Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2022/0275

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Д Э Ж Ж ******” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: “Д Э Ж Ж ******” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга хүчингүй болгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т*****, түүний өмгөөлөгч Ё.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******, С.Ч****** шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Д Э Ж Ж ******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан  тус дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Анх иргэн Д.А*******-т Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Туулын зөрлөгийн зүүнд талд 20000 м.кв газрыг Ногооны газар зориулалтаар эзэмших эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 0151688 дугаар гэрчилгээг 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаатай олгож, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших  гэрээг байгуулжээ.

2.1Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжаар иргэн Д.А*******-ээс “Д Э Ж Ж ******” ХХК нь эзэмших эрхийг шилжүүлэн авч, мөн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/150 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулж, 000317056 дугаар гэрчилгээг олгожээ.

2.3Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3.Нэхэмжлэгч “Д Э Ж Ж ******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: 

1/ “Д Э Ж Ж ******” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/150 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороо, Туул зөрлөгийн зүүн талд байрлах нэгж талбарын 18******* дугаар бүхий 20000 мкв газрыг ногооны газрын зориулалтаар 10 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 000317056 тоот гэрчилгээ, 133028/0224 дугаартай гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан. Газар дээр 2014 онд байшин барьж, Улсын бүртгэлийн газраас Ү-22******* бүртгэлтэй 000365317 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байдаг. Тухайн газрыг анх дүүргийн Засаг даргын 2007 оны 368 дугаар захирамжаар иргэн Д.А*******-т эзэмшүүлж, 2008 оны 188 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг манай “Д Э Ж Ж ******” ХХК-нд шилжүүлж, 2016 оны А/150 дугаар захирамжаар гэрчилгээний хугацааг 10 жилээр сунгасан бөгөөд 2020 оныг дуустал газрын төлбөрөө төлсөн.

2/ Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар 2003 оноос хойш хугацаанд дуудлага худалдаа явуулалгүй газар эзэмших эрх олгосон иргэн, аж ахуйн нэгжээс газрын дуудлага худалдааны үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн, иймд нэг удаагийн төлбөр 17,600,000 төгрөг төл гэж дүүргийн Газрын албанаас мэдэгдсэний дагуу бусдаас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан манай компани дуудлага худалдааны үнэ төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан ч захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийг хүчингүй болгоно гэж мэдэгдсэн тул нэхэмжилсэн 17,600,000 /арван долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн. 2020 онд газрын алба кадастрын шинэ программ нэвтрүүлж, улсын бүртгэлийн газраас газар эзэмших эрхийн гэрчилгээг "Э***" дугаар олгон бүртгэж байгаа тул гэрчилгээ шинэчилж байна гэж мэдэгдсэн тул гэрчилгээгээ солиулахаар Газрын албанд хандахад "танай газрын зарим хэсэг Хөлийн голын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа тул талбайн хэмжээ хасуулах хүсэлтээ гарга" гэж мэдэгдээд хамгаалалтын зурвасын хил заагийг зурган дээр зааж өгсөн.

3/ Манай компани газрын албанаас зааж өгсөн цэгийн дагуу тусгай эрх бүхий “Э Т М*******” ХХК-иар онцгой хамгаалалтын бүсийг эзэмшил газраасаа хасуулж 16928 м2-аар зураг хийлгэн, "Т*****" ХХК-иар газартаа эргэлтийн цэг тавиулсан. Мөн “М*****” ХХК-иар 1200000 төгрөгийн өртөгтэй Байгаль орчны төлөв байдлын судалгаа, дүгнэлт гаргуулах, “Э*****” ХХК-иар 2500000 төгрөгөөр газрын төлөв байдал, хянан баталгааны дүгнэлт гаргуулсан. Дээрх зураг, хянан баталгаа, байгаль орчны үнэлгээний дүгнэлт, бусад холбогдох баримтуудыг хавсарган 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 001 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд “20000 мкв эзэмшил газраас усны онцгой хамгаалалтын бүсийн 50м-т хамаарах талбайг хасч өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь 2020 оны 10 сард өгсөн манай хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй байж байгаад 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй байх тул 2021 оны 04 дүгээр сарын 05-ны дотор төлнө үү, заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг мэдэгдье” гэсэн 13/725 тоот албан бичиг шуудангаар өгсөн. Дээрх албан бичгийн дагуу газрын төлбөрийн байцаагчтай уулзаж, 2013 онд дуудлага худалдааны анхны үнэд 17.6 сая төгрөг төлсөн төлбөрийн баримт үзүүлэхэд дахин тооцоо хийж нэмж 35.2 сая төгрөг нэмж төл. Нийт 52.8 сая төгрөг төлөх ёстой гэж мэдэгдсэн. Гэвч албан ёсоор төрийн байгууллагад хэрэглэгддэг төлбөрийн нэхэмжлэл өгөөгүй. Төлбөрийн байцаагч нь наадаг шар цаасан дээр тооцоо хийгээд бичээд өгөөд төл гэсэн. Тухайн үед энэ шаардлагыг хүлээж авсан. Манай компани нь нэгдүгээрт тухайн газрыг анх шинээр эзэмшсэн этгээд биш тул дуудлага худалдааны үнийг төлөх үүрэг хүлээхгүй, хоёрдугаарт 2013 онд Газрын албанаас нэхэмжилсэн үнийг нь /17,6 сая төг/ бүрэн төлсөн байсан боловч төрийн байгууллагын үйл ажиллагаанд хууль зөрчсөн байсан ч хүлээцтэй хандаж, газартай холбоотой цаашдын аливаа үйл ажиллагаанд төрийн байгууллагын зүгээс саад болохоос нь болгоомжлон нэхэмжилж буй 35.2 сая төгрөг нэмж төлөхийг зөвшөөрч, гагцхүү төлөх хугацааг түр хойшлуулж өгөхийг хүссэн албан хүсэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр газрын албанд гаргасан.

Энэ бичигт хариу өгөөгүй чимээгүй болсон тул 2021 оны 5-9 дүгээр сард албан хүсэлтийн хариуг тодруулахаар удаа дараа Газрын албанд очиж асууж байсан боловч "хариуцсан хүн нь амарсан, өвдсөн, өөр хүн хариуцах болсон, бичгийн хугацаа сунгуулсан" гэх зэрэг хариуг амаар өгсөөр мэдэх хүнгүй болж, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр албаны даргатай уулзахад "танай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна, захирамжийн хуулбарыг архивын мэргэжилтнээс хуулбарлуулж ав" гэсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" A/369 дүгээр захирамжийн хуулбарыг гардан авч, манай компанийн газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарсан болохыг мэдсэн болно.

4/ Дүүргийн Засаг даргын дээрх A/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, газрын дуудлага худалдааны үнэ нэмж нэхэмжилсэн үйлдлийг илт хууль бусад тооцуулах, газрын хэмжээнээс ундны усны хамгаалалтын бүсэд орсон хэсгийг хасуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэхээр Нийслэлийн Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гомдол гаргасны хариуд Нийслэлийн Засаг даргаас дүүргийн Засаг даргад 11 дүгээр сарын 03-ны өдөр "гомдол үндэслэлтэй тул шийдвэрээ эргэн харна уу гэсэн агуулгатай 03/4782 тоот албан бичгийг илгээсэн.

Нэхэмжлэл гаргагчаас Баянзүрх дүүргийн Засаг даргыг манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрээ эргэн харж, эрх сэргээж өгнө гэж найдаж хүлээж байсан боловч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 13/3978 тоот албан бичгээр дуудлага худалдааны анхны үнийг заасан хугацаанд төлөөгүй тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон" гэсэн хариу авсан тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно.

5/ Маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/369 дүгээр захирамж нь хууль тогтоомж болон манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

а/ Тухайн газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 368 дугаар захирамжаар иргэн Д.А*******-т эзэмшүүлж, 2008 оны 188 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг манай “Д Э Ж Ж ******” ХХК-нд шилжүүлж, 2016 оны А/150 дугаар захирамжаар гэрчилгээний хугацааг сунгасан, 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага худалдааны анхны үнэ нөхөж төлсөн. Газар зохион байгуулалтын алба 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ....газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй байх тул..." гэж дахин дуудлага худалдааны үнэ төлүүлэх, төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох мэдэгдлийг ирүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 24.4-т "Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно" гэж заасныг тус тус зөрчсөн.

б/ 2007 онд анх бусдад /иргэн Д.А*******-т/ эзэмшүүлсэн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлсэн хэрнээ 2021 онд мөнгө нэмж нэхэмжилж байгаа нь хууль бус, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.8-д “гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомстол үүсгэхгүй байх” гэж заасныг зөрчсөн.

в/ Хууль бусаар нэмж нэхэмжилсэн мөнгийг нь маргаан хийлгүйгээр төлөхийг зөвшөөрсөн ч заасан хугацаанд төлсөнгүй гэдэг шалтгаанаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагааны “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг зөрчсөн.

г/ Мөн 07 дугаар сарын 28-нд гаргасан захиргааны актыг манай компанид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй, манай компаниас газрын албанд удаа дараа очиж од дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгийн хариуг асууж сураглах явцад 09 дүгээр сарын 16-ны өдөр өөрөө олж мэдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж, 43.2-т "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд шаардлагатай тохиолдолд утас, факс, өөрт нь гардуулах, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ" гэж тус тус заасныг зөрчсөн. Газрын албаны хүн хэлээд байсан. 7 сард гаргасан захирамжаа өнөөдөр шүүхэд өгсөн гээд. Тэгэхээр энэ захирамжаа хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болохоор хуульд зааснаар асар том үр дагавартай.

д/ Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно" гэж заасан боловч бидэнд энэ захирамжийн талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй болохоор өнөөдөр хүчин төгөлдөр болоогүй захирамж гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулна" гэж заасан боловч Захиргааны актын улсын бүртгэлд Баянзүрх дүүргийн Засаг даргын 07 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" A/369 дүгээр захирамж бүртгэгдээгүй байх тул энэ захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй захиргааны акт байна.

ж/ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно гэж заасан. Манай компани дуудлага худалдааны анхны үнэ 2013 онд төлсөн байхад "дуудлага худалдааны үнэ тогтоосон хугацаанд төлөөгүй гэсэн хуульд заагаагүй үндэслэл зааж эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тул энэ захирамж нь илт хууль бус захиргааны акт болно.

