Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 313

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2017/0408 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ц.Б-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын  2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “багийн Засаг даргад нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх” тухай 05 тоот тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалтыг явуулахыг тус Улаангом сумын 9 дүгээр багийн багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч болон гуравдагч этгээд нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2017/0408 дугаар магадлалаар: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасны дагуу гарсан гэж үзэж байна. Нэрсийн жагсаалтад гарын үсэг зурж, саналын хуудас авсан сонгогчдын тоо олгосон саналын хуудасны тооноос зөрүүтэй байдаг. Нэг хүний гарын үсгээр хэд хэдэн хүнд саналын хуудас олгосон зэрэг нь хууль бус үйлдэл бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Анхан шатны шүүх “Д” үсгээс “Н” үсэг хүртэлх 32 иргэний гарын үсэг нь өмнөх гарын үсгээсээ илт зөрүүтэй байгааг тогтоосон, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, үнэлсэн тул дахин нотлох баримт шаардлагагүй, ач холбогдолгүй гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, дахин санал хураалт явуулахыг даалгах нэхэмжлэлийг гаргажээ.

9 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурал 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэр дэвшигч Э.С 152, нэхэмжлэгч 148 сонгогчийн санал авсан, 4 саналын зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан Хурлын тэмдэглэл, саналын хуудсаар тогтоогдсон байна.

 Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаар санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг сонгуулийн дүнд ноцтойгоор нөлөөлсөнд тооцохоор байна. Энэ тохиолдолд хэрэгт авагдсан баримтууд хангалтгүй, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс хяналтын шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс “32 иргэний гарын үсэг өмнөх санал хураалтын гарын үсгээс зөрүүтэй” гэсэн дүгнэлт хийхдээ холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, сонгогчийн гарын үсэг зөрүүтэй тохиолдолд холбогдох иргэнээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийгээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн нэхэмжлэгчээс “өөр багийн иргэд санал өгсөн” гэх үндэслэлээр маргасан байхад анхан шатны шүүх энэ үйл баримттай холбоотой нотлох баримт цуглуулаагүй, өөрөөр хэлбэл аль сонгогч өөр багийн иргэн байсан болохыг шалгаж тодруулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймээс “хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулсан” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2017/0408 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                    Л.АТАРЦЭЦЭГ   

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