| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэн-Ишийн Туяа |
| Хэргийн индекс | 166/2019/0153/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2020-03-18 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 17
Б.Ц-, Б.А- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0153/Э/001/2019/0450
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгч Б.А-, Б.Ц-
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар захирамжтай, Б-ийн Ц-, Б-ын А- нарт холбогдох, 1918000170104 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-ий Ц-.,
Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгүүлж байсан., ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-ын А-.
Шүүгдэгч Б.А-, Б.Ц- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багт үйл ажиллагаа явуулдаг “Угалз” нэртэй дэлгүүрт орж дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан И.Э-ыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэхээр заналхийлж 2.300 төгрөгийн эд зүйл, бэлэн 20.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар шүүгчийн захирамжаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн 1918000170104 дугаартай 1 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,
Хэрэг Прокурорын газарт очтол шүүгдэгч Б.А-, Б.Ц- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслзн сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Эрүүгийн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг явуулж, цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн ба шүүгчийн захирамжинд дурьдсанаар “Угалз” дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэсэн бүрэлдэхүүн бий эсэхэд дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь прокуророос хийх дүгнэлт биш, харин шүүх хэргийг шийдвэрлэхдээ холбогдох дүгнэлтийг хийж болох тул энэ заалтын дагуу прокуророос дүгнэлт хийх боломжгүй бөгөөд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3.д заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Хэргийн талаар И.Э-ыг хохирогчоор тогтоон байцаасан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцуулж, түүнээс талууд асуулт асууж, хариулт авсан байдаг. Энэ явцад хохирогч нь өмнөх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжинд зааснаар хохирогчийн мэдүүлгийг зөрүүтэй гэсэн үндэслэлээр түүнийг дахин байцаах ажиллагааг явуулах, ингэхдээ заавал мөрдөн байцаалтын шатанд байцаах ажиллагааг явуулах шаардлагагүй. Хохирогчийг шүүх хуралдаанд дуудан оролцуулж, асууж тодруулах боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичлээ., Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоно гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэх саналтай байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтанд хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт өгч өөрийн эрхийн дагуу хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ц-:
Саналгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А-:
Саналгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ц-, Б.А- нарын өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:
Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй. Яллах дүгнэлтээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хангалттай нотлогдоогүй гэж шүүх буцаасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Ц-, Б.А- нар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.А-ын амьдардаг байрны гадаа архи ууж байгаад ууж байсан хагас шил архиа авч тэр байранд нь үйл ажиллагаа явуулдаг “Угалз" нэртэй дэлгүүрт орж худалдагч И.Э-аас 100 төгрөгийн үнэтэй нэг удаагийн 2 цаасан аяга авч худалдагчийн зөвшөөрөлгүй дэлгүүгийн арын өрөөнд орж архиа ууж, худалдагчаар архи хундгалуулсан.,мөн 20.000 төгрөг өгчих гэж хэлэхэд нь худалдагч тэдэнд 20.000 төгрөг өгсөн үйл баримт болжээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос тэдний үйлдлийг бусдын эд зүйлийг дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх хохирогч нь өмнөх өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мөн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй бөгөөд тэдний үйлдэлд дээрмийн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийгээгүй гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл мөрдөн шалгах ажиллагааны үед хийвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн., хэргийн оролцогч нараас мэдүүлэг, тайлбарыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан., тэдний хуульд заасан эрхийг зөрчсөн, эсхүл хэргийг буруу тусгаарлсан гэж үзэх үндэслэл байхгүй, мөн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байдал үүсжээ гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэргийг Прокуророос ирүүлсэн хэргийн хэмжээний дотор яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримт нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүй., бусад нотлох баримтаар үгүйсгэгдсэн, эсхүл харилцан зөрүүтэй бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагааны үед тогтоож чадаагүй бол шүүх нотлогдсон, тогтоогдсон хэмжээгээр үнэлж, дүгнэлт гарган шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн хэргийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай, эргэлзээтэй, мөн шүүх яллах дүгнэлтийг үгүйсгэж, няцааж байгаа бол тухайн үед болсон үйл баримт, бодид нөхцөл байдал, хохирол, гэм хор, хэргийн сэдэлтийн талаар дүгнэлт хийж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлдэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 119 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Ц-, Б.А- нарт холбогдох, 1918000170104 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
2.Хэрэг анхан шатны шүүхэд очтол Б.Ц-, Б.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.АМАРЖАРГАЛ
Ц.ТУЯА