Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 349

 

 

 

 

 

 

                                                                                               

Д.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Хатанцэцэг,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1705003520564 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Д.А нь 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Би центрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Цэц капитал” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн, кассын няраваар ажиллаж байхдаа барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнд үйлчлүүлэгчийн мэдээллийг зохиож бичих, үйлчлүүлэгчийн барьцаалсан эд зүйлийг өөр нэрээр дахин барьцаалсан мэт баримт үйлдэх, барьцаалсан эд хөрөнгийг өөр газарт давхар барьцаалах зэрэг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар “Цэц капитал” ХХК-д 7,070,000 төгрөг, иргэн Б.Түмэнжаргалд 368,000 төгрөг, нийт 7,438,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэмт хэргийгалбан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Д.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12,240,000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлсийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.А нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.А би 11, 5 настай хүүхдүүдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй юм. Амьдралдаа анх удаа алдаж бусдад хохирол учруулсан, хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж хохирлыг нь төлж барагдуулсан юм. Миний бие хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшихээс гадна хохирол төлж бусдад учруулсан буруутай үйлдлээ ухаарч байна. Миний бие буруугаа ухаарч, гэмшиж байгаа учраас хохирол төлбөр болох 7.438.000 төгрөгийг цалингийн зээд авч төлсөн. Одоо миний бие сард 350.000 төгрөг төлж байгаа надад оногдуулсан 12.240.000 төгрөгийн торгуулийн ялыг өрх толгойлсон эмэгтэй би төлөхөд хүнд байдалд орж байна. Надад оногдуулсан торгох ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Санчиндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шүүгдэгч Д.Аыг анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 12.240.000 төгрөгөөр торгож, уг торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.А нь 5 настай хүү Чингүүн, 11 настай охин Амирлан нарын хамт амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй юм. UB DREAM авто ломбарданд эдийн засагчаар ажилладаг бөгөөд сарын 700,000 төгрөгийн цалинтай. Цалингийн зээл авч 7,438,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хуулийн шаардлагыг шүүгдэгч Д.А бүрэн хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Давж заалдах шатны шүүхэд нотлох баримт гаргаж өгч болохгүй ч гэсэн зээлийн гэрээг нь өнөөдөр авчирсан байна. Шинэ төрлийн вирустэй холбоотой хорио, цээр тавигдсан байхад буюу эдийн засаг хүнд хэцүү байгаа үед 12.240.000 төгрөгийг өрх толгойлсон эмэгтэй 6 сарын хугацаанд төлж барагдуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд шүүгдэгч Д.Аын хувийн байдал болон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн байдлуудыг харгалзан үзэж, торгох ялыг нь 2 жилийн хорих ялаар сольж, уг хорих ялыг нь мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Хатанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Н.Санчиндорж нар гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан, шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон гэж үзэж байна. Иймд өмгөөлөгч Н.Санчиндоржийн гаргасан саналын дагуу шүүгдэгчийн ялыг хүндрүүлж шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Д.А нь 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жи Би центрийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг “Цэц капитал” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн, кассын нярваар ажиллаж байхдаа барьцаат зээлийн үйлчилгээний гэрээнд үйлчлүүлэгчийн мэдээллийг зохиож бичих, үйлчлүүлэгчийн барьцаалсан эд зүйлийг өөр нэрээр дахин барьцаалсан мэт баримт үйлдэх, барьцаалсан эд хөрөнгийг өөр газарт давхар барьцаалах зэргээр “Цэц капитал” ХХК-аас 7,070,000 төгрөгийг болон иргэн Б.Түмэндэмбэрэлийн барьцаалсан 368.000 төгрөгийн үнэ бүхий алтан ээмгийг завшиж, нийт 7,438,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Д.Аын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Би Цэц капитал ХХК-д 2016 оны 4 дүгээр сард зээлийн мэргэжилтнээр ажилд орж байсан. Ажилд орсноос хойш нэг сар орчмын дараагаас зээлийн мэргэжилтэн, кассын нярав гэх ажлыг хавсран хийж гүйцэтгэж эхэлсэн. ... 5 ширхэг цувсан церконтой 5,85 сорьцтой монетон ээмэг энэ ээмгийг би Сайн ломбарданд барьцаанд тавьсан ба авч чадаагүй байж байгаад алдсан байгаа. Шар шувуутай монетон бөгжийг ажлынхаа хүнд 172,000 төгрөгөөр зараад мөнгийг нь өгч чадалгүй үрээд дуусгасан.

...Ганчимэгийн барьцаанд тавьсан байсан өрөөсөн ээмгийг Сайн ломбарданд барьцаанд тавьж байсан ба дараа нь эргүүлээд хийчихнэ гэж бодож тавьсан.

...Б.Түмэндэмбэрэлийн   навчин хэлбэртэй алтан ээмгийг Баянгол дүургийн   12-р  хорооны  нутаг дэвсгэрт байрлах "Ганхарцага"  нэртэй ломбарданд түр барьцаанд тавьчихсан одоог хүртэл сунгаад явж байгаа...

...14 баримтанд дурдагдсан эд зүйлсийг би өөрөө хариуцаж хохирлыг төлж барагдуулна. Эдгээр зүйлсийг би таньдаг хүндээ гаргасан, мөн өөрөө овог нэр хаяг зохиож баримт үйлдэж хийгээд мөнгийг нь өөртөө ашигласан юм. Би барьцааны эд зүйлсийг нь дэлгүүрээс хямдхан зүйл худалдаж аваад хийчихдэг байсан. Дээрхи зүйлсүүд нь үнэт эдлэл биш хуурамч дуураймал зүйлс юм. Яг тэр дэлгүүрээс гэсэн юм байхгүй хаанаас ч хамаагүй л авдаг байсан. Хуурамч эд зүйлс ашиглан Цэц капиталаас мөнгө гаргаж өөртөө ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа өөрийн учруулсан хохирлоо төлж барагдуулна. ..." гэх мэдүүлэг /1 хх 98-100, 167-172, 191-194/,

 

хохирогч "Цэц капитал" ХХК-ийн төлөөлөгч Т.Солонгын “...Манай "Цэц капитал" ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар бэлэн мөнгөний нярваар ажиллаж байсан Д.А нь үйлчлүүлэгчдээс удаа дараа хуурамч эд зүйл болон чанарын шаардлага хангахгүй гэмтэлтэй гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлийг удаа дараа барьцаанд авч байгууллагад хохирол учруулсан болохыг байгууллага 2017 оны 5 дугаар сард мэдсэн. Учир нь Д.А 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад оронд нь миний бие Д.Аын ажлыг хүлээж авсан, би ажлаа аваад үйлчлүүлэгч нарын барьцаанд тавиад хугацаа нь дууссан эд зүйлүүдийг шалгаж үзтэл доорх зөрчил илэрсэн.

Алт монетон гэх эдлэлүүдийг нь үнэт эдлэл шалгадаг тусгай зориулалтын уусмал болон чулуунд үрж үзэхэд хуурамч буюу ямарч үнэ хүрэхгүй төмөр эдлэлүүд байсан. Мөн айфоне маркийн гар утас нь ашиглагдах боломжгүй, ЛЖ маркийн гар утас нь эвдэрхий элэгдэж муудсан үнэ хүрэхгүй байдалтай байсан ба ченжээс асуухад эдгээр гар утсууд нь. 20,000 төгрөг ч хүрэхгүй юм байна гэсэн тул Д.Аыг ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ирэхэд нь манай захирал түүнтэй уулзаад учрыг асуухад Д.А нь дээрх эд зүйлсийг хуурамч гэдгийг нь мэдсээр байж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөөд үүнийгээ гараар бичиж өгсөн. ... Азжаргал хуурамч баримт бүрдүүлж зарим нэг хүмүүсийн овог нэр, регистрийн дугаарыг ашигласан байна. ...Базаррагчаа овогтой Түмэндэмбэрэл РД:ИБ74050705 регистртэй, 94481818 гэсэн утасны дугаартай. Энэ хүн нь Шүрэн толгойтой алтан нуухтай чүнчигноров хөөрөг, навчтай алтан ээмэг нэг хос 885,000 төгрөгөнд тавьсан байгаа. Үүнээс үүссэн хохирол нь 946,950 төгрөг болсон. Энэ барьцааны зүйлүүд нь байхгүй. ...гомдолтой байна, байгууллагыг хохиролгүй болгох арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. ..." /1 хх 10-12, 142-146, 200-202/,

 

хохирогч Б.Түмэндэмбэрэлийн "...2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн шүрэн толгойтой, алтан нуухтай чүнчигноров хөөрөг болон навчин хэлбэртэй алтан ээмэг зэргийг 885,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр эд зүйлээ буцааж авахаар ирэхэд Азжаргал манай байгууллага дотроо нүүдэл хийгээд ээмэг нь бусад эд зүйлс рүү холилдчихсон байна, тийм учраас та хөөргөө ав гэж хэлэхээр нь би эд зүйлээ бүгдийг нь нэг дор авсан нь дээр гэж бодоод тухайн үедээ шууд яваад өгсөн. ...Би өөрийн хөөргийг Энхцэцүүн ХХК-аас олж авмаар байна. Харин ээмгийг Азжаргал надад өгнө гэж ойлгоод байгаа..." /1 хх 207-208/,

 

