Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/00226

 

 

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/00226

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: М -ийн нэхэмжлэлтэй

  Хариуцагч: А  ХХК-д холбогдох,

  БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр болох 139 951 юань буюу 41 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авав.

                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ өөрчилж, өнөөдөр зөвхөн барааны үнээс завшиж, шамшигдуулсан 41 000 000 төгрөгийн шаардлагыг нэхэмжилж, энэ асуудлыг шийдвэрлүүлнэ. М нь багш ажилчиддаа зориулж 72 айлын орон сууцыг бариулсан бөгөөд уг барилгын гадна, дотно сантехникийн ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 4 сарын 9-ний өдөр А  ХХК-ийн захирал М.Б  байгуулсан. Энэ гэрээний дагуу 2014 оны 03 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэл А  ХХК нь Монгол дээд сургуульд сантехникийн ажил хийсэн. Эдний компанийн захирал нь манай барьж байгаа байраас 3 өрөө байр авч, 2 өрөө байранд нь сантехникийн ажил хийж өгөөд үлдсэн 60 000 000 төгрөгийг төлөөд гэрээ хийж явсан. Хариуцагч компанийн захирал М.Б  , инженер Т.Бнар орж ирээд бид нар Эрээн хотоос бараа авах юм бол 30-40 хувь хямд авах юм байна гэж үнийн санал үзүүлсэн. Би үнийн саналыг судал гэж хэлсэн. Ингээд манай сургуулиар бүх төсөв томилолтын зардлыг даалгаад манай эхнэр Ө.Т, манай хүү Д.Д  нарыг дагуулаад Эрээн хот руу очиж, Улаанбаатар хотоос 30 хувийн хямдаар бид сонголтоо хийнэ гэж явсан. Авах материалыг манай хүмүүс мэдэхгүй учир барааны жагсаалтыг Т.Бхийсэн гэдэг. Эрээн хотод очоод эхний өдөр бөөнөөрөө барилгын дэлгүүрүүдээр явж материалын үнэ судалсан байдаг. Т.Б , Б  нар монгол дээрх барааны жагсаалтаа хятад хэл дээр хөрвүүлсэн. Хятад хэл дээр 38 төрөл зүйлийн жагсаалтаа гаргачихаад Эрээн хотын дэлгүүрүүдэд өгсөн байгаа юм. Т.Б4-5 дэлгүүрт тийм материал өгсөн гэсэн. Ингээд Эрээн хотын Dun Yun дэлгүүрээс бараа авахаар болж манай эхнэр Ө.Тт би захирал нь гээд хэлсэн, та мөнгөө тоолж өгөөд л гараарай гэсэн байдаг. Тунгалагийг ороход танай авах барааны үнэ гэж тамга тэмдэггүй, гарын үсэггүй, 366 000 орчим юанийн падаан өгч, ингээд 80 орчим сая төгрөгийн тооцоог хийж, Т.Буг барааг нэг бүрчлэн тоолж авахаар үлдсэн байдаг. Энэ процесст эрүүгийн хэрэг үүсгэгдээд Т.Бмэдүүлэг эрүүгийн хэрэгт 2 удаа байцаалт өгөхдөө хоёуланд нь хэлсэн байдаг. Уржигдар мэдэн будлиад би согтуу байсан гэж хариулахгүй байсан. Т.Бматериал авах гээд үлдсэн. Т.Б, Б  нарт 2 падаан өгсөн гэдгийг Т.Бгэрчилдэг. Сүүлд нь цүнхнээсээ алдсан гэж тайлбарладаг ийм л процесс болсон. Хятадын гаалиар гарах асуудлыг А  ХХК хариуцсан. Хятадын гаалийн асуудлыг шийдсэн. Манай эхнэрээс 2 000 юанийг манай эхнэрээс авсан. Монголын гаалиар тэр бичгээрээ гарсан. Улаанбаатарт нэг хоногийн дараа ирээд Мдээр бүх барааг хүлээлгэж өгөөд гарын үсэг зурсан, хүлээлцсэн гарын үсгүүд энд байна. Эндээс Т.Бсүүлд нь намайг ажлаас халчихлаа, надад 3 өрөө байр өгнө гэсэн ажлаас халсан, одоо үнэн байдлыг хэлнэ гэсэн. Жинхэнэ хуурамч 2 падаан байсан юм. Нэг нь 200 000 юаньтай, нөгөө нь 366 000 юаньтай гэж хэлсэн. Би Т.Бын хэлсэн үгийг бичээд цагдаагийн байгууллагад очиж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөрдөн байцаалтаар залилан хийсэн байна гэж бүрэн тогтоогдсон. Энэ падаан хуурамч байна гэдгийг шинжээч нар тогтоосон, Улаанбаатараас илүү үнээр бичсэн байна гэсэн. Ингээд эрүүгийн хэрэг үүсээд явж байсан чинь прокурор хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хуурамч падаан ашигласан, үнийн зөрүүтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэхдээ энэ бол залилангийн шинжтэй хэрэг биш, иргэний хэрэг байна гэж энэ үнийн дүнг зөвшөөрсөн. Шинжээч 41 000 000 төгрөг гэж тухайн үеийн ханшаар бодсон. Харин бид юаниар нэхэмжилж байна. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгө завшсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ээр шаардаж байна гэв.

