Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00649

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/00649

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М  /РД:ЧИ68070215/-ын нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч:  Х  ХХК-д холбогдох

 

Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.М ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оноос 2019 оны 12 сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Х  ХХК-д ББТАӨБ газрын мэргэжилтнээр ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл тус банкны хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Ань 2019 оны 12 сарын 06-ны өдөр 26/2806 дугаар тушаал гаргаж, хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүлийн 131.1.3, Х ны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дах заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлж байгааг эс зөвшөөрч байна. Миний хувьд хууль тус байгууллагын дүрэм журам зөрчсөн асуудал огт байхгүй бөгөөд ажлаас халах гол үндэслэл болгож байгаа Албан томилолтын зардал илүү тооцуулж, хувьдаа ашигласан гэх ямар нэгзүйл огт байхгүй талаар тус банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяад гомдол гаргасан боловч буцаан ажилд авах боломжгүй гэсэн хариуг хүний нөөцийн газраас Б.Абичгээр өгсөн. Иймд миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, хууль бус үйлдлийг таслан зогсоолгох үүднээс шүүхэд хандаж байна. Тухайн гаргасан зөрчилгэдэг нь 2019 оны 9 сарын 09-ны өдрөөс 2019 оны 9 сарын 14-ний өдрийн хооронд Булган аймаг, Орхон аймаг, Жаргалант тосгон, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, тус сумын 1 баг, Шар усны эх, Сэлэнгэ аймгийн Сайхан сумаар орж Дархан-Уул, Сэлэнгэ аймагт очиж ажилласан үе байдаг. Тухайн бүс нутгийн улсын авто зам засвартай ажлын нөхцөл байдал хүнд байсан, Дархан аймгаас гарахдаа ажлын томилолтыг бөглүүлж гараад сумаар ажлаа хийж явж байгаад 2019 оны 9 сарын 13-ны өдрийн 19 цагийн үед Төв аймгийн Баянчандмань суманд ирсэн. Гэвч ажил дууссан байсан тул Дархан орж хонох гэхээр зам засвартай 160 орчим км явж очих байсан тул тухайн нөхцөл байдлыг үнэлж шууд Улаанбаатар хот руу 72 км явж шөнө 23 цагийн орчим ирсэн байдаг. Бидний томилолтын хугацаа 9 сарын 14-ний өдрийг хүртэл орон нутагт ажиллах ёстой байсан бөгөөд энэ талаар 2019 оны 10 сарын 09-ний өдөр байгууллагад товч тайлбар гаргаж өгсөн. Гэтэл тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй бидний тайлбар болон дотоод хяналт шалгалтаар гэм буруугүй болох нь нотлогдох байсаар байтал ямар нэг өөр арга хэмжээ авалгүй ноцтой зөрчил дутагдалтай мэтээр ажлаас халж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хууль бус тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан зөрчигдсөн эрхийг сэргээлгэж өгнө үү. Түүнчлэн миний бие нэхэмжлэл гаргаснаас хойш шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдвэрлээгүйгээс болж банк өөрсдийн дураар миний гэр бүлийн хүн болох Д.Д-н данснаас хүртэл мөнгө авч зээл төлүүлж, хууль бус үйлдлэ гаргаж байна. Иймд ажилтны орон сууцны зээлийн хугацаа болон хүүг хэвээр байлгаж, 2005 оноос хойш хэрэглэж байгаа 99095054 гар утасны дугаарыг миний эзэмшилд байлгуулах зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэв.  

 

