Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 302

 

 

 

 

                                                                                   

Г.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

хохирогч С.Ононтунгалагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,  

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/950 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Бд холбогдох эрүүгийн 201401030350 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1900 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, 000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Г.Б нь:

Б.Баянбулгаа, Б.Дашзэвэг нартай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Өлзийсүрэнд “50 тонны онгоцны өндөр шаталттай ABGAS 100LL бензинийг 2014 оны хавар хүртэл хадгалж өгөөд хамтарч ажиллана” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 21.600 литрийг, 2013 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд 41.110 литрийг авч 2013 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-ны өдрийн хооронд мэдэгдэлгүйгээр нийт 62.710 литр “ABGAS 100LL” бензинийг зарж борлуулан бусдад 156.775.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Ганцаараа:

2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн С.Ононтунгалагийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 133 тоот хаягт байрлах 73.4 м2 2 өрөө байрыг “өндөр үнээр зарж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариатоор уг байрыг захиран зарцуулах эрхийг итгэмжлэл үйлдүүлэн шилжүүлэн авч “Алтан-Эг” банк бус санхүүгийн байгууллагад 70.000.000 төгрөгийн барьцаанд тавьж залилан, бусдад нийт 128.450.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ононтунгалагт “15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч, барьцаанд нь өөрийн эзэмшлийн 41-15 УНП улсын дугаартай “Тоёота камри” маркийн автомашиныг тавиад түр хэрэглэж байгаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 15.000.000 төгрөгийг залилан авсан,

2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” ХХК-тай 200 тонн арматурын төмөр худалдан авахаар харилцан тохиролцож “урьдчилгаа 30.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг cap болгон төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, барилгын материал худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 121.827.200 төгрөгийн үнэ бүхий 138,44 тонн арматурын төмрийг авч залилан, бусдад 77.827.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунамал хийц” ХХК-тай 1.823.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.000м3 хэмжээтэй бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцож 2 төрлийн “бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ байгуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 35.475.000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг авч үүнээс 1.550.000 төгрөгийг урьдчилгаа болгон өгсөн боловч үлдэгдэл 33.925.000 төгрөгийг өгөлгүй залилан, бусдад 33.925.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг нийт 5 удаагийн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилан авч, бусдад нийт 411.977.200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.Бд 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас нийт 347.957.200 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дашийн Цоггэрэл /ЧН68022774/-д 92.755.000 /ерэн хоёр сая долоон зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогч Сүхбаатарын Ононтунгалаг /УК94091040/-т 143.450.000 /зуун дөчин гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бат-Өлзийгийн Амийжин /ЧЖ82082772/-д 77.827.200 /далан долоон сая найман зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэцэгмаагийн Нарантуяа /ЦГ84112701/-д 33.925.000 /гучин гурван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бы энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 256 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Г.Б заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7.1.3 дахь нөхцөл байдал бий болсон.

...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байхад ...Эрүүгийн хуулийн 1.9.2 дахь заалтыг зөрчин хуучин эрүүгийн хуулийг хэрэглэн цагдан хорьж, хууль бусаар хөөн хэлэлцэх хугацаа сунгах гэж оролдсон прокурор, байцаагч нарын хууль бус үйлдлийг ...хүсэлт, гомдол гаргасны үр дүнд 2019.11.4-нд прокурор, Ц.Гансүлд нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9.1 дэх заалтыг журамлан 17.3-2.2 гэх зүйл ангиар яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлттэй танилцуулж, шууд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба хөөн хэлэлцэх хугацааг сунгах гэж оролдсон Н.Амарзаяа прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон байсан. ...Эрүүгийн хуулийн 1.9.1 дэх заалтыг үндэслэн 17.3-2.2 гэх зүйл ангиар ялласан прокурор Ц.Гансүлдийг ...Ерөнхий прокурорт гомдол гаргасан боловч гомдлын хариу ирээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баатар дээр хэрэг шилжиж, улмаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, 2019.12.11-нд тус шүүхээр таслагдсан.

2002 оны Эрүүгийн хууль нь оногдуулах ялыг хүндрүүлсэн, эрх зүйн байдлыг дордуулсан, үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэрэгт шинээр тооцсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9-2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-1 дэх зүйлүүдийг хэрэглэнэ. Прокурор, байцаагч нар хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугүйд тооцох зарчмуудыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-2, 1.15-2 дахь заалтуудыг журамлан тус хуулийн 1.5 дахь нөхцөл байдал бий болсон эсэхийг шалгах ёстой. Надад холбогдох эрүүгийн хэргийн 148.4, 261.1 зүйлүүд нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5.1.5-ийг журамлан хэргийг хэрэгсэхгүй болгоно:

1. Гэмт хэргийн ангиллаас хасагдсан. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуульд гэмт хэргийг хүнд, хөнгөн гэж 2 төрлөөр ангилсан бөгөөд онц хүнд гэсэн ангилал байхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4 гэх зүйл нь мөн хуулийн 17.1-4, 17.5 дахь заалтад заасан онц хүнд гэмт хэрэг бөгөөд шинэ эрүүгийн хуулиар гэмт хэргийн ангиллын хувьд үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдохгүй болсон байна.

2. Гэмт хэргийн зүйлчлэлээс хасагдсан. Намайг ялласан 148.4 дэх зүйлд “...хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол...” гэж заасны дагуу зүйлчилсэн бөгөөд одоо мөрдөгдөж буй эрүүгийн хуульд “Онц их хэмжээний хохирол” гэсэн хохирлын хэмжээ байхгүй байгаа нь гэмт хэргийн зүйлчлэл, хохирлын хувьд үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдохгүй болсон байна.

3. Хөөн хэлэлцэх хугацаанаас хасагдсан. 148.4 гэх зүйл ангийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2002 оны Эрүүгийн хуулийн 72.1-4-т 25 жил гэж заасан байдаг бөгөөд одоо мөрдөгдөж буй эрүүгийн хуулинд 25 жил гэх хөөн хэлэлцэх хугацаа байхгүй байна. Тиймээс 148.4 зүйл ангийн хөөн хэлэлцэх хугацаа үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдохгүй болсон байна.

4. 2015 оны одоо мөрдөгдөж буй эрүүгийн хууль нь 2017 оны 7 сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2017 оны 7 сараас өмнө 148.4 гэх зүйлээр ял шийтгэгдсэн хоригдлууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.8-1 дэх заалтыг журамлан үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэрэгт тооцогдохгүй болсон учир хуулийн тэгшитгэлээр хорих ялаас чөлөөлөгдсөн.

2002 оны Эрүүгийн хуулийн 148.4, 261.1 дэх заалтууд дээрх нотолгоонуудаар гэмт үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдохгүй болсон нь доторхи агуулга, үйлдэл, эс үйлдэл нь хасагдсанаар шинэ хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 3.2, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.2-2, 2.1-3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8-1 дэх заалтуудад хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байдаг бөгөөд хуучин, шинэ Эрүүгийн хуулийг хольж хэрэглэхийг хориглосны дээрхи заалтуудаар баталгаажуулсан байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн 148.4, 261.1 гэсэн заалтуудад Эрүүгийн хуулиар гэмт үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдохгүй болсон учир хуулийн дагуу хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна.