Дээр дурдсан үйл баримтууд нь Баянзүрх дүүргийн Засаг дарга манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахын өмнө болон гаргасны дараа хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж шинжлэн судлах зэргээр нөхцөл байдлыг тогтоох, гаргасан шийдвэрийн талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэх зэрэг үйл ажиллагаа явуулаагүй процессын алдаатай, мөн эрх зүйн агуулгаараа илт хууль бус захиргааны акт болохыг нотолж байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" A/369 дүгээр захирамжийн “Д Э Ж Ж ******” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсийг хасуулж, үлдсэн газар эзэмших тухай “Д Э Ж Ж ******” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулж өгнө үү”  гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын албан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа тайлбар үндэслэлгүй. Хамгийн түрүүнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг дурдмаар байна. Хамгийн эхлээд захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх зарчмыг баримтлах ёстой. Газрын албаны төлөөлөгчийн тайлбар бол дандаа хувь хүний төрийн албан хаагчийн биш тайлбар байна. Ажлаа яаж хийдэг талаар яриад байна. Хуулинд заасныг л хийх ёстой. Ингэж яриад байна. Нэг удаагийн төлбөрийг буруу бодсон байна лээ тэрийг судалж үзээгүй байгаа. Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар тушаалыг яагаад шүүхийн журмаар авахуулсан бэ гэхээр яг энэ тайлбарыг хэлээд байсан учраас үгүй юм уу гэдгийг тайлбарлах гэж авсан. Тушаалын хүснэгт-4 дээр байгаа ногооны зориулалтаар газар эзэмшүүлсэн бол дуудлага анхны үнэ нь 1 га 15,800 төгрөг байна гээд тогтоогоод өгсөн. Сайд тогтоогоод өгсөн, улс даяар мөрдөж байхад Баянзүрх дүүргийн Газрын алба мөрдөх ёстой. 2 га газар бол 31.600 төгрөг төлөх ёстой. Гэхдээ бид нар төлөх ёсгүй гэж маргаагүй. Маргасан бол 17 сая төгрөгөө нэхэмжлэх боломжтой байна. Тэр олон зориулалтыг яагаад заагласан бэ гэхээр үйлчилгээ болгон өөр байгаа. Гэтэл хамгийн өндөр үнээр аваад тооцоолоод гаргасан. Хоёрдугаар бүсийг нэгдүгээр бүсээр аваад зориулалтыг нь хамгийн өндөр үнээр аваад төлүүлсэн. Мэдэгдсэн, сонсох ажиллагаа хоёрыг холиод байна. Цаашид ялгаж салгаж ойлгоосой гэж бодож байна. Дүүргийн Засаг даргын төлөөлөгчийн хувьд энэ гарсан маргаан бүхий актын хувьд хоёр итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр өөр тайлбар хэлээд байгаа. Газрын албаны төлөөлөгч нь дуудлага худалдааны үнийн дүнг төлөөгүй гэж тайлбарлаад байдаг. Засаг даргын төлөөлөгч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гэж маргаад байгаа юм. 40.1.1-д дээр дуудлага худалдаа явуулаагүй авсан нь гэрээний үүргийг ноцтой зөрчсөн юм гэж тайлбарладаг. Энэ тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй.  Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар тушаал дээр байгаа тухайн гэрээ дээр ийм зөрчлүүдийг зөрчсөн бол ноцтой зөрчсөн гэж үзнэ гээд заасан байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д бол түрүүн тайлбараа хэлсэн. Газрын албаны Нарангэрэл гэдэг хүн нь төлүүлэхгүй, маргаан үүсээд жил гаран явсан. Тийм болохоор энэ үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн 15 дугаар тогтоол дээр байгаа. Бусдын хууль бус үйл ажиллагааны улмаас гээд заалт байгаа. Газрын алба өөрсдөө асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-г бүүр хүлээн зөвшөөрөхгүй. Тэр 15 дугаар тогтоолыг өөрөө сая ярьсан. Иргэний хууль тэр хүний өмчийг хамгаалдаг юм. Эзэмших эрхийг нь хамгаалдаг. Тийм болохоор барилгаа барьсан гэдгийг нотлох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өгсөн байгаа. Өнөөдөр ийм зүйл ярьж болохгүй.  Энэ бүгдийг үндэслээд нэг зүйл хэлье. Одоо Газрын тухай хуулийн 40.1-тэй холбоотой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2015 оны 5/14 гэдэг тогтоол дээр Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний хоёр акт баталсан. 1 дүгээр хавсралт нь барилга байгууламж шинээр барихтай холбоотой. 2 дугаар хавсралт нь газрын албаны үйл ажиллагаатай холбоотой. Энэ журмын 7.3-д Аливаа шатны засаг дарга газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан газар эзэмшигчийн зөрчилтэй холбоотойгоор газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа бол мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байна гэдэг заалт байгаа. Газрын албаны нэг байцаагч хоёр жил дараалан газраа ашиглаагүй байна гэж дүгнэхгүй. “Э****”ХХК-ийн газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгаа ажлын тайлан бол улсын байцаагчийн дүгнэлт биш. Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа гэдэг нь хөрсний бүтэц чанарыг тодруулдаг. Ийм дүгнэлт бичсэний төлөө улсын байцаагчийн дүгнэлттэй харьцуулахгүй. Дүгнэлт биш. Өнөөдөр захирамжаа гаргасны дараа өнөөдөр ямар зөрчил байна гээд хойноос нь хөөгөөд байхыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хориглосон байдаг. Буруутгах зорилгоор хяналт шалгалт явуулж болохгүй гэж заасан. 40.1.1-д заасан гэрээний нөхцөл ноцтой зөрчсөн зөрчил нь дуудлага худалдаанд ороогүй гэж яагаад иргэн хуулийн этгээдийн буруу болж байгааг ойлгохгүй байна хүлээж авахгүй. Өнөөдөр маргаан бүхий актын үндэслэлд газар эзэмших эрхийг хүчингүй болгодог бүх заалтыг бичээд ард нь хэдэн зуун аж ахуй нэгжийг жагсаасан. Сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэлээр баталгаажна. Дараа нь хайж олох биш. Тийм болохоор 40.1.5, 40.1.6-д заасан тайлбарууд үндэслэлгүй гэж бодож байна. Газар зохион байгуулалтын албаны төлөөлөгчийн бүх тайлбар 725 тоот бичиг дээр очиж тайлбарлагдана. 725 гэдэг албан бичиг нотлох баримт мөн. Энэ албан бичиг дээр дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй болохоор газрын төлбөрийг хүчингүй болголоо гэдэг өгүүлбэр байдаг. Засаг даргын гаргасан газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын төлбөр 17,600,000 төгрөгийг бүрэн төлсөн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийн  холбогдох заалтыг хүчингүй болголоо гэсэн захирамжийг ямар ч засаг дарга хүчингүй болгох эрхгүй. Хэрвээ энэтээ зууралдаад эхлэх юм бол Монгол Улсын Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 136 дугаар тушаал дээр байхгүй тариф барьсан. Төлөх ёсгүй ч байсан ч гэсэн төрийн байгууллагын дарамтад ороод төлсөн. Дүүргийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэг тайлбар хэлье. Иргэн аж ахуй нэгжүүд хоорондоо газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх болгонд дуудлага худалдааны анхны үнийг төлнө гэж байхгүй. Дүгнэлтийн хувьд маргаан бүхий акт болох дүүргийн засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамж бол нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захирамж байна. Тийм болохоор хүчингүй болгож өгнө үү. Хоёрдугаарт Эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсийг хасуулж, үлдсэн газар эзэмших тухай “Д Э Ж Ж ******” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулж өгнө үү гэсэн хоёр шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/”Д Э Ж Ж ******” ХХК-тай сонсох ажиллагаа хийсэн. Тухайн аж ахуй нэгж маань үлдэгдэл төлбөр болох 35,200,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлттэй байна. Иймд манай дээрх хүсэлтийг харгалзан үзэж хэлүүцтэй хандана уу? гэсэн хүсэлт ирүүлсэн ба хүсэлтдээ заасан хугацаанд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын үнэ төлөөгүй байна. Газрын төлбөрийн хянан баталгааны дүгнэлтээр тухайн компани нь 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь тогтоогдсон. “Д Э Ж Ж ******” ХХК-ийн удирдлагад 2 жил дараалан газар ашиглаагүй гэдгийг сонсгосон.

