Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/02662

 

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/02662

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3-р хороо,0 тоотод оршин суух, регистр УЮ900000000, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, С овогт Д-ийн Б-г төлөөлж Б.Б-ий гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, АД 7-р байрны 27 тоотод оршин суух, регистр ЖЯ58032001, тэтгэвэрт Б овогт Х-ийн Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 640 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гэрч Б.Б, нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь Х.Н-тэй 3 удаа зээлийн гэрээ байгуулсан. Х.Н нь сонинд 3 000 000 төгрөг зээлж хажуу өрөөндөө амьдруулна гэсэн зар өгсөн байсан бөгөөд 2018 оны 09-р сарын 14-ний өдөр 3 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлүүлсэн. Зээлийн хүүнд нь хажуу өрөөнд амьдрахаар болсон ба 2018 оны 09 сарын 11-ний өдөр 500 000 төгрөгийг дансаар, 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хоёр дахь гэрээний тухайд 2018 оны 09-р сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож авсан байдаг. Ингээд 2018 оны 12-р сарын 28-ны өдөр өмнөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дахин 1 000 000 төгрөг нэмж нийт 3 000 000 төгрөгийг 2019 оны 09-р сарын 14-ний өдөр хүртэл хугацааг сунгасан. Дараа нь 2019 оны 09-р сарын 27-ны өдөр 1 700 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Энэ гэрээний хувьд хэдийгээр хугацаа дуусаагүй боловч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-т заасны дагуу зээлдэгчийн эдийн засгийн байдал илт доройтсон, өмнөх 2 зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүй, буцаан төлөх чадваргүй болсон гэж үзэж байгаа тул хугацаанаас нь өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаа. Өнөөдрийн байдлаар Х.Н-ээс эхний гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 500 000 төгрөг, хоёр дах зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 09 сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 сарын 28-ны өдөр хүртэлх хүү 300 000 төгрөг, нэмэлт өөрчлөлт оруулсан хоёр дахь зээлийн гэрээний үүрэгт 2018 оны 12 сарын 28-ны өдрөөс 2019 оны 09 сарын 14-ний өдөр хүртэлх хүү 1 200 000 төгрөг, үндсэн зээл 3 000 000 төгрөг, гурав дахь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 1 700 000 төгрөг, хүү 1 990 000 төгрөг нийт 10 890 000 төгрөгөөс хариуцагч нь 1 200 000 төгрөгийг төлсөн тул Х.Н-ээс 9 640 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Б-ийн нэхэмжлэлтэй Х.Н надад холбогдох иргэний хэрэг тус шүүх дээр хянагдаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.Н надаас зээлийн гэрээний дагуу 9 640 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Гэвч гаргасан тус нэхэмжлэл нь ор үндэслэлгүй бөгөөд хүчин төгөлдөр бус зээлийн гэрээ байгуулан надаас хүү, болон зээлийн эргэн төлөлтийг шаардсан байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Х.Н миний бие Д.Б-тай 2018 оны 09-р сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг тус тус бичгээр байгуулсан боловч Д.Б нь надад сүүлд байгуулсан хоёр зээлийн гэрээний дагуу ямар ч мөнгө зээлдүүлээгүй. Зээлийн гэрээнд тусгасан 3 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 1 700 000 төгрөгийг Д.Б-гаас авч өөрөө ашиглах гэж байсан боловч, надтай зээлийн гэрээг удаа дараа байгуулж, амлалт бичиг үйлдчихээд тус мөнгөн хөрөнгөөс өгөөгүй. Надад мөнгө өгсөн баримт байхгүй. Харин 2018 оны 09-р сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс 3 500 000 төгрөг авсан нь үнэн бөгөөд зээлийн гэрээний дагуу хүүгүй зээлийн гэрээ байгуулсан билээ. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан ч бодит байдал дээр шилжигдээгүй мөнгөний эргэн төлөлтийн төлбөр болон түүний хүүг миний бие огт хариуцахгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 09-р сарын 14-ний өдрийн хүүгүй зээлийн гэрээний дагуу 3 500 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусад зээлийн төлбөрийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа. Хариуцагч шүүхэд тайлбар гаргахдаа нэхэмжлэгчээс 3 500 000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнийг техникийн алдаатай, буруу бичигдсэн гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байгаа. Иймд шүүх хуралдаанд залруулга болгож огт мөнгө аваагүй гэх байр сууринаас оролцож байна. Би Д.Б-г Х.Н-гтэй бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй гэж маргаж байна. Учир нь Д.Б гэрээний үүрэгт тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэх үүрэг хүлээсэн, нөгөө талаас мөнгө авах эрх үүссэн байсан. Х.Н нь Д.Б-ас мөнгө шилжүүлж авсан бол үндсэн төлбөр болон хүүгийн хамт төлөх үүрэг хүлээх байсан. Гэтэл Д.Б нь огт мөнгө шилжүүлээгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь хэдий хуулийн шаардлага хангасан боловч зээлдүүлэгч мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Х.Н нь Д.Б-ийн өмнө үүрэг, хариуцлага хүлээх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь Х.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9 640 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Д.Б нь Х.Н-тэй 2018 оны 09-р сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 3 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр,

 

-2018 оны 09-р сарын 28-ны өдөр 2 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, 2018 оны 12-р сарын 28-ны өдөр нэмж 1 000 000 төгрөг зээлэх, 2019 оны 09-р сарын 14-ний өдөр хүртэл хугацааг сунгах,

 

-2019 оны 09-р сарын 27-ны өдөр 1 700 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлэхээр тус тус тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан /хх 3-5/ байна.