Хариуцагчийн төлөөлөгч Х.С, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Х  ХХК нь нэхэмжлэгч Д.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 26/2806 тоот тушаалаар цуцалсан бөгөөд тус тушаал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид ницсэн хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.М  нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ шударгаар гүйцэтгээгүй, банкны ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гаргасан тул ажил олгогч банкны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул Х ны зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Томилолтоор явах хугацаандаа ажлаа хэрхэн гүйцэтгэсэн, хэнтэй уулзсан тухай үйл баримтад хамаарахгүй. Хамгийн гол асуудал нь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, хөдөлмөрийн тухай хуулийн 41.4 дэх хэсэгт заасныг үндэслээд Д.М  нь томилолтоор явах хугацаандаа ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй, томилолтын мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн, завшсан гэдэг нь дотоод аудитын дүгнэлт, үйл баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, Д.М , жолооч Түвшинжаргал нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд томилолтоор ажиллахаар албан томилолтоо бичүүлээд Х наас гарсан. Албан томилолтоор ажиллаж байх хугацаандаа хамгийн сүүлд Дархан-Уул аймагт 3 хоносон гэсэн баримт бүрдүүлж ирсэн. Тус баримтууд хэрэгт авагдсан. Хамгийн гол баримт нь томилолтын хуудас бөгөөд 09 сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан гэх байдлаар Дархан-Уул салбарын захирлаар гарын үсэг зуруулсан. Рояал зочид буудалд 09 дүгээр сарын 11,12,13-ны өдрүүдэд байрласан гэж буудлын төлбөрт 180 000 төгрөг төлсөн гэх баримт бүрдүүлсэн. Томилолтоор ирснийхээ дараа эдгээр баримтаа бүрдүүлээд, санхүүгийн албанаас томилолтын зардал, үлдэгдэл зардлаа тооцуулж авсан. Томилолтоор ажиллахаасаа өмнө 09 дүгээр сарын 07-ны өдөр урьдчилгаа 300 000 төгрөг, зөрүү мөнгө 117 000 төгрөг, нийт 417 000 төгргийг Д.М  өөрийнхөө дансруу шилжүүлэн авсан. Томилолтын хуудсаа хаалгахдаа захирлаар гарын үсэг зуруулдаг бөгөөд тэр үедээ нэхэмжлэгч нь Улаанбаатарт хотод 09 дүгээр сарын 13-ны өдөр ирсэн гэдгээ үнэн зөвөөр мэдүүлээгүй, 14-ний өдөр ирсэн гэж томилолтын хуудсаа хаалгасан. Мөн томилолтын зардлаа хэрхэн яаж зарцуулсан талаараа үнэн зөв мэдүүлээгүй, Дархан зочид буудалд 3 хоног байрласан гэх боловч 2 хоног байрласан нь тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтаар буудлын зардлыг үнэн зөвөөр мэдүүлээгүй Нэг өдрийн зочид буудлын зардлыг илүү авснаа няцаах зорилгоор Х ХХК-иас албан бичиг гаргуулсан. Уг албан бичигт 09 дүгээр сарын 14-ний өдөр байрлах зардлаа төлсөн, хувьдаа мөнгө хэрэглэсэн зүйл байхгүй, шаардлага гараад тухайн өдөр зочид буудалд байрлаагүй бас буудлын зардлаа буцаан аваагүй гэж тайлбарласан. Саяны гаргаж өгсөн нотлох баримт нь Рояал зочид буудлын эрх бүхий этгээд нь Х ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд тодорхойлт гаргаж өгсөн, эдгээр хүмүүс нь манай зочид буудалд огт байрлаагүй гэсэн албан бичиг ирүүлсэн. Байршил илрүүлдэг төхөөрөмжөөр хаагуур явсан, хэзээ ирсэн нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд Д.М ыг ажлаас чөлөөлсөн 26/2806 тушаал хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамын 5.7.3-т заасан заалттай дээрх үйлдэл нь хэв шинжээрээ тохирч байгаа. Мөн дээрх ноцтой зөрчлийг дотоод аудит шалгаж, тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М  хариуцагч Х  ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлсөн 26/2806 дугаар тушаалыг хүчингүй болгож, Банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М  нь нэхэмжлэлийн шаардлагаа Ажилтны орон сууцны зээлийн хугацаа болон хүүг хэвээр байлгах, 2005 оноос хойш хэрэглэж байгаа 99095054 гар утасны дугаарыг өөрийн эзэмшилд байлгах гэж нэмэгдүүлсэн боловч уг шаардлагаасаа татгалзсан тайлбар гаргаж байх тул энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.М  нь 2005 оноос хойш Х  ХХК-д ажиллаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч тал маргаагүй бөгөөд тус банкны захирлын 2017 оны 12 сарын 26-ны өдөр 06/4673 дугаар тушаалаар Д.М ыг тусгай активын газрын мэргэжилтнээр томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 5, 37,62/

 

Харин Х  ХХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 26/2806 дугаар тушаалаар, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Х ны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтыг үндэслэн ...албан томилолтын зардал илүү тооцуулж хувьдаа ашигласан ноцтой зөрчил гаргасан үндэслэл зааж Д.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч байгууллага нь тушаалын үндэслэлээ ...Д.М  нь албан томилолтын зардал илүү тооцуулж хувьдаа ашигласан үйлдлээр Х ны албан томилолтын журмын 7.3, Х ны ёс зүйн дүрмийн 2.1.9, 5.1.1, 5.2.1, Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.3.1, хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.9, 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д заасан ноцтой зөрчил гаргасан нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх тайлбарыг гаргаж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэм, албан томилолтын журам, ажлын байрны тодорхойлолт, аудитын дүгнэлт /хх-ийн 54-101/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг гаргажээ.

