Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Ариунаа |
Хэргийн индекс | 102/2019/04046/И |
Дугаар | 1091 |
Огноо | 2020-04-08 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 1091
2020 оны 04 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2020/01091 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б дүүрэг, дугаар хороо, дугаар байрны тоотод оршин суух Хонгор адуут овогт Д С нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох,
2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119
2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн сахилгын шийтгэлд суутгагдсан 1.002.575 төгрөг, 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагнал 2.557.640 төгрөгийг гаргуулж,
Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эн, Ч.Эр, О., гэрч Б.А, Б.Да, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Улаанбаатар төмөр замын дотоод аудит хяналын албаны дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Улаанбаатар төмөр замд холбогдуулан дор дурдсан 4 үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байна.
Нэгдүгээрт:
-Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалаар ногдуулсан үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүчингүй болгуулах
Хоёрдугаарт:
-Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалаар ногдуулсан сануулах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулах
Гуравдугаарт:
-Хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн дараа суутгасан 1.002.575 төгрөг мөн жилийн ажлын үр дүнгийн шагнал буюу 13 дахь сарын цалин болох 2.557.640 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах
Дөрөвдүгээрт:
-Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-215 дугаартай тушаалаар ногдуулсан ажлаас халах сахилгын шийтгэлийг хүчингүй болгуулж, Дотоод аудитын албаны дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагуудыг гаргаж байна.
Энэ шаардлагын агуулга болохоор Б-2-119 дугаартай тушаалын “Үндэслэх” хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн 22-а,и заалт, Улаанбаатар төмөр замын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.8 дахь заалтуудыг удирдлага болгоод Дотоод аудит, хяналтын албаны Дотоод аудитын хэлстийн дарга Д.С намайг Улаанбаатар төмөр замын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөж ажлын байрны тодорхойлолтонд заасан гүйцэтгэх ажил үүрэг хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана”, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны албан тушаал шийдвэрийг мөрдөж ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм, зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ”, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсэгт “ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, байгууллагын нууцад хамаарах, ажил үүрэгтэй нь холбогдох мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчин, эрх хэмжээгээ хэтрүүлэн шалгалтанд хамааралгүй санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан бусдыг дарамтлан нуун дарагдуулахыг шаардаж авч бусдад тараасан сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай” гэжээ.
Ажил олгогч энэхүү тушаал буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа миний гаргасан гэх зөрчлийг хэлэлцсэн ямар нэгэн шуурхай хурал хийгээгүй. Хэн гэдэг албан тушаалтан, ямар хууль бус үүрэг, даалгаврыг гүйцэтгэсэн мөн Улаанбаатар төмөр замын хэмжээнд мөрдөгдөж байгаа ямар дүрэм зааврыг биелүүлээгүй, ямар шалтгааны улмаас үнэнчээр хөдөлмөрлөх үүргээ биелүүлээгүй, байгууллагын нууцад хамаарах ажил үүрэгтэй холбоотой ямар мэдээллийн нууцыг хадгалах үүргээ биелүүлээгүй талаар дүгнэсэн баримт материалыг танилцуулаагүй.
Дээрх тушаалд дурдсанаар би эрх хэмжээгээ хэтрүүлэн шалгалтанд хамааралгүй ямар байгууллагын санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан хэн гэдэг ажилтныг дарамтлан улмаар түүнийгээ нуун дарагдуулахыг шаардан авч бусдад ямар хэлбэрээр тараасан сахилгын зөрчил гаргасан бэ? гэдгийг шүүхэд нэхэмжлэл гаргаж Улаанбаатар төмөр замаас хариу тайлбар ирэх хүртэл мэдээгүй явсан.
Энэхүү Б-2-119 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой нэхэмжлэлийн “хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай” хүсэлтийг тусгайлан гаргасан байгаа.
Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Миний бие 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Сүхбаатар өртөөнд Дотоод аудит, хяналтын албаны дарга С.Наранбаярын баталсан томилолтын удирдамжын дагуу томилолтоор ажилласан. Тухайн үед Сүхбаатар өртөөн дээр манай албаны орлогын байцаагч Г.Алтанчимэг, Ж.Болор нар төлөвлөгөөт шалгалт хийж, албаны дарга намайг тус өртөөн дээр ажиллаж, шалгалт хийж байгаа ажилтан нарынхаа шалгалтын явцтай танилцах, заавар зөвлөгөө өг гэсэн үүрэг өгч, томилолтоор хийсэн ажлаа албаныхаа даргад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр танилцуулж, албаны дарга тухайн томилолтын удирдамжинд заасан ажлын биелэлтийг дүгнээд 100 хувь гүйцэтгэсэн гэж үзэж, зардлын тооцоо хийхийг зөвшөөрч, гарын үсэг зурж Захиргаа аж ахуйн хэлтсээс цохолт аван зардлын мөнгөө авсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт “ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.
Гэтэл Улаанбаатар төмөр замын даргын дээр дурдсан тушаалд намайг Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг зөрчсөн талаар байхгүй байна.
Хэрвээ намайг 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд томилолтоор ажиллахдаа хууль бусаар дур мэдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй, зохих журмын дагуу томилолт авч ажил үүргээ тайлагнасан.
Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулах үед би ээлжийн амралттай байсан.
Тушаалд заасан дүрэм, журам болох 2018 оны А-500 дугаартай тушаалаар батлагдсан Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 7.3.2, Дотоод аудит хяналтын албаны Хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 10.4, 10.5, Албан томилолтоор ажиллах журмын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2, 4.3, Төмөр замаар зорчих маягтыг албан, нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журмын 2.2.а, 3.2, 13.1.в, 13.1.е зэрэг эдгээр Улаанбаатар төмөр замын дотоод эрх зүйн актуудыг би зөрчөөгүй.
Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 217 дугаартай тушаалаар намайг сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Энэ тушаалын 1 дүгээрт “Д.С Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, Улаанбаатар төмөр замын даргын 501 дугаартай тушаалаар батлагдсан Дотоод аудит хяналтын албаны Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 1.12, 1.8, 3.5.1, 5.5, 5.6, 5.9 дэх заалтуудыг зөрчин, эрх хэмжээгээ хэтрүүлэн батлагдсан удирдамжгүй шалгалт явуулж, шалгалтанд хамааралгүй санхүүгийн баримт материалыг эх хувиар нь шаардан авсан нь Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шалгалтаар тогтоогдсон. 2019 оны 6 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор зорчихдоо Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны А-202 тушаалаар батлагдсан Төмөр замаар зорчих маягтын үнийг төлсөн нөхцөлд олгох журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчиж албан тушаал, эрх мэдлээ урвуулан шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүйгээр галт тэргээр зорчсон нь Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтаар тогтоогдож сахилгын зөрчил давтан гаргасан” гэсэн байдаг.
Миний хувьд Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны А-202 тушаалаар батлагдсан журмын дагуу явсан. Удирдах газрын захиргаа аж ахуйн хэлтэст үнийн тооцоо нийлж тухайн өртөөнөөс явах болгондоо үнэмлэхээ үзүүлж яв гэх А-202 журмын дагуу явсан тул тушаалыг үгүйсгэж сахилгын зөрчлийг гаргаагүй гэж үзэж байна.
Улмаар намайг удаа дараа байх байхгүй, өвчтэй, ээлжийн амралттай хугацаанд арга хэмжээ аваад өөрт мэдэгдэхгүйгээр хяналт шалгалт явуулж, 2018 оноос н.Пунцаг гэдэг дарга маш их дарамталсан. Үүнээс болж 1 дүгээр сард миний бие өвдөж, 7 дугаар сард мөн өвдсөн.
Төмөр замын эмнэлгээр гадуур эмчлүүлж байгаад ээлжийн амралтаа авч, “Шар хад”-ны эмнэлгийн нойргүйдлийн болон сэтгэцийн тасагт үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэж хэлсэн.
2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ээлжийн амралттай байсан ба ажлын байрны дарамт, сэтгэл санааны хямралаас үүдэн 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт хэвтэн эмчлүүлж, 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл өрхийн эмнэлгийн хяналтанд байж “Эмнэлгийн магадлагаа”-гаар ажлаас чөлөөтэй байсан.