Хариуцагч А  ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Нэг үйл баримтад маргахгүй. Нэхэмжлэгч талаас 2 хүн, хариуцагч талаас 2 хүн, нийт 4 хүн БНХАУ-ын Эрээн хот руу барилгын материал авахаар явсанд маргахгүй. Үнийн саналыг дэлгүүрүүдэд өгч, Ө.Т гэж Н.Д эхнэр өөрөө очоод, өөрөө мөнгөө төлж, өөрөө падаанаа авч, өөрөө БНХАУ-ын хил гаалиар Т.Бтой хамт бараа материалаа гаргаад Монголын хилээр өөрөө гаргаад Зам-Үүдээс Улаанбаатар луу өөрөө ачуулаад Монголд өөрөө буулгаж аваад камертай агуулахдаа өөрөө буулгаж авсан. Тэндээсэээ бага багаар гаргаж өгөөд гаргаж өгсөн материалаар нь А  ХХК угсралтын ажил хийгээд байшин нь бүрэн, бүтэн одоо 5 жил болж байна. Тэр барилгыг Улсын комисс хүлээж авсан. Харамсалтай нь энэ хүн хавьтсан ойртсоныгоо цагдаад өгдөг. Миний үйлчлүүлэгчийг жил 6 сар эрүүгийн хэрэг үүсгэж тамлан зовоосон. Эцэст нь 3 удаа Улсын ерөнхий прокурорын газар хүртэл явж байсан. Одоо хэрэг миний үйлчлүүлэгчийг цагаатгасан. Эрүүгийн хэрэг шалгаж явж байхад нэхэмжлэгч 25 000 000 төгрөг нэхэмжилж байсан, дараа нь ямар аргаар бодсон юм 41 000 000 төгрөг болсон. А  ХХК залилаад мэхэлсэн зүйл байхгүй. Урагшаа 4 хүн явсан гэдэг маань Ө.Т, Д.Д, Т.Б, М.Б   нар барилгын материал авах гээд хувийн журмаар явсан, ямар нэг компани яваагүй. Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй А  ХХК-д холбогдох хэрэгт ийм юм нэхээд байгаа нь ойлгомжгүй. А  ХХК болон М1 ширхэг боолт оруулж ирсэн гэдэг баримт хавтаст хэрэгт байхгүй. Компанийн нэрээр оруулж ирээгүй. Талуудын гэрээнд А  ХХК бол зөвхөн гүйцэтгэгч, угсралтын ажил хийнэ, бараа материалыг Мнийлүүлнэ гэсэн тэрний дагуу нийлүүлсэн. Тийм учраас Монгол дээд сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М хариуцагч А  ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан нэр бүхий 15 шаардлагаа шүүх хуралдааны явцад дараах байдлаар өөрчилж, БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахдаа хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр 139 951 юань буюу 41 000 000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Мнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Мнь багш ажилчиддаа зориулж 72 айлын орон сууцыг бариулсан бөгөөд уг барилгын гадна, дотно сантехникийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр А  ХХК-ийн захирал М.Б  гэрээ байгуулсан. ...уг сантехникийн материалыг БНХАУ-ын Эрээн хотоос 30 хувийн хямд авна гэж итгүүлж явсан боловч биднээс үндэслэлгүй их хэмжээний зардал гаргуулж нийт 139 951 юань буюу 41 000 000 төгрөгийг завшсан тул уг мөнгийг гаргуулна гэж тайлбарласныг, хариуцагч тал А  ХХК залилаад мэхэлсэн зүйл байхгүй. Урагшаа 4 хүн явсан гэдэг маань Ө.Т, Д.Дөлбат, Т.Б, М.Б   нар барилгын материал авах гээд хувийн журмаар явсан, ямар нэг компани яваагүй. Монгол дээд сургуулийн нэхэмжлэлтэй А  ХХК-д холбогдох хэрэгт ийм юм нэхээд байгаа нь ойлгомжгүй, ямар ч үүрэг хүлээгээгүй, иймд хариуцагч биш гэж, нөгөөтэйгүүр уг асуудлыг цагдаагийн байгууллага 3 жил шахам шалгаад хэрэгсэхгүй болгосон. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч А  ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд буюу компанийн захирал нь М.Б   болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагчийн төлөөлөгч уг бараа материалыг авахаар 4 иргэн л явсан тул энэ асуудал А  ХХК-д хамааралгүй гэх тайлбар гаргаж байх хэргийн үйл баримтаас дүгнэхэд хариуцагч А  ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй байна.

Тодруулбал, талуудын хооронд 2014 оны 04 сарын 9-ний өдөр Монгол дээд сургуулийн 72 айлын орон сууцны гадна, дотор сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээний ажилд зориулсан сантехникийн материалыг авах зорилгоор М-с нягтлан бодогч Ө.Т, Д.Д, А  ХХК-иас М.Б  , инженер Т.Б нар БНХАУ-ын Эрээн хотоос сантехникийн материал авахаар явж, улмаар уг материалыг худалдан авч, М хүлээлгэн өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ асуудлаар талууд маргаангүй байна.

Харин М.Б   нь 38 нэр төрлийн хямд үнээр худалдаж авсан материалуудаа БНХАУ-ын Эрээн хотын Dun Yun үйлдвэрийн дэлгүүрээс 2 өөр төрлийн үнэтэй хуурамч падаан бичүүлэн авч, улмаар 139 900 юань буюу 41 000 000 төгрөгийг завшсан бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Б болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, үнэ бичсэн падаан болон бусад баримтуудаар нотлогдоно, эрүүгийн хэрэгт энэ талаар тогтоосон гэж нэхэмжлэгч тал тайлбар гаргаж байна.

Дээрх асуудлаар М Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, М.Б  д холбогдуулан 2015 оны 6 сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байх ба Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 4 сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 53 дугаар тогтоолоор ...хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудааас дүгнэж үзэхэд М.Б   нь бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар хуурамч падаан ашиглаж 25 000 000 төгрөг ...залилан мэхэлсэн болох нь тогтоогдохгүй... гэх үндэслэлээр М.Б  д холбогдох 201501000068 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ./1-р хх-ийн 32-33/

Түүнчлэн эрүүгийн хэрэгт илүү өндөр дүнтэй хуурамч падаан бичүүлж, дундаас нь мөнгө залилсан гэх М.Б  ын үйлдлийн тухайд гэрч Т.Б нь удаа дараа өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгсөн, мэдүүлэгийнхээ эх сурвалжийг нотолж чадаагүй, түүний мэдүүлгүүд нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй ...нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгч М хариуцагч А  ХХК-ийн захирал М.Б  ыг 139 900 юань буюу 41 000 000 төгрөгийг завшиж, шамшигдуулсан энэ нь эрүүгийн хэргээр шалгаж тогтоогдсон гэж тайлбарлаж эрүүгийн хэргээс бичгийн нотлох баримтуудыг гаргаж ирүүлсэн хэдий ч эдгээр баримтуудаар Монгол дээд сургуульд нэхэмжлэлд дурдсан хохирлыг бодитоор учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч М нь хариуцагч А  ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, 2016 оны 4 сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 250 дугаар Хөрөнгө үнэлсэн тухай тайланд БНХАУ-ын Эрээн хотын Dun Yun дэлгүүрээс авсан 38 нэр төрлийн бараа материалын үнийг ...Эрээн хотод борлуулагдаж байсан зах зээлийн үнэтэй харьцуулсан байдлаар гаргаж, үнэлгээний ажлыг хийсэн. гэсэн байх ба дээрх дүгнэлтээр хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарлах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан М хариуцагч А  ХХК-иас хуурамч падаан ашиглан хөрөнгө шамшигдуулсны төлбөр 139 951 юань буюу 41 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол дээд сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 412 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 093 997 төгрөгийг улсын орлогоос гаргуулан М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

Б.МӨНХБАЯР