2/Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасны үндэслэлээр Засаг даргын захирамж гарсан. Тухайн үед захирамж гарч байгаа гэдгийг “Д Э Ж Ж ******” ХХК-ийн 80******* гэсэн дугаар руу холбогдож 08 дугаар сард мэдэгдсэн. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 21/02 дугаар бүхий албан бичгээр манай дээр гаргасан хүсэлтээ буцаан гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Захиргааны акт гаргасан болохоор хувийн хэргийг буцаан гаргаж өгөх хүсэлт бас гаргасан байгаа. Энэ нь манайхаас тухайн захиргааны актыг мэдэгдсэний дагуу манайд хүсэлтээ тухайн байгууллага өгсөн” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

1/Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Төрөөс газрын талаар баримтлах зарчмуудыг заасан бөгөөд 4.1.2-т "газар төрийн хяналт, хамгаалалтад байх", 4.1.3-т "газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах" зарчмыг баримтална гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол" гэж заасан заалтуудыг зөрчсөн.

2/Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг зааж өгсөн ба 35.3-т Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх-ийг үүрэг болгосон байна. Харин мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ. Дээрх хуулийн хүрээнд нэхэмжлэгчтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д Газрын төлбөрийг газрын ашигт ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс ул хамааран хугацаанд нь төлөх, 4.6-д Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх" заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна. Тухайлбал газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар “Д Э Ж Ж ******” ХХК нь 2015 онд 780,000 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй үлдээсэн, 2016 онд 156,000 алданги төлөлгүй үлдээсэн, 2019 онд 146,667 төгрөг төлөөгүй үлдээсэн, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн эзэмшил газрыг цуцлах хүртэл хугацааны 2,028,829 төгрөгийн газрын төлбөрийг огт төлөөгүй байна.

3/Нэхэмжлэгч нь 2008 оны 188 дугаар захирамжаар газар эзэмшиж эхэлснээс хойш 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 8 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Засаг даргын А/150 дугаар захирамжаар газар эзэмших хугацааг сунгуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамж гарах хүртэл 4 жилийн турш тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байна.

4/Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т "Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33.1.2-т "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан "Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт "нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг" Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон байна. Энэ захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

5/Сонсох ажиллагаа хийгдээгүй гэж нэхэмжлэлд дурдсан. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид хүргүүлэхээр дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 13/725 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох талаарх сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч 2021 оны 04 дүгээр сарын 05-нд тайлбар, саналаа албан бичгээр ирүүлсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

1.1 Анх иргэн Д.А*******-т Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 368 дугаар захирамжаар тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Туулын зөрлөгийн зүүнд талд 20000 м.кв газрыг Ногооны газар зориулалтаар эзэмших эрх олгосныг үндэслэн газар эзэмших эрхийн 0151688 дугаар гэрчилгээг 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 жилийн хугацаатай олгож, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших  гэрээг байгуулжээ.

