Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00298

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02662 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2295 дугаар магадлалтай,

Д.Б-гийн нэхэмжлэлтэй,

Х.Нт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 9,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Отгондаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Х.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02662 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хаянхярваагийн Наранцэцэгээс 9,640,000 /есөн сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Даваагийн Болормаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Нээс 169,190 төгрөг гаргуулж Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2295 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/02662 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Нээс 9,190,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...169,190 төгрөг” гэснийг “...161,990” төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 169,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Х.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Х.Нийн зүгээс 2020.09.17-ны өдрийн 102/ШШ2020/02662 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.07-ны өдрийн 2295 дугаартай магадлалыг тус тус үл зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан байна. Давж заалдах шатны шүүх магадлалын ХЯНАВАЛ хэсэгтээ: “...мөн хариуцагч нь 2018.09.14-ний өдрийн болон 2019.09.27-ны өдрийн гэрээний дагуу 3,500,000 төгрөгийг... хүлээн авсан болохоо зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна. Эдгээр нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан үзэхэд зээлдүүлэгч нь нийт 8,200,000 төгрөгийг зээлдүүлэгчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэжээ. Тайлбарлах нь: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв дүгнэж чадаагүй болно. Хариуцагч Х.Н 2019.09.27-ны өдрийн гэрээний дагуу 3,500,000 төгрөг болон 1,700,000 төгрөгийг тус тус хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн боловч тус анхан шатны шүүх хурал, давж заалдах шатны гомдолдоо тус тус хүлээн аваагүй болохоо мөн адил тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч Х.Н нь тус мөнгийг авсан эсэх нь эргэлзээтэй тул бодитоор буюу нэхэмжлэгч Д.Б-гийн данснаас 3,500,000 төгрөг болон 1,700,000 төгрөгийг тус тус хариуцагч Х.Нт шилжүүлсэн тухай дансны зарлагын болон орлогын баримт байхгүй, нэхэмжлэгч Д.Б- нь данснаасаа дээрх мөнгийг авч хариуцагч Х.Нт тоо ширхгээр нь тоолон тус мөнгийг хүлээлгэн өгсөн тухай баримт мөн адил байхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг дүгнэх учиртай байсан боловч дан ганц хариуцагч Х.Н тус төлбөрийг хүлээн авсан тухай баримтыг үнэлж мөнгө авч, зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна. Дээрхээс дүгнэвэл талуудын хооронд зээлийн гэрээ огт байгуулагдаж байгаагүй байхад 2018.09.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан тус зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 3,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байх тул 2020.09.17-ны өдрийн 102/ШШ2020/02662 дугаартай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.07-ны өдрийн 2295 дугаартай магадлалын 3,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч Х.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,640,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба үндэслэлийг ...Х.Н нь 3,000,000 төгрөг зээлж, хажуу өрөөндөө амьдруулна гэсэн зар гаргасны дагуу хажуу өрөөнд нь суухаар болж, 2018.09.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн, ...улмаар түүний хүсэлтээр 2018.09.28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018.12.28-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай, 2019.09.27-ны өдөр 1,700,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай тус тус зээлдүүлсэн. ...зээлдэгч үндсэн зээл, хүүнд нийт 10,890,000 төгрөг төлөхөөс 1,250,000 төгрөгийг төлсөн... гэжээ.  

7. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ... Д.Б-гаас 2018.09.14-ний өдөр 3,500,000 төгрөг авсан нь үнэн, хүүгүй зээлийн гэрээ байгуулсан. ...3,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна, бусад зээлийг аваагүй тул зөвшөөрөхгүй... гэсэн тайлбар гаргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт ...хариуцагчаас 9,190,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 450,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулжээ. 

9. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч Х.Н зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 10,440,000 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс түүний төлсөн 1,250,000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 9,190,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлдэгч Х.Н нь Д.Б-тай 2018.09.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай хүүгүй, 2018.09.28-ны өдрийн гэрээгээр 2,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, уг зээл дээр 2018.12.23-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэмж, 3,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон, улмаар 2019.09.27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 1,700,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай тус тус зээлж авсан, зээлдүүлэгч зээлсэн мөнгийг зээлдэгчид шилжүүлж өгсөн нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх зээлийн эргэн төлөлтийг зөв тооцжээ.

11. Хариуцагч Х.Нийн гаргасан ...шүүх 2018.09.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, 3,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй тул шийдвэр, магадлалын 3,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй.

12. Нэхэмжлэгчийн “...хариуцагч зар гаргасны дагуу хажуу өрөөнд нь суухаар болж, 2018.09.14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн, ...500,000 төгрөгийг дансаар, 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэсэн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан “...нэхэмжлэгчээс 2018.09.14-ний өдөр 3,500,000 төгрөг авсан нь үнэн, хүүгүй зээлийн гэрээ байгуулсан...” гэсэн хариу тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт, дансны хуулга /хх-ийн 3-5, 7, 17-18, 31/ зэрэг баримтуудаар хяналтын гомдлын үндэслэл няцаагдаж байна. 

13. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2295 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.12.23-ны өдөр төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        Д.ЦОЛМОН

                                                                        Х.ЭРДЭНЭСУВД