гэрч Н.Энхбатын "...Би Азжаргалтай ямар нэгэн төрөл садны холбоо бол байхгүй энэ хүнийг зарын дагуу ажилд авч байсан. 2016 оны 4 дугаар сард манай байгууллага ажилтан авах талаар зар тавьж байсан ба уг зарын дагуу Д.А ирж байсан. ...Азжаргал ингээд манай ломбардыг ажиллуулж байгаад 2017 оны 6 дугаар сард амралтаа авсан ба энэ хугацаанд манай эхнэр Солонго ломбардны үйл ажиллагааг хариуцаж авсан ба Азжаргалын авсан хугацаа хэтрэлттэй эд зүйлсийг шалгаж үзэж эхэлсэн. Ингэж шалгаж эхлээд ноотой зүйлүүдийг нь илрүүлсэн. Би Азжаргалыг дуудаж ирүүлээд мөнгөний асуудал гарсан талаар хэлэхэд Азжаргал тухайн үедээ мөнгөний хэрэг гарсан учраас хуурамч нэрээр хуурамч эд зүйл тавьж мөнгө авснаа хэлсэн. Би ажлаасаа гармааргүй байна, учирсан хохирлыг төлж барагдуулна гэж хэлж байсан. ...” /1 хх 162-163/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 0000155, 0000231, 0000039, 0000087, 000009.5, 0000398, 0000136, 0000076, 0000426, 0000180, 0000418, 0000183, 0000173, 0000411, 0000407, 0000349, 0000226, 0000366, 0000295, 0000085 гэсэн дугаартай баримтууд дээрх гар бичвэрүүд харьцуулах загварт ирүүлсэн Д.Аын гэх гэр бичвэрийн загваруудтай тохирч байна. ...Шинжилгээнд ирүүлсэн 0000155, 0000231, 0000087, 0000095, 0000398, 0000136, 0000426, 0000180, 0000418, 0000183, 0000173, 0000411, 0000407, 0000349, 0000226, 0000366, 0000295; 0000085 гэсэн дугаартай баримтууд дээрх гарын үсгүүд харьцуулах загварт ирүүлсэн Д.Аын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна...” гэх 2983 дугаартай дүгнэлт /1 хх 220-250, 2 хх 1-9/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн физикийн шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс дээр ямар нэг сорьц тавигдаагүй байна. ...Шинжилгээнд ирүүлсэн №426, №251 дугаартай эдлэлүүдээс бусад бүх эдлэлүүд нь хуурамч байна” гэх 33223 дугаартай дүгнэлт /2 хх 12-13/,

 

Д.Аын бичсэн барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд /1 хх 18-45/,

 

“...Дэмбэрэлдорж овогтой Азжаргалыг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн зээлийн мэргэжилтэн, кассын нярваар авч ажиллуулсугай...” гэсэн “Цэц капитал” ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 11/353 дугаар тушаал /2 хх 31/,,

 

Д.А, “Энхцэцүүн” ХХК-ийн захирал нарын хооронд байгуулсан “Албан тушаал: Зээлийн мэргэжилтэн, кассын менежер, гүйцэтгэх ажил үүрэг: Үнэт эдлэл, гар утас, цахилгаан бараа зэргийг үнэлэн авах, өдөр тутмын бэлнээр болон харилцахаар хийгдэж байгаа гүйлгээг бүртгэх, баримт бичиг материалыг боловсруулан хөтлөх, Ажилтны эрх, үүрэг: барьцаа хөрөнгийг зах зээлийн судлагдсан дүнгээс хамаарч үнэлэх, хуурамч барьцааны зүйл авахаас сэрэмжлэх, хэрэв хуурамч эд хөрөнгийг үнэлэн барьцаанд авсан тохиолдолд байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. ...” гэсэн хөдөлмөрийн гэрээ /1 хх 57/,

              

               “Байгууллагын нэр: “Цэц капитал” ХХК

               Ажлын байрны нэр: Зээлийн мэргэжилтэн, бэлэн мөнгөний нярав.

               Ажлын байрны үндсэн зорилт: “...Компанийн бэлэн мөнгө болон дансаар хийгдэж байгаа гүйлгээг бүртгэх, үнэт эдлэл, гар утас, цахилгаан бараа зэргийг үнэлэн авах, үнэлсэн эд зүйлсийг бүрэн хариуцах, баримт бичиг материалыг боловсруулан хөтлөх...” гэсэн ажлын байрны тодорхойлолт /1 хх 52/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Прокуророос Д.Аын үйлдлийг “...хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Цэц капитал ХХК-д 7,070,000 төгрөг, иргэн Б.Түмэнжаргалд 368,000 төгрөг, нийт 7,438,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдсэн...” гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

 

 “Цэц капитал” ХХК нь барьцаалан зээлдэх үйлчилгээг эрхлүүлэх зорилгоор Д.Аыг “Зээлийн мэргэжилтэн, кассын нярав” гэсэн албан тушаалд ажилд авсан ба Д.А нь иргэдийн хүсэлтээр үнэт эдлэл гэх мэт тодорхой үнэ бүхий эд зүйлүүдийг үнэлэн барьцаалж “Цэц капитал” ХХК-ийн бэлэн мөнгийг зээлээр тухайн зээл хүсэгч иргэнд өгдөг албан тушаалаа ашиглан ажил олгогч “Цэц капитал” ХХК-ийн болон иргэн Б.Түмэндэмбэрэлийн эд хөрөнгийг завшиж хохирол учруулсан байна.

 

Д.Аын үйлдэлд залилан мэхлэх гэмт хэргийн гол шинж болох ажил олгогч “Цэц капитал” ХХК-ийг болон иргэн Б.Түмэндэмбэрэл нарыг тус тус төөрөгдөлд оруулан хуурч, итгэлийг нь эвдэн 7,070,000 төгрөгийг нь, эд зүйлийг нь авсан шинж байхгүй байна. Өөрөөр хэлбэл, албан тушаалынх нь хувьд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг захиран зарцуулж завшжээ.

 

Д.Аын “Цэц капитал” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн мэргэжилтэн, кассын нярваар 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд ажиллаж байхдаа ажил олгогчоос ажлын байрны дагуу итгэмжлэн олгосон барьцаат зээлийн үйлчилгээг ашиглан үйлчлүүлэгчийн мэдээллийг зохиож бичих, үйлчлүүлэгчийн барьцаалсан эд зүйлийг өөр нэрээр дахин барьцаалсан мэт баримт үйлдэх зэрэг үйлдлийг хийж “Цэц капитал” ХХК-ийн 7,070,000 төгрөгийг завшсан, итгэмжлэн барьцаалсан иргэн Б.Түмэндэмбэрэлийн 368,000 төгрөгийн үнэ бүхий ээмгийг өөр газарт барьцаалж үрэгдүүлэн завшсан буюу нийт 7,438,000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх” гэмт хэргийн “...Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Түүний гэм буруутай үйлдэл цаг хугацааны хувьд 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ыг хүртэлх хугацаанд буюу 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр болсон 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдэж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн байх тул анхан шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэснийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Аын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг төгссөн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй. 

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэж хуульчилж өгсөн боловч Д.Аыг Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1705003520564 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /1 хх 183-185/-оор яллагдагчаар татахаас өмнө түүний үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.   

 

Иймд Д.Ад холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг завших...” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзээд энэ талаарх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Д.Аын ял шийтгэлийн хөнгөрүүлж өгнө үү гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ. 

 

Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудыг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг...” гэж ерөнхий байдлаар бичсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул 1705003520564 дугаартай эрүүгийн хэрэгт хураагдан ирсэн хуурамч эдлэл, эвдэрсэн гар утас зэрэг эд мөрийн баримтуудыг нэг бүрчлэн зааж, устгах тухай өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын:

а. Тогтоох хэсэгт “...Шүүгдэгч Д.А-ын үйлдлийг прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй. ...” гэсэн,

“...Шүүгдэгч Д.Аын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.Аыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж,

 

б. Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Д.А-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,  

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлсийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай...” гэснийг “...1705003520564 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цаасан ууттай шармал нарийн хүзүүний гинж, шар өнгийн кулон, цаасан ууттай шармал өнгийн бөгж, цаасан ууттай шармал өнгийн гинж, цаасан ууттай шармал өнгийн циркон шигтгээтэй хатгадаг хос ээмэг, циркон шигтгээтэй шармал хос ээмэг, цаасан ууттай шармал өнгийн циркон шигтгээтэй хатгадаг хос ээмэг, гинж, талсттай шармал хос ээмэг, цаасан ууттай шармал өнгийн циркон шигтгээтэй унждаг хос ээмэг, гинж, талсттай хос цагирган ээмэг, цаасан ууттай шармал өнгийн мушгиа гинж, цагирган хос ээмэг, дугуй хэлбэрийн хос ээмэг, цаасан ууттай шармал өнгийн бөмбөлөгтэй хос ээмэг, цаасан ууттай шармал өнгийн циркон шигтгээтэй унждаг хос ээмэг, цаасан ууттай шармал өнгийн циркон шигтгээтэй унждаг хос ээмэг, саарал өнгийн Iphone 6 маркийн гар утас 1 ширхэг, цагаан өнгийн LG маркийн гар утас 1 ширхэг зэргийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. ...” гэж тус тус өөрчилж,

 

в. Тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудыг хүчингүй болгож,

г. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ПҮРЭВСҮРЭН

 

                          ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                          ШҮҮГЧ                                                                Д.ОЧМАНДАХ