Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 1296

 

 

Х.Б, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00190 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Б, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Ч, “Э” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 181 484 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Т,

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ч нь 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 36 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, зээл авснаас хойш сар бүр үндсэн зээлээс 2 000 000 төлөх график гарган зээлэн авсан. Зээлийн гэрээгээр зээлээ тогтоосон графикийн дагуу сар бүрийн төлөлтөө заасан  хугацаандаа төлбөл зээлийн хүү төлөхгүй байхаар хэрэв гэрээний үүргээ зөрчвөл сарын 5  хувийн хүү төлөх, графикт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс 0.3 хувийн алданги төлөх нөхцлийг тохирсон ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээл авснаасаа хойш одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнээс огт төлөлгүй, элдэв шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн холбогдох заалтууд болон зээлийн гэрээнд заасныг үндэслэн зээлийн үлдэгдэл 36 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү  55 622 000 төгрөг, тооцсон алданги 18 000 000 төгрөгийн хамт иргэн Б.Ч-с гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагч Б.Ч нь 2011 оны 10 сард над дээр ирж 15 000 000 төгрөгийг зээлээч тээврийн бизнес эрхэлж байгаа гэсэн. Надад мөнгө байгаагүй учир өөрийн найз С.М-д хэлээд 15 000 000 төгрөгийг түүнээс авч Б.Ч-т өгсөн, 2012 онд Б.Ч нь дахин мөнгөний хэрэгтэй болчихлоо туслаач гээд 4 000 000 төгрөгийг зээлээд өгөөч гэхээр нь дахин С.М-с авч өгсөн. С.М намайг гуйсан болохоор л Б.Ч-т мөнгө өгсөн юм. Ингээд С.М-той 15 000 000 төгрөгийн гэрээгээ байгуулаад барьцаанд нь машин тавина гээд хүүг нь ч төлөөгүй сураггүй болчихсон. Энэ үед Б.Ч-н зээл, түүний хүү нь 60 141 000 төгрөг болсон. Тэгээд Б.Ч-т хэлтэл би төлж чадахгүй байна, надад туслаач гэхэд нь өөрийн найз Д.Баясгалантай уулзуулж мөнгө зээлүүлэх хүсэлт гаргаж Д.Б нь Б.Ч мөнгө зээлүүлэхээр болж 21 000 000 төгрөгийг нотариат дээр очоод гэрээ байгуулж Б.Ч нь бэлнээр аваад 19 000 000 төгрөгийг нь С.М-д өгөөрэй гэж надад өгөөд 2 000 000 төгрөгийг нь өөрөө аваад явсан. Тэгээд С.М-той 60 414 000 төгрөгөөсөө хүүгээ тохирч багасгасан гээд надаас үлдэх 36 000 000 төгрөгийг нь зээлсэн. Би найзаасаа мөнгө аваад өгчихсөн, бидний дунд үл ойлголцол үүсчихээд байсан учраас би зээлсэн. Гэхдээ С.М-ын өрийг төлөхөөр зээлсэн учраас мөнгийг би С.М-д өгсөн нь үнэн. Тиймээс Б.Ч-с 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн надтай байгуулсан гэрээний дагуу 109 622 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Д.Б-ай байгуулсан гэрээний дагуу 71 862 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ч-т нь 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулан 21 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай сарын 6,0 хувийн хүүтэйгээр зээлэн авсан. Гэрээний хугацаанд одоогийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүнээс огт төлөлгүй элдэв шалтаг хэлэн итгэл эвдэн өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн холбогдох заалтууд болон зээлийн гэрээ барьцааны гэрээнд заасныг үндэслэн зээлийн үлдэгдэл 21 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 40 362 000 төгрөг, тооцсон алданги  10 500 000  төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 517 260 төгрөгийн хамт иргэн Б.