Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

 

 

                                                                                               

Д.Ч, Ж.Х, Ж.Д, Н.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ж.Х, Ж.Д, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Г.Тамир,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Х, Ж.Д болон тэдгээрийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.Чийн өмгөөлөгч Г.Тамир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Ч, Ж.Х, Ж.Д, Н.Бнарт холбогдох эрүүгийн 1902007460340 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

/;

 

Шүүгдэгч Н.Бнь гэмт хэрэгт хамтран оролцож, Д.Чтой бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 14 дүгээр байрны 280 тоотод “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 393 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уг тоотод 1,4237 грамм жинтэй шавар болгон бэлтгэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2825 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Э.Намуундарь, Ж.Д нарт өгч, 0.7 грамм жинтэй бодисыг хадгалсан,

 

шүүгдэгч Ж.Х нь гэмт хэрэгт хамтран оролцож, Ж.Дтэй бүлэглэн “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 102 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 153 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хадгалсан,

 

шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэгт хамтран оролцож, Ж.Хтой бүлэглэн “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 102 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 153 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл хадгалсан, улмаар Д.Чтой бүлэглэн уг бодисоо шавар болгон бэлтгэсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 0.3 грамм жинтэй бодисыг өөрийн биедээ хадгалсан,

 

шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэгт хамтран оролцож, Н.Б-тэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 14 дүгээр байрны 280 тоотод “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 393 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр уг тоотод 1.4237 грамм жинтэй шавар болгон бэлтгэж өөрийн биедээ хадгалсан, Н.Бболон Ж.Дд тус тус өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Ч, Ж.Х, Ж.Д Н.Бнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ийг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэм буруутайд,

шүүгдэгч ыг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд,

шүүгдэгч ийг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэм буруутайд,

шүүгдэгч гийг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ж.Хыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ж.Дийг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Чийг,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Бийг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ж.Х, Ж.Д, Д.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бөртэд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Н.Бнь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч, Ж.Х, Ж.Д нарын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Бнь энэ хэргийн улмаас 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Н.Бөртэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.Ч, Ж.Х, Ж.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга  хэмжээг тус тус авч, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “...№1 гэж дугаарласан 0.3 грамм бор өнгийн шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан №1 дугаартай 58.1 грамм өвс, №3 гэж дугаарласан №2 дугаартай 45 грамм өвс, №4 гэж дугаарласан сонингийн цаастай 195.2 грамм өвс, №5 гэж дугаарласан хуванцар савтай 131.2 грамм ургамал, №6 гэж дугаарласан даавуун ууттай 80.1 грамм өвс, №7 гэж дугаарласан 0.7 грамм шавар мэт зүйл, №8 гэж дугаарласан 0.7 грамм шавар мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие бүрэн дунд боловсролыг Монгол Туркын хамтарсан сургуульд суралцаж байх хугацаандаа улсын болон аймгийн Англи, Орос хэлний олимпиадуудад удаа дараа амжилттай оролцож 1,2,3 дугаар байр эзлэж байсан. Мөн “Ebiko” улсын мэдээлэл технологийн олимпиадаас 1 дүгээр байр, Турк улсын Анкара хотод болсон  мэдээлэл технологийн тэмцээнээс 3 дугаар байр, Америкийн нэгдсэн улсын Хюүстэн хотод болсон “Isweep” график дизайны тэмцээнээс тусгай байр эзлэн амжилттай оролцсон тул Истанбул хотын технологийн их сургууль болон Сан-франциско хотын “New Era” дизайны их сургуулиас тэтгэлэгтэй суралцах урилга ирсэн бөгөөд 2011 онд сургуулиа төгсөөд Тайван улсын технологийн их сургуульд тэтгэлэгтэй суралцаж төгссөн. Улмаар эх орондоо ирээд хугацаат цэргийн албыг хаасан бөгөөд 2018 онд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд сүлжээний инженерийн албан тушаалд шалгарч тэнцэн уг хэрэгт холбогдох хүртэл хугацаанд ажиллаж байсан. Мөн ажиллаж байх хугацаандаа гэмт хэрэг илрүүлэх үйлдэлд өөрийн хувь нэмрээ оруулж байсан.

Би одоо Баянгол дүүрэгт найз охин Дөлгөөний хамт амьдардаг. Бид хамтын амьдралаа бий болгохын тулд цаг завгүй ажиллаж хөдөлмөрлөж ирсэн. Найз охин Монгол Улсын Их сургуульд 4 дүгээр курст суралцахын хажуугаар “Дивали”, “Венда” иогийн төвүүдэд амжилттай ажиллаж олны талархлыг хүлээсээр ирсэн. Миний бие ажиллахын зэрэгцээ машины бизнес эхлүүлж байсан бөгөөд одоогоор хоёр машины лизингтэй байгаа.

Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд энэ зүйлийн талаар мэдлэггүйн улмаас залуу хүний саваагүй, болчимгүй зандаа хөтлөгдөн анх удаа хэрэглэж үзсэн. Хэрэгт холбогдсоноос хойш хар тамхи нь хүний биед болон нийгэмд ямар их хор хөнөөлтэй талаар судалж ухаарч мэдэж авсан. Мөн энд хоригдох хугацаандаа маш их зүйлийн талаар тунгаан бодож, ухаарч гэмт хэрэгт холбогдсондоо чин сэтгэлээсээ гэмшиж харамсаж сууна. Цаашдаа бидний ирээдүйд хар толбо болох хар тамхи гэдэг зүйлийг жигшиж, хойч үеийнхээ гэрэлт ирээдүй, хар тамхи гэдэг зүйлээс ангид нийгмийг цогцлоохын төлөө гар бие оролцож, үргэлж энэ муухай зүйлийн эсрэг дуу хоолой нь байж дахин энэ төрлийн зүйлтэй нэр холбогдохгүй гэдгээ чин шударгаар амлаж байна. Иймд та бүхэн дээрх нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж надад эхний бөгөөд эцсийн удаа боломж олгож хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү хэмээн гүнээ хүсэж байна.” гэв.

 

Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ж.Д би өөрийн хийсэн хэрэгтэй маш ихээр харамсаж, гэмшиж өөрийн гэм буруугаа ухамсарлаж байна.

Ж.Д би эцэг, эх, найз залуугын хамт амьдардаг. Одоо миний бие Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын сургуулийн, Олон Улсын харилцааны тэнхимийн 5 дугаар курсын төгсөх ангид суралцаж байгаа. Мөн 4 дүгээр курсээ төгсөөд зуны амралтаараа өөрийгөө хөгжүүлэн 2019.7.11-ээс 2019.8.11-ийг хүртэл иогийн сургалтанд 200 цаг сууж Олон Улсад багшлах эрхтэй Иогийн багш “Certificate” амжилттай гардан авсан. Түүнээс хойш тасралтгүй “Venus” иогийн төв, “Diwali” иогийн төв, “NN” studiod тус тус иогийн багшаар шүүхийн шийдвэр гартал тогтвортой ажиллаж байсан.

Ж.Д би оюутан, энэ жил сургуулиа төгсөх байсан. Өөрийн залуу насны гэнэн томоогүй сониуч зангаасаа болж ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж гэмшиж явдаг. Ж.Д би хэрэгт холбогдсоны дараа өвс гэдэг зүйлийн хор уршиг, түүнчлэн хүний эрүүл мэнд болон нийгэмд ямар хор хөнөөлтэй болохыг чин сэтгэлээсээ ухамсарлан ойлгосон. Хэрэгт холбогдсон цагаас хойш өвсийг маш ихээр жигшиж дахин хэрэглэхгүй байж чадсан. Цаашид дахин хэрэглэхгүй бөгөөд ямар ч төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Өөрийн алдсан алдаагаа бусад үе тэнгийн залуучуудад өөр шигээ алдуулахгүй байх тал дээр зааж зөвлөдөг. Мөн өөрийн сурсан мэдсэн иогоор дамжуулан бусдад зааж зөвлөсөөр өнөөдрийг хүрсэн.

Ж.Д би өөрийн мэргэжлээрээ сургуулиа төгсөөд, өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлж аав, ээжийнхээ ачийг хариулж, иогийн мэдлэгээ илүү гүнзгийрүүлэн суралцаж сурсан мэдлэгээ ирээдүйд олон хүмүүст түгээж, улс орондоо хэрэгтэй хүн болж амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа учраас надад итгэл үзүүлж, оногдуулсан 2 жилийн нээлттэй хорих ялыг хохироос өөр төрлийн ялаар өөрчилж буюу тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Х, Ж.Д нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгчийн зүгээс болон шүүгдэгч Ж.Х, Ж.Д нарын зүгээс шүүхээс шийдвэрлэсэн хэргийн зүйл анги, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргахгүй ба хавтас хэрэгт авагдсан баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинжийг харгалзан үзэлгүй хэт хүнд ял оногдуулсан, ял хүндэдсэн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжзэ хэрэглэж болно", мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх" боломжтой талаар, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд "Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх" талаар тус тус хуульчилсан.

Ж.Д, Ж.Х нарын хувийн байдлыг авч үзвэл Ж.Х нь Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл Шуурхай удирдлагын төвд Сүлжээ ашиглалтын инженерээр ажилладаг, дээд боловсролтой 25 настай, Ж.Д нь Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн төгсөх курст суралцдаг 22 настай залуу амьдралд хөлөө олох гэж яваа, цаашид гэр бүлээ зохиож, Монгол Улсдаа ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу хосууд юм.

Мөн миний үйлчлүүлэгч Ж.Д, Ж.Х нар нь энэхүү хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн болсон үйл баримтын талаар үнэн зөвөөр, байнга тогтвортойгоор мэдүүлж, хэргийг түргэн шуурхай илрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, анх удаагаа хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, маш их харамсаж байгаагаа удаа дараа илэрхийлсэн байдаг.                                                                                                                        

Иймд шүүгдэгч Ж.Д, Ж.Х нарын холбогдсон гэмт хэргийн шинж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа зэргийг болон амьдралд хөлөө олох гэж яваа залуу хосуудын цаашдын амьдрал, ирээдүйг зөв зүгт хандуулж, төр хайр энэрлээ хайрлаж, нэг удаа боломж олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.27-ны өдрийн 2019/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Чийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Д.Ч нь анх гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Д.Ч нь өөрийн бодлоггүй үйлдлээсээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ талаараа ямар нэг байдлаар маргаагүй, өмгөөлөгчийн зүгээс ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх саналтай шүүх хуралдаанд оролцсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Эрүүгийн харицуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ" гэж хуульчлан заасан байх бөгөөд Чинзориг нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаа үнэн зөвөөр мэдүүлж дахин энэ гэмт хэрэгт холбогдохгүй талаар маш их ойлгосон байдаг бөгөөд Чинзоригийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарлаж чинь сэтгэлээсээ гэмшиж байгаа болон хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Чинзоригт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, алдсан алдаагаа ойлгож, засарч хүмүүжиж төлөвшихэд нь нэг удаа боломж олгож өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий аигийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно" гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа үнэн сэтгэлээсээ ухаарч гэмшиж байгаа зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлж үзэх хууль зүйн боломжтой гэж үзэж байна.

Иймд ялтан Д.Чт дээрх нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өгч Чинзоригийн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “..Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

 

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч Ж.Х, Ж.Д, Д.Ч, Н.Бнар нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзаж ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Э.Бгийн жирэмсэн гэснийг нотолж шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд /2 хх 83-87/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно...”, 3 дахь хэсэгт “...Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол ...тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна...” гэж зааснаар хэрэгт бэхжүүлэгдээгүй, эх сурвалж нь тодорхой бус, хуулбарласан баримтууд байх тул хуульд заасан журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн нотлох баримтаар шүүгдэгч Э.Бгийн эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн 5034 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Burte 2019.09.09” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнибал /THC/ илэрсэн.” /1 хх 87-88/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1408 дугаартай “...Н.Бнь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Монгол Улсад эмчлэгдэх боломжтой. СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.” /2 хх 43-44/ гэсэн дүгнэлтүүд хэрэгт бэхжүүлэгдсэн байхад анхан шатны шүүх Н.Бөртэд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэхдээ энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, нийтийн ашиг сонирхол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх эсэхийг шийдвэрлээгүй байна. Албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын төрөлд хамаардаг тул анхан шатны шүүхийн хийгээгүй дүгнэлтийг давж заалдах шатны шүүх нөхөн хийж, Н.Бөртэд албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэхийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүх “...шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа байдал бусад хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв...” гэсэн дүгнэлтийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ өгсөн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг Ж.Хт 1 жил 5 сарын хугацаагаар, Н.Бөртэ, Ж.Д, Д.Ч нарт тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй төдийгүй ингэж ялыг ялгамжтай оногдуулах болсон үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дүгнээгүй байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “...шүүгдэгчид хүлээлгэх ...эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл;-г ...шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана.” гэж заасанд нийцэхгүй.

 

Иймд давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Ч, Ж.Х, Ж.Д, Н.Бнарт холбогдох эрүүгийн 1902007460340 дугаартай хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ч, Ж.Х, Ж.Д, Н.Бнарт холбогдох эрүүгийн 1902007460340 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Н.Бөртэд авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Д.Ч, Ж.Х, Ж.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ПҮРЭВСҮРЭН

 

                 ШҮҮГЧ                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                 ШҮҮГЧ                                           Д.ОЧМАНДАХ