1.2 Харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 188 дугаар захирамжаар иргэн Д.А*******-ээс “Д Э Ж Ж ******” ХХК нь эзэмших эрхийг шилжүүлэн авч, мөн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/150 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээг байгуулж, 000317056 дугаар гэрчилгээг олгожээ.

1.3 Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2-д заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэжээ.

1.4 Нэхэмжлэгчээс “Засаг даргын захирамж нь хуульд нийцээгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасан үндэслэл бүрдээгүй” гэж, хариуцагчаас “дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, захирамж хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

1.6 Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн газрын албаны 2609005981 тоот дансанд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 17,600,000 (арван долоон сая зургаан зуун мянга) төгрөгийг төлсөн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/9360 дугаар албан бичгээр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 16-ны А/573 дугаар захирамжид мөн нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлсөн талаар дурьдсан, мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 03/4782 тоот албан бичигт дуудлага худалдааны анхны үнийг төлсөн, эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон үндэслээ эргэн харах талаар мөн дурьджээ.

1.7 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан  ноцтой зөрчил гэдэг нь газар эзэмшүүлэх гэрээний талууд харилцан тохиролцож, нэрлэн заасан байхыг шаардана.

1.8 Харин дээр дурьдсан дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэл нь ноцтой зөрчилд тооцогдохгүй бөгөөд дээрх зөрүүтэй нөхцөл байдлыг дахин нягталж, нэхэмжлэгчийг дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, эсхүл дутуу төлсөн гэж үзвэл нөхөн төлүүлэх боломжтой бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

1.9 Мөн Баянзүрх дүүргийн газрын албаны 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 420140017 дугаар газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нэхэмжлэгчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 0 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, мөн албаны 2022 оны 02  дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаар актаар 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 2072983 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

 1.10 Гэтэл маргаан бүхий захиргааны акт 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гарсан, 2021 онд төлбөл зохих 2028829 төгрөг нь тухайн жилийн /бүтэн/ төлбөр бөгөөд уг төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

1.11 Учир нь нэхэмжлэгч нь анх газар эзэмшиж эхэлсэн цагаас өнөөг хүртэл газрын төлбөрийн талаар зөрчил гаргаж байгаагүй байх бөгөөд 2021 оны төлбөрийн тухайд нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр дүүргийн газрын албанд усны онцгой хамгаалалтын бүсэд хамаарах талбайг хасуулах талаар хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй атлаа дээрх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

1.12 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн талбайг хасуулах тухай хүсэлтийг шийдвэрлэгдсэнээр талбайн хэмжээ, төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орох бөгөөд уг хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээгүй атлаа газрын төлбөрийн хугацаанд нь бүрэн төлөөгүйд нэхэмжлэгчийг дангаар буруутгах үндэслэлгүй.

1.13 Мөн маргаан бүхий газрыг хашаалсан, үл хөдлөх хөрөнгө барьсан, “М****” ХХК-ний хийсэн Байгаль орчны төлөв байдлын судалгааны тайлан, “Э*****” ХХК-ний хийсэн Эзэмшиж байгаа газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлын тайлан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэхээргүй байна.

1.14 Учир нь зориулалтын дагуу ашиглах гэдэг нь зөвхөн гэрээнд зааснаар хүнсний ногоог жил бүр тарьсан байхыг шаардахгүй бөгөөд тухайн газрын ашиглалт, хамгаалалт, газрын төлөв байдал, чанарын баталгаа зэрэг нь мөн хамаарах бөгөөд нэхэмжлэгчээс дээр дурьдснаар газрыг ашиглаж байсан байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна.

2. Эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 002 дугаар албан бичгээр тус дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Туулын зөрлөгийн зүүнд талд 20000 м.кв эзэмшил газраасаа усны онцгой бүсэд хамаарч байгаа талбайг хасуулахаар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ханджээ.

2.2.Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ” гээд 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэжээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэжээ.

 2.3. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

2.4. Учир нь газрын харилцаа зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдах бөгөөд тухайн газартай холбоотойгоор гаргасан хүсэлт өргөдлийг зохих журмаар шийдвэрлээгүй нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Өргөдөл, гомдол гаргагч дараахь эрх эдэлнэ: 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх; 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах” гэж заасныг болон мөн хуулийн 13 дугаар зүйлийн 3-д “өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

                                           ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д Э Ж Ж ******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг хүчингүй болгож, эзэмшил газрын хэмжээнээс хамгаалалтын бүсэд хамаарах газрыг хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХ-Э