...Прокурор Ц.Гансүлд надад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаадууссан тул хэрэгсэхгүй болно гэдгийг мэдэж байсан учраас Сонгинохайрхан дүүргийн 2-р хэлтсийн мөрдөгч, хошууч Дашням, хяналтын прокурор Н.Амарзаяа нар иргэн Энхсайханы нэхэмжлэлтэй хууль бус 2 хугацаатай яллах тогтоол танилцуулж, мэдүүлэг авахыг албадаж байсан. Уг тогтоолд хэрэг болсон гэх хугацааг 2014 он, 2016 он гэж бичсэн бөгөөд 2016 он бол гүтгэсэн, худал зохиомол хугацаа юм.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-1 дэх нөхцөл байдал бий болсон. 39.6-1.3 Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

...Өлзийсүрэн 2013.11.21-ний өдөр шатахуун хүлээлгэн өгсөн протокол дээр Витум Ойл ХХК-д худалдах зориулалтаар нийт 62.710 л бензин хүлээлгэн өгөв гэсэн гарын үсэгтэй нотлох баримт, та нар худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм биш үү гэсэн байцаагчийн асуултанд Өлзийсүрэн хариулахдаа “...Баянбулгаагийн хэлснээр гэрээ хийж өгөөд Владимир луу явуулсан. Тэгтэл Владимир наад хүмүүс чинь баталгаатай юм бол өөрөө мэдээд шийдээрэй1 л-ийг 2500 төгрөгөөр зарахыг зөвшөөрсөн тэр бичиг надад байгаа гэх мэдүүлэг, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн онгоцны түлш худалдан авах гэрээн дээр Өлзийсүрэн гарын үсэг зурсан шинжээчийн дүгнэлт, гэрээний хавсралтан дээр гарын үсэг зурахгүй явсан байсны ард Баянбулгаа нарийн бичгээрээ зөвхөн хавсралт дээрхи гарын үсгийг дуурайлган зуруулсан байдгийг би мэдээгүй байсан тухай, Өлзийсүрэн УНО Ийгли ХХК-ний 33%-ийг эзэмшдэг байсан бөгөөд компанийн хувь эзэмшигч Баярсайхан, Нарантуяа нартай АИ-2 онгоц, онгоцны түлштэй холбоотой санхүүгийн маргаантай эрүү үүсгэн шалгагдаж байсныг биднээс нуусан тухай манай компаниас авсан 60 сая төгрөгийг Sia vabo ХХК-ийн цорын ганц төлөөлөгчийнхөө хувьд Владимирт өгөх ёстой байтал 10.000 доллар шилжүүлсэн байсан бөгөөд бусад мөнгийг яагаад шилжүүлээгүй тухай Владимир Белюнтэй тохиролцсон онгоцны түлш худалдах, худалдан авах иргэний гэрээгээр 1 литрийг 2500 төгрөгөөр тохиролцсон үнээр гэмт хэргийн хохирлыг тооцсон зэрэг харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг ялгаж, салгахгүйгээр хэргийг шийдсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм.

...Хохирогч Өлзийсүрэнгийн ял шийтгэл эдэлж байсан мэдээлэл, эрүүл мэндийн үзлэгийг хийгээгүйгээр хэлсэн үг, хийсэн үйлдэл хоёр нь тэнгэр газар шиг зөрөөд байхад хэлсэн үгээр нь нотлох баримт болгож яллаж байгаад харамсаж байна.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6-1.2-т “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хохирогч С.Ононтунгалаг түүний ээж Чимгээ гэх монгол нэртэй Чиа занг Пэйжи манай ээжийн эгчийн хүүхэд үеэл Н.Сэргэлэнхуяг нар нь надтай харилцан тохиролцож, 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хөрөнгө итгэмжлэх бүрэн итгэмжлэлийн гэрээг нотариатаар гэрчлүүлж, байраа заруулахаар 105 сая төгрөгөөр тохирч өгчихөөд байраа залилуулчихсан гэж өргөдөл өгсөн байдаг. Гэтэл миний бие Сэргэлэнхуягийг Хасуу цамхаг ХХК-тай гэрээ байгуулуулан /3 хх 202-203/ 140 тонн арматур буюу 1 тонныг 1.100.000 төгрөгөөр тохирсон гэрээг 2014.5.7-нд хийлгэж, байрны төлбөрт мөнгийг нь суутгаж авахаар тохиролцсон. Гэтэл прокурор, шүүгч нар энэхүү гэрээг шалгаж, нягтлаагүй бөгөөд анхаарч үзэлгүй орхигдуулсан.

...Сандэй ХХК-наас авсан 140 тонн арматурыг 154 сая төгрөгөөр Хасуу цамхаг ХХК-д зарсан бөгөөд гэрээг Сэргэлэнхуягийн нэр дээр байгуулж өгсөн. Сүүлд сонсоход гэрээг өөрчилж Ононтунгалагийн ээж рүү шилжүүлсэн гэж дуулдаж байсан.

Миний бие Хасуу цамхаг ХХК-д нийлүүлсэн арматурын төлбөр 154 сая төгрөгнөөс 105 саяыг Ононтунгалаг, Сэргэлэнхуяг, Чиа Зан пэнжи нарт тохирсон байрны үнэд суутгуулаад үлдэгдэл 49 сая төгрөгийг Сандэй ХХК-нд өгөх төлөвлөгөөтэй байсан. Мөн Алтан Эг ББСБ-д зээлийн барьцаанд 70 сая төгрөгөөр тавьсан байрыг засаад 140 саяар зарж, зөрүү мөнгийг Сандэй ХХК-нд арматурын үлдэгдэл төлбөрт төлж тооцоо дуусах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл Ононтунгалаг, Сэргэлэнхуяг, Чиа Занг пэйжи нар нь байр зарсан мөнгө авсан мөртлөө давхар байраа авах гэж цагдаад өгч миний ажлуудыг бүтэлгүйтүүлж, намайг алдагдалд оруулсан.

...Сандэй ХХК нь интернет зараар 200 тонн арматур зарна гэсэн зар тавьсан байсан бөгөөд зарын дагуу очиж уулзахад Эрдэнэсийн арал хотхон бариад үлдсэн үлдэгдэл арматурыг хямд зарахаар зар тавьсан байсан. Миний бие Ариунаа захиралтай уулзаж, байр барьцаанд тавиад зээлээр авах тухай ярилцахад үгүй гэсэн бөгөөд 2 хоногийн дараа менежер Уянга утасдахад 30 сая төгрөг яг одоо авчираад зээлээр ав, яаралтай мөнгө хэрэгтэй байна гэсэн. Ингээд 30 саяын урьдчилгаа төлөөд гэрээ байгуулаад арматурыг ачиж, нүүлгэхэд 140 тонн арматур болж байсан. 2 жил өнжсөн, зэв идсэн арматур байсан учир нарийн хэдэн тонн байгааг Ариунаа захирал, Уянга менежер 2 мэдэхгүй байсан бусдыг хуурч 200 тонн арматурын гэрээ байгуулаагүй бөгөөд хэдэн тонн байгааг нь мэдэхгүй учраас барагцаалж 200 тонн гэж гэрээ хийсэн. Миний бие Ариунаа захирал, Уянга менежерийг огт танихгүй бөгөөд ААН хоорондын зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээтэй байхад иргэний хэргийг заавал эрүүгийн хэрэг болгож байгаад харамсаж байна.

Тунамал хийц ХХК-наас авсан бетон зуурмаг нь манай компаний барьж байсан Баянчандмань 50 айлын орон сууцны барилгын төсөлд орсон бөгөөд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон зүйл байхгүй юм. Барилгын компани учир гэнэт ажил нэмэгдэж гардаг учир нэмэлт барилгын ажил хийгдэх тохиолдолд Тунамал хийц ХХК-аас зуурмаг авч, бие биеэ дэмжиж ажиллахаар ах ахуй нэгжийн хоорондын гэрээ байгуулсан. Барилгын ажил зогссон нь бизнесийн эрсдэл бөгөөд иргэний журмаар шийдвэрлэх хэрэг юм.

...Өлзийсүрэн нь худалдах, худалдан авах хэлцлээр бензинээ зарчихаад хадгалуулах гэж өгсөн гэж гүрийгээд Ононтунгалаг, Сэргэлэнхуяг, Чиа Занг Пэнжи нар нь байрныхаа мөнгийг Хасуу цамхаг ХХК-наас авч байсан байж байраа залилуулсан гэж гүтгээд, Баянбулгаа, Дашзэвэг нарын өмгөөлөгчөөр манай нагац ахын эхнэрийн төрсөн дүү Баяржаргал оролцож, Ононтунгалагийн хэргийг давхар барьчихсан шүүхэд гардуулж намайг яллаад, хэн ч миний үгийг сонсохгүй, зөвхөн яллах сонирхолтой байсан учир залхаж компанийхаа бүх үйл ажиллагаагаа зогсоогоод яваад өгсөн. Миний бие надад холбогдох эрүүгийн хэргийг иргэний хэрэг гэж ойлгож байгаа бөгөөд гомдлыг минь хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Быг яллагдагчаар татсан хуулийн үндэслэл нь эргэлзээтэй, үйл баримтыг нягтлан үзэлгүйгээр эрүү, иргэний эрх зүйн харилцааны алин болохыг тогтоолгүйгээр бүхэлд нь шууд буруутган гэмт хэрэг үйлдсэнд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийг баримтлаагүй гэж үзэж шүүгдэгч Г.Б, өмгөөлөгчийн хамт гэм буруугийн талаар маргаж, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид...” ашигтайгаар шийдвэрлэхээр заасныг зөрчсөн. Учир нь, Г.Бы үйлдэл нь аж ахуйн үйл ажиллагааны явцад үүссэн иргэний эрх зүйн харилцаа байх ба хуулийн этгээдийн үйл ажиллагааны явцад үүссэн өр төлбөрийн асуудлыг ялгаж салгалгүйгээр бүхэлд нь гэмт хэрэг гэж тооцож байгааг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх уг байдлыг шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл заасан шинжийг аль үйлдэлд хэрхэн хангаж байгаа. Тухайлбал, барилгын үйл ажиллагаа, худалдааны үйл ажиллагаа зэрэг иргэний шинжтэй үйлдлүүд нь дээрх зүйл заалтын аль хэсэгтэй хэрхэн ямар байдлаар, ямар нотлох баримтаар холбогдон тогтоогдож байгаад нэг бүрчлэн дүгнэлт хийлгүйгээр бүхэлд нь гэмт хэрэгт тооцон ял халдааж байгааг эс зөвшөөрч байна.

             2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ. Г.Бы үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцож байгаа бол анхан шатны шүүх хуулийн уг зүйл, заалтыг хэрэглэх эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, Г.Бы үйлдлийн хамгийн сүүлд үйлдэгдсэн гэх үйлдлийн хугацаа нь 2014 оны 4 дугаар сарын 16-ны өдөр гэж тогтоосон ба анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэх үед хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон хэд хэдэн үйлдэл, мөн 2015 оны “Өршөөлийн тухай хууль”-ийг хэрэглэх үндэслэл байгаа эсэх, мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ялангуяа үйлдэл тус бүрийн хөөн хэлэлцэх хугацаа тооцож шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

             Иймд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан ”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасныг баримтлан мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар дээрх гомдлын үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/950 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогч С.Ононтунгалагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал:

  1. ...Анхан шатны шүүхээс эрүүгийн 201401030350 дугаартай хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан гомдол тусгагдсан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үндэслэл тогтоогдохгүй байна.
  2. Шүүгдэгч Г.Баас гаргасан гомдолд тусгагдсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэг байсан, онц их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг, хөөн хэлэлцэх хугацаа нь 25 жил байсан, шинэ хуулийн хэрэгжилтээр, тэгшитгэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 гэх зүйл нь гэмт үйлдэл, эс үйлдэхүйд тооцогдохгүй болсон гэх нь хууль зүйн үндэслэлгүй.

3. Шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд санаатайгаар оргон зайлсан үндэслэл тогтоогдсон. ...2002 оны болон 2015 оны Эрүүгийн хууль тус бүрд яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс сэргээн тоолох зохицуулалт тусгагдсан байх ба 2020.01.10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэлх хугацаагаар тоолно гэж өөрчилсөн байна.

Иймд шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн 201401030350 дугаартай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа зогссон, сэргээн тоолсон хугацааг тооцоход гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

4. 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт “2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэрэг үйлдсэн” хүнийг өршөөлд хамруулахгүй гэж тодорхой тусгасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Шүүгдэгч Г.Бд 2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын дуудсан цагт нэг ч удаа ирж байгаагүй. Иймд яллагдагчийг оргон зайлсан үндэслэлээр хэргийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр түдгэлзүүлсэн. Үүнээс хойш хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 7 удаа яллагдагчийг оргон зайлсан үндэслэлээр түдгэлзүүлж байсан.Г.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр баригдаж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг оргон зайлсан өдрөөс эхэлж зогсоож, яллагдагч баригдсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Г.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар “оногдуулсан ялыг хөнгөрүүлж байгаа хуулийг шүүгдэгчид ашигтай гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хохирогч Өлзийсүрэнтэй анх худалдан борлуулах зорилгоор гэрээ байгуулж бензинийг авсан гэж байна. Анх 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ярилцаж тохирохдоо тухайн бензинийг хавар хүртэл хадгалж, цаашид хамтарч ажиллана гэдэг нөхцлөөр тохиролцсон. Уг тохиролцооны дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бензинийг байгаа газраас нь аваад маргааш өдрөөс нь эхлээд уг бензинийг шатахуун түгээх газруудаар борлуулж эхэлсэн. Дараа нь 2015 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ хийе гээд дараа нь энэ яриад байгаа нөхцөл байдал бий болсон.

Хохирогч Ононтунгалагийн байрыг авахдаа өндөр үнээр зарж өгнө гээд өөрийн нэр дээр итгэмжлэл хийж аваад 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тухайн байрыг нь 2 удаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавиад алдчихсан.

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тунамал хийц ХХК-тай бетон зуурмаг худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 1.550.000 төгрөг өгөөд, нийт 33.925.000 төгрөгийг өгөлгүй залилсан. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 950 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааы үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

 

Г.Б нь Б.Баянбулгаа, Б.Дашзэвэг нартай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Өлзийсүрэнгийн “50 тонны онгоцны өндөр шаталттай ABGAS 100LL бензинийг 2014 оны хавар хүртэл хадгалж өгөөд хамтарч ажиллана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.Өлзийсүрэнг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх аргаар 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 21,600 литр, 2013 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд 41,110 литрийг буюу нийт 62,710 литр “ABGAS 100LL” бензинийг Т.Өлзийсүрэнд мэдэгдэлгүйгээр зарж борлуулан 156,775,000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн ганцаараа иргэн С.Ононтунгалагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 57/1 дүгээр байрны 133 тоот хаягт байрлах 73.4 м2 хоёр өрөө орон сууцыг нь “өндөр үнээр зарж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Ононтунгалагийг төөрөгдөлд оруулан хуурч, уг байрны захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлэн авч, улмаар тус байрыг “Алтан-Эг” банк бус санхүүгийн байгууллагад 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд тавьж, С.Ононтунгалагт 128,450,000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ононтунгалагт “15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлье, барьцаанд нь өөрийн эзэмшлийн 41-15 УНП улсын дугаартай “Тоёота камри” загварын автомашиныг барьцаалж тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлээд өөрөө ашиглаж байя” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон С.Ононтунгалагийг төөрөгдөлд оруулан хуурч 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгийг нь авч хохироосон,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” ХХК-тай 200 тонн арматурын төмөр худалдан авахаар тохиролцон 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Барилгын материал худалдах, худалдан авах” гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдчилгаа гэж 30,000,000 төгрөгийг төлж төөрөгдөлд оруулан 121,827,200 төгрөгийн үнэ бүхий 138,44 тонн арматурын төмрийг хууран авч, “Сандэй” ХХК-д 77,827,200 төгрөгийн хохирол учруулсан,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тунамал хийц” ХХК-тай 1.823.000.000 төгрөгийн үнэ бүхий 12.000м3 хэмжээтэй бетон зуурмаг худалдан авна гэж 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ байгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1,550,000 төгрөгийг урьдчилгаа болгон өгч төөрөгдөлд оруулан  35,475,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг авч, “Тунамал хийц” ХХК-д 33,925,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

 

Шүүгдэг Г.Бы:

1. Б.Баянбулгаа, Б.Дашзэвэг нартай бүлэглэн иргэн Т.Өлзийсүрэнг төөрөгдөлд оруулан хуурч, 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 21,600 литр, 2013 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд 41,110 литрийг буюу нийт 62,710 литр “ABGAS 100LL” бензинийг залилан авч, 156,775,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь:

 

            хохирогч Т.Өлзийсүрэнгийн “...Би 2013 оны 10 дугаар сарын үед хуурай дүү Л.Батжаргалын ажлын өрөөнд “БИТҮМ ОЙЛ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Дашзэвэг, гүйцэтгэх захирал Б.Баянбулгаа нартай танилцсан. Тэр үед 50 тонн бензин оруулж ирсэн цаашдаа хамтран ажиллах хүн судалж байгаа гэтэл Дашзэвэг, Баянбулгаа нар бид бензинийг чинь авч хадгалъя, хавраас нислэг гарахад дэмжиж тусалъя гэж хэлсэн. Тэгээд миний бензинээс 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 3 өдөр дараалан 21600 литрийг Дашзэвэг, Баянбулгаа, Бака нар Налайхаас очиж авсан. Дараа нь 2013 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд 41110 литрийг Дашзэвэг, Баянбулгаа, Бака нар авсан. Нийт 62,170 литрийг авсан юм. Тэгээд хадгална гэж хэлээд хаана хадгалахаа хэлээгүй юм, одоо бензинээ авах гэхээр найдвартай газар хадгалж байгаа гэж хэлсэн. ...Владимир бензинийхээ мөнгийг нэхээд байна гэхээр бид нар мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлдэг, сүүлд нь Билэгсайхан гэдэг ерөнхий захирал гарч ирээд би мөнгийг чинь 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр өгнө гэж хэлээд хэлсэн хугацаандаа өгөөгүй. ...Тэгээд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж төлнө, ...цагаан сарын өмнө багтаж заавал өгнө гээд утсаа авахаа больсон. Худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр надтай Баянбулгаа хийсэн боловч би санхүүгийн эрх бүхий ерөнхий захиралтай чинь хийж байж энэ гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн. Владимир өдөр бүр бензинийхээ мөнгө шаардсан. Тэгээд би аргагүйн эрхэнд Баянбулгаагийн хэлснээр гэрээ хийж Владимирт явуулсан.  ...” /1 хх 5-9, 2 хх 67/,

... “...Монгол Улсын иргэн Дамчаа Даш овогтой Цоггэрэл нь Европын холбооны улсын худалдаа үйлдвэрлэлийн бүртгэлийн дугаартай Латви Улсын Рига хотын SIA “VABOILS” компанийг төлөөлөх эрхтэйг Монгол Улсын хууль сахиулах байгууллага, шүүх байгууллагад мэдэгдэж байна...” гэх 2019 оны 3 дугаар 5-ний өдрийн Латви улсын SIA “VABOILS” компанийн захирал Владимир Белюний итгэмжлэл /8 хх 202-206/ бүхий хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цоггэрэлийн “...Би Латви Улсын иргэн Владимир Белюнтэй 2016 онд Латви Улсын Рига хотод танилцаж байсан. ...Монгол Улсын иргэн Өлзийсүрэн гэх хүн надаас бензин авсан боловч өөр хүмүүст залилуулсан гээд хэрэг үүсгээд цагдаад шалгагдаж байгаа боловч хэрэг нь шийдэгдэхгүй байна гэж хэлж байсан. ... Сая 2019 оны 4 дүгээр сард хүн нь баригдаад хэрэг сэргээгдээд шалгагдаж байгаа гэж сонсоод Белюнд энэ талаар утсаар хэлээд, надад өргөмжлөл консулаар дамжуулан итгэмжлэл хийж өгсөн. ...Өлзийсүрэн нь ОХУ-аас онгоц худалдаж аваад онгоцны түлш хэрэгтэй байгаа талаар ABGAS100LL бензинийг Өлзийсүрэнд 2013 оны 5 дугаар сард өгсөн байдаг. Уг хэргийг шуурхай шийдвэрлэж хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /8 хх 209-210/,

 

гэрч О.Оюун-Эрдэнийн “...Бензинийг хадгалахад хүндрэл учирсан, хямд үнээр хадгалах газар судалсан чинь “БИТҮМ ОЙЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ТУЗ-ын гишүүд Дашзэвэг гэдэг 2 хүнийг Өлзийсүрэн олж ирээд, энэ 2 хүн “хавар хүртэл бензинийг хадгалж өгнө гэнэ, мөн нислэгийн ажлыг хавар дэмжиж ажил олж өгнө гэнэ” гэж хэлэхээр тухайн үедээ итгээд хадгалуулахаар болсон. ...Дашзэвэг нь одоо хурдхан наад бензинийг чинь авч хадгалмаар байна, захирал Билэгсайхан хурдхан аваад ир гээд байна, хурдлаарай гээд байсан. Тэгээд Налайхын цэргийн ангиас 21,600 литр бензинийг 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Баянбулгаа, Дашзэвэг нарт гаргаж өгсөн. Бака гэдэг залууд ачуулсан, бензинийг ачаад хаана аваачиж зарсныг мэдэхгүй ачуулаад итгээд Өлзийсүрэн бид 2 явсан юм. Иргэний нисэхийн ерөнхий газрын шатахуун түгээх станцын агуулахаас 2013 оны 11 дүгээр сарын 19-нөөс хөөцөлдөөд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 41,110 тонн бензиныг хүлээж аваад Баянбулгаа, Дашзэвэг нарт ачуулсан. Дашзэвэг, Баянбулгаа хоёулаа хүлээж авсан. Бензинийг хүлээж авахаас өмнө байнга л ярьдаг байсан. ...” /1 хх 10-11, 2 хх 71/,

 

гэрч Н.Насанбатын “...Би найз Өлзийсүрэнтэй Оросын Холбооны Улсаас АН-2 маркийн хөдөө аж ахуйн зориулалттай онгоц 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр оруулж ирсэн юм. Өлзийсүрэн нь АН-2 маркийн онгоцны бензинийг ирэх хаврын нислэгийн ажилд ашиглахаар В.Белюн гэдэг Латив улсын иргэнээс 50 тонн буюу 62.710 литр ABGAS 100LL маркийн бензинийг оруулж ирээд Налайхын цэргийн анги, иргэний нисэхийн шатахуун түгээх төвийн хашаанд хадгалагдаж байсан. Тухайн 2013 оны 11 дүгээр сарын үед Т.Өлзийсүрэн нь бензин шатахуун хадгалж байгаад надад хамтарч ажиллах хүн олчихлоо, Баянбулгаа, Дашзэвэг, Г.Б гэдэг “БИТҮМ ОЙЛ” ХХК-ийн захирал гүйцэтгэх захирлууд байгаа юм, энэ хүмүүс миний бензинийг 2014 оны хавар хүртэл үнэгүй хадгалж өгөөд, хамтарч ажиллаж хөрөнгө оруулна. Мөн нислэгийн ажил олж өгнө гэж ярьж байсан. Гэтэл удалгүй нөгөө хүмүүсдээ бензинээ залилуулаад баларчихлаа, хадгалж өгнө гэсэн хүмүүс чинь колонкуудаар зараад дуусчихсан байна, цагдаад гомдол гаргаж өгнө гэж ярьж байсан. ...” /1 хх 12/,

 

гэрч Р.Нямаагийн “...2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өөрийгөө Бака гэдэг залуу 10.280 литрээр ачсан 4.170 литрийн хэмжээтэй ачсан цэнхэр өнгийн бензинийг буулгасан. Уг бензинийг манай компаний менежер Сайнбаяр гэдэг хүн төлбөр тооцоогоо хийж худалдан авсан. /Бадрал-2/ 14.450 литр бензин буулгасан ба манайд буусан бензин зарагдаад дууссан. ...” /1-р хх 13-14/,

 

гэрч Х.Бакагийн “...2013 оны 11 дүгээр сарын эхээр он сар өдрөө сайн мэдэхгүй байна Баянбулгаатай уулзахад зуутай цэнхэр өнгийн сайн чанарын бензин ачаад зараад өгөөч гээд гуйхаар нь тээврийн хөлсөө 1,500,000 төгрөгөөр тохироод бүх бензинийг зөөж өгсөн. Зөөхдөө Налайхын бензинийг өөрийн 42-45 УНЗ улсын дугаартай Киа Рионо маркийн авто машинаар зөөгөөд нисэхээс зөөсөн бензинийг найз Ганбаа гэдэг залуугийн машиныг гуйж аваад өөрөө зөөж өгсөн.  Бадрал ХХК-ны менежер Сайнбаяр эгчид гуйж байгаад 1 литрийг 1500 төгрөгөөр бодож 24,740 литрийг бодуулж өгөөд үлдсэн 36.970 орчим литрийг нь “Буруда” ХХК-д ажилладаг Энхболд гэдэг залууд литрийг нь 1500 төгрөгөөр зарж өгөөд Баянбулгаатай тооцоо хийж байсан. Бензиний мөнгийг 3 хувааж аваад Баянбулгаад өгсөн. ...Би нарийн учрыг сайн мэдэхгүй намайг Баянбулгаа зараад өгөөч бид нарын бензин байгаа юм гэж хэлж байсан. Ямар учиртай, хаанаас, яаж авсан, хэний бензин гэдгийг нь мэдэхгүй. Өлзийсүрэн гэдэг хүн бензин ачиж байхад Оюун хэн ч билээ нэг эмэгтэй хамт хажууд хараад байж байдаг байсан.  Миний санаж байгаагаар 61.710 литр бензинийг 1500 төгрөгөөр зарж өгсөн байх, тэгэхээр 92.565.000 төгрөгийн борлуулалт хийж өгөөд бүх мөнгийг нь Баянбулгаагаар дамжуулж өгсөн. ...” /1 хх 15, 2 хх 69/,

 

гэрч Д.Сайнбаярын “...Надад Амбер ААК-ны А92 бензиний шинжилгээний бичиг авчирч үзүүлсэн. Тэр бензинийг нь үзэхэд цэнхэр өнгөтэй байхаар нь нийт 24.740 литр бензинийг 1 литрийг нь 1500 төгрөгөөр бодож 37.110.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөний тооцоог Бакатай хийсэн. Мөнгийг нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ноос 2013 оны 11 дүгээр сарын 28, 29-ний хооронд 3 хувааж төлж барагдуулсан тооцоог Бакагаас өөр хүнтэй хийгээгүй. ... 24.740 литр бензинийг 1500 төгрөгөөр худалдаж авсан. Үлдсэн бензинээ хаана хэнд зарсныг мэдэхгүй. Дараа нь Буруда ХХК-ийн Энхболд гэдэг залуу тухайн үед надтай манай колонк дээр тааралдаад та Бакагаас цэнхэр өнгийн бензин худалдаж авсан уу гэж асуухаар нь би авсан гэж хэлтэл би бас авсан гэж байсан. ...” /1 хх 16-17/,

 

гэрч Б.Адъяагийн “...”Битүм Ойл” ХХК-аас нэг эмэгтэй манай компаний дээр ирээд “танай компани бензин шинжлэх үү” зөвлөгөө авна гэж ирсэн. ...АИ-92 бензиний хэмжээнд хүрч байна уу гэж шалгуулж үзэх гэсэн юм гэхээр нь туршиж үзсэн чинь АИ92 бензинтэй хамгийн дөхсөн хэмжээ нь 60x40 харьцаатай байна гэж хэлсэн. Тэгээд та хариугаа ирж аваарай гэсэн чинь нэг эмэгтэй ирж авсан. ...дүгнэлт дээр туршилт гэдэг нь тусгагдсан байгаа...” /1 хх 18/,

 

гэрч Г.Энхболдын “...2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бака гэдэг хүн надаас Аи-92 маркийн бензин худалдаж авах уу гэхэр нь авъя гэсэн. Тэр үед Аи-92 ховордчихсон байсан юм. Тэгээд 36,970 литрийг 1 литрийг 1500 төгрөгөөр бодож 55.445.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /1 хх 20/,

 

гэрч Л.Батжаргалын “...Өлзийсүрэн манай ажил дээр ирээд надад онгоц оруулж ирсэн, бензинийг нь хадгалахад хүндрэлтэй, агуулах сав хэрэгтэй байна, хавраас онгоцоо нисгэх ажил хайж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Дашзэвэгт манай танил Өлзийсүрэн онгоц оруулж ирсэн бензинийг нь хадгалах сав хайж байгаа гэж хэлсэн чинь Дашзэвэг надад бензин тос оруулж ирдэг дүү байгаа, хадгалах сав байгаа байхаа гэж хэлэхээр нь Өлзийсүрэнтэй холбож өгсөн. ...” /2 хх 68/,

 

гэрч Т.Баярсайханы “...Бензин оруулж ирэх шийдвэрийг 2013 оны 4 дүгээр сард Белюн нь Монгол Улсад УНО ИЙГЛ компаний урилгаар ирсэн би Белюныг ирэхэд бүх зардлыг буюу буудал байр хоолыг бүрэн хариуцсан. Энэ үндсэн дээр 50 тонн буюу 62.710 литр бензинийг “УНО ИЙГЛ” компани оруулж ирсэн. Гэтэл Т.Өлзийсүрэн надад мэдэгдэлгүйгээр бензинийг гаалын баталгаат агуулахаас аваад сураггуй алга болсон...” /3 хх 14/,

 

гэрч Д.Нарантуяагийн “...анх Т.Өлзийсүрэн, Баярсайхан бид гурав 2012 оны 12 дугаар сард УНО ИЙГЛ компанийг байгуулсан. ...Бензиныг УНО ИЙГЛ компаний нэр дээр АН-2 онгоцыг оруулж ирсний улмаас цаашид онгоцны түлшинд Латви улсаас 50 тонн буюу 62.710 литр ABGAS 100LL бензинийг зээлээр УНО ИЙГЛ компаний нэр дээр авах шаардлага гарч, уг бензинийг оруулж ирсэн...” /3 хх 15/ гэх мэдүүлгүүд,

“...авгаз 100LL маркийн онгоцны бензин 1 литр нь 2500 төгрөг 62710 литр нийт 156.775.000 төгрөг...” гэх эд хөрөнгийн үнэлгээ /1-р хх 243/ ,

ABGAS 100LL шатахуун хүлээлгэн өгсөн протокол /1хх 123-124/, 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бензин хүлээлгэн өгсөн протокол /1 хх 240/,

бензиний хувийн жин буюу эзэлхүүн тооцох аргачлал бүхий гар бичмэл /1хх 245/,

гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх 125/,

 SIG ‘VABOILS’ компаний 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэл /1хх 162/ зэрэг,

 

2. 73.4 м2 хоёр өрөө орон сууцыг нь “өндөр үнээр зарж өгнө” гэж С.Ононтунгалагийг төөрөгдөлд оруулан хуурч, уг байрны захиран зарцуулах эрхийг өөртөө итгэмжилсэн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэл хийлгэн авч, улмаар тус байрыг “Алтан-Эг” банк бус санхүүгийн байгууллагад 70,000,000 төгрөгийн барьцаанд тавин захиран зарцуулж, 128,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

 

3. 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Ононтунгалагт “15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч, барьцаанд нь өөрийн эзэмшлийн 41-15 УНП улсын дугаартай “Тоёота камри” загварын автомашиныг барьцаалж байна, харин уг машинаа өөрөө хэрэглэж байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, С.Ононтунгалагаас 15,000,000 төгрөгийг залилан авсан болох нь:

 

хохирогч С.Ононтунгалагийн “...2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нотариат орж, манай ээж бид 2 Билэгсайхантай уулзаад өөрийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих болон холбогдох гэрээ хэлцэлд намайг төлөөлөх итгэмжлэл хийж өгсөн. Тухайн үед Билэгсайхан нь миний байрыг зах зээлийн ханшнаас өндөр үнээр түргэн зарж борлуулж өгье, би энэ талаар их туршлагатай гэж хэлж байсан. Хэд хоногийн дараа юу болж байгаа талаар асууж Билэгсайхантай ярихад удахгүй хэд хоногоос зарчихна, түр хүлээж бай, би өөрөө холбоо барина гэдэг байсан. Би Билэгсайханыг холбоо барихыг хүлээгээд залгахгүй болохоор нь өөрөө Билэгсайхан руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газраас өөрийн байрны талаар судлахад “Алтан эг” гэх банк бус санхүүгийн байгууллагад миний байрыг барьцаанд тавьж 70.000.000 төгрөгийн зээл авсан байсан... ...2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Билэгсайхан 15 сая төгрөг зээлээд оронд нь өөрийнхөө 41-15 УНП улсын дугаартай “Тоёота камри” маркын автомашиныг миний нэр дээр шилжүүлсэн. Уг мөнгийг манай ээжээс 3 сарын хугацаатай зээлж аваад өөрөө машинаа унаж байсан. Тэгээд 3 сарын дараа мөнгө төгрөгөө өгөхгүй гар утсаа авахгүй ер нь холбоогүй болчихсон байсан. Тэгээд би 2014 оны 5 дугаар сард тээврийн товчооны хажууд уг машиныг нэг эмэгтэй хүн бариад явж байхаар нь зогсоогоод энэ миний машин байгаа юм гэж хэлэхэд тэр эмэгтэй энэ машиныг Билэгсайхан гэдэг хүнээс 20 сая төгрөгөөр худалдаж авсан гээд машины гэрчилгээгээ үзүүлсэн. Бичиг баримтыг үзэхэд тэр эмэгтэйн нэр дээр шилжсэн байсан. ...” /3хх 235-236-237, 97, 5хх 206/,

 

гэрч Чиа Занг Пэнжигийн “...Сэргэлэнхуяг над руу залгаад манай хамаатны Билэгсайхан гэх залууд итгэмжлэл хийгээд өгчихөө, цаадах чинь зарж чадахгүй бол өөрөө худалдаад авчих байх. Баянчандманьд барилгын ажил эхэлсэн байгаа мөнгө нь ороод ирэх байх болохгүй бол би мөнгийг нь гаргуулаад танд аваад өгнө гэж хэлсэн. Тэгээд би Ононтунгалагийн хамт Билэгсайхантай уулзаад байрыг нь зарах итгэмжлэл хийж өгсөн. Түүнээс хойш 6 сарын дараа Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээр итгэмжлэлдээ хорио тавих гээд очиход “Алтан эг” гэдэг нэртэй банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьчихсан байсан. ...Хүний байр зарах гээд яваад байхаар хүмүүс надад итгэхгүй байна. Надад итгэмжлэл хийгээд өгчих тэгвэл зарахад хүмүүс надад итгэнэ гэж хэлсэн. ...2012 оны 12 дугаар сарын сүүлээр байх Билэгсайхан 15 сая төгрөг зээлээч би өөрийнхөө 2010 оны “Тоёота камри” загварын автомашиныг барьцаанд тавиад мөнгө зээлье гээд охин Ононтунгалагийн нэр дээр машинаа шилжүүлсэн. Тухайн үед Билэгсайхан өөрөө машинаа унаад явж байя шаардлагатай бол та нар машинаа аваарай гэж байсан. Тэгээд хэд хоногийн дараа манай охин гадуур явж байгаад нөгөө машинаа хараад очиж жолоочтой нь уулзахад нэг эмэгтэй машиныг нь унаад явж байсан гэсэн. Манай охин гайхаад гэрчилгээг нь харахад тэр хүүхний нэр дээр нөгөө машин шилжсэн, 20 сая төгрөгөөр худалдаж авсан байсан. ...” /3 хх 245, 4-р хх 115-116 гэх мэдүүлгүүд,

 

“...Энхтайваны өргөн чөлөө, 57/1 дүгээр байрны 13 тоотод байрлах 2 өрөө орон сууцны 2014 оны 4 дүгээр сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ 128.450.000 /нэг зуун хорин найман сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /4 хх 99-104/,

2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн итгэмжлэл /3 хх 193/,

2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Алтан Эг” банк бус санхүүгийн байгууллагын “Барьцааны гэрээ”, “Зээлийн гэрээ” /3 хх 209-213, 217-220/,

2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогч С.Ононтунгалаг, шүүгдэгч Г.Б нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /3 хх 198-199/ зэрэг,

 

4. “Сандэй” ХХК-тай 200 тонн арматурын төмөр худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Барилгын материал худалдах, худалдан авах” гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг cap болгон төлнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 121,827,200 төгрөгийн үнэ бүхий 138,44 тонн арматурын төмрийг хуурч авч, “Сандэй” ХХК-д 77,827,200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч “Сандэй” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Амийжингийн “...Арматур төмрийг зарах талаар менежер Уянгад үүрэг өгсөн. Удалгүй Уянга орж ирээд нэг хүн авахаар боллоо, гэрээ хийгээд урьдчилгаа төлбөрөө төлөөд үлдэгдэл төлбөрийг график гаргаад авъя гэж байна гэж хэлсэн. ...Г.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр арматурын төмрийг чинь гэрээ байгуулж худалдаж авъя гээд 30.000.000 төгрөг өгч, 10 хоногийн зайтай график гаргаж төлбөрөө төлнө гэж гэрээ хийж тохиролцон итгэл олж, нийт 200 тонн төмөр авна гэж гэрээ байгуулаад 138 тонн 44 кг арматурын төмөр ачиж авч явсан. ...компани 44.000.000 төгрөгийн төлбөрөө авсан. Одоо 77.827.200 төгрөгийн төлбөрөө авна. ...” /4 хх 29-30, 95, 5 хх 209/,     

 

гэрч Ц.Уянгын  “...2014 оны 4 дүгээр сарын эхээр “Бадмаараг өргөө” ХХК-ийн захирал Билэгсайхан ирээд манайхтай хамтран ажиллах санал тавьсан. Тэр үед нь би захирал Д.Ариунаатай уулзуулсан. ...2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Бадмаараг өргөө” ХХК-ийн захирал Билэгсайхантай бараа худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн өдрөө Билэгсайхан 30.000.000 төгрөгийг санхүү эрхэлсэн захирал Д.Ариунаагийн ХААН банкны дансруу шилжүүлсэн. Манай төмрийг Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Эрдэнэсийн арал хотхоноос очоод авсан. Гэрээг нэг сарын хугацаатайгаар хийсэн. Долоо долоо хоногоор 36.500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Гэрээнд заасан хугацаандаа төлбөр төлөгдөөгүй. Байнга утсаар яриад шаардаад байсан боловч өгөөгүй...” /4 хх 31/,

 

гэрч Д.Ариунаагийн “...2014 оны 4 дүгээр сард манай менежер Уянга “Бадмаараг Өргөө” ХХК-ийн захирал Билэгсайхан гэх хүнтэй Арматур төмөр зарахаар гэрээ байгуулсан байсан. Би тэр гэрээг баталгаажуулсан... 3 удаагийн ачилтаар 138 тонн 440 кг арматурын төмөр зарсан. Нэг тонныг нь 880.000 төгрөгөөр зарсан. Нийт 121,827.200 төгрөг болсон. Үүнээс урьдчилгаа гээд 30.000.000 төгрөг, дараа нь 2014.4.29-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014.5.7-ны өдөр 5.000.000 төгрөг өгсөн...” /4 хх 32/,

 

гэрч Л.Бат-Итгэлийн “...би 200 тонн арматурын төмөр худалдах, худалдан авах гэрээг бэлдээд өгсөн. Гэрээг манай менежер Уянга нар байгуулсан. Сүүлд Уянга “Бадмаараг өргөө" компани мөнгөө төлөхгүй алга болчихлоо шүүхэд өгнө гээд өгөлгүй нилээд хэд хоногийн дараа цагдаагийн байгууллагад хандсан. ...” /4 хх 33/ гэх мэдүүлгүүд,

 

“Сандэй” ХХК болон шүүгдэгч Г.Б нарын байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Барилгын материал худалдах худалдан авах гэрээ” /4 хх 17- 18/ зэрэг,

 

5. “Тунамал хийц” ХХК-тай 1,823,000,000 төгрөгийн үнэ бүхий 12,000м3 хэмжээтэй бетон зуурмаг худалдан авахаар харилцан тохиролцож, 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ байгуулж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 1,550,000 төгрөгийг урьдчилгаа болгон өгч төөрөгдөлд оруулан  35,475,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хуурч авч, “Тунамал хийц” ХХК-д 33,925,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч “Тунамал хийц” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нарантуяагийн “...“Бадмаараг өргөө” ХХК-ийн захирал Г.Б нь 2014 оны 4 дүгээр сард манай компаний зуурмагийн үйлдвэрээс бетон зуурмаг худалдан авахаар манай захирал Б.Машбаяртай гэрээ байгуулсан байдаг. Тэгээд гэрээний дагуу 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 100 маркаар 22м3 бетон зуурмаг 3.410.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 250 маркаар 156м3 бетон зуурмаг 27.300.000 төгрөг, бетон зуурмаг шахдаг помбо ажиллуулсаны хөлс болох 1.665.000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 100 маркаар 20м3 бетон зуурмаг 3.100.000 төгрөгийн буюу нийт 35.475.000 төгрөгийн бетон зуурмаг манай компани нийлүүлснээс Г.Б нь 2014 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 1.550.000 төгрөг манай компанид төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл 33.925.000 төгрөгийг одоо болтол төлж барагдуулаагүй байна. ...” /8 хх 214-216/,

 

гэрч Ж.Сүхбаатарын “...Би “Тунамал хийц” ХХК-ийн албан ёсны ажилчин бол биш гэхдээ энэ компанитай гэрээгээр ажилладаг бөгөөд өөрийн хувийн миксер машинаараа бетон зуурмаг ачаад авах газар нь хүргэж өгдөг ажил хийдэг байсан. 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өөрийн барьдаг 14-15 УНЕ улсын дугаартай миксер машинаараа “Тунамал хийц” ХХК-аас 7 куб бетон зуурмаг ачаад Төв аймгийн Баянчандмань сумын төв дээр байх барилга дээр хүргэж өгч байсан юм байна. Би нэг л удаа бетон зуурмаг хүргэж өгөх ажилд явж байсан. ...” /5 хх 158/,

 

гэрч Х.Батсайханы: “...Би “Тунамал хийц” ХХК-нд 2013 оны 7 сард анх ажилд орсон бөгөөд уг компанид лаборантын ажил хийдэг, лабаронт нь бетон зуурмаг нийлүүлж, байгаа газар нь очоод өөрийн компаний буулгасан бетон зуурмагнаас сорьц дээж авч шинжилгээнд явуулдаг ажил хийдэг. Билэгсайхан нь манай компаниас 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр бетон зуурмаг аваад уг бетон зуурмагаа Баянчандмань сумын төвд байх барилга дээр нийлүүлнэ, намайг тийшээ яв гэхээр нь би Баянчандмань сум руу явсан. Тэнд очиход сумын засаг даргын тамгын газрын баруун талд барьж байгаа барилгын суурь байсан. Уг суурийн ажилд манайхаас авсан бетон зуурмагийг нийлүүлсэн уг бетон зуурмагаар барилгын суурийг цутгаж байсан. ...” /5 хх 159/,

 

гэрч Б.Машбаярын “...Билэгсайхан нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны үед манай ажил дээр ирээд өөрийгөө “Бадмаараг өргөө” ХХК-ийн захирал бөгөөд манай компани хоёр газар барилга барих гэж байгаа нэг нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол “Чингис Соосээ” сургуулийн тэнд барилга барина нөгөөх нь Баянзүрх дүүргийн “Амгалан”-д барилга барих гэж байгаа гээд манайхаас бетон зуурмаг авна гээд надтай бетон зуурмаг худалдан авах тухай хоёр янзын гэрээг байгуулсан. ...Манайх гэрээндээ заасны дагуу нийлүүлэх бетон зуурмагаа 2014 оны 5 дугаар сарын 7-ноос эхлэн нийлүүлсэн байдаг. ... 2014 оны 8 сард Билэгсайхан нь манайхаас 35 сая гаран төгрөгийн зуурмаг аваад 1.550.000 төгрөгийг нь өгөөд үлдсэн 33.925.000 төгрөгийг өгөөгүй өртэй болсон байсан. Одоо энэ хүнээс бид нар нийт төлбөрийн мөнгө болох 33.925.000 төгрөгийг нэхэмжилж гаргуулан авах хүсэлтэй байгаа. ...” /5 хх 160/ гэх мэдүүлгүүд,

 

“Тунамал хийц” ХХК болон “Бадмаараг өргөө” ХХК хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 014/02, 014/03 дугаар “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” /5хх 133-140, 145-152/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

            Түүнчлэн, Г.Бы гэмт хэрэг үйлдсэн хугацаанаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлоос төлөөгүй нь Г.Бы “Залилах” гэмт хэргийн санаа зорилго, гэм бурууг давхар нотлож байна.

 

Хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг мөрдөн байцаалтад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Г.Бы гэмт хэрэг үйлдсэн 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрүүдэд буюу тухайн цаг хугацаанд мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “...арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” нь түүний үйлдсэн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх цаг хугацаанд мөрдөгдөж буй Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д  “...хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял...” болж хорих ялын хугацаа нь хөнгөрсөн байх тул Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасанд нийцүүлэн Г.Бы үйлдэлд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Г.Бы энэхүү хуурч, зохиомол байдлыг бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж:

Д.Дашзэвэг, Р.Баянбулгаа нартай бүлэглэн Т.Өлзийсүрэнд 156,775,000 төгрөгийн хохирол учруулсан,

ганцаараа иргэн С.Ононтунгалагт 143,450,000 /128,450,000+15,000,000/ төгрөгийн хохирол учруулсан, “Сандэй” ХХК-д 77,827,200 төгрөгийн хохирол учруулсан, “Тунамал хийц” ХХК-д 33,925,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 5 удаагийн үйлдлээр 411,977,200 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн “...Хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох ...замаар бусдыг төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол...” гэсэн гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэсэн хүндрүүлэх шинжтэй байна.

 

Анхан шатны шүүхийн Г.Бы үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 201401030350 дугаартай эрүүгийн хэргийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ”...яллагдагч Г.Б оргон зайлсан...” гэсэн хуульд заасан үндэслэлээр түдгэлзүүлж, Г.Быг эрэн сурвалжлах тодорхой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаануудыг явуулж байсан болох нь хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд /5 хх, 7 хх, 8 хх/-аар тогтогдож байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгит “...яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчлэн ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно...” гэж зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэл тогтоогдсонгүй.   

 

Шүүгдэгч Г.Бы үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан онц их хэмжээний хохирол учирсан бөгөөд түүний үйлдлүүд нь мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдэхээр байгаа нь 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад тус тус заасан өршөөлд хамааруулахгүй заалтад багтжээ.

 

Г.Б, Д.Дашзэвэг, Р.Баянбулгаа нарын бүлэглэн хохирогч Т.Өлзийсүрэнг хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулан залилж 156,775,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн яллагдагч Б.Дашзэвэг, Р.Баянбулгаа нарын үйлдлийг тус тус 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 44, 45 дугаартай прокурорын /9 хх 162-179/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба 156,775,000 төгрөгийн хохирлоос Б.Баянбулгаа нь 37,020,000 төгрөг, Б.Дашзэвэг нь 27,000,000 төгрөгийн хохирлыг төлсөн бөгөөд үлдэх хохирлыг шүүгдэгч Г.Баар төлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “...Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцна...” гэсэн заалтад нийцсэн байна.

 

   Хохирогч “Сандэй” ХХК, “Тунамал хийц” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон /4 хх 16, 4 хх 28, 5 хх 123-124, 8 хх 211/ байхад анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хохирлыг олгохоор шийтгэх тогтоол /тогтоох хэсгийн 4 дэх заалт/-д заасан нь буруу байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг энэхүү магадлалаар оруулах нь зүйтэй.

 

Харин Г.Бы Б.Баянбулгаа, Б.Дашзэвэг нартай бүлэглэн 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Өлзийсүрэнгийн “50 тонны онгоцны өндөр шаталттай ABGAS 100LL бензинийг 2014 оны хавар хүртэл хадгалж өгөөд хамтарч ажиллана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.Өлзийсүрэнг төөрөгдөлд оруулж, хуурч мэхлэх аргаар 2013 оны 10 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд 21,600 литр, 2013 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд 41,110 литрийг буюу нийт 62,710 литр “ABGAS 100LL” бензинийг Т.Өлзийсүрэнд мэдэгдэлгүйгээр зарж борлуулан 156,775,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хохирогчоор тогтоогдсон Т.Өлзийсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нас баржээ /8 хх201/. Хэрэгт бэхжүүлэгдсэн баримтаар Г.Б, Б.Баянбулгаа, Б.Дашзэвэг нарын Т.Өлзийсүрэнгээс залилан авсан өндөр шаталттай 62,710 литр ABGAS 100LL бензинийг Латви Улсын Рига хотын SIA “VABOILS” компанийн захирал Владимир Белюнтэй хийсэн гэрээний дагуу Монгол Улсын “Уно Ийгл Эйрсервис” компани Монгол Улсад оруулж ирсэн /1 хх 135/ байх ба тус хоёр этгээдийн харилцан тохиролцоогоор тус хэргийн хохирогчоор Д.Цоггэрэлийг оролцуулахаар болсон байх тул /8 хх 204-206/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Цоггэрэлийг тогтоож /8 хх 207, 208/ хохирлыг түүнд олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч нарын гаргасан “...Г.Бд холбогдуулсан үйлдлүүд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.  

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/950 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Бат-Өлзийгийн Амийжин /ЧЖ82082772/-д 77.827.200 /далан долоон сая найман зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Цэцэгмаагийн Нарантуяа /ЦГ84112701/-д 33.925.000 /гучин гурван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг...” гэснийг “...хохирогч “Сандэй” ХХК /РД:2068966/-д 77,827,200 /далан долоон сая найман зуун хорин долоон мянга хоёр зуу/ төгрөгийг, хохирогч “Тунамал хийц” ХХК /РД:5115523/-д 33,925,000 /гучин гурван сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

 

                      ШҮҮГЧ                                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                      ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