 

Хөдөлмөрийн гэрээг нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах харилцан үүрэг хүлээсэн тохиролцооны дагуу байгуулдаг ба энэ нь талуудын хөдөлмөрлөх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулж, үүнийгээ талууд хөдөлмөрлөх явцдаа дагаж мөрдөх, сахин биелүүлэх үүрэгтэй байдаг.

Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэдэгт ажлын байр, гүйцэтгэх ажлын онцлогт тохируулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож, тухайн зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд тусгасан байхыг ойлгох бөгөөд хариуцагч байгууллага нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7-д /байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4.4/ тушаалд заасан үндэслэлийг тохирсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс Д.М  нь 2019.09.09-ний өдрөөс 2019.09.14-ний өдрүүдэд Булган-Орхон-Сэлэнгэ-Дархан гэсэн чиглэлийн дагуу томилолтоор ажиллахдаа томилолтын хугацаанаас 1 өдрийн өмнө буюу 2019.09.13-ны өдөр ирсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч уг асуудлаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.М  нь томилолтын хугацаанаас 1 өдрийн өмнө ирж байгаа талаараа өөрийн удирдлага болох ББТАӨБГ-ын захирал Ж.Хосбаярт тухайн үед утсаар мэдэгдсэн талаар тайлбар гаргасныг хариуцагч тал маргаагүйн дээр, хариуцагч байгууллага нь дотоод албан томилолтын зөвшөөрлийн хуудсаар томилолтыг тооцож олгосон баримт хэрэгт авагдсан байна.

Талууд хөдөлмөрийн гэрээний 5.7-д ноцтой зөрчлийг харилцан тохиролцсон байх боловч томилолтын хугацаанаас 1 өдрийн өмнө ирсэн байдал нь Х ны захирлын тушаалын үндэслэл болгосон Хөдөлмөрийн гэрээний гэрээний 5.7.3, 5.7.4, 5.7.13, 5.7.27-д нэрлэн заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд хариуцагч талын ...хөдөлмөрийн гэрээний дээрх заалтууд нь хэв шинжээрээ тохирч байгаа гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч байгууллага нь тушаалын үндэслэлээ дурдаагүй буюу Д.М  нь Дархан-Уул аймагт томилолтоор ажиллахдаа Х ХХК-ийн Royal зочид буудалд байрласан гэж тооцооны хуудас ирүүлж тооцоо хийсэн нь хуурамч байсан гэж тайлбарлаж, нотлох баримт гаргаж ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Д.М  ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй байх ба нэхэмжлэгч Д.М ын ажилгүй байсан 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажлын 70 хоногийн олговор 6 083 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.М ын цалинг нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээс /хх-ийн 37/ Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалын 7 дугаар зүйлийн а-д заасны дагуу тооцоход нэхэмжлэгч нь сард 1 868 357 төгрөгийн /сүүлийн 3 сард авч байсан цалингийн дундажаар/ цалин авсан байх ба 70 өдрийн /1 868 357:21,5= 86 900 / ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээг 6 083 000 төгрөгөөр /86 900 х 70 өдөр/ тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагч байгууллагаас хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч Д.М  нь 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 26/2806 тоот тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2019 оны 12 сарын 17-ны өдөр буюу хуулийн хугацаанд шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 , 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М ыг Х  ХХК-ийн банкны тусгай актив, өр барагдуулах газрын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 6 083 000 төгрөгийг хариуцагч Х  ХХК-иас гаргуулан Д.М ад олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.М ын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг Х  ХХК-д даалгасугай.

3. Нэхэмжлэгч Д.М  хариуцагч Х  ХХК-д холбогдуулан ажилтны орон сууцны зээлийн хугацаа болон хүүг хэвээр байлгах, 2005 оноос хойш хэрэглэж байгаа 99095054 гар утасны дугаарыг өөрийн эзэмшилд байлгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Д.М аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70 200 төгрөгийг 2191201137358 нэхэмжлэхийн дугаартай Төрийн сангийн 100200100941 данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.М ад олгож, хариуцагч Х  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 112 278 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