Ч-т болон хамтран хариуцагч “Э” ХХК-иас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ч-т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч-т миний бие анх Капитрон банкны салбарын захирал ажилтай иргэн X.Б-с удаа дараа мөнгө зээлж байсан ба зээлсэн мөнгөө хүүгийн хамт эргүүлэн төлсөн. 2011 оны 10 сарын 19-ний өдөр X.Б нь С.М гэгч нэрээр 15 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, дараа нь 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөн л Х.Б нь С.М нэрээр нэмж 4 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй, нийтдээ 19 000 000 төгрөгийн зээлийг бэлнээр надад өгч байсан. Гэсэн ч С.М гэсэн хүнтэй огт уулзаж байгаагүй, Х.Б өөрөө мөнгийг өгч байсан. Би дээрх зээлд 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртэлх хугацаанд Х.Б-д зээлийн хүү, үндсэн зээлд тооцож нийт 19 000 000 төгрөгийг бэлнээр буцааж төлсөн. Тэр үед би Дорноговь аймгийн Замын-Үүд боомтонд ажиллаж амьдарч байсан учраас иргэн X.Б-д удаа дараа дансаар мөнгөө шилжүүлье гэхэд тэр зөвшөөрдөггүй байсан. Ингээд 2013 оны 4 сараас хойш миний эрхэлж байсан бизнес доголдолд орж эхэлснээр түүнд дахин төлөөгүй. С.Мөнхболд нэрээр Х.Б-с авсан 19 000 000 төгрөгийн төлбөрт Х.Б-д хүү, үндсэн зээлийн төлбөр 19 000 000 төгрөг төлсний дараа дээрх зээлийн хүү болох 35 000 000 төгрөгийг иргэн X.Б-с бэлнээр зээлсэн болгон нөхөж зээлийн гэрээг байгуулсан. Х.Б-ийн дарамтаас залхаж уг гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч X.Б-д 35 000 000 төгрөгийн зээлийн хүү, мөн алданги төлөх  үндэслэлгүй бөгөөд нэхэмжилсэн 109 622 000 төгрөгийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эхний авсан зээл 15 000 000 төгрөгийн 2 сарын 5 хувийн хүү 1 500 000 төгрөг, дараагийн 4 000 000 төгрөгийн 4 сарын 8 хувийн хүү 1 280 000 төгрөгийг төлж болох юм. Үндсэн зээл 19 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Х.Б зээлээр өгсөн мөнгөө олж авах санаатай С.М-ын нэрийг барьж зээлийн гэрээг нөхөж хийж байсан. С.М ямар эх үүсвэрээр надад мөнгө зээлсэн, тийм зээлэх мөнгө тэдэнд тухайн үед байсан эсэхийг шалгахад тэдний цаана Х.Б өөрөө байсан нь харагдана. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн X.Б, Б.Ч бидний хооронд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 36 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нь бодит байдалд тулгуурлан хийгдсэн гэрээ биш юм. Учир нь Б.Ч миний бие анх Капитрон банкны зээлтэй байсан бөгөөд уг банкинд салбарын захирал ажилтай иргэн X.Б-с хувиас нь 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөг бэлнээр авсан бөгөөд Х.Б нь өөрийн найз С.М-ын нэрээр зээлийн гэрээ байгуулж уг мөнгийг өөрөө надад өгсөн. Дараа нь 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөгийг мөн л надад найз С.М-ын нэрээр зээлсэн. Энэхүү 2 зээлийн 19 000 000 төгрөгийг би Х.Б-д буцаан төлсөн. Энэ нь миний Х.Б-д мөнгө хүлээлгэн өгсөн баримтад бидний гарын үсэг зурсан баримтаар нотлогдоно. Би С.М гэсэн хүнтэй огт уулзаж байгаагүй бөгөөд дандаа Х.Б өөрөө мөнгийг өгч байсан. Би дээрх зээлд 2012 оны 2 сараас эхлэн 2013 оны 4 сар хүртэлх хугацаанд Х.Б-д зээлийн хүү, үндсэн зээлийг төлсөн. 2013 оны 4 сараас хойш миний эрхэлж байсан бизнес доголдолд орж эхэлснээр түүнд дахин мөнгө төлөөгүй юм. Түүнээс хойш X.Бмбаядорж нь надаас мөнгөө нэхэж байнга утсаар дарамталж эхэлсэн бөгөөд 2015 онд түүний шахалтаар өөрийнх нь найз гэх Д.Баясгалан гэгчтэй 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нөхөж хийсэн. Бодит байдал дээр би иргэн Д.Баясгалангаас нэг ч төгрөг аваагүй. Энэ гэрээг нь нотариат дээр хийнэ гэсээр тэд надаас нотариат дээр гарын үсэг авсан боловч мөнгө огт аваагүй. Х.Бямбадоржийн дарамтаас залхаж уг гэрээнд гарын үсэг зурсан. С.Мөнхболд нэрээр Х.Бямбадоржоос авсан 19 000 000 төгрөгийн төлбөрт Х.Бямбадоржид хүү, үндсэн зээлийн төлбөр 19 000 000 төгрөг төлсөний дараа мөн л 21 000 000 төгрөг Д.Баясгалан гэгчээс зээлсэн болгож, миний үүсгэн байгуулсан “Энжелик” ХХК-ийн нэр дээр газрын бичиг баримтыг барьцаа болгож нөхөж зээлийн гэрээг байгуулсан. Дараа нь Х.Бямбадорж нь өмнөх зээлүүдийн хүүг оруулаад 36 000 000 төгрөг болж байна, надтай шинээр зээлийн гэрээ хийж, нотариатаар баталгаажуул гэж янз бүрээр дарамталж мөнгө нэхсэн тул гэрээг хийсэн. Энэ бол миний хүсэл зориг байгаагүй бөгөөд цэвэр дарамт шахалт байсан болно. Иймд Х.Б бидний хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр би түүнээс мөнгө аваагүй, бидний хооронд мөнгө өгч авалцсан баримт байхгүй, нэхэмжлэгч Х.Б-ийн дарамт шахалтаар хийгдсэн гэрээ учир X.Б бидний хоорондын 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4, Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасныг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хуулийн энэхүү заалтуудыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Ч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь иргэн Д.Б-с 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээл, барьцааны гэрээг хийсэн боловч үнэн хэрэгтээ бодит байдлаар иргэн Д.Б-с 21 сая төгрөгийг зээлээр аваагүй. Талуудын хооронд зээлийн мөнгө өгч авалцаагүй энэ талаар ямар нэг баримт байхгүй. Иргэн Д.Б-г “Э” ХХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч Б.Ч нь огт танихгүй. Д.Б нь иргэн X.Б-н найз юм. Х.Б нь “Э” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ч-д 15 сая төгрөг, мөн 4 сая төгрөг зээлсэн бөгөөд энэ мөнгөний хүүг олж авахын тулд өөрийн найз Д.Б-тай дээрх гэрээг бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлсэн. Зээлийн гэрээний 5-д зааснаар зээлийн мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болохоор заасан боловч мөнгийг бодитоор өгөөгүй, энэ гэрээнд Х.Б хүү тооцохын тулд дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Мөн зээлийн гэрээний 5-д барьцаа хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөнд аж ахуйн зориулалттай 18 000 га газрыг барьцаалах, уг барьцааны гэрээг эрх бүхий бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан ч хуульд зохих бүртгэл хийлгээгүй. Дээрх үндэслэлээр Д.Б нь Х.Б-д итгэмжлэл олгосон, өөрөө энэхүү шударга бус үйлдлийг үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа гэж ойлгож байна. Нэгэнт иргэн Д.Б нь зээлийн гэрээний дагуу 21 сая төгрөг бодитоор хүлээлгэн өгөөгүй, зохигчдын хоорондын 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь бодит нөхцөлд тулгуурлаагүй дүр үзүүлж хийсэн хэлцэл, мөн өдрийн зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь мөн дүр үзүүлж хийгдсэн, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ болохыг тогтоож, эдгээр үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б сөрөг нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.Ч нь анх зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн 19 000 000 төгрөгөө төлөхөөр хэрхэн хүсэлт тавьж яаж төлсөнөө сөрөг нэхэмжлэл дээрээ тусгаагүй байна. Үүнийг төлөхөөр Д.Б-с 21 000 000 төгрөг зээлж, 19 000 000 төгрөгөөр нь С.М-оос авсан зээлээ төлж, үлдэх 2 000 000 төгрөгийг өөрөө авч үлдсэнээ ч мөн үгүйсгэсэн байна. Иргэн Д.Б-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээгээр барьцаалсан “Э” ХХК-ийн эзэмшлийн газрыг Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны албанд бүртгүүлэхээр 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уулзахад 2014, 2015 оны газрын төлбөрүүд, алданги тооцогдон 11 520 000 төгрөг төлөгдөөгүй төлсний дараа барьцаанд бүртгэсэн болохыг тус газраас мэдэгдэж нэхэмжлэл өгсөн. Энэ тухай Б.Ч-д мэдэгдэхэд 1-т наад газар чинь эзэмшлийн маргаантай байгаа, 2-т төлбөр төлөх мөнгө байхгүй тэгж байгаад өөрөө зохицуулчихна гэсэн тайлбар өгөөд өнгөрсөн. Энэ нь тухайн үедээ итгэл олж, төлбөр болон эзэмшлийн маргаантай газар эзэмших эрхийг хууран мэхлэн барьцаалж зээл авсныг нотолж байна. Иргэн С.М-той байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015 оны 02 дугаар сар хүртэлх 50 сар төлөөгүй зээлийн хүүний төлбөр 42 000 000 төгрөгийг хэрхэн төлсөнөө мөн тайлбарладаггүй өөрөө бүрэн төлж дууссан хэмээн худал бичжээ. Нийт төлөөгүй хүүгээ 6 000 000 төгрөгөөр бууруулан 36 000 000 төгрөг төлөх саналаа Б.Ч өөрөө гаргаж энэ төлбөрийг надтай хүүгүй буцаан төлөх гэрээ байгуулж, С.М-ын хүүг төлсөн болно. Иймд Х.Б миний бие Б.Ч-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн хариуцагч Б.Ч-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 109 622 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б- хариуцагч Б.Ч-ын нарын хооронд байгуулагдсан 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч “Э” ХХК-ний захирал Б.Ч-с зээлийн гэрээний үүрэгт 46 620 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 242 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Ч-той байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 060 төгрөг, хариуцагч Б.Ч-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706 060 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 706 060 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож, нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 260 төгрөг, хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Ч-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 262 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Чинзоригтоос 391 050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д, нэхэмжлэгч Д.Б-с 131 475 төгрөгийг гаргуулж хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Ч-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдэрийн зарим хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх “Э” ХХК нь Д.Б-тай компанид огт аваагүй мөнгөний асуудлаар зээлийн гэрээг зээлдэгч X.Б-ийн дарамт шахалтаар нөхөж хийсэн талаар хариуцагчийн зүгээс тайлбарлаж, Х.Б нь иргэн С.М-ын нэр барьж зээлийн гэрээ хийж, зээлийн мөнгийг Х.Б 2 удаа, 15 сая, 4 сая-р тус бүр мөнгө зээлээр өгч байсан, уг зээлийг Б.Ч төлсөн талаар тайлбар хийж, мөнгийг өгч авсан тооцоон дээр талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байтал шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт хөтлөгдөж, “Э” ХХК-д иргэн Д.Б 21 сая төгрөгийг зээлээр бодит байдал дээр өгсөнөө нотлоогүй байхад “Э” ХХК-иас Д.Ба-д зээлийн үүрэгт 46 620 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Д.Б нь хэрэв “Э” ХХК-д 21 сая төгрөгийн зээл олгосон бол компанийн дансанд шилжүүлсэн эсхүл бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж баталгаажуулах, “Э” ХХК нь өглөг, авлага үүсгэсэн санхүүгийн анхан шатны болон сар улирлын тайлан блансад тусгагдсан ямар нэг баримт байхгүй болно. Д.Б нь өөрөө зээлийн мөнгийг компанид болон Б.Ч-д өгөөгүй, Х.Б-оор зээлийн мөнгийг дамжуулан өгсөн талаар тайлбарладаг бөгөөд өөрийн хөрөнгө болохоо нотолж чаддаггүй.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Бодит байдалд Д.Б нь “Э” ХХК-д 21 сая төгрөгийн зээлийн мөнгийг бодитоор өгөөгүй, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээг 21 сая төгрөг өгсөн мэтээр нөхөн хийсэн, талууд мөнгө өгч авсан баримт байхгүй  байхад  Б.Ч-т  Х.Б  нар 19  сая  төгрөгийн   зээлийг  Б.Ч-с

Х.Б-д хүлээлгэн өгсөн тооцоо нийлсэн баримтыг /огноо тодорхой бус/, Х.Б Б.Ч-д хүлээлгэн өгсөн гэж буруу мушгин гуйвуулж дүгнэлт хийж, уг баримтыг Д.Б “Э” ХХК-д Х.Б-р дамжуулан өгсөн болгож зохиомолоор, хийсвэр дүгнэлт хийж, хариуцагч “Э” ХХК-д зээлийн төлбөрийн үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, төлбөр хариуцуулсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын "...”Э” ХХК-иас Д.Б нарт зээлийн гэрээний үүрэгт 46 620 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн болон хариуцагчийн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон..." хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

           

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 109 622 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.Б хариуцагч Б.Ч, “Э” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71 862 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Ч эс зөвшөөрч 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Х.Б-ой байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Д.Б-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Бийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Х.Б “хариуцагч Б.Ч нь зээлсэн 2 удаагийн 19 000 000 төгрөгийг төлөхөөр Д.Б-с 21 000 000 төгрөг зээлж, 19 000 000 төгрөгөөр нь С.М-с зээлсэн зээлийг төлж, үлдэх 2 000 000 төгрөгийг авч үлдсэн. С.М-той байгуулсан зээлийн гэрээний дагуу 2015 оны 2 дугаар сарын байдлаар зээлийн хүүний 42 000 000 төгрөгийг 6 000 000 төгрөгөөр бууруулж 36 000 000 төгрөг хүүгүй төлөх гэрээ надтай байгуулж С.М-ын хүүг төлсөн” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Б.Ч татгалзлаа “нэхэмжлэгч Х.Б нь С.М-ын нэрээр 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 15 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 4 000 000 төгрөгийг, 4 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй 19 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. С.М-той огт уулзаж байгаагүй, 19 000 000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын байдлаар Х.Б-д буцаан төлсөн. 19 000 000 төгрөгийн зээлийн хүү болох 36 000 000 төгрөгийг Х.Б-с зээлсэн болгон нөхөж зээлийн гэрээг байгуулсан. Түүний дарамтаас залхаж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан” гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 4 дүгээр талд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 36 000 000 төгрөгийг Х.Б-с Б.Ч-д зээлдүүлсэн тухай бичгийн гэрээ авагджээ.

 

Дээрх хариуцагч Б.Ч-ын тайлбарыг нэхэмжлэгч Х.Б няцаагаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд талуудын тайлбараас үзвэл зээлийн гэрээний дагуу бодитойгоор 36 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө нэхэмжлэгчээс хариуцагчид шилжээгүй, өмнө зээлсэн 2 зээлийн гэрээтэй холбоотойгоор 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 36 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр талууд хийсэн болох нь нотлогдсон гэж үзнэ.

 

Талуудын хооронд бичгээр хийсэн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Иймээс нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Ч-с 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт 109 622 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүйгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Б.Ч-н нэхэмжлэгч Х.Б-д холбогдуулан гаргасан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Ч-той 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 21 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэхээр зээлийн гэрээг бичгээр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Аж ахуйн зориулалтаар Рашаант өртөө дэх 180 000 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан зээлийн барьцааны гэрээг бичгээр тус тус байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Х.Б С.М мөнгөө нэхээд Б.Ч-д хэлтэл төлж чадахгүй байна туслаач гэхээр нь өөрийн найз Д.Б-тай уулзуулж мөнгө зээлээч гэснээр Д.Б Б.Ч-д мөнгө зээлүүлэхээр болж нотариат дээр зээлийн гэрээ байгуулж, Б.Ч 19 000 000 төгрөгийг бэлнээр аваад С.М-д өгөөрэй гээд надад өгөөд, 2 000 000 төгрөгийг нь өөрөө аваад явсан” гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч Б.Ч татгалзлаа “С.М нэрээр Х.Б-с авсан 19 000 000 төгрөгийн төлбөрт түүнд 19 000 000 төгрөг төлсний дараа мөн л 21 000 000 төгрөг Д.Б-с зээлсэн болгож зээлийн гэрээг, миний “Э” ХХК-ийн нэр дээрх 18 га газрын бичиг баримтыг барьцаа болгож барьцааны гэрээг тус тус нөхөж байгуулсан. С.М-ын нэрээр зээлсэн 19 000 000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын байдлаар Х.Б-д төлсөн. Түүнээс хойш Х.Б байнга мөнгө нэхэж утасдан дарамталж байсан учраас 2015 онд түүний шахалтаар найз Д.Б гэгчтэй 21 000 000 төгрөгийн зээлийн гэрээ нөхөж хийсэн. Д.Б-с бэлнээр болон дансаар мөнгө авч байгаагүй” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Ч-д 21 000 000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн гэх дээрх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нэхэмжлэгч Д.Б-с 21 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ч зээлэн авснаас 19 000 000 төгрөгийг С.М-д төлөөрэй гэж өгснийг төлсөн гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч хэргийн 33 дугаар тал дахь мөнгө хүлээн авсан баримтад Б.Ч-с Х.Б-д 19 000 000 төгрөг хүлээлгэн өгснийг Д.Б-с 19 000 000 төгрөгийг Б.Ч-д хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, мөнгө хүлээлгэн өгсөн баримт нь хариуцагч Б.Чинзоригт Х.Б-д 19 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн нь нэхэмжлэгч Д.Б-с 21 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ч хүлээн авсныг эргэлзээгүйгээр нотлохгүй бөгөөд шалтгаант холбоотой баримт гэж үзэхгүй.

 

Зохигчдын бичгээр хийсэн 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 21 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгө зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “Э” ХХК болон Б.Ч-с 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний үүрэгт 71 862 000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч “Э” ХХК болон Б.Ч-с 71 862 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй нөхцөлд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцааны гэрээ мөн адил байгуулагдаагүй гэж үзнэ.

 

Шүүх барьцааны гэрээг хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн буруу байгааг залруулах шаардлагатай.

 

Зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлээгүйгээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсгээгүй нь уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй тул хариуцагч Б.Ч-ын нэхэмжлэгч Д.Б-д холбогдуулан гаргасан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00190 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний үүрэгт 109 622 000 төгрөг гаргуулах тухай Х.Б-ийн, зээлийн гэрээний үүрэгт 71 862 000 төгрөг гаргуулах тухай Д.Б-ийн  нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.4-т заасан үндэслэлгүй тул Х.Б-д холбогдуулан гаргасан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай Б.Ч-ын, Д.Б-д холбогдуулан гаргасан 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай “Э” ХХК, Б.Ч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ч-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 391 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