 

Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлдүүлэгч гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба энэ хуулийн 196-р зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлөөр тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.

 

Нэхэмжлэгч нь зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, мөнгө төлөөгүй гэж маргасан бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ ...зээлдүүлэгч гэрээгээр тохирсон мөнгөө шилжүүлж өгөөгүй тул төлөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Х.Н нь ...2018 оны 09-р сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний дагуу Д.Б-аас 3 500 000 төгрөгийг авсан нь үнэн... гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн /хх 31/ байх ба Зар мэдээ сурталчилгаа сонины 2018 оны 9-р сарын 11-ний өдрийн 63 дугаарт ...3.4-р хороолол хажуу өрөөнд 3 сая төгрөг зээлдсэн хүн суулгана. Цэвэрхэн дулаахан. 94143677...дугаар өөрийн утсыг тавьж зар өгч байсан нь 2020 оны 9-р сарын 8-ны өдрийн 01/42 тоот албан бичиг, Зар мэдээ сониноор тогтоогдсон байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...3 500 000 төгрөгийг авсан гэж бичсэн нь техникийн алдаатай, буруу бичигдсэн гэж тайлбарлаж татгалздаг боловч тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 63-р зүйлийн 63.3.Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36-р зүйлийн 36.1.Төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд гүйцэтгэхээр тус тус заасан байна. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг төлөөлүүлэгч нь зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад огт мөнгө аваагүй, техникийн алдаатай тайлбар гэх зэргээр үгүйсгэж, төлөөлүүлэгчийн хүсэл зоригоос өөрөөр тайлбарлаж, татгалзаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй байна.

 

Талуудын байгуулсан 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн гэрээний 2.5-д зээлийг дансаар олгосон талаар тусгасан, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байх ба 2018 оны 9-р сарын 28-ны өдөр гэрч Д.Б-ийн ХААН банкны 0 дугаар дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн, Х.Н нь охин Д.Б-ийн энэ дансаар зээл төлж байсан нь дансны дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон /хх 10-23/, хэдийгээр гэрч Д.Б ...би Б-аас мөнгө зээлж байсан, бид хоёрын дунд тооцоо байгаа, ээж мөнгө зээлснийг мэдэхгүй...гэж мэдүүлдэг боловч зээлдэгч нь Д.Б-ийн дансаар зээл авч, төлж байсныг үгүйсгэж чадаагүй байна.

 

Нөгөө талаас, Х.Н нь ХААН банкны 0, 0 дугаар данс эзэмшдэг /хх 51-52/ байх ба энэ дансаар мөнгө шилжүүлсэн гэж нэхэмжлэгч маргаагүй болно.

 

Талуудын байгуулсан 2018 оны 09-р сарын 28-ны өдрийн гэрээний ард 2018.12.23-нд 1 000 000 төгрөг зээлэв, харилцан тохиролцож хүү, гэрээг 2018-12-23-2019-9-14 хүртэл сунгав, сарын 5 хувийн хүүтэй ... талаар талууд тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээнд нэмэлт оруулж тохирчээ.

Харин 2019 оны 09-р сарын 27-ны өдрийн гэрээгээр тохирсон 1 700 000 төгрөгийг

зээлдэгч тухайн өдөр хүлээн авснаа баримтуулж гарын үсэг зурсан /хх 7/ байна.

 

Эдгээр үндэслэл, баримтаар зээлдүүлэгч Д.Б нь гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

 

Зээлдэгч нь 3 500 000 төгрөгийг хүүгүй, 2 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүү буюу 3 сарын хүү 300 000 төгрөг нийт 2 300 000 төгрөг, 1 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүү буюу 8 сар 14 хоногийн хүү 6 333 333 төгрөг нийт 1 633 333 төгрөг, 1 700 000 төгрөгийг сарын 10 хувийн хүү буюу 12 сарын хүү 2 040 000 төгрөг нийт 3 740 000 төгрөг 3 гэрээний үүрэгт нийт 11 173 333 төгрөгийг төлөх үүрэгтэй байжээ.

 

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 10 890 000 төгрөгөөр тооцсон, үүнээс 1 250 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй тул 9 640 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэг, 282-р зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х-гийн Н-ээс 9 640 000 /есөн сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг гаргуулж Д-гийн Б-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Х.Н-гээс 169 190 төгрөг гаргуулж Д.Б-аад олгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА