр, цагаан майктай залуу хүмүүстэй муудалцаад яваад байсан. ... бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад би санаандгүй нөгөө залуугийн биед хүрчихсэн юм. Тэгээд би уучлалт гуйгаад гар барьсан. Тэгтэл миний гарыг тавихгүй татаад алганыхаа ар хэсгээр зүүн шанаа руу маань 1 удаа цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах зорилгоор зөрүүлээд эрүү хэсэг рүү нь гараараа 1 удаа цохисон. Тухайн хэсэгт буюу баруун талын эрүү, шанаа хэсэгт миний цохисны улмаас уг гэмтлүүд учирсан байж болзошгүй. ...” /хх 27-30, 50, 93-94/ гэсэн мэдүүлгүүд, 

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13755 дугаартай дүгнэлт /хх 12/,  

- тухайн цаг хугацаанд “Холливууд” шөнийн цэнгээний газрын бүжгийн талбай дээр маргаан зодоон болж буй үйл явдлыг харуулсан хяналтын дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн “...цагаан өнгийн майктай эрэгтэй үл мэдэг хөдөлгөөн хийхэд цаана нь байсан хүн түүнийг цохиж, цагаан майктай эрэгтэй арагшаа савагдаж байгаа нь харагдав...” гэсэн тэмдэглэл /хх 20/ зэрэг баримтуудаар давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...хохирогчид учирсан гэмтлүүдийн цаг хугацааг зөв тодорхойлж чадаагүй, учирсан гэмтэл тус бүрд гэмтлийн зэрэг тогтоогоогүй, хохирогчийн эрүү, шүд, уруул хэсэгт учирсан гэмтлийг шүүгдэгч учруулсан гэж үзэхэд эргэлзээтэй...” хэмээн маргажээ.

Хэргийн материалыг судлахад, хохирогч Б.Доржзодов нь бусдад зодуулсан өдрөө буюу 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Шүүх эмнэлэгт үзүүлж, улмаар 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Натур Эмнэлэг”-т толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13755 дугаартай дүгнэлтийг түүний биеийн хэсэг газарт хийсэн үзлэгийн үр дүн, толгойн компьютер томографийн шинжилгээний хариу зэрэгт үндэслэн гаргасан байх бөгөөд уг дүгнэлтэд “...зүүн нүдний ухархайн дээд, дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү, зүүн мөрөнд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл учирсан нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах...” болохыг тогтоожээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч эдгээр гэмтлүүдийн учирсан цаг хугацаа, дэс дараалал, учруулсан этгээдийн талаар “...зүүн нүдний ухархайн дээд, дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2019 оны 8 дугаар сард нэг танилтайгаа маргалдаад цохиулахад үүсч байсан. Харин эрүүнд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтлийг Т.Э- учруулсан. Дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрөнд цус хуралт гэмтлийг хэн хэзээ учруулсныг зааж хэлж мэдэхгүй байна. ...” /хх 5, 48/ хэмээн тогтвортой мэдүүлсэн.

Харин шинжээч Т.Чимэд-Очирыг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан хохирогчид учирсан гэмтэл тус бүрийн шинж байдлыг тодруулахад, “...эрүүнд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 2 дугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний орчим үүссэн гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 15-16/ гэсэн тайлбар, мэдүүлгийг өгчээ.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй, хохирогчийн биед учирсан “эрүүнд цус хуралт, баруун дээд нэгдүгээр шүдний хугарал, зүүн дээд хоёрдугаар шүдний булгарал, буйланд цус хуралт, доод уруулын салстад цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Т.Э-ы нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Иймээс гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн асуудлаар маргасан шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс түүний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, цалин хөлс орлоготой зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг гарахад талуудын хэн алиных нь зохисгүй харилцаа нөлөөлсөн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Б.Доржзодовын гаргасан 3.455.000 төгрөгийн шаардлагыг “Мегамед” ХХК-ийн нэхэмжлэх хуудас болон “Эмчилгээний хэрэгцээ шаардлагын тодорхойлолт” /хх 39, 41/ зэрэг баримтуудад үндэслэн бүхэлд нь хангаж, шүүгдэгч Т.Э-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх баримтууд нь хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардлыг урьдчилан тодорхойлсон баримт байх бөгөөд эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн арилгахад гарсан бодитой зардал хэмээн үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно.” гэж хуульчилсан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан хохирогчийн эрхийг хангах шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Б.Доржзодов нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан нэмэлт заалт оруулж, хохирогчийн Шүүх эмнэлэгт үзүүлсэн үйлчилгээ төлбөр болох 8000 төгрөг /хх 13/-ийн зардлыг шүүгдэгч Т.Э-аас гаргуулахаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах товыг тогтоосон /хх 65, 70/ байх атлаа 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар товыг хойшлуулах тухай шийдвэр /хх 75-77/ гаргасан нь ойлгомжгүй болсон тул цаашид ийм хайнга, хариуцлагагүй алдаа гаргахгүй байхыг анхааруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...3.455.000 /гурван сая дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгийг...” гэснийг “...8000 /найман мянга/ төгрөгийг...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Б.Доржзодов нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Т.Э-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                              ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН