Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2015/0919/З |
Дугаар | 128/ШШ2021/0236 |
Огноо | 2022-03-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2021/0236
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч О.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ө.Г нарын нэр бүхий 11 иргэд,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Гуравдагч этгээд: Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалуудын хавсралтын нэр бүхий иргэд
Маргааны төрөл: “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалуудаар “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т “Эко ногоон хөгжил” зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор тус яамны болон харьяа газруудын нийт 163 албан хаагчид газар ашиглах эрх олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Р.С /цахимраар/, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ж, Н.Э, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, Г.С, А.Д гуравдагч этгээд П.Ц, Б.Б, Д.Э/цахимаар/, Д.Ш/цахимаар/, П.Э/цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ө.Г нарын нэр бүхий 11 иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
2. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/429 дугаар тушаалуудаар “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т “Эко ногоон хөгжил” зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор тус яамны болон харьяа газруудын нийт 163 албан хаагчид газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгожээ.
3. Дээрх газар нь нэхэмжлэгч нарын нутагладаг Өртөө өвөлжөө гэх газартай хамааралтай болох нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 138 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн малын тоо толгойн мэдээлэл, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 286 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэг зэргээр нотлогдож байна.
4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г: Налайх дүүргийн 1-р хорооны нутаг “Өртөө өвөлжөө” гэдэг газар тусгай хамгаалалттай газар нутаг юм. Энд амьдарч байгаа 11 иргэн амьдарч байгаа. Горхи тэрэлжийн улсын тусгай хамгаалалтай газар юм. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд С.Оюун, Д.Оюунхорол нарын хууль бус тушаалаар 2014 он А/230, А/429 дүгээр тушаалаар түүний харьяа байгууллагуудын ажилтнуудад газар эзэмших эрх олгосон.
Энэхүү тушаал нь Газрын тухай хуулийн 4 заалт, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 8 заалт, Амьтны тухай хуулийн 1 заалт нийтдээ 13 заалт зөрчсөн юм. Иймд газар олгоход тусгай хамгаалалттай газар нутгийн хувьд эхлээд өргөдөл хүсэлтийг хүлээж авна дараа шийдвэрлэдэг.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.” гэж заасан, хоёрдугаар Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлд 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана.” Ийм хоёр зөрчилтэй хууль гаргасан. Гэтэл энд 163 хүний хүсэлтийг гаргуулаагүй. Энд яамны газрын ажилтан болон харьяа байгууллагын ажилтнуудад шууд олгосон. Гэхдээ газрын сугалаа гэж юмыг зохион байгуулсан 142 хүнд сугалаа сугалуулсан 21.7 га газрыг өгсөн. Дараа нь дахиж 2.4 газрыг сугалуулж нийтдээ 23.1 га газрыг эзэмшүүлсэн хууль бус үйлдэл хийсэн юм. Энэ материал бол 1 дүгээр хавтаст хэрэг дотор байгаа. Жирийн иргэн бол хүсэлт гаргаад зохих журмын дагуу яваад газар олдоно эсхүл олдохгүй алга болно. Харин яам бол хүсэлтгүйгээр шууд сугалаа хийж газар өгч байгаа хууль бус үйлдэл хийж байна.
Газар эзэмших шийдвэр гаргах асуудал Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд мөн тухайлан заасан байгаа. Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Тэгэхээр энэ 163 хүнд Налайх дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу биш дураараа олгосон. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон. Мөн Засаг даргаас санал аваагүй. Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас шүүхэд ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр 2014 оны газар зохин байгуулалтын төлөвлөгөө болон ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй 23.1 га газрыг олгосон болохыг нотолсон албан бичиг ирсэн. 2016 онд Нийслэлийн газрын албанд энэ асуудлаар хандсан. 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хариу ирүүлсэн уг материал хэрэгт байгаа. Уг хариунд Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайд нь газар олгохдоо Налайх дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл аваагүй тул тухайн тушаал нь хүчингүй гэж хариу ирсэн. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах”-ыг хориглоно гэж заасан. "Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно" гэж заажээ. Тэгвэл 11 дүгээр зүйлийн 7 дугаар заалт нь: "Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр бүр буудаллах , отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" гэж заасан заалтуудыг зөрчсөн.
Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ гэж заасны дагуу хот байгуулах юм бол 163 айлын цахилгаан бохирын шугамыг шийдвэрлэх ёстой. Байгаль орчныг сүйтгэх юм болж байгаа. Түрүүчийн айлууд нь барилга бариад эхэлсэн олон салаа зам гарсан. Уулыг нь ухаад том том байшин барьж байгаа. Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт энэ барилга байгууламж бариад байгаа асуудлаар хандсан. Тэгэхэд 2016 онд манайхаас тухай газар барилга байгууламж барихаар зөвшөөрөл авсан хүн байхгүй, тухайн иргэдийн ашиглаж байгаа газар бүртгэлгүй гэж албан бичиг ирүүлсэн.
Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” зөвшөөрсөн. Мөн хуулийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зөвшөөрсөн. Тэрнээс бол орон сууц янз бүрийн зүйл барихыг хатуу хориглосон.
Амьтны тухай хууль зөрчсөн гэж хэлсэн. Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах” гэж заасан. Манай тэнд байсан 4, 5 тарваганууд энэ асуудлаас болоод дайжаад алга болсон юм.
“Өртөө өвөлжөө” гэдэг газар амьдарч байгаа иргэдийн айлуудын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх”-ийг зөвшөөрсний дагуу арван хэдэн айл байдаг. Энэ газар хоёр ам байдаг зүүн салаад нь Монгол айлууд, баруун салаад нь Казак айлууд байдаг. Түрүүчийн зүүн салаад байгаа айлууд бол 3 дахь үеэрээ амьдарч байгаа. 1960 оноос хойш амьдарч байгаа. Төрж өсөж мал ахуйгаа эрхлээд амьдарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан. Энэтэй Оюун сайдын гаргасан шийдвэр нийцэхгүй байгаа. Уугуул нутагтаа байгаа хүмүүс нь хөөгдөөд тэнд хаус бариад байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Шинжээчийн 2018.12.05-ны өдрийн дүгнэлтээр 6,000 га газар бэлчээрийн талбайгаар дутагдаж байна гэж дүгнэсэн нь бэлчээрийн даац хэтэрсэн байгааг харуулж байна. Нэр бүхий 12 хоёр айлын бэлчээрийн гол талбай байна гэж бичсэн байсан. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана. Тухайн жилийн бэлчээрийн гарц, иргэдийн саналыг харгалзан өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малаас чөлөөлөх, мал оруулах хугацааг сум, дүүргийн Засаг дарга тогтоож, баг, хорооны Засаг дарга, иргэд мөрдөж хэрэгжүүлнэ. Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно” гэж заасан. Гэтэл тэнд 6 айл хашаа барьчихсан болохоор ашиглаж болохгүй байгаа. Зарим хүмүүс их сонин харьцаж байгаа. Хоний хашаа, тугалын хашаа, өвөлжөөний тэнд шон зоочихно. Ингэж бид нар зуслан намаржааны бэлчээрийн нутаггүй болж байгаа юм. Горхи тэрэлжийн хамгаалалтын захиргаа дарамтална. Яаж дарамталж байна уу гэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг 2017 онд өгсөн. Одоо 5 жилийн хугацаанд сунгаагүй. Та нар шүүхэд оч гэсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сайдын тушаалаар болохоор 6 хоногийн дотор гарч байхад бид нарынх 5 жилийн хугацаанд гэрчилгээ сунгаагүй биднийг хохироож байна.
Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”-ыг хориглоно гэж заасан. Гэтэл тэнд байгаа айлуудын 3 нь өөр хүмүүс байгаа. Эрдэнэчимэг, Саранчимэг гэдэг хүмүүсийн нэр өөр хүмүүс тухай газрыг ашиглаж байгаа.
Эцэст нь хэлэхэд ихэнх нь хөгшин хүмүүс байдаг болохоор санаа сэтгэлээр унаж байгаа. Манай тэр хавийн газар харьцангүй үзэсгэлэнт газар тийм болохоор хоёр дахь зайсан битгий болгооч. Ийм болохоос урьдчилан сэргийлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тэр нь юу вэ гэхээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Энэ хуулийн зорилт нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, өвөрмөц тогтоц, ховор, ховордсон ургамал, амьтан бүхий газар, түүх,соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, хувьсч өөрчлөгдөх зүй тогтлыг судлах,танин мэдэх зорилгоор газар нутгийг тусгай хамгаалалтад авах, ашиглах, түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэсэн зорилт байгаа. Маргаан бүхий тушаалууд маань энэ хуулийн зорилтод нийцэхгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байгаа. Хэргийн оролцогчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтууд байгаа. Энэ актын зорилго нь хариуцагчийн зүгээс “ашиглуулах зорилготой” гээд байгаа боловч яамны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байжээ гэж үзэж байна. Сайд хүн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх нь зөв. Гэхдээ шийдвэрлэж байгаа арга зам нь хуульд нийцсэн байх ёстой. Хоёрт: Төрийн албан хаагч орон байраар хангагдах гэдэг баталгааг эдлэхээр хуульд заасан боловч тушаалыг харахаар 5 жилийн хугацаатай амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх гэж гарсан. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа гэдэг нь ажлаа хийхэд тусалж байгааг ойлгох байх. Энэ дээр шүүх бас анхаар үзнэ үү. Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн зүйл ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бол 2014 онд гарсан хоёр тушаал байгаа. Энэ хоёр тушаал нь гарах үедээ хуульд нийцэж байсан эсэхийг хянан гэж ойлгож байгаа. тэрнээс хойш гарсан баримтуудыг хавтаст хэрэгт өгөөд байгаа нь хуульд нийцэхгүй. Түрүүн гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг ярьсан. Тэр заалт нь төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө нарийвчилсан төлөвлөгөөг хийхээр заасан байгаа. Энийг судлаагүй орж ирсэн байна. Нэмээд хэлэхэд маргаан бүхий актууд батлагдах Эко ногоо хөгжил зуслан байгуулах төсөл нь байхгүй байжээ гэдэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдаж байна. Газар ашиглуулахдаа хамгаалалтын захиргаа эсхүл аль нэг дүүргийн Засаг даргын саналыг авах ёстой. Энэ баримт хэрэгт огт байхгүй байхад сайдаас энэ тушаал гаргасан нь хууль зөрчсөн байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах түр журам зэрэгт хамгийн эхлээд газар ашиглахдаа хүсэлт гаргах ёстой. Хүсэлт гаргаагүй гэдэг нь нотлогдсон. Хууль зүйн талаасаа харж тайлбар хэлбэл эхлээд төсөл, дараа нь хүсэлт, хамгаалалтын газар, Засаг даргын санал байх ёстой юм байна гэж үзэж байна. Тушаал хэлбэр талаасаа баримталсан хуулийн заалт нь хэт ерөнхий зохицуулалттай. Тушаалыг батлан гаргаж байгаа зорилттой нийцэж байна уу? гэдэг нь эргэлзээтэй байгаа. Хуулийн заалтын хувьд Засгийн газрын тухай хууль бол эрх олгосон заалт, Төрийн албаны тухай хуулийн 27.1.5 бол “орон байраар хангагдах” гэдэг зохицуулалт бол яг орон байраар хангагдаж байна уу? үгүй юу. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3/ аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих, 4/ батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах, 5/ биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах, 6/ тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх гэсэн 4 заалтын аль ч тохиолдолд эхлээд батлагдсан зураг төсөл байх ёстой. 30 дугаар зүйлийн 30.10-д “зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох” гэсэн хамгаалалтын захиргаанд хамааралтай зохицуулалтыг тушаалдаа үндэслэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан. Ийм санал аваагүй. Засгийн газрын тогтоолыг баримтлаад байгаа нь ойлгогдоогүй. Ямар тогтоол вэ гэхээр Хан Хэнтийн хамгаалалтын захиргаанаас горхи тэрэлжийн хамгаалалтын захиргааг салгасан тогтоол байгаа.
Энэ тогтоолыг үндэслээд албан хаагчдын нийгмийн баталгааг шийдвэрлэх боломж юм уу? гэдгийг шүүх анхаарч үзээрэй. Бас байгууллагын дотоод журмыг бас дурдсан байсан. Эдгээр хуулийн заалтыг үндэслэсэн нь сайдын тушаал хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нар өөрсдөө газрын тухай хууль зөрчсөн гэж тайлбарлаад байна. Өнөөдөр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн үү гэдгийг хянаж байгаа. 4 иргэн албан ёсны газар ашиглах эрхийн зөвшөөрөлтэй сунгах эсэх асуудлыг энэ хэргийн дараа шийдвэрлэнэ гээсэн. Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг олон удаа шүүхээс шийдвэрлэсэн болохоор тайлбарлах шаардлага байхгүй байх. Малын хөлийн татвар, газрын төлбөрийн асуудал энэ хэрэгт хамаагүй. Малын хөлийн татварыг 2021 оноос авч эхэлсэн гэдгийг хэлье. Сугалаа гэдгийг буруу ойлгоод байна лээ. Бусад иргэд бол хүсэлт бичээд авч байхад яамны албан хаагчид ямар төлбөр төлөхгүйгээр авч байгаа нь шударга бус байгаа. Нэхэмжлэгч өөрөө байшинтай гэдэг асуудал ярьж байна. Энэ газар дээр амьдарч байгаа Борхүү, Цэрэндэжид хоёр хамт амьдардаг хөрөнгө байгаа. Маргаан бүхий хоёр тушаал маань хууль зүйн хувьд хэлбэр талаасаа хуулийн шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг сүүлд тодруулсан хэмжээгээр хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбараа хэлнэ. Нэхэмжлэгчийн зүгээс хамгийн сүүлчийн байдлаар Байгаль орчин ногоон хөгжлийн сайдан 2014 оны А/230 дугаар тушаалын нэр бүхий 5 иргэнд холбогдох хэсгээс бусад хүмүүст холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, мөн оны А/429 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тус хоёр тушаалаар 166 албан хаагчид горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар 23.1 га газрыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эко ногоо хөгжил зуслан байгуулах зорилгоор сайдын тушаалаар олгосон. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүхий л газар нутаг төрийн өмч байна. Тухайн газрыг Улсын Их хурлын 1995 оны 26 дугаарт тогтоолоор тусгай хамгаалалтад авсан. Одоо хүртэл мөрдөгдөж байгаа. Маргаан бүхий 163-д иргэн олгосон газар нь тусгай хамгаалалтай газар нутагт хамаарч байгаа. Монгол Улсад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байгаа. Мөн газрын тухай хуулиар зохицуулахаар зааж өгсөн. Энэ хуулиудад зааснаар эрхлэх асуудлын хүрээнд газар эзэмших эрх, олгох, цуцлах эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Тус эрхийнхээ хүрээнд 2014 онд тус хоёр тушаалыг гаргасан. Тус тушаалын удиртгал хэсэгт Засгийн газрын гишүүний эрхийг зааж өгсөн. Мөн уг тушаалдаа холбогдох хуулийн заалтуудыг дурджээ. Тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-17.6-д заасныг тушаалын үндэслэл хэсэгт дурдсан. 17.3-д “үйл ажиллагааг явуулахыг хориглосон”. Хязгаарлалтын бүсийн дэглэмийг зааж өгсөн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих”, 4-д “батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах”,5-д “биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах”, 6-д “тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх” хуульд ийм үндэслэлүүдийг зааж өгсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” ингээд Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өгсөн хариу тайлбартаа маш тодорхой дурдсан. Хуулийг бүхэлд нь уншаад байх нь илүүц байх. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг олгохдоо хууль зөрчсөн нь бид нарын эрх ашгийг зөрчөөд байна гэж тайлбарладаг. Сайдын тушаал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хууль зөрчсөн гэдэг нь тогтоогддоггүй. Сайд бол тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрх олгох эрхтэй, хязгаарлалтын бүсэд байгууламжийг батлагдсан журмын дагуу барихыг зөвшөөрсөн байна. Тухайн батлагдсан зураг төсөл нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Засаг даргаас санал авах ёстой гээд байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, гэтэл мөн хуулийн 35.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана” гэж заасан. Хамгаалалтын захиргаа байхгүй бол засаг даргад гаргахаар заасан байгаа. Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яам нь энд холбогдох хууль, дүрэм, журамд заасны дагуу Горхи тэрэлжийн захиргаа гэсэн хамгаалалтын захиргаа байгуулсан болохоор засаг даргад хандах шаардлага байхгүй юм. Тухайн газар нь давхцал байхгүй гэсэн болохоор сайдад уламжлаад гарсан тушаал. Мөн хөдөлмөрийн дотоод журмыг баримталсан. Хөдөлмөрийн дотоод журмын 9.8-д “яамны ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах” асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Кадастрын зураг, албан хаагчдын хүсэлт зэргийг хуульд заасан журмын дагуу гаргасан нь хавтаст хэрэгт харагдана. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу тухайн газрыг 5 жилийн хугацаагаар эзэмшдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад албан хаагчдын газар эзэмших эрхийн хугацаа дууссан. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй. Миний хувьд нэхэмжлэгчийн ашиг сонирхол арай өөр тийшээ яваад байна гэж хараад байгаа. Тусгай хамгаалалтай газар нутгийг мөнгө төгрөг өгөөд зардаг, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж албан хаагчдад өгсөн гэх мэтчилэн ярьдаг. Хариуцагч болон нэхэмжлэгчийн зүгээс маш олон удаа ярьдаг. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж. Гэтэл шүүхээс нэгэнт хэрэг үүсгэсэн. Дээр дурдсан асуудлаар ярих гэж байгаа бол Авлигатай тэмцэх газар ч юм уу Эрүүгийн цагдаагийн албанд хандсан илүү зөв юм бишүү гэж хэлье.
Дээрээс нь төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, ажилтны ажиллах нөхцөлийг шийдвэрлэсэн тушаал гарсан. Сайд бол эрх хэмжээнийхээ хүрээнд Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан “38.1.3.цалин хөлсөө нэмэгдүүлэх, албан тушаалын зэрэглэл дэвших, ажиллах нөхцөл, баталгаагаа сайжруулахтай холбогдсон саналыг дээд шатны албан хаагчид бичгээр тавих”, 27.2.5-д “төрийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгөх”, 30-д “Төрийн албан хаагчид олгох тусламж” зэрэг хуулийн хүрээнд газрыг олгосон. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа зөвхөн мал бэлчих ёстой гэдэг нь бол онцгой бүс юм. Хязгаарлалтын бүсэд улсын тусгай хамгаалалттай газарт холбогдох хууль тогтоомжийн дагуу олгосон. Дээрээс нь тусгай хамгаалалттай газар нутагт бол уламжлалт мал аж ахуйг эрхэлж болно гэж заасан.
Уламжлалт мал аж ахуй гэж бол эрт дээр үеэс нүүдэлж, байршлаа сольж амьдарч байдаг. Гэтэл нэхэмжлэгч маань жилийн дөрвөн улирал тэндээ байдаг. Дээрээс нь малынх нь байх ёстой тооноосоо хэтэрсэн. Шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчид байгаа малын хэмжээгээр бол бэлчээрийн даац хэтэрсэн гэсэн дүгнэлт байгаа. Яамнаас сайдын тушаалаар олгосон газар нь нэхэмжлэгчийн газартай давхцал байхгүй. Мал бэлчээдэг газарт газар өгсөн гээд байгаа гэтэл тэр газрыг султгасан ч гэсэн горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бэлчээрийн даац хэтэрчихсэн. Заагийг нь сайн мэдэхгүй байна хавтаст хэрэг дотор байгаа. Нэхэмжлэгчийн хувьд нэг зүйлийг заавал ярих ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлд тодорхойлоод өнөөдөр шүүхэд хэлэлцэж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёстой. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана,” 6.3-д “Энэ хуулийн 6.1.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана” гэж заасан. 2014 оны хоёр тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болохоор энийг шүүх анхаарах ёстой. Өмнө бол илт хууль бус гэж хэрэг үүсгэсэн ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болохоор ярих ёстой. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Гуравдагч этгээд П.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажилтныхаа нийгмийн хэрэгцээг хангаж газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн н.О сайдад баярлалаа гэж хэлье. Өнөөдөр нилээд хэд нь байхгүй болсон байна. Төрийн захиргааны эрх бүхий албан хаагч өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж хэлмээр байна. Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Өртөө өвөлжөө” гэдэг газарт хонийн тоо толгойд шилжүүлснээр 1523 толгой малд хүрэлцэхгүй. 6,000 гаран га газар нэмж олгогдож байж мал үржих боломжтой гэж байна. Тэгэхгүй бол мал маллах боломжгүй гэсэн шийдвэр гаргаад байна. Тийм болохоор мал аж ахуй эрхэлж байгаа хүмүүс маань газрыг чөлөөлөх нь зүйтэй юм биш үү гэдэг санал хэлье” гэв.
Гуравдагч этгээд Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хурал бол Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/230, А/429 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулахаар Ө.Г нар нэхэмжлэл гаргасан. 2017 оны Налайх дүүргийн малын тооллогоор Өртөө өвөлжөө гэх газрын малын тоо толгойн бэлчээрийн даац хэтэрсэн. Иймд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт болсон юм байна гэж үзэж байна. Малын тоо хэмжээ нь 2615 толгой малын тоог шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэл гаргахад оролцоогүй хоёр айлын малын тоог хасч тооцоод 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр дахин шинжээч томилуулахаар хүргүүлсэн байдаг. Хариу албан бичиг нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар хавтаст хэргийн 170-173 дугаар хуудсанд байгаа. 1975 га газар нутагтай. Малд 7.5 га газар дутагдаж байна гэсэн. Гуравдагч этгээдүүдэд олгосон газрыг цэврээр тооцох юм бол 17.1 га газар байгаа. нийт бэлчээрийг 714 га газар гэж үзэх юм бол 7.2 хувь байгаа. Нийт газрын хувьд 0.41 хувийг эзэлж байгаа юм. Энд уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн болохоос фермерийн мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөөгүй юм. 2021 оны байдлаар 2063 малтай болсон байна. “Өртөө өвөлжөө” гэдэг газар маань Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Улаанбаатар хотын ногоо бүс юм. Бэлчээрийн даацыг 3 дахин хэтрүүлсэн. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх биш зөвхөн ашиглуулахаар төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгааг гайхаж байна. Нэхэмжлэгч маань өөрөө зураг төсөлгүйгээр, зөвшөөрөлгүй өөрөө байшин барьсан байсан. Барилгын хуулинд зааснаар 50 м.кв байшинг зөвшөөрөлгүй барих эрхтэй. Бид нарт байшин барих сэдлийг нэхэмжлэгч маань өөрөө өгсөн. Дээрх асуудлуудыг хянан үзээд оновчтой шийдвэр гаргана гэж найдаж байна” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин нөлөөллийн тухай хууль 2012 онд шинэчлэн баталсан байгаа. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэсний дагуу хийсний дараа Оюун сайдын тушаал гарсан. Аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг буруулахад онцгой анхаарах 8 зүйлийн дагуу төсөл хөтөлбөр хэрэгжих ёстой байсан боловч хэрэгжээгүй байгаа. Байгаль орчны хамгаалах мэргэжлийн төлөвлөгөөг 5 жилийн хугацаагаар баталдаг. Тухайн хамгаалалтын захиргаатай жил болгон дүгнэж явдаг.
Энэ ажил бас зогсонги байдалтай байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс олон жил амьдарч аж ахуй эрхэлж байгаа гэж байна. аж ахуй эрхэлж байгаа бол заавал үнэлгээ хийлгэсэн байх ёстой. Тусгай хамгаалалтай газар нутагт амьдарч аж ахуй эрхэлж байгаа бол газар ашиглах гэрээ байгуулж, гэрээний гүйцэтгэлээ жил болгон тайлагнадаг. Нэхэмжлэгчид маань өөрсдөө хууль зөрчиж зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа. Эко ногоон хөгжил төслийн хэрэгжилтийг санаатайгаар гацааж байгаа хууль зөрчсөн үйлдэл юм гэж үзэж байна. Би өөрөө агрономич хүн, судлаач хүн түрүүн амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрсөн гэж ярьж байна. Эко ногоон хөгжил төсөл маань тухай тарваганы байгаа байршлаас шулуунаараа 1.6 км, газрын гадаргаар 2.4 км-ын зайд байдаг болохоор ямар нэг нөлөөлөлгүй гэж байгаль орчны нөлөөллийн тайлан гарсан байгаа. Үнэлгээний тайланг мэргэжлийн байгууллага боловсруулсан болохоос биш Байгаль орчин аялал жуулчлалын яам өөрсдөө боловсруулдаггүй болохоор уг дүгнэлтийг үндэслэж тушаал гарсан гэж үзэж байна” гэв.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр эрх зүйн баримт бичиг дээр үндэслэж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас одоогоос 8 жилийн тэртээ төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журманд үндэслэж өөрийн байгууллага болон харьяа байгууллагад ажилладаг 163 албан хаагчид 21.3 га газрыг ашиглах эрхийг олгосон. Энэ нь төрд ажиллаж байгаа албан хаагчдын нийгмийн баталгааг хангасан шийдвэр болсон. Одоо энэ шийдвэр маань өнөөдрийн бодит байдал дээр 163 албан хаагчдаас 30 гаран албан хаагчид тэтгэвэртээ гарсан. 6 албан хаагчид нас барсан. Бид нарын зуны тэр богинохон хугацаанд очих л зорилготой байхад нэхэмжлэгч Ганхуяг болон бусад хүмүүс бэлчээрийн даацыг хэтрүүлэн жилийн дөрвөн улирал тэндээ суурьшиж амьдарч байна. Мөн Налайх дүүргийн 1 дүгээр багийн засаг даргаас 2016 оноос хойш авсан бичгээр малын татвар төлсөн баримт байхгүй байдаг. 2021 оноос хойш татвар төлөх ёстой байсан. Бид нартай адилхан газар ашиглаж байгаа хүмүүс байгаа. Талийгаач Можоогийн 5 хүүхэд байгаа. Налайх дүүрэг дээр ажил хөдөлмөрөө хийдэг. Тэнд байгаа ихэнх мал нь Ө.Ггуайн мал байдаг. Өнөөдрийн байдлаар 40 гаруй албан хаагчид хашаагаа хатгасан. Хашаа барьсан хүмүүс нь 4-5 сая төгрөгөөр барьсан. 2015-2016 онд хөөцөлдөж байгаад бид нар нэгдсэн байдлаар цахилгаан татсан. Нийт 55 сая төгрөгөөр татуулсан юм. Яагаад өнөөдөр төрийн албан хаагч заавал өвчин тусаж нас барах ёстой юм. 1000, 1000 төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх гээд ажиллаж байгаа. Төрийн нарийн бичгийн даргын баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа болохоор би энэ асуудлыг хэлж байгаа. 1,878,000,000 хөрөнгө оруулалт хийгдсэн. Үндсэн асуудал маань газрын асуудал байгаа. Тусгай хамгаалалтай газар дээр нэхэмжлэгчийн нэг ч газартай давхцаагүй. Иймд шүүхэд хууль бус нэхэмжлэл гаргаад байгаа нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би давхцуулахгүйгээр 2-3 юм хэлье. Сая Ганхуяг гуай ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж ажилтнуудыг хамруулсан гэж байна. Манай яамны харьяа олон жил хамтран ажилласан төсөл хөтөлбөрүүд байдаг. Цэвэрлэгчээсээ авахуулаад нэг ч хүнийг орхигдуулаагүй шийдвэр гаргаж байсан. Би өөрөө ажлын хэсэгт орсон байсан. Газар дээр 2-3 удаа очиж үзэхэд Ганхуяг гуай хэлээд байгаагаар өвөлжөө хашаатай давхацсан гээд байгаа шиг зүйл байгаагүй. Дээр нь тарваганы тухай ярьж байна. Тарваганы дош байгаагүй. Тийм болохоор илт худлаагаар дайрч шийдвэрийг хүчингүй болгуулах гээд байгаад харамсалтай байна. Энэ бол жишиг төсөл хэрэгжихээр байсан. Төсөл хэрэгжих боломж олгоогүй. Төрийн байгууллага даварч байна гэрчилгээ сунгаагүй гээд байна. Бид нарынх нь ч гэсэн сунгагдаагүй байгаа. Шүүхийн маргаан шийдвэрлэгдсэний дараа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуулийн шаардлага. Хамгаалалтын захиргаа хамгаалж байгаа газарт тухайн захиргаанд хүсэлтээ өгдөг. Хэрэгжүүлэх явцад гурвалсан гэрээ байгуулахаар Сум дүүргийн засаг дарга орж ирдэг гарын үсэг зурдаг байгаа. Иймд төсөл хэрэгжих боломжгүйгээр маргаан үүссэн болохоор бүх үйл ажиллагаа зогссон болохоор Нийслэлийн засаг дарга, Налайх дүүргийн засаг дарга зэрэгт бүртгэлгүй байна гэж байгаа. Төсөл хэрэгжүүлэгч маань Сумын засаг даргатай гурвалсан гэрээ байгуулаад төсөл хэрэгжиж эхэлдэг. Хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүйгээр ажилтныхаа нийгмийн баталгааг хангасан шийдвэр. Шийдвэр нь Монгол Улсын газар олгохтой холбоотой гарсан хууль, дүрэм журмыг зөрчсөн зүйл байхгүй болохоор нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Тушаалын хууль зүйн үндэслэлийг тайлбарлая. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь заалт бол сайдын эрх хэмжээг зааж өгсөн заалт юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын сайд өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргах эрхтэй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д “төрөөс орон байраар хангагдах”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-17.6-д заасныг тушаалын үндэслэл хэсэгт дурдсан. 17.3-д “үйл ажиллагааг явуулахыг хориглосон”. Хязгаарлалтын бүсийн дэглэмийг зааж өгсөн. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих”, 4-д “батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах”,5-д “биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах”, 6-д “тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх” хуульд ийм үндэслэлүүдийг зааж өгсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” эрх нь сайдад байгаа. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.10-д “зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох” өөрөөр хэлбэл Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийг ашиглах эрх нь энд үүссэн байгаа. Энийн дагуу хамгаалалтын захиргаанд газар ашиглах хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлсэн байгаа. Байгаль орчин ногоо хөгжил яамны нийгмийн хамгааллын хөтөлбөр, хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан байгаа. Хуулиар олгогдсон сайдын эрхийн хүрээд төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг боловсруулж гаргаж ирсэн. Нэхэмжлэгч Ганхуяг гуай бол нэхэмжлэлийн үндэслэлээ болохоор малын бэлчээртэй холбоотой тайлбарлаж дээд шүүхээс буцаасан. Хэрэгт авагдсан баримтаар мал, малчин иргэнтэй давхцал байхгүй. зөвшөөрөлгүйгээр амьдарч байгаа. Хэрэгт 2022.03.09-ны өдөр 1974, 1990 оноос хойш суугуул, уугуул амьдарч байсан гэж тодорхойлдог. Энэ хүмүүсийг тэнд амьдарч байсан юм уу гэхээр 2014 он хүртэл нэг ч айл байдаггүй. 2015 онд 1 айл нүүж ирсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргаад тэнд суурьшиж байгаа юм. Газрын тухай хуульд зааснаар малын бэлчээрийн асуудлыг тухай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шийдвэрлэх ёстой. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирсэн албан бичиг дээр малын бэлчээрийн асуудлыг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт шийдвэрлэх боломжгүй гэсэн албан бичиг ирсэн. Өөрөө хэлбэл Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд мал байж болно. Гэхдээ бэлчээрийн мал аж ахуйг хэлээд байгаа юм. Нэхэмжлэл гаргасан хүмүүсээс Борхүү, Цэрэндулам гэдэг 2 хүн л гэрчилгээ авсан байдаг. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргад хаана малаа бэлчээх талаар эрх хэмжээ байхгүй. Шүүх тус багийн засаг даргын албан бичгийг үндэслээд шийдвэр гаргах юм бол үнэхээр хууль бус шийдвэр байх болно. Цаашдаа ч гэсэн хууль зүйн салбарт сөрөг үр дагавар ач ирнэ.
Менежментийн төлөвлөгөөг эрдэмтэн судлаачид боловсруулдаг. Улсын тусгай хэрэгцээнд авахдаа Улсын Их Хурлын тогтоолоор авч байгаа. Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөг 5 жилээр баталдаг. Уг төлөвлөгөөнд амьтан ургамлын талаар бүгдийг нэг бүрчлэн нарийвчлан судалдаг. 50 гаран төрлийн амьтан, 300 гаруй төрлийн ургамал, 100 гаран төрлийн цэцэг гээд Улаанбаатар хотын ундны эх үүсвэр байдаг. Тэрийг хамгаалахын тулд байгаль хамгаалагч ажлуулаад төрөөс цалинжуулдаг. Аялал жуулчлалын зориулалтаар зохистой ашигла гээд олгосон байдаг. Хэрэг бол 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүссэн. Тухайн үед Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилж байсан. Энэ хуулийн үйлчлэх хүрээнд нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ гаргаж байсан. Хэрэг үүсгэхдээ шүүх өөрийн дотоод үнэмшлээр үүсгэсэн. Нас барсан н.Ариунбатын хүү 50 толгой мал тоолуулж байгаа юм. Хууль бус нотлох баримтад тулгуурлан хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн тухайд:
1.1 Тус шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Р.Сарангэрэл нь цахимаар оролцсон бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд холболт нь салж, түүний утас руу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга залгахад “холбогдох боломжгүй” болсон, энэ талаар хэргийн оролцогч нарт танилцуулахад иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
2. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.2 Дээрх газар нь нэхэмжлэгч нарын нутагладаг Өртөө өвөлжөө гэх газартай хамааралтай болох нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 138 тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн малын тоо толгойн мэдээлэл, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 286 тоот албан бичгээр ирүүлсэн шинжээчийн дүгнэлт, шүүхийн үзлэг зэргээр нотлогдож байна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд “хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулж болно” гээд 2 дахь хэсэгт “ уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн”, 3 дахь хэсэгт “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих”, 6 дахь хэсэгт “тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх”, мөн хуулийн 27 дугаар зүйлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох”, 30 дугаар зүйлд “Дархан цаазат газар, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /цаашид "хамгаалалтын захиргаа" гэх/ нь дараахь үйл ажиллагаа явуулна” гээд 10 дахь хэсэгт “зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж,байгууллагад ашиглуулах газрыг тогтоох”, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заажээ.
2.3 Дээрх хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой нөхцөлтэйгөөр иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах талаар шийдвэр гаргах эрх олгогдсон байна.
2.4 Нэхэмжлэгч нараас “байгалийн унаган төрхийг алдагдуулсан, уламжлалт аргаар мал маллах боломжгүй болсон” гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нараас “Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангасан, сайд эрх хэмжээний хүрээнд тушаал гаргасан” гэж тус тус маргажээ.
2.5 Маргаан бүхий газар нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасан байгалийн цогцолборт газарт хамаарах бөгөөд мөн хуулийн 17 дугаар зүйлд хязгаарлалтын бүсэд зөвшөөрсөн үйл ажиллагааг хуульчилснаас нэхэмжлэгч нарын “мал аж ахуй эрхлэх” гуравдагч этгээд нарын “зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” зэрэг тэдгээрийн газар ашиглаж буй зориулалт аль аль нь хамаарч байна.
2.6 Гэвч нэхэмжлэгч нарын ашиглаж буй газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын“Эко ногоон хөгжил” зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэх зорилгоор тус яамны болон харьяа газруудын нийт 163 албан хаагчид олгосон газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт[1], маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр[2] тогтоогдож байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хариуцагч зөрчөөгүй байна.
Мөн хариуцагч тус яамны болон харьяа газруудын албан хаагчид байхаас үл хамаарч тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрсөн хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах талаар шийдвэр гаргах эрхтэй, уг эрхийн хүрээнд гуравдагч этгээд нарт газар ашиглуулахаар шийдвэрлэсэн, тэдгээрийн газар ашиглах зориулалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан байгалийн цогцолборт газар хориглох үйл ажиллагаанд хамаарахааргүй байна.
2.7 Нөгөөтэйгүүр иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлоор хязгаарлагдах бөгөөд нэхэмжлэгч нарын мал бэлчээрлэх боломжгүй болсон гэх үндэслэл нь гуравдагч этгээд нарын зөвшөөрөгдсөн хэлбэрээр газар ашиглах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
2.8 Мөн нэхэмжлэгчээс “Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй, барилга барих талаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй” гэж, мөн Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/202 тоот албан бичиг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/787 тоот албан бичгүүдэд “барилга байгууламж барих зөвшөөрөл аваагүй, холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй” талаар дурьдсан хэдий ч энэ нь мөн л маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Учир нь маргаан бүхий захиргааны актууд нь тус яамны болон харьяа байгууллагуудын албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор гарсан бөгөөд энэ тохиолдолд өөрийн шууд харьяа байгууллага болох Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргахыг, мөн тус байгууллагын саналыг аваагүйд буруутгах үндэслэлгүй.
Хэдийгээр гуравдагч этгээд нар нь тухайлан Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах талаар хүсэлт гаргаагүй ч нэгдсэн зохион байгуулалтад орж яаманд хүсэлтээ гаргасан болох нь маргаан бүхий захиргааны актуудын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт тусгагдсан болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэг, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 9, 30 дугаар зүйлийн 10, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ө.Г нарын нэр бүхий 11 иргэдийн нэхэмжлэлтэй хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
.