Гэтэл түүнийг Улаанбаатар төмөр зам дотоод эрх зүйн зарим зүйл заалтыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн батлагдсан удирдамжгүй шалгалт явуулж, шалгалтанд хамааралгүй санхүүгийн баримт материалыг эх хувиар нь шаардан авсан нь Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шалгалтаар тогтоогдсон гэж дүгнээд сахилгын шийтгэл ногдуулсан.
Тэгэхээр Улаанбаатар төмөр зам намайг өвчтэй байхад шалгалт явуулсан болж таарч байна. Би өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн батлагдсан удирдамжгүйгээр ямар аж ахуйн нэгжийг шалгасан, шалгалтанд хамааралгүй ямар санхүүгийн баримт материалыг эх хувиар нь хэнээс шаардан авсан бэ? гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Миний асуудлыг хэлэлцсэн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболдын удирдан хийсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хурлын тэмдэглэлийг өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй бөгөөд уг хурал дээр би “хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, албаны даргын удирдан хийсэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Авто тээвэр үйлчилгээний төв”-ийн санхүүгийн аудитын шалгалтын шуурхай хурал дээр тус төвийн ерөнхий нягтлан бодогч Л.Бурмаа Зам тээврийн хөгжлийн сайдын унадаг автомашины өнгөлөлтийн талаар ярьж хөдөө гадаа явахад бэлэн мөнгө гардаг, гаргахгүй бол болохгүй шалтгаанууд байна гэж ярьсны улмаас албаны даргын өгсөн үүргийн дагуу тус нэгж дээр аудитор Ц.Оюунчимэгийн хамт 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр очиж ажиллан гүйцэтгэлийн шалгалт хийж, шалгалтын тайлан болон холбогдох материалуудыг албаны дарга С.Наранбаярт танилцуулсан.
Дотоод аудит хяналтын албаны хийсэн шалгалт хууль бус нэг талыг барьсан, хүний хувийн нууцад халдсан гэдгийг хэлсэн байдаг. Батлагдсан удирдамжгүй шалгалт хийгдсэн гэж байна. Батлагдсан удирдамжаар аудиторууд шалгалт хийгээд өгсөн үүрэг даалгаврын дагуу Ц.Оюунчимэг бид хоёр биелсэн байна уу, үгүй юу гэдгийг үзсэн. Манай албан дээр шалгалт хийж дуусаад шуурхай хуралд ирэхдээ зөвлөмжийн биелэлтийг барьж байдаг, зарим нь хэсэг хугацааны дараа барьдаг. Оны эцэст бид хуваарилаж аваад гардаг. Сүүлдээ миний яаж өвдсөн, ямар өвчнөөр өвдсөн тухай Улаанбаатар төмөр замын даргын 10 дугаар сарын 10-ны өдрийн баримт гаргаж ирсэн.
Намайг удаа дараа хүний нөөцийн албаны Н.Баттуяа, манай албаны н.Гантуул гэдэг хүмүүсээр шалгуулан, өвчний картаа өг гэж хэлдэг байсан.
Би “өгье” гээд гэрээсээ аваад гарсан боловч тэтгэвэрт гарахад нэг жил дутуу,
50 гаруй насны хүний дүүрэн өвчний түүхийг хөндлөнгийн хүмүүст танилцуулах зүрх сэтгэл хүрээгүй. Өвчний акт бол НХО-гын санхүү дээр байгаа түүнийг үз гэж хэлсэн.
2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор албан тушаал, эрх мэдлээ урвуулан шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүйгээр галт тэргээр зорчсон нь Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ы өдрийн шалгалтаар тогтоогдсон гэж байна.
Улаанбаатар төмөр замын тээврийн хяналтын байцаагч, дотоод аудит хяналтын албаны санхүүгийн болон орлогын байцаагч, зорчигч тээврийн албаны байцаагч бусад албаны байцаагч нар галт тэргэнд шалгах эрхийн үнэмлэхийнхээ үндсэн дээр шууд харилцааны галт тэрэгнээс бусад бүх суудлын галт тэргэнд байр эзлэн зорчих эрхтэй.
Энэ үнэмлэхний тухай Улаанбаатар төмөр замд ажилладаг бүх хүмүүс мэднэ. Эрхийн үнэмлэх тодорхой тооны хэдэн хүмүүст байдаг. Надад хоёр үнэмлэх байдаг ба нэг нь албаны үнэмлэх, нөгөө нь эрхийн үнэмлэх.
Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалт хийсэн гэх Дотоод аудит, хяналтын албаны ажилтан Ч.Эрдэнэбат, н.Болдсайхан нар уг шалгалтын удирдамжийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр танилцуулахад шалгалтанд хамрагдах асуудал хувийн нууцад хамаарах эрүүл мэндтэй холбоотой асуудал байна гэдэг тайлбарыг хэлэхэд хүлээж аваагүй.
Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А-14 дугаартай тушаалаар батлагдсан Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийн дагуу Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн удирдлага, алба, хэлтэс, тасаг, төв, товчоо, салбар нэгжийн батлагдсан орон тоо, албан тушаал дээр “Хөдөлмөрийн гэрээ” болон контрактаар ажиллаж байгаа ажилтнуудад жилийн эцсийн үр дүнгийн шагналыг тайлант оны эхнээс бүтэн ажилласан ажилтнуудад тооцож олгодог. Ажил олгогч надад 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагналыг олгоогүй. Би Улаанбаатар төмөр замд 30 жил тасралтгүй ажиллах хугацаандаа жил бүр ажлын үр дүнгийн шагналаа бүрэн авч байсан.
Иймээс надад удаа дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан Улаанбаатар төмөр замын даргын шийдвэрүүдийг хууль бус гэж үзэж байгаа тул дээрх шагналыг авах эрхтэй гэж үзэж байна.
Мөн ажлын байрны дарамтанд байнга өртөн, Улаанбаатар төмөр замын даргын Дотоод хяналтын хэлтсийн дарга Ж.Пунцаг намайг хувийн, ажлын байдлаар доромжилж, сүүлдээ гэр бүл, найз нөхөд, ах дүүсийг ярьж хэлэх болсон.
Энэ талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гомдол гаргасан ч хурлын шийдвэр одоо болтол гаргаагүй байна. Ажил олгогч миний биеийг үнэнч, шударгаар ажил үүргээ гүйцэтгэсний төлөө элдвээр шахан дарамталж янз бүрийн шалтгалыг удаа дараа явуулж, хууль бусаар хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг ногдуулсан.
Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан үзэж, Улаанбаатар төмөр замд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
Нийт ажилгүй хугацааны цалингаа бодохдоо сүүлийн 3 сарын цалингаа дундажлаад гаргасан. Ажилгүй байсан хугацаа 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нийт 113 хоног байна.
Үүнийг сүүлийн гурван сарын цалингийн дунджаар бодоод 21.586.729 төгрөг, үүн дээр 13 дахь сарын цалин 2.557.640 төгрөг, 3 сарын хугацаанд цалингийн 20 хувийг суутгасан үнийн дүн 1.002.575 төгрөгийг нэмээд нийт 25.146.944 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагыг хангаж өгнө үү.
Мөн Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч Д.Сд Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Д.С Улаанбаатар төмөр замын Дотоод хяналтын албаны Дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан.
Ингэхдээ Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны Б-500 дугаартай тушаалаар батлагдсан “Дотоод аудит, хяналтын албаны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 7.3.2 дахь заалт, Дотоод аудит хяналтын албаны Хяналт шалгалтыг зохион байгуулах журмын 3 дугаар зүйлийн 3.5.1, 10 дугаар зүйлийн 10.4, 10.5, Албаны томилолтоор ажиллах журмын нэгдүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2, 4.3, Төмөр замаар зорчих маягтыг алба, нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журмын 2 дугаар зүйлийн 2.2-а, 3 дугаар зүйлийн 3.2, 13.1-в, 13.1-е, 13.2 дугаар зүйлийг зөрчиж, албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирдамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлаглах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гаргасан зөрчилд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Сүхбаатар өртөө рүү явсан албан томилолтын ажлыг гүйцэтгээгүй, ажлын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй эдгээр зөрчил 2019 оны 3 дугаар сард гарсан зөрчил. Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 8-10-ны өдрүүд буюу Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр, хагас, бүтэн сайн өдрүүдэд Сүхбаатар өртөөнд албан томилолтоор ажилласан тухай албан томилолтын удирдамж байна. Уг удирдамжийг албаны дарга асан С.Наранбаяр баталсан боловч удирдамжинд байвал зохих албан томилолтын үр дүн буюу гүйцэтгэлийн тайлан байхгүй байдаг.
Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны А-500 дугаартай тушаалаар батлагдсан Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.8, Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны А-501 дугаартай тушаалаар батлагдсан Дотоод аудит хяналтын албаны хяналт галгалт зохион байгуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.12, 3 дугаар зүйлийн 3.5.1 дэх хэсэгт заасны дагуу удирдамж боловсруулан батлуулж ажиллах ёстой.
Мөн албан томилолтын удирдамжид “үндсэн болон нэмэлт үүрэг” гэх хэсэг байдаг. Үүнд:
“Орлогын байцаагч нарын ажлыг шалгах, товарын конторын ачаа тээврийн программ дээр ажиллах, зорчигчийн билетийн кассирын бэлэн мөнгийг тоолох, 3.4 дүгээр галт тэргийг шалгах” гэж заасан байхад орлогын байцаагч Ж.Болор, Г.Алтанчимэг нарын бичгээр гаргаж өгсөн тайлбараас үзэхэд тэдний ажлыг шалгасан гэх үндэслэл харагддаггүй.
Түүнчлэн галт тэрэгний дарга н.Орхон, н.Энхтүвшин, явуулын кассир одоо гэрчээр асуугдах Б.Даваасүрэн нарын бичгээр өгсөн тайлбарт ямар нэгэн шалгалт, тооллого хийсэн гэх нотолгоо байхгүй байна.
Иймд албаны дээрх дүрэм, журмын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн.
Дотоод аудит, хяналтын албаны дүрэм, журам, албан томилолтоор ажиллах журам, төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж үнийг нь төлсөн нөхцөлд олгох журам зэрэг нь байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан холбогдох хууль тогтоомж дүрэм, журам гэх заалтад хамаардаг.
Эдгээр дүрэм журмыг биелүүлэх үүрэг ажилтанд байдаг ба биелүүлээгүй гэж үзсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан. Дотоод аудит хяналт албаны хяналт, шалгалт зохион байгуулах журмын 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомж, сахилгын болон ёс зүйн дүрэм, журам....., Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээнэ”, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт ”хяналт шалгалтыг чанаргүй хийсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүй дутуу гүйцэтгэсэн, ажлын баримтыг бүрдүүлээгүй, албан тушаалдаа хариуцлагагүй хандсан, энэхүү журмыг зөрчсөн буруутай аудитор, байцаагч нарыг албаны хурлаар хэлэлцэж хууль тогтоомжинд заасан зохих хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Энэ журмыг үндэслээд, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өөрийгөө ээлжийн амралттай байсан гэдэг. Тухайн үед Д.С 2019 оны ээлжийн амралтаа эдэлж байсан хэдий ч түүнийг “ээлжийн амралтаас дуудан ажиллуулах тухай” Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б-3-302 дугаартай тушаал гарсан бөгөөд уг тушаалаар 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллах ёстой байтал ар гэрийн гачигдал, бэрхшээл зэргийг дурдсан өргөдөл ирүүлээд ажилдаа ирээгүй учир бидэнд авагдсан баримтын үндсэн дээр шалгалт хийсэн.
Д.С Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.14, 7 дугаар зүйлийн 7.2.6 болон Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан ажлын цагаар, албан хэргээр болон бусад ажлаар явах тохиолдолд шууд удирдах даргад биечлэн мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой байхад мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй.
Мөн Дотоод аудит хяналтын албаны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.3.2 дахь хэсэг Улаанбаатар төмөр замын даргын “ажил үүргээ гүйцэтгэх үедээ өөртөө давуу байдал бий болгохыг хориглосон бөгөөд Дотоод аудит хяналтын албаны хяналт шалгалт зохион байгуулах журмын 5 дугаар зүйлийн 5.13 дахь хэсэгт “шалгагч нар удирдамжинд заасан хугацаанд хяналт шалгалтыг явуулна.
Шалгалтыг ердийн ажлын цагаар явуулна. Зайлшгүй шаардлагагүй үед баяр ёслол амралтын өдрүүд болон илүү цагаар ажиллаж” болно гэж заасан.
Манайд албаны болон Сүхбаатар өртөөний хэсэглэлийн хувьд хяналт шалгалт яаралтай явуулах талаар ямар нэгэн гомдол, мэдээлэл байхгүй бөгөөд өөрөө хэлбэл баяр ёслол, амралтын өдрүүдэд шалгалт хийх зайлшгүй шаардлага байгаагүй. Ийнхүү нэхэмжлэгч хувийн ашиг сонирхлоор албаны даргатай шууд харьцаж, албан тушаалын давуу байдлаа ашиглан, албан томилолтын удирдамж батлуулсан гэж үзэж байна.
Дотоод аудит, хяналтын албаны шалгалтыг зохион байгуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэгт “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “ шалгалтын удирдамжийг Улаанбаатар төмөр замын дарга болон албаны дарга, орлогч дарга нар батална”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “шалгалтын баримт бичигт: Удирдамж, шалгалтын ажлын хуваарь, шалгалт хийсэн тухай тайлан, танилцуулга, төлбөрийн акт, албан шаардлага тус тус хамрагдана” гэж Улаанбаатар төмөр замын даргын 2012 оны Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Албан томилолтоор ажиллах журмын 1 дүгээр хавсралтын 2.2 дахь хэсэгт “ажилтан албан томилолтоос ирснээс хойш ажлын 3 хоногийн дотор томилолтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын удирдамжийн дүнг гаргаж, шаардлагатай бол цаашид авах арга хэмжээг төлөвлөн, томилсон албан, хэлтэс, байгууллагын даргад танилцуулна”, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “албан томилолтоор ажиллахдаа хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, энэ журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн ажилтанд сахилгын зөрчил гаргасанд тооцон, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заажээ.
Д.С хяналт шалгалтын удирдамж хийж батлуулаагүй, хяналт шалгалтын тайлан, ямар нэгэн илтгэх хуудас, шалгалтын баримт бичгийн бүрдэл байхгүй байна.
Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны “УБТЗ ХНН-ийн Төмөр замаар зөрчих маягтыг салбар нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “УБТЗ” ХНН-ийн алба, хэлтэс, салбар нэгжид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг ажилтнуудад албан ажлаар зорчиход нь 1 дүгээр маягтыг нэг удаагийн албан томилолтоор явах үед албан томилолт, ажлын газрын үнэмлэхийг тасалгаат хатуу вагонд олгоно, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төмөр замын дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн болон орлогын байцаагч шалгах эрхийн үнэмлэх, өөрийн удирдах даргаас авсан томилолт, шалгалтын удирдамж гэх мэт үүргээ биелүүлж яваагаа нотлох баримтаа тухайн өртөөний тасалбарын няравт үзүүлж, тасалгаат хатуу вагонд зорчих тасалбар авч зорчино” гэжээ.
Мөн тус журмын 13 дугаар зүйлийн 13.1-в “маягтаар зорчих эрхийг баталгаажуулсан гэрчлэх баримт” 13.1-е “маягтаар зорчих тасалбар аваагүй зорчсон”, 13.2 дахь хэсэгт “маягтыг ашиглах журмыг зөрчсөн зорчигчийг тасалбаргүйд тооцож тасалбарын үнийг төлүүлэн зорчуулах ба санаатай зөрчсөн төмөр замын ажилтанд хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцно” гэж маягтыг буруу ашигласан хүмүүст ногдуулах хариуцлагыг заасан байна.
Нэхэмжлэгч албаны холбогдох дүрэм журмыг зөрчиж, хууль бусаар албан томилолтоор ажилласан учраас төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журмын дээрх заалтуудыг зөрчсөн нь харагдаж байна.
Д.Сд албан томилолтын зардалд 50.600 төгрөг, илүү цагаар ажилласны нэмэгдэл 286.450 төгрөг, баяр ёслолын өдөр ажилласны нэмэгдэл 253.482 төгрөг нийт 590.532 төгрөгийг олгосон санхүүгийн баримт байгаа тул албаны ямар нэгэн хяналт хийсэн гэх үндэслэл тогтоогдоггүй.
