Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 217

 

А.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Н.А, шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Г.Урангуа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалтай, 1717000380018 дугаартай эрүүгийн хэргийг Говьсүмбэр аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн 5/07 тоот эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт А-ийн У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.3 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдэх” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.У-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хэргис хэрцгий харьцсан, догшин авирласан,

гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хэргис хэрцгий харьцсан, догшин авирласан үйлдлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцсэн,

гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял,  11.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 50 хоног хорих ялаар сольж, хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар 20 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4, 5, 8, 10 дугаар заалтуудыг

1. Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.”

2. “Шүүгдэгч А овгийн А-ийн У-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.”

3. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан А.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.”

4. “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, тогтоолын 6, 7, 9 дүгээр заалтын дугаарыг 5, 6, 7 дугаар заалт болгон агуулгыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Говьсүмбэр аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн 5/07 тоот эсэргүүцэлд “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх бөгөөд харин магадлалыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан “Таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн” гэсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь нийгэмд далд аргаар үйлдэгддэг бөгөөд хуульд заасан эрх үүргийн танилцуулан авсан хохирогчийн анхны мэдүүлэг нь хэргийг шийдвэрлэх гол нотлох баримт болох учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүхээс түлхэх үйлдэл хийсэн боловч гэрч И.Т-ийн мэдүүлгээр үргэлжлүүлэн зодож цохиогүй, таслан зогсоох гэсэн иргэн И.Т-ийн мэдүүлгээс зарим хэсгийг иш татаж дурдаад үргэлжлүүлэн зодож цохиогүй...”, “...хүнийг эсэргүүцэж идэвхтэй үйлдэл хийгээгүй “эсэргүүцэж” үйлдсэн үйлдэл нь хэлбэрийн төдий байх тул гэж үзэн дараах нотлох баримтыг үгүйсгэж байгаа нь учир дутагдалтай байна. Үүнд: хохирогч Н.А болон гэрч И.Т нарын мэдүүлгээс үзэхэд үргэлжлүүлэн зодсон, таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж идэвхтэй түлхэж унагаах зэрэг үйлдлийг хийж хүчирхийлэл цааш үргэлжилсэн болох нь тодорхой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан таслан зогоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу А.У-гийн 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрүүдэд байнга зодсон үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд мөн зүйлийн 2.2 дахь хэсгийн 4 дэх хэсэгт “Хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж хангагдсан учир мөн зүйлээр зүйлчлэх нь зүйн хэрэг юм.

Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй буюу энэ нь олон улсын эрх зүйн хэм хэмжээнд “Хэн ч болов нэг улсын эрүүгийн болон эрүүгийн процессын хуулиар, үйлдсэн гэмт хэрэгтээ шийтгэгдсэн эсхүл цагаатгагдсан бол хоёр дахь удаагаа тэр улсын хуулиар эрүүгийн журмаар хариуцлага хүлээхгүй” гэсэн шударга ёсны зарчмыг буруу тайлбарлаж, нэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгэж байгаа мэтээр хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь эрүүл мэндийн хохирол /хөнгөн, хүндэвтэр, хүнд/ шаардахгүйгээр 3 удаагийн хүчирхийллийн үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж хангагдах бөгөөд хохирол шаардахгүйгээр төгссөн гэмт хэрэг болно.

Харин дээрх гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд тусгайлан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, түүний хор уршгийг мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт багтан зүйлчлэгдэнэ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэснийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн хуулийн тусгай ангийн өөр, өөр зүйл хэсэгт заасан бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа үйлдлийг нэгэнд нь багтаана гэсэн ойлголт байхгүй юм. Иймээс шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн” гэж үзэхээр байна.

Иймд прокуророос давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Урангуа хэлсэн саналдаа “Прокурорын зүгээс шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ таслан зогсоох гэж ирсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж эсэргүүцэл бичсэн. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлгүүд зөрүүтэй тохиолдолд гэрчийн мэдүүлгийг үндэслэл болгоно гэж үзэж байна. Шүүгдэгч А.У-г өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зөвхөн хэргийн зүйлчлэлийн хувьд алдаа гарсан гэдэгтэй уялдуулж маргаж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт харгис хэрцгий хандсан гэх үйлдэл нь багтаж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь тохирч байна гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотолж, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн байна. Давж заалдах шатны шүүх прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн 5/07 тоот эсэргүүцлийг үндэслэн А.У-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх А.У-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь шүүгдэгчийн үйлдсэн нэг төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан хэд хэдэн шинжийг агуулсан бөгөөд тэдгээр нь объектив болон субъектив шинжүүдээрээ нийтлэг байгаа тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчилж “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах” тухай шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах байтал анхан шатны шүүх шүүгдэгч А.У-д прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.3 дахь хэсэг тус бүрээр ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Шүүгдэгч А.У- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.А-ыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтаас үзэхэд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангаж, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох нөхцөл байдал үүссэн байхад давж заалдах шатны шүүх тэдгээр үйлдлийг нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийг мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгуулах тухай прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон, А.У-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, А.У-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч А.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Говьсүмбэр аймгийн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн 5/07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН