Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00270

 

 

Ч.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00631 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар магадлалтай,

Ч.С-ын нэхэмжлэлтэй,

Н.О-Эд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 36,395,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ч.С-, Н.О-Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э болон өмгөөлөгч Р.Ц нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.С-, түүний өмгөөлөгч М.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.С- нь хариуцагч Н.О-Ээс зээлийн гэрээний үүрэгт 36,395,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2019.08.28-ны өдрийн Ч.С-, Н.О-Э нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00631 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 282.4., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасныг тус тус баримтлан хариуцагч Н.О-Ээс зээлийн гэрээний үүрэгт 36,395,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.С-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Оюун-Эрдэнийн нэхэмжлэгч Ч.С-д холбогдуулан гаргасан 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ч.С-, Н.О-Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.О-Э нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 36,395,000 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-12 байрны 10 тоотод байршилтай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2101005485 дугаартай 36,16 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Орхон аймгийн ШШГА-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О-Ээс 339,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.С-д олгож шийдвэрлэжээ.

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12ы өдрийн 142/ШШ2020/00631 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.Цнарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Н.Оюун-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 642,875 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э болон өмгөөлөгч Р.Цнар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 97 дугаар магадлалыг гардаж аваад эс зөвшөөрч дараах гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.12-ны өдрийн 142/ШШ2020/00631 дугаартай шийдвэрээр Ч.С-ын нэхэмжлэлтэй Н.О-Эд хариуцагдах иргэний хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч Н.О-Э нь 2019.08.28-ны өдөр нэхэмжлэгч Ч.С-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан хэдий ч хариуцагчид энэхүү зээлийн гэрээг байгуулж, мөнгө зээлэх шаардлага, хүсэл зорилго байгаагүй, харин гэрч Марзиймаа нь нэхэмжлэгч Ч.С-аас мөнгө зээлж авах хүсэлтэй байсан бөгөөд энэ тухайг нь нэхэмжлэгч Ч.С- нь 2019.12.16-нд хариуцагч Н.Оюун-Эрдэнийн бусдад залилуулсан гэх гомдлын дагуу үүсгэсэн хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Марзиймаа гэх эмэгтэй надтай уулзаад би нэг машин уурхайд явуулсан юм хөөрхөн мөнгө олдог, дахиад нэг машин нэмээд 2 машин явуулчихвал хэрэгтэй байна, миний нэг хуурай дүү надад тусалж байраа барьцаанд тавьж өгнө гэсэн гээд итгэмжлэл бариад уулзсан...” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хариуцагч Н.О-Э нь тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ манай хүүхдийн ангийн хүүхдийн ээж болох Марзиймаа нь надад ШШГА-нд хураагдсан одоо хямд үнээр зарагдах гэж байгаа 3 өрөө байр байна. Би ШШГА-нд ахлах шийдвэр гүйцэтгэгчийг сайн таних учир тэр байрыг надад санал болгоод байна... надад эхний ээлжинд урьдчилгаа хэрэгтэй байна гэсэн... тэгээд Марзиймаа болон танихгүй 2 эмэгтэйтэй цуг нотариат дээр очиж гэрээ байгуулсан... зээлийн хугацаа, эргэн төлөлт, мөнгөн дүн зэргийг Марзиймаа, Сайнжаргал нар хоорондоо тохиролцсон байсан... мөнгийг аваад Марзиймаад өгсөн... түүнээс хойш Сайнжаргал надаас нэг ч удаа үндсэн зээл болон зээлийн хүү, алданги зэргээ нэхэж шаардаж байгаагүй, надтай ямар нэгэн байдлаар холбогдож байгаагүй. Миний бие 2019.12.13-нд Цагдаагийн газарт энэ тухай гомдол гаргасан, гэтэл Сайнжаргал нь цагдаагийн газар дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгснийхөө дараа 2019.12.25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан...” гэдэг. Гэрч Марзиймаа нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэхэмжлэгчийг огт танихгүй, Оюун-Эрдэнээс огт мөнгө аваагүй хэмжээн мэдүүлж байгаа нь Сайнжаргалын Цагдаагийн газарт өгсөн гэрчийн мэдүүлгээс илтэд зөрүүтэй байдаг. Мөн гэрч гэх Марзиймаа нь гэрч Аманжул гэх эмэгтэйд шүүхийн шийдвэрийн дагуу их хэмжээний өртэй байсан бөгөөд энэ өрөө 2019 оны 8 сарын сүүлээр ихэнхийг нь төлсөн хэмээн Аманжул мэдүүлдэг. 2019.08.28-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч Ч.С-, гэрч Хоролгарав, Аманжул нарын цагдаагийн газар өгсөн мэдүүлэг, хариуцагч Н.Оюун-Эрдэнийн цагдаагийн газарт гаргасан гомдол, шүүхэд гаргаж байгаа тайлбар зэргээс тодорхой харагдана. Гэрээ байгуулах нь хоёр талын хүсэл зоригийн илэрхийлэл байх бөгөөд тухайн гэрээг байгуулж, үр дагаварт хүрэхийг талууд хэн аль хүсэж байх ёстой. Гэтэл маргаан бүхий гэрээг хариуцагч буюу гэрээний нэг тал болох Н.О-Э хүсэж байгуулаагүй, харин залилуулж, хуурч мэхлэгдсэн байж болох талтай бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2, 56.1.8-д тус тус заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь Иргэний хуулийн 42-р зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр /хүсэл зоригоо илэрхийлж/ талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар ...иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж тус тус заажээ. Гэтэл хариуцагч Оюун-Эрдэнэд хэлцэл хийх хүсэл зорилго огт байгаагүй харин гэрч Марзиймаа нэхэмжлэгчээс мөнгө зээлэх хүсэл зорилго байсан тухайг нэхэмжлэгч Ч.С- цагдаагийн газар өгсөн гэрчийн мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Иймд 2019.08.25-ны өдөр Ч.С-, Н.О-Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж нэхэмжлэлийг хангаж, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон 2020.05.12-ны өдрийн Орхон аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ200/00631 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.24-ний өдрийн 97 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж Ч.С-ын гаргасан үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Н.Оюун-Эрдэнийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөх эсхүл хариуцагч Н.Оюун-Эрдэнийн Цагдаагийн газар бусдад залилуулсан гэх хэрэгт бүртгэлтийн хэргийг шийдвэрлэж дуустал Ч.С-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Ч.С- нь хариуцагч Н.О-Ээс зээлийн гэрээний үүрэгт 36,395,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлийг ...Н.О-Э нь өөрөө хүсэлт гаргаж зээл авсан, ...зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тул үндсэн төлбөрт 29,000,000 төгрөг, хүүнд 5,220,000 төгрөг, алдангид 2,175,000 төгрөг, нийт 36,395,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна... гэж маргасан байна. 

