Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 101/2020/04103/И |
Дугаар | 001/ХТ2022/00316 |
Огноо | 2022-03-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2022/00316
Б.Д-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2376 дугаар магадлалтай,
Б.Д-ийн нэхэмжлэлтэй,
Я.Б-эд холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д-, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа, хариуцагч Я.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Я.Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Б.Д-ийн, хариуцагч Я.Б-ээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Я.Б-ийн 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэн гэх мөнгө өгөхөөр амласан тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөг, хариуцагчийн төлсөн 62,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2376 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Б-ээс 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-ид олгосугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Я.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-ид олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагч Я.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Д-ийн, хариуцагч Я.Б-ээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Я.Б-ийн 2020.07.05-ны өдөр үйлдсэн гэх мөнгө өгөхөөр амласан тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.12.16-ны өдрийн 2376 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дугаар шийдвэрийг ... өөрчилж шийдвэрлэсэн байна.
4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 2376 дугаар магадлалыг эс зөвшөөрч, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эргүүлж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх магадлалын Хянавал хэсэгт “...хэргийн 26 дугаар талд “уулзалт хийсэн” гэх бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад “...Доржид 3,000,000 төгрөгийг хийнэ, Сонгуулийн штабт ажиллана. Энэ цалинг хийнэ ...Төлбөрийг хийж барагдуулна... тохиролцсон” гэх агуулга бүхий баримтыг хариуцагч үйлдсэн байна. Хариуцагч нь дээрх баримтыг дарамт шахалтад орж хийсэн, Б.Д-оос 3,000,000 төгрөг аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно. Талуудын тайлбар болон хэргийн 26 дугаар тал дахь “уулзалт хийсэн” гэх бичгийн баримтыг хооронд нь харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Я.Б-эд туслалцаа үзүүлж 3,000,000 төгрөг өгсөн болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул нэхэмжлэгч Б.Д-ийн хариуцагч Я.Б-ээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна гэжээ.
Үүнд тайлбар няцаалт өгөхөд: Давж заалдах шатны шүүх нь хэргийн 26 дугаар талд “уулзалт хийсэн” гэх бичгийн баримт авагдсан байх бөгөөд ...баримтаар нотлоогүй болно гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээрх баримтыг бичих болсон шалтгаан нь: 2017 онд манай эхнэр Т.Ундармаа нь Б.Д-ид холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст “Б.Д- нь дарамтлаад байна, 3,500,000 төгрөгийг Т.Ундармаа надаас нэхээд байна, мөн ажлын фэйсбүүкээр элдвийн юм бичиж эмч миний нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр шалгаж өгнө үү гэх” өргөдөл гомдлыг манай эхнэр Т.Ундармаа Цагдаагийн байгууллагад гаргасан байдаг. Миний бие 2019 оны 11 сард БНСУ-аас ирээд байж байтал, 2020 оны 4 сарын сүүлээр Б.Д-ийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ гэгч нь гэнэт миний утасны дугаарт залгаж, “би Өмгөөлөгч байна, 3,000,000 төгрөгийн асуудал байна, би шүүх хуралтай, иймээс миний туслах Мэндбаяртай ярь гэж дугаар өгсөн ба Мэндбаяртай нь ярихад та “3,000,000 төгрөгийг авсан гэх нотлох баримт чинь хангалттай байгаа шүү, дургүй хүргээд байвал эрүү ч үүсгэж болно шүү, тийм учраас та хэзээ өгөх вэ гэдгээ он, сар, өдрөөр хуваарь гаргаад өг өө” гэж намайг дарамталж ярьсан. Би ч их айсан. Үүнээс хойш Б.Д- нь 94703622, 99659596, 888823527, 88918314, 80190788 гэсэн дугааруудаас удаа дараа уулзъя, мөнгөө өг гэх мэтээр шаардан дарамтлах болсон. 2020 оны 5 сард Хэнтий аймагт Сонгуулийн төв штабт ажиллах санал надад ирсэн. Сонгуулийн ажилд явах гэтэл намайг явуулахгүй, байнгын утсаар мөнгө нэхэж, Мэндбаяр нь “нотлох баримт байгаа шүү, чамайг шүүхэд өгнө шүү, эрүү үүсгэнэ” гэж байнга удаа дараа залгаад байсан. Би аргаа бараад Б.Д-той уулзаж, “би чамаас мөнгө аваагүй, би сонгуулийн ажилд явах гээд байна, чи тайван байлга, битгий янз бүрийн хүмүүс, өмгөөлөгч над руу байн байн яриулаад бай, би сонгуулийн ажилдаа явмаар байна” гэж хэлсэн бөгөөд Б.Д- над дээр цаас, бал барьж ирэхэд нь түүний өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслах нарын байнгын утас, мессежний дарамт шахалтаас болж, дээрх сонгуулийн ажилд явахын тулд бушуухан түүнээс холдож, салахын түүс болж, түүнийг ирээд, ээрэхэд нь аргагүйн эрхэнд уг баримтыг хийсэн. Б.Д-ийн дээрх сүүлд нөхөж хийсэн болон мөн ялгаагүй өмгөөлөгч нараараа удаа дараа дарамтлуулж хийлгэсэн уг баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэж огт бодоогүй юм. Миний хувьд Б.Д-оос огт мөнгө аваагүй болохоор надаас давж заалдах шатны шүүх эсрэгээрээ мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэнд туйлын гомдолтой байна. Харин нэхэмжлэгч нь надад 3,000,000 төгрөг өгсөн гэх тайлбар, баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй ба “уулзалт хийсэн” гэх бичгийн баримт мөн адил нотлох баримт болохгүй гэж би үзэж байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн “...хэргийн 5 дугаар талд хамтран ажиллах гэрээний дагуу төлбөр төлнө гэх баримт байх бөгөөд уг баримт нь “Я.Б-, Б.Д-ид дараах байдлаар төлбөрийг 2020.07.06-нд 500,000 төгрөг, 2020.10.06-нд 1,500,000 төгрөг, 2021 онд эхний улиралд багтаан 1,000,000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон” гэх агуулгатай байна. Дээрх баримтыг хариуцагч Я.Б- нь “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар сэтгэл зүйн дарамт үзүүлж бичүүлэн авсан” гэх тайлбар гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч үгүйсгээгүй, уг баримтыг сүүлд нөхөж үйлдсэн болохыг хүлээн зөвшөөрсөн тул энэхүү баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” ... гэж дүгнэж л байгаа бол мөн ялгаагүй “Уулзалт хийсэн” гэх баримт нэгэн адил дүгнэгдэх ёстой гэж үзэж байна. Ер нь нэхэмжлэгч Б.Д- нь анх л шүүхэд надад холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа л 3,000,000 төгрөгийг хэдэн онд, хэзээ, хаана өгсөн гэдгээ ч нотолж чадаагүй, янз бүрээр худал тайлбар хэлдэг тухайлбал 3,500,000 төгрөг өгсөн гэж манай эхнэрт мессеж бичиж дарамталдаг, Цагдаагийн байгууллагад очихоороо 1,400,000 төгрөг гэж хэлдэг, Нийслэлийн шүүхэд 1,600,000 төгрөг өгсөн, дараа нь хоёр хувааж бэлнээр өгсөн гэж харилцан зөрүүтэй тайлбарууд өгдөг нь надад мөнгө өгсөн гэдгийг худал болохыг гэрчилнэ. Давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс сүүлд харахад Б.Д- нь 2013-2015 онд намайг хоёр хувааж авсан, байрны зээлээ төлж чадахгүй болсон гэж хэлсэн нь туйлын худал тайлбар болно. Учир нь би 2013 онд Иордан улсын мал эмнэлгийн төсөл дээр ажиллаж байсан, 2015 онд би ХХААХҮЯ-нд ажиллаж байсан учраас түүнээс мөнгө авах шаардлагагүй. Ингэж намайг гүтгэж, байрны зээлээ төлж чадахгүй, мөнгө авсан гэж худал тайлбар өгсөн байна. Уг тайлбараа Б.Д- нь анхан шатны шүүх хуралдаан дээр огт яриагүй атлаа гэнэт давж заалдах шатны шүүх хуралдаанд худал ярьсан байна. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр сүүлд шинээр ирж, оролцсон өмгөөлөгч Үүрийнтуяа гэгч нь надтай утсаар нэг удаа холбогдсон гэж худал тайлбарыг шүүхэд өгсөн байна. Би Үүрийнтуяа гэдэг өмгөөлөгчийг мэдэх ч үгүй, түүнтэй нэг ч удаа утсаар ярьж байгаагүй, мөн намайг сайн дураараа ирж, гарын үсэг зурсан гэж худал хэлсэн байна. Би сайн дураар очих үндэслэл байхгүй, байнгын утас, мессежний дарамтын улмаас очсон шүү дээ. Ингэж Б.Д- нь надад мөнгө өгсөн талаараа хэзээ, хаана, хэдэн төгрөгийг өгснөө янз бүрээр хэлж байгаа нь ИХШХШТХуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ: 25.2.1-д “шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах”, үүргээ хэрэгжүүлэхгүй байна гэж үзэж байна. Дашрамд дурдахад шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ ч нэхэмжлэгч нь хаана, хэдийд мөнгө надад өгсөн гэх үйл баримтаа нотолж, бичиж орж ирээгүй юм. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор зохицуулсан тул хуулийн хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан байна. Хэзээ хойно гэнэт надаас нэхэмжлэгч нь 2019 оны 4 сараас эхлэн мөнгө нэхэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тодруулбал Б.Д- нь надад ямар нэгэн мөнгө өгсөн болон бүр 2 удаа хувааж өгсөн гэж үзвэл надад мөнгө хүлээлгэж өгсөн баримтаа өөрөө шүүхэд нотлох ёстой гэж үзэж байна. Иймд Я.Б- миний хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн 2020.12.16-ны өдрийн 2376 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.05-ны өдрийн 101/ШШ2020/03431 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Я.Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгө төлнө гэсэн амлалт бичгийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулсан байна.
8. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
9. Хэрэгт нотлох баримтаар авагдсан уулзалт хийсэн гэх баримт /хх-26 тал/-аар нэхэмжлэгч Б.Д- нь хариуцагч Я.Б-эд туслалцаа үзүүлж 3,000,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон, хариуцагчаас ...уг баримт бичгийг нэхэмжлэгчийн дарамт шахалтын улмаас үйлдсэн гэж маргах боловч татгалзлын энэ үндэслэл нь баримтаар нотлогдоогүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл зөв байна.
10. Харин, нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үүсэж байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримталсан нь тухайлан хуулиар зохицуулсан харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх тул энэ үндэслэлээр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
11. Анхан шатны шүүхийн ...нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийг хэзээ, ямар нөхцөлд хариуцагчид зээлдүүлсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн болон зохигчийн хооронд эрх зүйн харилцаа тогтоосон үйл явдлыг нэхэмжлэгч тал тодорхойлж чадахгүй байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж байна. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй... гэсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэхгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
12. Иймд дээр дурдсан үндэслэлээр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн “...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн” хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2376 дугаар магадлалын 1 дэх заалтын “186 дугаар зүйлийн 186.1” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.01.13-ны өдөр төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
Х.ЭРДЭНЭСУВД