Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 81

 

2020       01           27                                2019/ШЦТ/81                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж,

нарийн бичгийн дарга П.Т,

улсын яллагч С.М,

шүүгдэгч Ж.Х,

шүүгдэгч Ж.Д, тэдгээрийн өмгөөлөгч Э.Т,

шүүгдэгч Д.Ч, түүний өмгөөлөгч Г.Т,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч К.М нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Н., С овогт Ж.Х, Б овогт Ж.Д, И овогт Д.Ч нарт холбогдох эрүүгийн 1902007460340 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сити их сургуулийн хуулийн 2 дугаар курст сурдаг, ам бүл 6, эцэг, эх, эмээ, өвөө, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Холбооны 2/20 дугаар байрны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, У овогт Н.Б /РД:УХ97101129/,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд сүлжээ ашиглалтын инженерээр ажилдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар хороолол 12 дугаар байрны 153 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, С овогт Ж.Х /РД:УИ94070112/,

 

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол  Улсын Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн 4 дүгээр курст  суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 12 дугаар байрны 153 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ж.Д /РД:МЮ97062705/,

 

4. Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гоо сайханч, нүүр хувиргагч мэргэжилтэй, “Масс” салонд ажилтай, ам бүл 2, нагац эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 14-280 тоотод оршин суух, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол, Чингүнжав гудамж 57 дугаар байрны 186 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, И овогт Д.Ч /РД:УУ95063033/.

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, Д.Ч-той бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 14 дүгээр байрны 280 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9- тетрагидроканнабинолын агууламжтай 393 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр уг тоотод 1.4237 грамм жинтэй шавар болгон бэлтгэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2825 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Э.Намуундарь, Ж.Д нарт өгч, 0.7 грамм жинтэй бодисыг хадгалсан,

 

Шүүгдэгч Ж.Х нь гэмт хэрэгт хамтран оролцож, Ж.Д-тэй бүлэглэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9-тетрагидроканнабинолын агууламжтай 102 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 153 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хадгалсан,

 

Шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэгт хамтран оролцож, Ж.Х-той бүлэглэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта9-тетрагидроканнабинолын агууламжтай 102 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар түүж бэлтгэн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 153 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хадгалсан, улмаар Д.Ч-той бүлэглэн уг бодисоо шавар болгон бэлтгэсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 0.3 грамм жинтэй бодисыг өөрийн биедээ хадгалсан,

 

Шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэгт хамтран оролцож, Н.Б-тэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 14 дүгээр байрны 280 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9- тетрагидроканнабинолын агууламжтай 393 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр нийт 1.4237 грамм жинтэй шавар болгон бэлтгэж өөрийн биедээ хадгалсан, Н.Б болон Ж.Д-д тус тус өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм үйлдэл хийхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Бид амьдралынхаа анхны алхмыг хийж байгаа залуу хүмүүс. Бид бүгдэд ирээдүйд сайн сайхан амьдрах зорилго, төлөвлөгөө байгаа. Тиймээс бидэнд нэг удаа боломж олгоно уу...” гэв.

 

Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Бидэнд боломж олгож, хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү..” гэв.

 

Шүүгдэгч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн “1902007460340” дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:“…Би 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Цагдаагийн байгууллагад баригдсан юм. Баригдахаасаа 2 хоногийн өмнө Гандан орж тагтаа нохой хооллосон. Гэр хороололд байдаг нохой хооллоод явж байхад цагаан өнгийн ууттай арц шиг зүйл байсныг авсан юм. Манайх цахим  тоглоомын газар ажиллуулж байсан бөгөөд тэр байранд бясаа байдаг, ариун цэврийн өрөө нь их үнэртэй болчихдог болохоор байнга арц уугиулж байдаг юм. Тэгээд арц байна, баахан арц олчихлоо гэж бодсон. Ариун цэврийн өрөөнд уугилахад их өөр үнэртэй байсан бөгөөд арц шиг уугихгүй байхаар нь тэр оройдоо Ч-той уулзахдаа ийм зүйл болсон талаар хэлэхэд наадах чинь мариухан байна гэж хэлээд надад өгчих гээд аваад явсан. Маргааш нь Ч манай гэрийн гадаа өглөө 10 цагийн үед надтай уулзаад тэр шавар гэх зүйлийг өгсөн. Тэр нь асаагуур дээр наалдаастай байдлаар нь надад өгсөн. Тэгээд мөн мөнгөн цаас өгөөд ингэж хэрэглэдэг гэж хэлээд явсан юм. Би Д гэрт нь 11,12 цагийн үед очсон. Д-г гэрээс нь аваад Намуундарийнд очсон. Би тэр үед 28-25 УНЭ улсын дугаартай Тоёота харриер маркийн машиныг жолоодож явсан. Н, Төмөр замын дээд сургуулийн орчим байдаг манай найз Номингийн гэрт нь байсан. Би машинд байхдаа ийм юм Ч, өгсөн гэж хэлээд Д, Намуундарь хоёрт үзүүлэхэд өөрсдөө хэрэглэж үзье гээд бид гурав гурвуулаа Ч-ийн зааж өгснөөр мөнгөн цаасан дээр тэр шавар шиг юмнаасаа тавиад доороос нь асаагуур асаахад утаа нь уугиж байсан бөгөөд утааг нь мөнгө хуйлж байгаад сорсон. Тухайн зүйлийг хэрэглэж үзэхэд толгой эргээд, дотор муухайраад сонин байдалтай болсон. Ингээд Төмөр замын дээд сургуулийн зогсоолоос 13 цагийн үед Д-ийг хичээлтэй учраас хичээлд нь хүргэж өгөхөөр би машинаа бариад явсан. Тэгээд сургуулийн тэнд очоод зогсож байхад хүмүүс гарч ирээд цагдаагийн байгууллага дээр хүргэж ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 154-155 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…Би найз охин Д-ний эцэг эх болох Жаргалсайхан, Саранцэцэг нарын хамт Булган аймгийн Тэшиг сум руу 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр явсан юм. Манай аав, ээж хоёр Булган аймгийн Тэшиг сумын төв дээр амьдарч байгаа бөгөөд манай аав Хилийн 286 дугаар ангийн захирагчаар ажилладаг юм. Ингээд тэр өдрөө Булган аймгийн Тэшиг суманд очоод тэндээ хоночихоод хэд хоногийн дараа Булган аймгийн Тэшиг сумаас 2-3 км зайтай байдаг нууран дээр очиж хоносон. Булган аймгийн Тэшиг сум руу очих замдаа зогсохдоо тэнд хар тамхины төрлийн ургамал ургадгийг харсан юм. Интернетээр харсан зургуудтайгаа харьцуулж хараад хар тамхины хольцтой өвс мөн байна гэж бодоод Д бид хоёр нууран дээр хонох оройдоо нуурны хажуу орчим байсан өвснөөс түүсэн. Тэр өвс олон салаа үзүүр хөрөө шиг шүд хэлбэртэй, интернет дээр видл гэдэг нэртэй өвстэй адилхан байсан. Ингээд тэр өвснөөс 10 төгрөгийн үнэтэй нимгэн гялгар уутаар нэг уутыг түүгээд хайрцагт хийж боогоод Булган аймгийн Тэшиг сумын төв орж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот явах хувийн унаанд дайж өгч, хайрцаг дээр Намуундарийн утасны дугаарыг бичээд өгч явуулсан. Тэгээд тэр хайрцагтай өвс өгч явуулсаныхаа маргааш орой нь би Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тэр өвсийг Намуундарь аваагүй байсан болохоор нөгөө жолооч руу нь утсаар ярихад тэр жолооч нь Төмөр замын вокзалын хойд талд байсан нэг шуудангийн машинууд явдаг хэсгийн баруун талынх нь зогсоолын хойно байсан дэлгүүрийн худалдагчид өгсөн байсныг нь авсан. Тэр худалдагчид нь мөнгө төгрөг өгөөгүй бөгөөд дайж явуулсан жолоочид нь 10000 төгрөг өгсөн байсан юм. Ингээд Д бид хоёр өвсөө аваад гэртээ харьсан. Манай хадам аав ээж болох Жаргалсайхан, Саранцэцэг нар Сэлэнгэ аймаг руу явахаар нь нөгөө өвсөө гаргаж ирж хатаагаад сүүнд хийж уусан. Интернетээр бичлэг үзэж байгаад дагаж хийж үзсэн юм. Тэр өвстэй сүүг уухад ядраад нүд анилдаад хэсэг хугацаа өнгөрсний дараа унтаад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 130-132 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…Би 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 40 минутаас хичээлтэй байж байгаад 09 цаг 20 минутанд тараад гэртээ 10 цагийн орчим ирээд байж байхад Б над руу утсаар яриад машинаа угаалгана гэж хэлсэн юм. Би Бд өртэй байсан болохоор машин угаалгын мөнгийг нь өгөхөөр болоод Гэмтлийн эмнэлгийн доошоо уруудах замд Бгийн машиныг угаалгасан. Ингээд машинаа угаалгачихаад Намуундарийг Төмөр замын дээд сургуулиас очиж аваад Төмөр замын дээд сургуулийн гадаа 12 цагийн орчим Намуундарь, Б бид гурав тугалган цаасан дээр шавраа тавиад сорж хэрэглэсэн. Гурвуулаа хамт хэрэглэсэн. Ингээд тэндээсээ манай сургууль руу явж байсан бөгөөд манай сургуулийн орчим машин тавих зай байхгүй байсан болохоор бид гурав Дашчойлон хийдийн тэр хавиар машин тавих зогсоол хайгаад явж байхад ард урд машин зогсоод бөглөрсөн байсан. Гэтэл гэнэт цагдаагийн хүмүүс гарч ирээд бид нарыг баривчлаад Хар тамхитай тэмцэх газарт авчирсан. Тухайн үед Б бид хоёрыг нэг машинд суулгаад Намуундарийг өөр машинд суулгаад авч явах замдаа Б бид хоёрыг цахилгаан бороохойгоор бороохойдох гээд байсан. Би айгаад хэнээс авсан гэхээр нь Ч гээд хэлчихсэн юм. Тэгээд Цагдаагийн байгууллага дээр авчраад бид нарыг тус тусад нь өрөөнд оруулаад Ч-ийг барина гээд Б-г аваад явсан. Тэгээд би мэдүүлгээ өгсөн....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 137-139 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Д.Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “…Би Х-той найзын харилцаатай юм. Х-ын найз охин Д-ний төрсөн өдөр дээр Б-тэй танилцаж байсан. Ингэж Б-г мэддэг болсон бөгөөд түүнээс хойш Б нь надаар сормуус хийлгэдэг байсан. Ингээд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б нь надаар сормуус хийлгэнэ гэж өмнөх өдөр нь тохирсон байсан юм. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 15 цагийн орчим Б намайг машинтай ирж авахаар болсон бөгөөд би Халдвартын эмнэлгийн орчим байж байхад цагдаагийн ажилтнуудтай ирээд намайг баривчилсан. Тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө нь Б над руу утсаар залгаад Би ууттай юм олсон. Энэ чи бид хоёрын үзэж байсан бичлэг дээрх шиг юм байна гэж хэлэхээр нь би ажилтай байна, ажлаа дуусгаад залгая гэж хэлсэн. Ажлаа тараад Б рүү залгахад Б надтай Чингэлтэй дүүргийн Хайлаастын 14-280 тоот хашаанд ирж уулзсан. Ингээд Б манай хашаанд орж ирээд надад гялгар ууттай өвс өгөөд явсан. Би түүнийг хараад мэдэхгүй зүйл байсан. Тухайн өвс нь харахад хагдраад уначихсан иштэй шарилж шиг зүйл байсан. Би түүнийг аваад үлдсэн бөгөөд Б нь ганцаараа ирэхдээ таксигаар явж байна гэж байх шиг байсан. Тэр мөн надад өвсний хамт 8000 төгрөг үлдээгээд газ аваарай гэж хэлсэн. Ингээд би дэлгүүрээс 3 ширхэг ахуйн хэрэгцээний газ авсан. Тэр өвсийг авсны дараа өдөр нь байна уу түүний дараа өдөр нь билүү, би хашаандаа Бгийн авчирч өгсөн өвсний гурав хуваасны хоёрыг нь бутлаад шахаад калькан цаасанд боогоод жижиг хуванцар таганд хийгээд дээрээс нь 3 ширхэг газаа бүгдийг нь доош нь харуулж байгаад газыг нь гаргасан. Тэгэхэд тэр цаастай зүйл норсон бөгөөд түүнийг бетон дээр тавиад орхисон. Уг нь халаах ёстой гэсэн зааврыг бичлэгэн дээр гаргаж байсан. Тухайн өдөр нь нартай байсан болохоор наранд тавьчихсан. Тэгээд 2 цаг гаруйн дараа үзэхэд калькан цаасан дээр зунгааралдсан хар ногоон ч гэх юм уу өнгөтэй зүйл болсон байсан. Ингээд би Бг дуудаад хүрч ирээд ав гэж хэлэхэд Б ганцаараа таксигаар ирсэн. Ингээд тэр шавар гэх зүйлийг аваад явсан бөгөөд надад тэр зүйлээс үлдээгүй. Харин өвснөөс нь бага зэрэг үлдсэн байсныг Бд аваад явах уу гэхэд чи нуух газар байвал аваад үлдчих гэхээр нь би аав ээж хоёрын агуулахад нь хийчихсэн байсан. Ингээд тэр өдрийн маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Бг машинтай ирж байна гэхээр нь хүлээж байхад Цагдаагийн ажилтнууд ирээд барьсан. Мөн намайг дагуулж яваад Чингэлтэй дүүрэг, Хайлаастын 14/280 тоотод байх манай аав ээжийн агуулахад байсан өвсийг хурааж авсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 148-149 дүгээр хуудас/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл

 

“...Б нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр жолоодож явсан 2825 УНЭ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашинд хар тамхи, хууль бус зүйл байгаа гэж хэлээд уг авто машины жолооч талыг онгойлгож, дунд хар хайрцагнаас шар өнгийн асаагуур ба хажуу гадна хэсэгт хар өнгийн шавар мэт зүйл наалдсаныг гаргаж өгсөн ба уг асаагуурыг №16 гэж дугаарлан хураан авав. Миний машинд өөр тамхи, мансууруулах бодис байхгүй гэснээр үзлэгийг явуулахаар тогтов. Уг тээврийн хэрэгсэл нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах мөрдөн байцаах албаны байрны ертөнцийн зүгээр хойд талын автомашины зогсоол дээр ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж байрлуулсан, хар өнгийн 2825 УНЭ улсын дугаартай Тоёота харриер маркийн автомашин байх ба үзлэгийг гадна талд явуулахад уг автомашины 4 дугуй, толь, урд хойд салхины шил, хойд урд гупер, хаалга, хаалганы салхины шил, шил арчигч, хойд багаж зэрэг эд зүйлд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байх ба зүүн урд хаалганы хойд хэсэгт цайрч сэв тогтсон байсан. Үзлэгийг гаднаас дотогш явуулахааар тогтож, жолооч талын хаалгыг онгойлгож, хаалга дотор хэсэгт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй ба үзлэгийг голын хайрцагт явуулахад №16 гэж дугаарласан шар өнгийн асаагуурыг шинжилгээнд явуулахаар хураан авав. Үзлэгийг цааш явуулахад уг хайрцагын хойд хэсэгт өнгөгүй гэртэй гэр дотор 9496 1882 9958 4959 Намуундарь, Эрдэнэбат гэсэн эзэмшигчтэй ногоон өнгөтэй хаан банкны  карт, Ай- фонь 6 плас маркийн өнгийн утас байсныг үзлэг хийхээр түр хураан авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад жолоочийн эсрэг талын суудал дээр Н.Бгийн барьж байсан гэх хар өнгийн жижиг цүнх байх ба үзлэгийг гар цүнхэнд явуулахад гоо сайханы хэрэгсэл, хойд халаасанд шатаж харалсан байдалтай 10 төгрөгийн дэвсгэртийг хуйлж ороосон тунгалаган цаас байсныг №17 гэж дугаарлан шинжилгээнд явуулахаар хурааж авав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад машины шалавч багажны хэсэгт нэг бүрчлэн үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой эд зүйл илрээгүй. Үзлэгийн явц байдлыг “ай фонь 6” маркийн гар утсаар бичлэг хийж бэхжүүлэв. Үзлэгийн тэмдэглэлийг оролцогч нарт танилцуулахад ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Үзлэгийн явцыг ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар эс-6 /S6/ маркийн гар утсаар дүрс зураг авч тэмдэглэлд хавсаргав. Оролцогч нараас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул үзлэгийг оролцогч нарт танилцуулан гарын үсэг зуруулав. Үзлэгийг 17 цаг 15 минутанд дуусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 9-12 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Чийн гэрт нэгжлэг хийсэн тухай

...Манай гэрт мансууруулах бодис байгаа гэж хэлээд 280 дугаартай хашаа руу ороод ертөнцийн зүгээр урагш харсан хаалга 1 давхар байшин байв. Уг байшины хаалгаар ороход ертөнцийн зүгээр урагш харсан 2 хаалга байх ба зүүн талын хаалгаар /дээрээ агуулах гэсэн бичигтэй / ороод үүдний шатны доороос сонингийн цаасаар дөрвөлжилж нугалан боосон ургамал мэт зүйл байсныг №3 гэж дугаарлан цагаан өнгийн даавуунд боосон ургамал мэт зүйл байсныг №4 гэж дугаарлан, баруун талд байрлах бор өнгийн модон хайрцагт жижиг усны хуванцар саванд хийсэн ургамал мэт зүйл байсныг №5 гэж дугаарлан хаяглаж шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. “ Агуулах” бичиглэлтэй хаалганы зүүн талын хаалгаар ороход 1 том тасалгаа байх ба баруун урд хэсэгт бор өнгийн модон шкаф, баруун хойд хэсэгт бор өнгийн модон ор, зүүн хойд хэсэгт гал тогооны хэрэгсэл, тавилга зэрэг байрлаж байв. Уг тасалгаанд нэгжлэг хийхэд хууль бус ямар нэгэн эд зүйл илрээгүй тул нэгжлэгийг 17 цаг 25 минутанд дуусгаж, оролцогч нарт танилцуулав гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 13-15 дугаар хуудас/,

 

   Шүүгдэгч Ж.Хын гэрт нэгжлэг хийсэн тухай

...Миний амьдардаг гэрт Д бид хоёрын өрөөнд 2 ширхэг гялгар ууттай өвс гэх нэршилтэй өвс байгаа гэж хэлсний дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны 153 тоотод нэгжлэгийг явуулахад 3 өрөө байрны жижиг өрөөний орны зүүн талд байх хураалттай чемоданы доод хэсгээс 2 ширхэг зиплок түгжээ бүхий гялгар ууттай хатсан өвс мэт зүйл гаргаж өгснийг №1, №2 гэж дугаарлан хурааж авав. №1 нь 58.1 грамм, №2 нь 45 грамм зааж байв. Нэгжлэгийг цааш үргэлжлүүлэхэд ямар нэгэн зүйл илрээгүй тул дуусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 16-21 дүгээр хуудас/,

 

 Шүүгдэгч Н.Бгийн гэрт нэгжлэг хийсэн тухай

...Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ертөнцийн зүгээр урагш харсан 1 орцтой 5 давхар 1/20 гэсэн дугаартай саарал тоосгон байр байх ба уг байрны орц “56-89 гат” гэсэн кодоор онгойх ба дотогш орж шатаар 5 давхарт гарахад баруун тийш харсан хүрэн бор өнгийн бүргэд хаалгатай 18 гэж дугаарласан хаалга байх ба уг тоотод нэгжлэг хийхээр тогтов. Хаалгыг гэрийн эзэн Нараа түлхүүрээр түлхүүрдэж, онгойлгосон ба хаалгаар дотогш ороход гал тогтоо тусдаа 3 өрөө байр байх ба нэгжлэгийг гал тогооны хэсэгт самнах байдлаар нэг бүрчлэн үзэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Үзлэгийг Н.Бгийн амьдардаг гэх жижиг өрөөнд цагийн зүүний дагуу зүүн гар талаас самнах байдлаар хийхэд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан саарал цонхтой баруун хана дагуу бор өнгийн бүтээлгэтэй ор, зүүн хана дагуу 2 ширхэг 2 хаалгатай хувцасны шүүгээ байв. Цонхны эсрэг талын хана буюу хаалганы зүүн талд саарал өнгөтэй гоо сайханы сав, ном байсныг нэг бүрчлэн үзлэг хийхэд ач холбогдолтой зүйл илрээгүй. Н.Бгийн өмсдөг хувцас болон гар цүнх, чемодантай хувцсанд үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. Үзлэгийг хоёрдахь хувцасны шүүгээнд явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. Үзлэгийг болконы хэсэгт явуулахад гал тогооны хэсэгтэй холбогдсон ба давцан дээр цэцэгнүүд, гал тогооны сав зэрэг эд зүйлийг нэг бүрчлэн шалгахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно. Үзлэгийн явцад Н.Бгийн оршин суудаг гэх гэрээс хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 22-26 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хх-ийн 27 дугаар хуудас/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл:

1.Хүний /Ж.Хын/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “...бодис хэрэглэсэн байна...” гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /1 хх-ийн 28-32 дугаар  хуудас/,

2.Хүний /Д.Чийн/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “...бодис хэрэглэсэн байна...” гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /1 хх-ийн 33-36 дугаар хуудас/,

3.Хүний /Ж.Дий/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “...бодис хэрэглэсэн байна...” гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /1 хх-ийн 37-40 дүгээр тал/,

4.Хүний /Э.Намуундарийн/ биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, “...бодис хэрэглэсэн байна...” гэх хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /1 хх-ийн 41-44 дүгээр хуудас/,

 

Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 45-48 дугаар тал/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /1 хх-ийн 51-52 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

 Гэрч З.Чингүүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг: “... Би Н.Бг танина, найз нөхдийн харилцаа холбоотой байдаг. 3-4 сарын өмнө Намуундарь гэж найзаараа дамжуулж танилцаж байсан. Би Бтэй өвс түүж байсан тохиолдол байхгүй. Миний бодлоор Б санаанд орсон нэрээ хэлчихсэн юм болов уу, аль эсвэл сандарсандаа тэгээд хэлчихсэн байх. Түүнээс би өдөр болгон ажил  ихтэй байдаг. Дээрээс нь эхнэр жирэмсэн тонус ихтэй эмнэлэгт хэвтчихсэн. Ажлынхаа хажуугаар эмнэлэгийн хоол зөөгөөд эхнэрээ асарч хандаад надад Бтэй нийлээд хөдөө явж өвс түүх зав байхгүй. Надад нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Жамсрандоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: Миний том хүү Ж.Х бага насаа эцэг эх, өвөө, эмээ дээрээ болон Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байх цэцэрлэгт хүмүүжиж байгаад 2001 онд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ромашка сургуулийн 1 дүгээр ангид элсэн орсон. 5 дугаар ангидаа Радуга сургууль руу шилжээд 1 жил суралцаж байтал би Хэнтий аймгийн Дадал сумын цэргийн ангид штабын даргаар томилогдсон тул гэр бүлээрээ нүүж суурьшсан. Хүүгээ 6-9 дүгээр анги хүртэл нь Хэнтий аймгийн Дадал сумын 9 жилийн сургуульд суралцуулаад, 10-11 дүгээр ангидаа Дархан Уул аймгийн Мон Турк сургуульд шилжин суралцаад дотуур байранд амьдрангаа төгссөн. 10 жилийн сургуульд сурч байхдаа компьютерийн сонирхолтой, 2010-2011 оны хичээлийн жилд Турк улсын Анкара хотод болсон IТ дизайнерын тэмцээнд 3 дугаар байр эзэлсэн. Үүний дараа Америкийн нэгдсэн улсын Хюүстэн хотод болон олон улсын IТ тэмцээнд тусгай байр эзэлсэн тул гадаад улсын 2 сургуулиас урилга ирээд 2011 онд сургуулиа төгсөөд Тайвань Улсын их сургуульд суралцахаар сонгосон. 2012 онд бичиг баримт нь баталгаажаад IТ график дизайн мэргэжилээр суралцахаар явж 2015 онд 3 дугаар курст байхад ээжийнх нь бие өвдөөд төсөв хөрөнгөний байдлаас шалтгаалаад хүүгээ тэнд нь төгсгөж чадаагүй юм. Ингээд Монгол улсад ирээд Улаанбаатар их сургуулийн компьютер техник хангамжийн ангийг 2017 онд төгссөн. Тайвань улсад сурч байхдаа хичээлдээ сайн, онц сурдаг, өөрөө хичээл зүтгэлтэй, мэргэжилдээ багаасаа сонирхолтой байсан. Мөн мэрийлттэй байсан бөгөөд амралтаараа жилдээ 1 удаа Монголд ирээд амраад буцдаг, ямар нэг асуудал, зөрчил дутагдал гаргаж, санаа сэтгэл зовоож байсан удаа байхгүй. Сургуулиа төгсөөд төрийн албан хаагч болж, мэргэжилээрээ ажиллана гээд Тагнуулийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газруудад шалгалт өгсөн. Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвд энгийн ажилтнаар ажилд ороод 2018 онд офицер дамжаанд явж төгсөөд дэслэгч цолтой болсон. 2018 онд ээлжийн амралтаа аваад Булганд аав ээж дээрээ ирж амрахдаа найз эмэгтэй Д-ийг дагуулж ирээд танилцуулсан. Тухайн үед Д төлөв даруу охин шиг санагдсан. Энэ жил миний хүү баяр наадмын үеэр сайн ажилласан гээд даргынхаа Баярын бичигээр шагнуулсан байсан. Удалгүй 2019 оны ээлжийн амралтаа авсан гээд хадам аав, ээжийгээ, Д-тэй хамт дагуулж ирээд Булганд 4 хоноод явсан. Хүүгээ тамхи татдаг ч гэж бодохгүй байгаа болохоор хар тамхи мансууруулах бодис гэхээр бүр төсөөлөгдөхгүй, итгэж чадахгүй байна. Хүн болгон ажил төрөлдөө сайн, хичээл зүтгэлтэй гээд ам сайтай байдаг. Өмнө нь нэг ч удаа цагдаагийн байгууллагад дуудуулж, чихнээс хонх уяж байгаагүй болохоор ийм асуудал болсонд гайхаж байна. Миний хүү ажил мэргэжилдээ хайртай, өөрөө сонирхолтой, ажилдаа эзэн нь болохыг хичээж яваа болохоор энэ үнэлэмжээрээ л хүүхдээ үнэлж дүгнэж явдаг. Надад нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: Миний хүү Д.Ч нь 1995 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Эх нялхасын эрүүл мэндийн төвд айлын бага хүү болж мэндэлсэн, дээрээ нэг ахтай, ах нь эхнэр хүүхдийн хамт тусдаа амьдардаг. Хүү маань бага насаа эцэг эхийн гараар болон цэцэрлэгээр хүмүүжиж 2002 онд 4-р хорооллын 47 дугаар сургуулийн 1 дүгээр ангид элсэн ороод 2011 онд 9 дүгээр ангиа төгссөн. Тэрнээс хойш аавыгаа дагаж барилгын ажил хийж, нэг компанид цахилгааны ажил хийж байгаад 2013 онд эчнээгээр төгсөж бүрэн дунд боловсролтой болсон. Сургуулиа төгссөний дараа 2015 онд Шувуун Фабрикад байх 0326 дугаар цэргийн ангид хуваарилагдаж 1 жил цэргийн алба хаагаад халагдаж ирсэн. Цэргээс ирсэнээс хойш аав, ээжийгээ дагаад хувиараа барилгын пасадны ажил хийж, өвлийн цагт гэрээрээ шүрээр юм хийгээд, ер нь зүгээр суудаггүй, хөдөлмөрлөөд л байдаг. Ажпын хажуугаар миний бие муутай төрсөн эгчийг асарч хандах, хоол цай зөөх гээд зав чөлөөгүй явдаг. Төлөв төвшин, буурь суурьтай, багаасаа амьдрал, өвчин зовлон үзэж биеэ даасан. Багадаа цахилгаан мененги өвчин тусаж байсан, авто осолд орж байсан болохоор өвчин зовлон их сайн ойлгодог.  Хүний ахуй амьдрал, мөнгөний үнэ цэнэ ч сайн мэддэг ухаантай, ажилсаг, цэвэрч, аливаа ажлыг голж шилэхгүй хийдэг, гарын ур дүй сайтай, гэрийн ажилд сайн, мод бэлдэх, ус авах гээд тасралтгүй тус болж байдаг хүүхэд. Аав, ээжийнхээ үгнээс гардаггүй, бүх зүйлээ нээлттэй ярилцдаг, бид нар хоорондоо халуун дулаан уур амьсгалтай, ойр дотно байдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг эсэхийг огт мэдээгүй, хааяа нэг тамхи татдаг гэхээс өөр гаж буруу зуршил анзаарагдаж байгаагүй. Агуулахаас хурааж авсан зүйлийг өмнө нь харж байгаагүй. Тэнд байна гэж ч мэдээгүй. Энэ асуудлаас болоод даралт ихсээд, сэтгэл санаа тогт воргүй хэцүү л байна. Надад нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг: “...Миний бага охин Ж.Д нь 1997 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн. Бага насаа эцэг эхийн гараар хүмүүжиж байгаад 2002 онд охиноо 5 настай байхад нь Улаабаатар хотод шилжиж ирээд төрсөн эгч дээрээ хүү, охин 2-оо үлдээгээд нөхөр бид 2 Англи улсад ажиллахаар явсан. 2007 онд хүүгээ аваад, 2009 онд охиноо Англи улсад авч ирээд дунд сургуульд сургасан. 2012 онд гэр бүлээрээ Монгол улсдаа буцаж ирээд 3 жил болоод буцаад Солонгос улсад ажиллахаар нөхөр бид 2 явсан. Тэр үед хүү охин 2 маань гэртээ биеэ даагаад үлдсэн. Миний охин Англи улсаас ирээд Оюуны Ундраа цогцолбор сургуульд элсэн орж 12 дугаар анги төгсөөд, түүний дараа МУИС-ийн Олон Улсын харилцааны сургуульд ороод одоо 5 дугаар курсын оюутан. Нөхөр бид 2 Солонгос улсаас 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буцаж явахааргүй ирсэн. Том хүү одоо Солонгос улсад магистарт суралцаж байгаа, уг хаяган дээр одоогийн байдлаар нөхөр бид 2 охин болон хүргэний хамт дөрвүүлээ амьдарч байна. Солонгост байхдаа хүргэн Х гэх залуутай танилцаж, фэйсбүүк, видео зэргээр харьцаж байгаад Монголд ирээд нүүр нүүрээ харж танилцсан. Анхны сэтгэгдэл бол Х гэх залууг их даруухан, төлөв, охинд минь хань болох залуу байна гэж дүгнээд, Х-ын аав, ээжтэй нь танилцаад худ ураг барилцахаар болоод байсан. Ингээд 2019 оны 08 сарын сүүлээр худуудтайгаа биечилж танилцахаар Булган аймгийн Тэшиг сум руу Х, Д, нөхөр бид 4 машинтай гарсан. Тэнд очоод Х-ын аав, ээжтэй дотно танилцаад, бэр гуйх өдөр судраа тохироод, хурим найраа хийх, тусад нь гаргах талаар бүгдийг сайхан ярилцаад ирсэн. Хэдийгээр багаас нь нөхөр бид 2 гадаадад ажиллаж амьдраад ирсэн хэдий ч манай эгч охиныг минь маш зөв хүмүүжилтэй, зөв сэтгэлтэй, эерэг сайхан энергитэй гоё орчинд өсгөж хүмүүжүүлсэн. Багаасаа дутагдах гачигдах зүйлгүй, архи дарс, хэрүүл маргаантай орчин үзээгүй, их л төлөв, зөв хүн болж хүмүүмжсэн гэж боддог. Надтай байнга утсаар холбогдоно, бүх зүйлээ нээлттэй ярина, хол байсан ч үргэлж сэтгэл зүрхээрээ ойр дотно байсаар ирсэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

 

Гэрч Р.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг: “...Миний охин Н.Б нь эцэг эхээс дөрвүүлээ, нэг ахтай 2 дүүтэй. Төрснөөсөө хойш эцэг эхтэйгээ хамт байж байгаад 1 дүгээр анги хүртлээ Улаанбаатар хотод амьдарч байгаад бид нар гэр бүлээрээ Казахстанд амьдарч байгаад Бг 10 дугаар ангид ордог жил нь Монголд улсдаа буцаж ирсэн. Ингээд Бг ШУТИС-ийн ахлах сургуульд оруулсан. Тэр сургуульдаа суралцаж байгаад одоо Сити их сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байгаа. Зан байдлын хувьд охидуудаас том нь болохоор дүү нараа захираад миний туслах шиг байдаг. Ер нь их өрөвчхөн сэтгэлтэй, зөөлөн сэтгэлтэй тусархуу сайн хүүхэд байгаа юм. Заримдаа огцом ууртай. Би нэг хэсэг ааваас нь салсан бөгөөд түүнээс болдог юм уу тийм ааш зан гаргаад байдаг. Би үүнийг анх сонсоод үнэхээр шоконд орсон. Найзалж нөхөрлөж, байгаа хүмүүсээс нь их нөлөөлсөн гэж бодож байна. Мөн би өөрөө энэ хүүхдэд хараа хяналтаа сайн тавьж чадаагүй юм болов уу гэж бодож байна. Ажилтай завгүй, өглөө гараад орой ирдэг болохоор миний хяналт суларсан байх гэж бодож байна. Ийм төрлийн зүйл хэрэглэж байгаа талаар надад ямар ч ойлголт байгаагүй. Өөрийг нь ухаантай хүүхэд болохоор ийм зүйлээс хол байна гэдэгт би итгэж байсан. Тэр 2825 УНЭ улсын дугаартай машин нь уг нь манай дүү Анарбекийн машин байгаа юм. Би хүнээс мөнгө зээлэхдээ тэр мөнгө зээлсэн хүний нэр дээр шилжүүлж өгсөн байгаа. Яг эзэмшигч нь бол Р.Анарбек байгаа юм. Анарбек нь Оюутолгойд ажилладаг бөгөөд одоо ажилдаа явсан байгаа. Анарбек нь надад итгэмжлэл хийж өгсний дагуу би тэр машиныг тэр хүний нэр дээр шилжүүлж 20,000,000 төгрөгийг зээлж авсан. Энэ хүн нь болохоор миний таньдаг Эрдэнэмандах гэдэг хүн байгаа юм. Ломбардны унаж явдаг зээл гэдэг шиг барьцаалсан байгаа. Өөр нэмж ярих зүйл санал хүсэлт байхгүй. Миний охины хувьд ийм хэрэгт холбогдоно гэж би үнэхээр бодоогүй. Залуу хүүхэд томоогүй зангаасаа болоод ийм хэрэгт холбогдчихлоо гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын Үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1408 дугаартай дүгнэлтэд:

  1. Н.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

  2. Н.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

  3. Н.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

  4. Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

  5. Н.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

  6. Н.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

  7. Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

  8. СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.

  9. < >-д сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /2хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

     

            6. Ж.Д нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

  10. Монгол улсад эмчлэгдэх боломжтой.

  11. СЭМҮТ-д эмчлэгдэх боломжтой.

    7.Д.Чт эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна гэх дүгнэлт /2хх-ийн 49-50 дугаар хуудас/,

     

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд:

“...шинжилгээнд ирүүлсэн “№1” гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 57 грамм, “№2” гэж дугаарласан гялгар ууттай ногоон ургамал мэт зүйл 45 грамм, “Х 2019.09.09” гэж хаягласан хуванцар савтай шээс нь 90 мл орчим байсан ба шинжилгээнд тэнцэнэ... делта 9-тетрагидроканнабинол илэрсэн...” гэх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 5035 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

 

“...шинжилгээнд ирүүлсэн “Оригнал асаагуур” гэсэн бичиглэл бүхий хөх өнгийн асаагуур, №33 гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн шавар мэт зүйл делта 9-тетрагидроканнабинол илэрсэн...” гэх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 5033 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 хх-ийн 83-85 дугаар тал/,

 

“...шинжилгээнд ирүүлсэн “40” гэж дугаарласан шавар мэт зүйл, “41” гэж дугаарласан гялгар уутанд байсан тугалган цаас, АН8186822 серийн дугаартай Монгол улсын 10 төгрөгийн дэвсгэрт, шар өнгийн асаагуурт... делта 9- тетрагидроканнабинол илэрсэн...” гэх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 5034 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 87-90 дүгээр хуудас/,

 

“...шинжилгээнд ирүүлсэн 1 гэж хаягласан бор шаргал өнгийн нунтаг зүйл, 2 гэж хаягласан бор өнгийн шавар мэт зүйл, 3 гэж хаягласан сонингийн цаасаар боосон ургамал мэт зүйл, 4 гэж хаягласан цагаан өнгийн даавуунд боосон ургамал мэт зүйл, 5 гэж хаягласан усны жижиг савтай ургамал мэт зүйлд делта 9-тетрагидроканнабинол илэрсэн...” гэх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 5032 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 92-95 дугаар хуудас/ зэрэг болно.

 

  Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Б, Ж.Х, Ж.Д, Д.Ч нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэгт хамтран оролцож, Д.Чтой бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 14 дүгээр байрны 280 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9- тетрагидроканнабинолын агууламжтай 393 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр уг тоотод 1.4237 грамм жинтэй шавар болгон бэлтгэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2825 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Э.Намуундарь, Ж.Д нарт өгч, 0.7 грамм жинтэй бодисыг хадгалсан,

Шүүгдэгч Ж.Х нь гэмт хэрэгт хамтран оролцож, Ж.Дтэй бүлэглэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делтаЭ-тетрагидроканнабинолын агууламжтай 102 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 153 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хадгалсан,

Шүүгдэгч Ж.Д нь гэмт хэрэгт хамтран оролцож, Ж.Хтой бүлэглэн Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делтаЭ-тетрагидроканнабинолын агууламжтай 102 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 153 тоотод 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хадгалсан, улмаар Д.Чтэй бүлэглэн уг бодисоо шавар болгон бэлтгэсэн, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 0.3 грамм жинтэй бодисыг өөрийн биедээ хадгалсан,

Шүүгдэгч Д.Ч нь гэмт хэрэгт хамтран оролцож, Н.Бтэй бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 14 дүгээр байрны 280 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан делта 9- тетрагидроканнабинолын агууламжтай 393 грамм жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр нийт 1.4237 грамм жинтэй шавар болгон бэлтгэж өөрийн биедээ хадгалсан, Н.Б болон Ж.Дд тус тус өгсөн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б, Ж.Х, Ж.Д, Д.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт, санал гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Иймд шүүгдэгч Н.Б, Ж.Х, Ж.Д, Д.Ч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б, Ж.Х, Ж.Д, Д.Ч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, хуулинд заасан ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарт хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болно. Учир нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох ургамлыг зориуд түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн бөгөөд тус хэрэг цагдаагийн байгууллагаас таслан зогсоогдоогүй тохиолдолд учирч болох хор аюул ихсэхээр байдлыг үүсгэсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

 

Гэсэн хэдий ч шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдал бусад хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Б нь жирэмсэн эмэгтэй болох нь эмнэлэгийн байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг хойшлуулж шийдвэрлэв.

 

Хэргийн учир шүүгдэгч нарын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тэдний эдлэх ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй юм.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №1 гэж дугаарласан 0.3 грамм бор өнгийн шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан №1 дугаартай 58.1 грамм өвс, №3 гэж дугаарласан №2 дугаартай 45 грамм өвс, №4 гэж дугаарлагдсан сонингийн цаастай 195.2 грамм өвс,  №5 гэж дугаарлагдсан хуванцар савтай 131.2 грамм ургамал, №6 гэж дугаарлагдсан даавуун ууттай 80.1 грамм өвс, №7 гэж дугаарлагдсан 0.7 грамм шавар мэт зүйл, №8 гэж дугаарлагдсан 0.7 грамм шавар мэт зүйл зэргийг устгуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч У овогт Н. Б-ийг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэм буруутайд,

 

Шүүгдэгч С овогт Ж.Х-ыг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б овогт Ж.Д-ийг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            Шүүгдэгч И овогт Д.Ч-ийг гэмт хэрэгт хамтран оролцож, бусадтай бүлэглэн, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.


            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ж.Х-ыг,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар шүүгдэгч Ж.Д-ийг,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Д.Ч-ийг,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар  хорих ялаар шүүгдэгч Н.Б-ийг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Б, Ж.Х, Ж.Д, Д.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Шүүгдэгч Н.Б нь шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Х, Ж.Д, Д.Ч нарын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.Х, Ж.Д, Д.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “... №1 гэж дугаарласан 0.3 грамм бор өнгийн шавар мэт зүйл, №2 гэж дугаарласан №1 дугаартай 58.1 грамм өвс, №3 гэж дугаарласан №2 дугаартай 45 грамм өвс, №4 гэж дугаарлагдсан сонингийн цаастай 195.2 грамм өвс,  №5 гэж дугаарлагдсан хуванцар савтай 131.2 грамм ургамал, №6 гэж дугаарлагдсан даавуун ууттай 80.1 грамм өвс, №7 гэж дугаарлагдсан 0.7 грамм шавар мэт зүйл, №8 гэж дугаарлагдсан 0.7 грамм шавар мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х, Ж.Д, Д.Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.О