Харин ч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар батлагдсан холбогдох дүрэм, журмыг зөрчсөн нь шалгалтын явцад нотлогдсон тул галт тэрэний тасалбарын үнэ 59.600 төгрөгийг оруулж тооцоод нийт 650.132 төгрөгийг нөхөн төлүүлэх акт тогтоож байсан.
Д.С эцгийгээ эргэх байдлаар Сүхбаатар аймаг руу үе үе явдаг бөгөөд энэ аялалдаа өөрийн албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, хагас бүтэн сайн өдрүүдэд нутаг руугаа “албан томилолт”-оор зорчин албан томилолтын зардал, илүү цагаар ажилласны нэмэгдэл, баяр ёслолын өдөр ажилласны нэмэгдэл зэргийг бодуулан авч байгууллага хохироодог болох нь батлагдсан.
Жишээ нь:
-2018 оны 5 дугаар сарын 19-20-ны хагас бүтэн сайн өдрүүд, 2018 оны 6 дугаар сарын 1,2,3-ны Хүүхдийн баяр болон хагас бүтэн сайн өдрүүд, 2018 оны 6 дугаар сарын 23,24-ний өдрийн хагас бүтэн сайн өдрүүд, 2018 оны 8 дугаар сарын 11, 12-ны хагас бүтэн сайн өдрүүдэд зорчсон.
Сүхбаатар өртөөнд “албан томилолтоор ажилласан” гэх нэрийн дор амарч, ар гэрээ эргээд ирсэн нь батлагддаг тул Д.Сд хөдөлмөрийн сахилгын “сануулах” арга хэмжээг ногдуулж, байгууллага харин ч зөөлөн хандаж, энэ үйлдэлд арга хэмжээ аваагүй.
Дотоод аудит хяналтын албаны Дотоод аудитын хэлтсийн дарга Д.Сг “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3, Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зүйлийн 2.1, Дотоод аудит хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулам журмын 1.12, 1.8, 3.5.1, 5.5, 5.6, 5.9 дэх заалтуудыг зөрчиж эрх хэмжээгээ хэтрүүлэн батлагдсан удирдамжгүй шалгалт явуулж, шалгалтанд хамааралгүй санхүүгийн баримт, материалыг эх хувиар нь шаардан авсан нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шалгалтаар тогтоогдсон.
2019 оны 6 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд 7 удаа хувийн зорилгоор зорчихдоо Улаанбаатар төмөр замын даргын 202 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж үнийг төлсөн нөхцөлд олгох журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг зөрчиж албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн урвуулан ашиглан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй галт тэргээр зорчсон нь Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтаар тогтоогдсон.
Ингээд сахилгын шийтгэл давтан гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 63 дугаар зүйлийн 63.1.1 заалт, удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболдын удирдан хийсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Хурлын тэмдэглэл”-ийг үндэслэн ажлаас халж, Д.Сгийн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан.
Ажлаас халж “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан гэрээн дээр өөрсдийнх хэлтсээс шалгасан баримт хавтаст хэрэгт авагдсан.
Улаанбаатар төмөр замын байгууллагын нууцад хамаарах гэрээ, санхүүгийн баримт бичиг хэвлэл мэдэллийн хэрэгсэлд тавигдсан асуудлыг албаны орлогч дарга Ж.Пунцагийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр баталсан 44 дугаартай удирдамжаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 30-ны өдрүүдэд “УБТЗ байгууллагын автомашин худалдах, худалдан авах гэрээ”, 2019 оны 1 дүгээр улиралд Зам тээврийн яаманд үйлчилж байгаа автомашинуудын шатахуун, шатах тослох материалын зарцуулалт”, 2019 оны 1 дүгээр улиралд тус яаманд үйлчилж байгаа автомашинуудын жолооч нарын цалингийн жагсаалт зэрэг бичиг баримтын хадгалалт хамгаалалтын байдлыг Улаанбаатар төмөр замын даргын дотоод аудит, хяналтын албаны дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмын холбогдох заалтуудыг үндэслэж шалгасан.
Д.Сгийн хувьд “Автотээвэр үндэсний төв”-д 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр удирдамжгүйгээр шалгалт явуулж, дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь “Автотээвэр үйлчилгээний төв”-ийн дарга Б.Энхтөрийн “урьд нь ирж байсан шалгалтууд нь удирдамжаа танилцуулаад дараа нь шалгалтыг хийдэг байсан. Тус шалгалтыг хийсэн Д.С, Ц.Оюунчимэг нар шалгалт хийх тухай удирдамж танилцуулаагүй”, цуг шалгалт хийсэн санхүүгийн аудитор Ц.Оюунчимэгийн “... хэлтсийн дарга Д.С хоёулаа автобаазад очиж гүйцэтгэлийн шалгалт хийе” гэж хэлээд 2019 оны 5 дугаар сард нэг өдрийн хугацаатай очиж шалгасан. Удирдамж барьж явсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Тухайлсан шалгалт бол удирдамжтай явах байх”, Дотоод хяналтын хэлтсийн дарга Ж.Пунцагийн “...Дотоод аудитын хэлтсийн дарга Д.С, санхүүгийн аудитор Ц.Оюунчимэг нар “Автотээвэр үйлчилгээний төв”-д 2019 оны 5 дугаар сард гүйцэтгэлийн шалгалт, ер нь ямар нэгэн байдлаар шалгалт хийх удирдамжийг надаар батлуулаагүй. Албаны орлогч дарга нь ажлын байрны тодорхойлолт, албаны дүрэмд зааснаар бүх хяналт шалгалтын ажлыг хариуцдаг, удирдамжийг баталдаг.
Тухайн үед албаны дарга болон Дотоод аудитын хэлтсийн дарга Д.С санхүүгийн аудитор Ц.Оюунчимэг нараас “Автотээвэр үйлчилгээний төв”-д шалгалт хийх, хийсэн талаар надад ярьж байгаагүй. Намайг удаан хугацаагаар эзгүйд шалгалтын удирдамжийг албаны дарга эсвэл Улаанбаатар төмөр замын дарга батлах ёстой” гэсэн тайлбарууд, дотоод аудит хяналтын албаны аудиторуудын 2019 оны жилийн удирдамжийн жагсаалт, удирдамжийн бүртгэл, дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай шалгалтын тайлан зэргээр нотлогдсон.
Д.С 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, 7 дугаар сарын 10-ны өдөр, 8 дугаар сарын 07-ны өдөр, 9 дүгээр сарын 18-ны өдөр, 9 дүгээр сарын 22-ны өдөр, 9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд нийт 7 удаа хувийн зорилгоор буюу Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд 4 удаа, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 3 удаа явсан нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан, шалгах эрхийн үнэмлэхээрээ үнэ төлбөргүй галт тэргээр зорчсон нь Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 34 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тайлан, Статистик бүртгэл, мэдээллийн технологийн албаны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12/241 тоотоор ирүүлсэн Мэдээллийн нэгдсэн сангаас 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрий хооронд зорчигчийн галт тэргээр зорчсон лавлагаа, нэхэмжлэгчээс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр асууж авсан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр удирдамжгүй шалгалт явуулсан талаар бичиж өгсөн тайлбар дээрх шалгалтын дүнг хэлэлцсэн хуралд Д.С өөрийн биеэр оролцож, тайлбараа гаргаж байсан зэргээс үзэхэд түүнийг өвчтэй үед шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах”, сахилгын шийтгэл оногдуулсан Б-2-119 дугаартай тушаалийг хүчингүй болгуулж, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан байна.
Дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Сд Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалаар Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2, Хөдөлмөрийн гэрээний 4 дзгээр зүйлийн 4.3, 4.8 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шалгалтанд хамааралгүй санхүүгийн баримт, материалыг албан тушаалаа ашиглан бусдыг дарамтлан нуун дарагдуулахыг шаардан авч, бусдад тараасан сахилгын зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 дахь хэсэгт зааснаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “ажилтан Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомж энэхүү журмыг мөрдөж ажлын байрны тодорхойлолтонд заасан гүйцэтгэх ажил үүрэг, Хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана”, Д.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дзгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “... Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох дүрэм журмыг чанд мөрдөж хөдөлмөрийн сахилгын зөрчилгүй ажиллана”, 4.3 дахь хэсэгт “ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм, зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ”, 4.8 дахь хэсэгт “ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, байгууллагын нууцад хамаарах ажил үүрэгтэй нь холбогдох мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй”, Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаарт ажлын байрны зорилгыг тодорхойлохдоо “дотоод аудитын хэлтсийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн үндсэн дээр удирдан зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг цаашид хэрхэн барагдуулах, шийдвэрлэх талаар санал боловсруулж, албаны орлогч даргад танилцуулж, шийдвэрлэх замаар төмөр замын үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг хэлбэрэлтгүй дээшлүүлэх гэж заажээ.
Байгууллагын нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг баримтлан Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А-340 дугаартай тушаалаар батлагдсан Нууцын тухай журмын 1 дүгээр зүйлийн 1.4.2, 1.4.3 дахь хэсэгт “байгууллагын нягтлан бодох бүртгэлийн баримт бичгүүд, дотоод хяналт шалгалтын материал, ажлын шаардлагын дагуу олж мэдсэн хувь хүний нууц зэрэг нь байгууллагын нууцад хамаарна”, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Улаанбаатар төмөр замын нууц задарсан тохиолдолд замын даргын шийдвэрээр комисс томилон шалтгааныг тогтоож, холбогдох арга хэмжээг авна”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Улаанбаатар төмөр замын нууцыг хариуцдаг эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, дотоод журам болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ”, Нууцад хамаарах баримт бичиг, мэдээ мэдээлэл, биет зүйлсийн жагсаалтын 5 дугаар зүйлд “дотоод аудит хяналтын албаны шалгалтын тайлан, илтгэх хуудасны төрөл, албажуулсан хувь зэрэг хамаарна” гэж тус тус заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч Д.С байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, “Хөдөлмөрийн гэрээ” болон “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан үүргээ биелүүлээгүй гэм буруутай болж байна.
2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр “Өдрийн сайт.мн” ,” Тод мэдээ.мн” сайтад “Улаанбаатар төмөр замын орос дарга албаны мөнгөөр гэрээ тохижуулжээ” нэртэй, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Дардас.мн”, “Залуу.ком” сайтад “...алтан карт чинь хэнд явна аа, Д.Жигжиднямаа дарга аа” нэртэй нийтлэлүүд гарсан.
Ийнхүү нийтлэл гарсантай холбогдуулан Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Шуурхай зөвөлгөөн дээр байгууллагын нууцад хамаарах мэдээ, мэдээлэл алдагдсан тухай асуудал хэлэлцэгдэн үүний дагуу Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А-328 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн удирдамжид зааснаар Улаанбаатар төмөр замын удирдах газрын Аж ахуйн хэлтсийн санхүүгийн мэдээлэл, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн үйл баримтад үндэслэн байгууллагын дотоод дүрэм, журам зөрчигдсөн эсэхийг шалгахад дээрх нийтлэлд дурдагдсан хэсэг нь НВА-гийн Дотоод аудитын хэлтсийн дарга Д.Сгийн аж ахуйн хэлтсийн эдийн засагч Б.Золзаяагаас гаргуулж авсан санхүүгийн баримтад байгаа баримт, мэдээлэл болон аж ахуйн хэлтсийн 2019 оны санхүүгийн шалгалтын тайлангийн 33 дугаар хуудсанд байх мэдээллүүд байсан.
Энэ нь Б.Золзаяа, С.Наранбаяр, Ж.Пунцаг нарын бичсэн тайлбар, асууж авсан тэмдэглэл, Дотоод аудит хяналтын албаны 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Шалгалтын тайлан, Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны А-328 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн тайлан, Улаанбаатар төмөр замын аж ахуйн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Дотоод аудит хяналтын албаны шалгалтын дараа санхүүгийн баримт хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн байгаа нь эрх бүхий албан тушаалтнууд хяналт шалгалт явуулахдаа шалгах санхүүгийн баримтыг өрөөнөөс өрөө рүү зөөлгөн авч явдаг, байгууллагын нууцад хамаарах гэрээний хуулбар бусад баримтыг гар утсаараа зургийг нь авдаг, өөр хоорондоо албаны бус цахим хаягаар шилжүүлдэг, шалгалтын удирдамж төлөвлөгөөний дагуу түүний хүрээнд шалгалтаа явуулдаггүй, шалгалтын хүрээ хязгаар хавтгайрсан, холбогдох дүрэм журмыг мөрдөн ажилладаггүй зэрэг зөрчил ажлын хэсгийн шалгалтын явцад илэрсэн.
Эдгээр зөрчил гарах болсон үндсэн шалтгаан нь шалгахаар хүлээн авсан санхүүгийн баримт материалд тавих хараа хяналт, Хөдөлмөрийн дотоод журамд заасан чиг үүргээ бүрэн биелүүлж ажиллаж чадахгүй байгаатай шууд холбоотой бөгөөд ингэснээрээ мэдээлэл задрах нууц алдагдах нөхцлийг бүрдүүлсэн.
Дотоод аудитын хэлтсийн дарга Д.С Улаанбаатар төмөр замын даргатай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3, 4.8 дахь заалт, Удирдах газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2, -“Дотоод аудит хяналтын албаны дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.9, 4.11 дэх заалтыг үндэслэн тухайн албаны даргаас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 89/01 дугаартай тушаалаар баталсан “Дотоод аудит, хяналтын албаны “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2 дугаар зүйлийн 2.12 дахь хэсэг, 2018 оны А-500 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “”Дотоод аудит, хяналтын албаны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4 дэх хэсэгт “дотоод аудит хяналт шалгалтын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хууль, тогтоомж, заавар журмын дагуу явуулах” гэснийг зөрчсөн.
Нэхэмжлэгч талаас гомдол гаргах хугацааны асуудлыг ярьдаг. Хөдөлмөрийн гэрээний аль нэг тал зөрчигдсөн гэж үзэж буй хөдөлмөрийн шинжтэй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо эрх бүхий этгээд болох шүүх, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан сэргээлгэх, хамгаалуулах боломжтой, хуулиар тогтоосон хугацааг гомдол гаргах хугацаа гэж нэрлэдэг.
Хөдөлмөрийн тухай хуулиар гомдол гаргах хоёр төрлийн хугацаа тогтоосон ба гомдол гаргах хугацааг хуулиар тогтоодог учраас талууд дангаар буюу харилцан тохиролцон өөрчлөх эрхгүй. Энэ гомдол гаргах хугацаа гомдол гаргах эрх үүсэх үеэс эхлэн тоологдоно.
Гомдол гаргах эрх Хөдөлмөрийн гэрээний тал өөрийн эрхийг зөрчигдсөнөө мэдсэн буюу жишээ нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн үүсдэг.
Харин хугацаа тоологдож дууссанаар шүүхэд гомдол гаргах эрх дуусгавар болдог. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 лэхь хэсэгт сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамааруулан тогтоосон байдаг.
Д.Сгийн хувьд ажил олгогчийн ажлаас халах шийдвэрийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан нь дотоод аудит хяналтын албаны ирсэн бичгийн бүртгэлийн 424 дугаарт бүртгэгдсэнтэй нэхэмжлэгч тал маргадаггүй.
Гомдлоо шүүхэд гаргах хугацаа 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дууссан байхад 1 сар 28 хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх” гэсэн хэлбэрээр гомдлоо гаргажээ..
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тооцно, шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс үүснэ гэж заасан байна. Нэхэмжлэгчийн хувьд эрх нь зөрчигдсөн гэдгээ 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн байдаг бөгөөд хүний нөөцийн албанаас уг тушаалыг Дотоод аудит, хяналтын албанд хүлээлгэн өгсөн талаарх бүртгэлээр нотлогдоно.
Хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь өөрөө хөдөлмөрийн маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг маш богино хугацаатай байхаар зохицуулсан учраас нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Ингэж гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлснээр шүүхэд гомдол гаргах эрхээ алдана. Тухайн заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцдог.
Эдгээр хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхой баримтаар нотолсон байхыг шаарддаг тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч талаас Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны Б-2-119 дугаартай тушаалаар түүний үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан.
Улаанбаатар төмөр замын даргын Б-2-119 дугаартай тушаалаар Д.Сгийн 2019 оны 7 дугаар сарын үндсэн цалингаас 20 хувь буюу 286.450 төгрөгийг суутгаж, үндсэн цалинд 1.145.800 төгрөгийг олгосон байх бөгөөд тэрээр 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан.
Нэхэмжлэгчийн цалингаас зөвхөн нэг сарын суутгал хийгдсэн ба ээлжийн амралтын дараа өвчтэй байсан, цалин олгогдоогүй зэрэг шалтгааны улмаас үлдэх 2 сарын цалингаас суутгал хийгдээгүй.
Д.Сд 2019 оны 7 дугаар сарын үр дүнгийн шагнал болон 716.250 төгрөгийг олгоогүй нь Улаанбаатар төмөр замын даргын 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Улаанбаатар төмөр замын ажилтан нарын сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.13 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд тухайн сарын ажлын үр дүнгээр олгох шагналыг олгохгүй” гэх заалттай нийцэж байна.
Хоёрдугаарт: Нэхэмжлэгч жилийн ажлын үр дүнгийн шагнал 2.557.640 төгрөгийг нэхэмжилсэн байна. Улаанбаатар төмөр зам ажилтнууддаа олгох 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохдоо үндэсний баяр наадам, цагаан сарын өмнө 150 хувиар, үлдэх 50 хувийг үндэсний баяр наадмын өмнө олгохоор шийдвэрлэсний дагуу 8 шагналт цалинг 2020 оны 2 дугаар сард олгосон.
Улаанбаатар төмөр замын даргын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дугаартай тушаалаар батлагдсан Төмөр замын ажилтнуудад жилийн ажлын үр дүнгээр олгох шагналын дүрмийн 15 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар “Хөдөлмөрийн гэрээ” цуцлагдсан, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан, Төмөр замын тээврийн тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журам зөрчсөн ажилтанд жилийн эцсийн үр дүнгийн шагнал олгохгүй” гэж заасан.
Үүний дагуу Д.Сд жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох ёсгүй ба тухайн үр дүнгийн шагналын зорилго алба, хэлтэс, тасаг, төв, товчоо, салбар нэгжийн тээвэр, үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, хөдөлмөр материалын зардлыг хэмнэх, санхүү эдийн засгийн үр ашиг орлогыг нэмэгдүүлэх, ажлын хариуцлага сахилга бат дэг журмыг дээшлүүлэх, ажилтны тогтвор суурьшилтай ажилласан ажлын үр дүнг дүгнэхэд оршдог.
Иймээс ажил олгогчийн зүгээс Д.Сд сахилгын шийтгэл ногдуулсан, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болдсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаалтай холбогдуулан гаргасан тайлбарт нэмэлт тайлбар хэлье.
Д.С 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр “Автотээвэр үйлчилгээний төв”-д шалгалт хийхээр очдог. Очихдоо хоёр асуудлаар очсон байдаг. Нэгдүгээрт: Урд онд шалгалт хийгээд өгсөн зөвлөмжийн дагуу гүйцэтгэлийн шалгалт хийнэ.
Хоёрдугаарт: Албаны даргаас Зам тээврийн хөгжлийн яамны автомашины шатахууны зардал, жолооч нарын цалинг шалгах үүрэг өгсөн учраас шалгасан гэх тайлбарыг өгдөг.
Тэгэхээр манай байгууллагын дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамд 4 төрлийн шалгалт байдаг. Тухайн 4 төрлийн шалгалтын нэг нь гүйцэтгэлийн шалгалт. Байгууллагын журмын 1 дүгээр зүйлийн 1.12 дахь хэсэгт “хяналт шалгалтыг зөвхөн удирдамжинд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэсэн байдаг.
Аливаа шалгалтыг заавал удирдамжтай очиж хийдэг. Удирдамжгүй очиж шалгадаг асуудал манай байгууллагад байхгүй. Дарга үүрэг өгч болно. Үүрэг өгсөн байлаа гэхэд мөн адил удирдамжтай шалгалт хийх ёстой.
Энэ тухай Дотоод хяналт шалгалт зохион байгуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “шалгалт хийх үүрэг чиглэл авсан албан тушаалтан дор дурдсан нөхцлийг хангасан байна” гэж байна. Нэхэмжлэгч албаны даргаас үүрэг авсан гэж хэлдэг. Мөн журмын 4 дзгээр зүйлийн 4.5.3 дахь хэсэгт “үүрэг авсан албан тушаалтан шалгалтын удирдамж боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулна” гэж тодорхой заасан.
Ийм байхад даргаас үүрэг авсан гэж хэлж, удирдамжгүй шалгалт хийсэн нь тайлбар дээр нь гарч байна. Д.С шалгалт хийхдээ албан томилолтын удирдамжтай явсан гэж хэлдэг. Тэгэхээр албан томилолтын удирдамж, шалгалтын удирдамж гэж хоёр тусдаа зүйл бий.
Манай байгууллагын ажилчид шалгалт хийхдээ 2 удирдамж авч явдаг.
Нэгдүгээрт: Ямар хяналт шалгалт хийх гэж байна түүнийхээ удирдамжийг эрх бүхий даргаар батлуулан авч явдаг. Томилолтоор явж ажиллаж байгаа учраас удирдамж хийж батлуулаад аваад явдаг. Томилолтын удирдамжаар цалин хөлс, зардлыг тооцдог.
Гэтэл Д.С удирдамжгүй шалгалт хийгээд албан томилолтын удирдамжаа даргад танилцуулсан байдаг. Энэ нь бол үндэслэлгүй тайлбарыг хэлж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Дотоод хяналт шалгалтын байцаагч Ч.Эрдэнэбат гэж хүн байна.
Д.Сд шалгалт хийсэн. 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд албан томилолтоор ажилласан гэх энэ үйл явдлыг би шалгасан. Давхардуулалгүйгээр нэмэлт тайлбар хэлэхэд амралтын өдрүүдэд ажилласан гэдгээр нэмэгдэл хөлс авдаг. 600.000 төгрөгийн актууд бичигдсэн байдаг. Энэ актыг удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, байгууллагын удирдлагуудын шийддэг асуудал. Акт бичигдсэн, төлөгдсөн юм шиг ойлголт өгөх шиг боллоо. Ийм зүйл болоогүй юм шүү.
Д.С шалгалтын үеэр үнэгүй зорчих эрхтэй гэж ярьж байна. Төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж үнийг төлсөн нөхцөлд олгох журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Төмөр замын тээврийн хяналтын байцаагч, дотоод аудит хяналтын албаны санхүүгийн болон орлогын байцаагч, зорчигч тээврийн албаны байцаагч гээд бусад албаны байцаагч нар шалгах эрхийн үнэмлэхийг өөрийн удирдлага даргаас авсан томилолт, шалгалтын удирдамж гэх мэт албан үүргээ биелүүлж байгаагаа нотлох баримтаа тухайн өртөөний тасалбарын няравт үзүүлснээр зорчино” гэж тодорхой заасан.
Тэгэхээр дан ганц үнэмлэх үзүүлснээр үнэгүй явна гэсэн үг биш. Нэхэмжлэгч Д.С удирдах бүрэлдэхүүнд байсан хүн. Үүнийг бол мэдэж байгаа.
Бид бол дотоод журам гэдэг зүйлийг мөрддөг. Энэ журманд хяналт шалгалтаар явах удирдамжийг хяналтын дарга юмуу замын даргын нэг нь батална гэж заасан байдаг.
Юу юу байх ёстой вэ? гэхээр шалгалт хийсэн тайлан, удирдамжаа танилцуулна. Би бас хүн юм чинь хүнийг ойлгоно. Асуудлыг нь шалгаж байхдаа ч надад хүн чанар бий. Би Д.Стай утсаар яриад таныг шалгах гэж байна. Надад өгөх баримт, тайлан, удирдамж байна уу? Таныг орлож байгаа хүнээс асуухаар байхгүй гээд өгсөн баримт байдаггүй гэхэд Д.С өгөх тайлан, баримт байхгүй гэсэн.
Гэтэл ажлаас халаад ажил хүлээлцэх өдөр нөгөө байхгүй гэж хэлсэн тайлангаа өгсөн гэж тэмдэглэл дээр бичсэн байна. Хэрэгт баримтаар өгсөн бичиг дээр ард талд нь балаар тодорхойлоод бичсэн байгаа.
Би үүнийг хардаж байгаа боловч надад нотлох баримт байхгүй. Яагаад надтай утсаар өгөх юмгүй гэж хэлснээ ингэв. Мөн энэ асуудлаар надтай ярьсан мөртлөө яриагүй гэж хэлээд байгааг ойлгохгүй байна.
Шалгалтаар илэрсэн 2018 онд хувьдаа байгууллагын үнэлэх ашиглаж, галт тэргэнд зорчсон асуудлыг бид орхиод ярихгүй байгаа харин 2019 онд 7 удаа Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд явсан нэг явахдаа 22.000 төгрөг төлдөг тасалбарыг авахгүйгээр үнэмлэхээ үзүүлэн зорчиж, байгууллага тасалбарын үнэд 157.600 төгрөгийг төлүүлэхээр акт гарсан.
Үүнийгээ нэхэмжлэгч төлөхгүй гэсэн боловч зам түүний цалингаас суутган авсан байдаг. Үнэндээ ингэж явж болохгүй гэдгийг мэдсээр байж 20-хон мянган төгрөг хэмнэж яваад яахав дээ. Хүн аав, ээжээ эргэлгүй яахав. Би ч бас аавтай. Байгууллага хориглоогүй. Ингэж явахдаа албаны үнэлэх ашигласан зөрчил дээр арга хэмжээ авсан нь үнэн. Баримтаар нотлогддог. Энэ талаар өөртэй нь яриад та яагаад шалгах эрхийн үнэмлэхээр зорчив оо гэхээр би төмөр замд ажилладаг, явах эрхтэй гэж хэлсэн.
Манай байгууллагад шалгалт хийхээр явж байгаа хүн заавал удирдамжтай явдаг. Журмаараа ч тийм. Шалгалтыг удирдамжгүй хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Д.С мэдэж байгаа. Энэ журмыг зөрчсөн.
Мөн архивт хадгалагдаж байгаа баримтуудыг шалгалтаар авахаар, үзэхээр бол заавал ямар баримт авсан, буцааж өгснөө архивчид тэмдэглүүлдэг.
Г этэл нэхэмжлэгч тэгээгүй. Авснаа зөвшөөрдөг. Авсан баримт дотор нь хэвлэл мэдээлэлээр цацагдсан нэг хувь байсан гэрээг энэ хүн өөрөө авсан, танилцсан гэдгээ зөвшөөрөөд, энэ талаар хүнд хэлүүзэй гээд архивын баримтыг буцаан өгсөн талаар хэрэгт баримт нь байгаа.
Хоёрдугаарт: Хайгаад байсан. Хийсэн байгаа гэсэн шалгалтын тайлан дээр бэлэн мөнгө 10.129.000 төгрөг тоологдов гэж байгаа юм. Санхүүгийн тооллогод 100 төгрөг хасагдах ёсгүй, 10.119.000 төгрөг бичсэн байдаг. Ингээд бодохоор дээр ярьсанчлан нөхөөд хийсэн үү гэх хардлага төрөөд байгаа юм.
Нэхэмжлэгчид хяналт шалгалтын тайлан байгаагүй. Төмөр замын илүү цагийн хөлс их өндөр үнэлгээтэй учраас нарийн шалгууртай. Түүнээс хэн дуртай нь юу шалгах нь тодорхойгүй, шалгана гээд явдаг газар биш гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замд холбогдуулан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн сахилгын шийтгэлд суутгагдсан 1.002.575 төгрөг, 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагнал 2.557.640 төгрөг нийт 25.146.944 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн “Хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсан учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
1.Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119 дугаартай үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэж, тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Дээрх тушаалаар Дотоод аудитын хэлтсийн дарга Д.Сд Улаанбаатар төмөр замын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2, “Хөдөлмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3,4.8 дахь заалтуудыг зөрчиж, эрх хэмжээгээ хэтрүүлэн шалгалтанд хамааралгүй санхүүгийн баримт материалыг албан тушаалаа ашиглан бусдыг дарамтлан нуун дарагдуулахыг шаардан авч бусдад тараасан сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гэрчээр мэдүүлэг өгсөн, тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Б.Алтанхуяг “би маш том алдаа гаргаснаа зөвшөөрч байгаа. хуулийн ангийн найзаараа Д.Сгийн нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргээд өгөөч гэж гуйгаад явуулсаныг өгч амжаагүйг сүүлд мэдсэн. Шүүхээс лавлахад А.Сарантуяа шүүгч дээр хуваарилагдсан гэж хэлээд, туслах Н.Саруул-Эрдэнэтэй яриад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гээд очтол өөр миний явж байгаа төмөр замтай холбоотой 2 хэрэг байсантай андуурсанаа мэдсэн. Д.С гуай надтай маш олон удаа утсаар ярьсан үнэн”,
Нэхэмжлэгчийн “сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг эс зөвшөөрч, гардан аваад, шүүхэд гомдол гаргахаар 2019 оны 7 сарын 23-ны өдөр Монголын төмөр замчдын Үйлдвэрний эвлэлийн хороонд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж, тус холбооны дарга Б.Баяраа өргөдөлтэй танилцан, дэд дарга Б.Алтанхуягт “судалж, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэсэн” цохолтыг хийж өгсөн. Ингээд 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн тойргийн наториатаар гэрчлүүлэн, 498 дугаартай, сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцуулах, цалин хөлсний зөрүү гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргах, иргэний хэрэгт өөрийг нь бүрэн төлөөлөх “Итгэмжлэл”-ийг Б.Алтанхуягт олгосон” гэх тайлбар, мэдүүлгээр Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.3 дахь хэсэгт зааснаар Б.Алтанхуягт төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүссэн болох нь тогтоогдож байна.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасанчлан “хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдол” гэдгийг гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хуульд заасан хугацаан дотор хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоосон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувийн байдлаас үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг хэлэх бөгөөд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадахгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч, Б.Алтанхуягт 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр “Итгэмжлэл” олгохдоо шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгийг мэдсэн гэж тооцвол түүний сахилгын шийтгэл ногдуулсан 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан журмын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан гэж тооцохоор байна
Тодруулбал, нэхэмжлэгч Д.С шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон өдрөөс эхлэн өөртэй нь холбоотой гомдол маргаан шүүхэд ирсэн, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгааг эсэхийг лавлах бүрэн боломжтой байсан байна.
Тэгэхээр нэхэмжлэгч сахилгын шийтгэл буруу ногдуулсан ажил олгогчийн гаргасан шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээн хамгаалуулахаар гомдол гаргах эрхтэй буюу энэ гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул дээрх тушаалын хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгчийн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлд ногдуулсан тушаалын хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байх тул Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-2-119 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ажил олгогч уг тушаалыг гаргахдаа, нэхэмжлэгч Д.Сарантуаяг Замын даргын 2018 оны А-500 дугаартай тушаалаар батлагдсан “Дотоод аудит, хяналтын албаны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.2.6, 7.3.2, Дотоод аудит, хяналтын албаны “Хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5.1, 10 дугаар зүйлийн 10.4, 10.5, “Албан томилолтоор ажиллах журам”-ын нэгдүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.3, “Төмөр замаар зорчих маягтыг алба, нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-а, 3 дугаар зүйлийн 3.2, 13 дугаар зүйлийн 13.1-в, 13.2 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй тул 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гаргасан зөрчилд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Нэхэмжлэгчид, хариуцагч байгууллага 709 дугаартай “Ажлын үнэмлэх”-ийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг, 03 дугаартай “Эрхийн үнэмлэх”-ийг 2019 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэл хүчин төгөлдөр байхаар Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албанаас олгосон болох нь зохигчдын тайлбар, үнэмлэхний хуулбаруудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.С “би шалгах эрхийн үнэмлэхээр зорчих эрхтэй гэж боддог, зөрчил гаргаагүй”,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат “миний хийсэн шалгалтаар Д.С 2019 онд 7 удаа Улаанбаатар-Сүхбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд хувиараа явахдаа гал тэрэгний тасалбар авахгүй албаны шалгах эрхийн үнэмлэх ашиглан зорчсон зөрчил илэрч байгууллагаас тасалбарын үнэ 157.600 төгрөг төлөх акт тогтоогдсон нь үндэслэлтэй” гэж маргаж байна.
Хэрэгт цугларсан баримтаар, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХШ/61/05734 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын “Дүгнэлт” хэсэгт “Дотоод аудит, хяналтын албаны Дотоод аудитын хэлтсийн дарга Д.С Улаанбаатар-Сүхбаатар чиглэлд 4 удаа, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 3 удаа нийт 7 удаа хувийн зорилгоор галт тэргээр зорчихдоо шалгах эрхийн үнэлэх ашиглан үнэ төлбөргүйгээр тасалбар авсан нь Замын даргын 2017 оны А-202 дугаартай тушаалаар баталсан “Төмөр замаар зорчих маягтыг салбар нэгж нь үнийг төлсөн нөхцөлд олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн” гэх Тайлан, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд галт тэргээр зорчсон Д.Сгийн мэдээлэл, Дотоод аудит, хяналтын албаны аудиторуудын 2019 оны жилийн удирдамжийн жагсаалт, Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 2018 оны 11 дүгээр сарын А-500 дугаарын нэгдүгээр хавсралтын 7 дугаар зүйлийн 7.3.2 дахь хэсэг мөн тухайн үнэмлэхийн 1,2 дугаар заалтад зааснаар эдгээр үнэмлэхээр ажилтан албан журмаар ажиллахдаа:
-Улаанбаатар төмөр замын харъяа бүх алба, хэлтэс, салбар нэгж, байгууллагын байр, объект, тээврийн хэрэгсэл, бүх төрлийн галт тэргэнд ямар ч цагт саадгүй нэвтэрч, албан тушаалтан, иргэдээс тайлбар авах, санхүүгийн болон бусад баримт бичиг, эд зүйлд үзлэг хийх түр хураах,саатуулах, шууд харилцааны галт тэрэгнээс бусад бүх галт тэргэнд байр эзлэн зорчих” эрхийг олгосон байх бөгөөд тухайн өдрүүдэд нэхэмжлэгч албан томилолтоор ажиллаагүй, өөртөө давуу байдлыг бий болгон, эрхийн үнэлэхийг хувийн зорилгодоо ашиглан явсан гэх үйл явдал “Улаанбаатар төмөр замын ажилтанууд албан томилолтоор ажиллах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2, 3 дугаар зүйлийн 3.10, 4 дүгээр зүйлийн 4.3, 4 дүгээр зүйлийн 4.4. дэх хэсэгт заасныг зөрчсөнөөр нотлогдож байна.
Мөн хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А-202 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Зорчих замаар маягтыг салбар нэгж нь үнийг нь төлсөн нөхцөлд олгох журам”-ын 13 дугаар зүйлийн 13.1-в, 13.1-е “маягтаар зорчих тасалбар аваагүй зорчсон”, 13.2 дахь хэсэгт “маягтыг ашиглах журмыг зөрчсөн зорчигчийг тасалбаргүйд тооцож тасалбарын үнийг төлүүлэн зорчуулах ба санаатай зөрчсөн төмөр замын ажилтанд хөдөлмөрийн сахилгын хариуцлага тооцно” гэж заажээ.
Дээрх заалтаас харахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугаар зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч албаны холбогдох дүрэм журмыг зөрчиж, түүнд тасалбарын үнэ 157.600 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоож, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч баримтаар үгүйсгэн няцааж, нотлож чадахгүй байна.
Харин 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр албан тушаалын давуу байдлыг ашиглан баяр ёслол, амралтын өдрүүдэд дур мэдэн албан томилолтоор Сүхбаатар өртөө рүү явсан, албан томилолтын удирамжид заасан ажлыг гүйцэтгээгүй, шалгалтын дүнг тайлагнах үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн тухайд шүүх дүгнэхэд, “Дотоод аудитын, хяналтын албан ажиллагсадын амралт баяр ёслолоор ажилласан” 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн НВА-гийн дарга С.Наранбаярын баталснаар, нэхэмжлэгч Д.С Сүхбаатар өртөөнд 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд, илүү цаг 24 цагаар ажилласан нь НВА-гийн дарга С.Наранбаяр гарын үсэгтэй “Албан томилолтын удирдамж”, Улаанбаатар төмөр замын ажилтануудын албан томилолтоор ажиллах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар албан томилолтын үүргээ биелүүлсэн гэж үзэн, албаны дарга тохирох зардал тооцоог хийхийг зөвшөөрч, гарын үсгээ зурж, 590.532 төгрөгийг олгосон талаар талууд маргаагүй мөн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл” болон ажлын комисст дээрх тайлангаа 9, 54 дүгээр жагсаалтаар хүлээлгэн өгсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат “Би Д.Стай утсаар яриад чамайг даргын тушаал, удирдамжийн дагуу шалгах гэж байна. надад өгөх тайлан, бичиг баримт байна уу гэхэд “байхгүй “гэж хэлсэн. сүүлд ажил хүлээлцэхэд нөгөө асуусан тайланг өгсөн гэж хүлээлцсэн байсан. тухайн үед тайлан байгаагүй сүүлд нөхөж хийсэн гэж би хардаж байгаа” гэх тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч нар хуульд заасны дагуу өөрийн татгалзал үндэслэлтэй холбоотой баримтаа цуглуулж бүрдүүлэх, нотлох үүрэгтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүх олгосон хэдий ч хэрэгжүүлж, 2019 оны эхний хагас жилийн тайланд тусгагдсан ажлыг нэхэмжлэгч хийгээгүй болохыг нотлож чадаагүй учраас дээрх арга хэмжээг авсан нь үндэслэлгүй байна.
Иймээс нэхэмжлэгч хувийн зорилгодоо албан бичиг баримт ашигласан үйлдэл түүнтэй байгуулсан “Хөдлөмөрийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй зөрчсөн нь хариуцагчийн тайлбар, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, явсан замын маршрутаар тогтоогдож байгаа тул Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3.Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Д.Стай, хариуцагч “Хөдөлмөрийн гэрээ” байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын Дотоод аудитын хэлтсийн даргын ажилд томилсон болох нь гэрээ, замын даргын тушаалаар тогтоогдож байна.
Улмаар нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалуудыг үндэслэн ажлаас халсаныг эс зөвшөөрч маргаан үүсгэж байна.
2019 оны 10 дугаар сарын 25-ны Б-2-217 дугаартай тушаалын “Тушаах” хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а,и”, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Ж.Батболдын удирдан хийсэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас халжээ.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай бөгөөд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог.
Ажил олгогч гэрээг цуцлахдаа, “Хөдөлмөрийн гэрээ”, “Хөдөлмөрийн дотоод журам”, “Хөдөлмөрийн хууль”-д заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой.
Өөрөөр хэлбэл, зохигчдын тайлбар, гэрч нарын тайлбар, мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар дээрх үйл явдлууд нотлогдон, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 “сануулах”, 131.1.2 “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах”, 131.1.3 “ажлаас халах”-аар заасны дагуу сахилгын шийтгэлийг нэхэмжлэгчид ногдуулахдаа шат дараалсан арга хэмжээг авч мөн хуулийн 131 дугаар зүйлийн 131.3 дахь хэсгийн заалтыг хариуцагч зөрчөөгүй, нэхэмжлэгчийн “удаа дараа хувь хүнийг чиглэсэн шалгалт хийсэн, ажлын байрны дарамтанд байнга өртсөн” гэх тайлбар баримтаар нотлогдоогүй буюу хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.Хөдөлмөрийн сахилгын шийтгэлд суутгагдсан 1.002.575 төгрөг, 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагнал 2.557.640 төгрөгийг гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин нийт 25.146.944 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
Шүүх Улаанбаатар төмөр замын даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай нэхэмжлэгч Д.Сг ажлаас халах тушаалыг үндэслэлтэй гэж үзээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг тушаалтай холбоотой үр дүнгийн шагнал, сахилгын шийтгэлд суутгагдсан мөнгө, ажилгүй байсан хугацааны цалинг олгох боломжгүй гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б-2-168 дугаартай тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б-2-217 дугаартай тушаалыг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзээд, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн үр дүнгийн шагнал, сахилгын шийтгэлд суутгагдсан 3.560.215 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Түүний 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр удирдамжгүй шалгалт явуулсан талаар бичиж өгсөн тайлбар дээрх шалгалтын дүнг хэлэлцсэн хуралд Д.С өөрийн биеэр оролцож, тайлбараа гаргаж байсан зэргээс үзэхэд түүнийг өвчтэй үед шалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн нь үндэслэлгүй.