7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...надад мөнгө зээлэх ямар ч хэрэгцээ шаардлага байгаагүй. ...танил Марзиймаа надад “...ШШГА-нд хураагдсан, хямд үнээр зарагдах гэж байгаа 3 өрөө байрыг авч, маш хурдан зарах ажил байна. ...урьдчилгаа мөнгө хэрэгтэй” гэж ярьсан. ...тухайн үед авах мөнгөн дүн болон зээл эргэн төлөх хугацааг Ч.С-, Марзиймаа хоёр ярьж тохиролцсон, ...би эдгээр хүмүүст зохион байгуулалттай залилуулж хохирсон... гэж марган, 2019.08.28-ны өдрийн Ч.С-, Н.О-Э нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын “...давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. ...маргаан бүхий гэрээг хариуцагч хүсэж байгуулаагүй, харин залилуулж хуурч мэхлэгдсэн байж болох талтай бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. ...иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Н.О-Э нь Ч.С-тай 2019.08.28-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 29,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-р хороолол, 2-р байрны 10 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан. Зээлдүүлэгч гэрээний дагуу зээлсэн мөнгийг Голомт банк дахь Н.Оюун-Эрдэнийн харилцах дансанд шилжүүлсэн үйл баримтууд тогтоогджээ.

11. Хоёр шатны шүүх дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ, уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 29,000,000 төгрөг, 3 сарын хүүнд 5,220,000 төгрөг, алдангид 2,175,000 төгрөг, нийт 36,395,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байна. 

Түүнчлэн, хоёр шатны шүүх зээлийн төлбөрийг, барьцаа хөрөнгө болох Н.Оюун-Эрдэнийн өмчлөлийн эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-р хороолол, 2-р байрны 10 тоотын хоёр өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ. 

12. Хэрэгт авагдсан дээрх баримтаар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв байна. 

13. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, тухайн маргаанд Иргэний хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, өмгөөлөгч Р.Цнарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 142/ШШ2020/00631 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 97 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 642,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД

                           ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН