Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00333

 

“Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаар магадлалтай,

“Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.А, Б.Т, О.Т нарт холбогдох,

Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 37,786,080 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016147 тоот Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, түүний өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Д.А /буюу Б.Т, О.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч/ түүний өмгөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Болорзоос” ХХК нь хариуцагч Д.А, Б.Т, О.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,786,080 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, хариуцагч нар /бусад/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А эс зөвшөөрч, ...2016.05.31-ний өдрийн 00-2016146 тоот барьцаат зээлийн гэрээ, 2016.05.31-ний өдрийн 00-2016147 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар “Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.А, Б.Т, О.Т нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 37,786,080 төгрөг гаргуулах, хариуцагч нарын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулах, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №00-2016147 тоот Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,080 төгрөг, хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 321 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар “Болор зоос” ББСБ-ын нэхэмжлэлтэй, Б.Алтантуяа, Б.Т, О.Т нарт холбогдох зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, 37,786,080 төгрөг гаргуулах хариуцагч нарын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016147 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг, “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хариуцагч Д.А, Б.Т нараас 28,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Болор зоос ХХК” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 9,786,080 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Т холбогдох зээлийн гэрээний үүрэг 37,786,080 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А, Б.Т, О.Т нарын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016146 тоот Барьцаат зээлийн гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулах, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2016147 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн ТОГТООХ хэсэгт 2 заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.А, Б.Т нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ОЮ92012010 регистрийн дугаартай Отгонбаатарын Төгөлдөрийн өмчлөлийн Ү-2005000714 улсын бүртгэлийн дугаар бүхий Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, 017 дугаар ангийн туслах аж ахуй 00 тоот хаягтай 219.2 м.кв талбай бүхий үнээний фермийн зориулалттай байр, 80301408 дугаар бүхий талбарын дугаартай, №000451859 тоот гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалттай эзэмших эрхтэй газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хорих нээлттэй 445 дугаар ангид даалгасугай” гэж нэмж, шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтыг 3 болгон өөрчилж уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчдчилан төлсөн 417,080 төгрөг хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417,080 төгрөг хариуцагчийн төлсөн 232,950 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А, Б.Т нараас 301,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Болор зоос ХХК” ББСБ-д олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг 4 болгон өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,880 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Д.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Б з ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.А, Б.Т, О.Т нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.27-ны өдрийн 48 дугаартай магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримт үнэлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж, үндэслэлтэй шийдвэр гаргасан боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Д.А, Б.Т нар нь 2016.05.31-ний өдөр О.Тийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалан 10 сая төгрөгийн зээл авсан 2,5%-ийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай Баталгаат ипотекийн гэрээ болон Барьцаат зээлийн гэрээ байгуулсан гэх боловч бодит байдал дээр 2016.05.31-ний өдөр 10 сая төгрөгийн зээл авсан зүйл огт байхгүй юм. Харин 2015.04.06-ны өдөр №00-2015972 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 10 сая төгрөг сарын 5%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай авсан. Үүний төлөлтийг тухай бүр нь чадахаараа л төлж явсан боловч “Б з ББСБ” нь уг төлөлтийг зөвхөн хүүнд тооцон суутгаж явсаар үндсэн төлөлтөөс маань огт хасагдахгүй байсан. Ингээд жилийн дараа ББСБ-ын захирал Ш.Ч дуудаж хугацаандаа зээлээ төлөөгүй гэж загнасан. Тэгээд манайх хүү багатай төслийн зээл өгч байгаа, хүүг чинь багасгаж 2,5% болгоё, хүү багасгаж байгаа учраас шинээр гэрээнд гарын үсэг зур гээд миний 2015 онд авсан зээлийг хаасан мэт болгоод дахин 2016.05.31-ний өдөр №00-2016146 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд болон мөн өдрийн Баталгаат ипотекийн гэрээнд тус тус гарын үсэг зуруулсан. Тухайн үед зээлийг нь хугацаанд нь төлж дуусгаж чадаагүйдээ айж эмээгээд мөн хүү нь багасч байна гэж ойлгоод гарын үсэг зурсан.

4.1. 2015.04.06-ны өдөр №00-2015972 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хүү нь хуримтлагдаж, нэмэгдүүлсэн хүү тооцсоор яваад 5 сая төгрөг болсон байна гэж Ш.Ч захирал хэлээд “Манайх чамаас болж алдагдалд орох ёсгүй учраас хуримтлагдсан хүү 5 сая төгрөгөнд чинь банкны зээлийн хүү тооцно гээд 2016.05.31-ний өдөр №00-2016147 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд 5 сая төгрөг зээлдүүлсэн мэтээр хуурамч гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Харин бодит байдал дээр энэ 5 сая төгрөгийн зээлийг авсан асуудал огт байхгүй юм.

4.2. 2015 онд би “Б з ББСБ”-ын захирал Ш.Чээс нэг л удаа 10 сая төгрөгийн зээл авснаас биш өөрөөр бол зээл огт авч байгаагүй. Хугацаа хэтрүүллээ гэж намайг захирал их загнаж дарамталдаг байсан. Тухайн үед хөөцөлдөж байсан ажил маань бүтэмж муутай болж санхүүгийн боломжгүй байдал үүсч эхлэхэд би Чинцэцэг захиралд энэ тухайгаа уулзах бүртээ хэлж л байсан. Энэ ББСБ-ын зээлийн асуудлаас болоод биднийг Монгол банкны найдваргүй зээлдэгчийн ангилал руу оруулсан байсан. 2018 онд жижиг дунд үйлдвэрлэлийн төсөлд оролцохоор төсөл бичиж, төсөл маань дэмжигдсэн боловч мөн л дээрх найдваргүй зээлдэгчийн ангилалд шилжсэнээс болоод төслийн маань санхүүжилт орж ирээгүй. Тухайн үед би ийм төсөл хөөцөлдөж байна, та намайг энэ найдваргүй чанаргүй зээлдэгчээс хасаад өгөөч гэж мөн л удаа дараа гуйсан боловч татгалзаж байсан. Ер нь энэ зээлээс болоод миний амьдрал өөдөө өндийх, үйл ажиллагаа эрхлэх, санхүүгийн хувьд чадавхитай болж босох боломж огт олдоогүй. 2019 оны 11 сард Чинцэцэг захиралтай уулзаж “би ийм өндөр хүүтэй хүүгээс хүү бодогддог зээлийг төлж дийлэхгүйнээ, та ядаж хүүгээ зогсоогооч, болохгүй бол намайг шүүхэд өгчих өө” гэж хүртэл хэлсэн. Гэтэл Чинцэцэг захирал “би чамайг шүүхэд өгсөн ч гэсэн чи надтай дахиад зээлийн гэрээ хий, тэгээд cap бүр надад үнийн дүнгийн 1%-иар тооцож хүү өгч бай. Энэ чиний хариуцлага, би дахиж хүүгүй хохирмооргүй байна, тийм болохоор чи гэрээ хийх хэрэгтэй” гээд шаардаад байсан. Тухайн үед би найз Тунгалагтай хамт очсон байсан, Тунгалаг уг захирлын шаардлагыг сонсож байгаад намайг “чи гэрийнхэнтэйгээ ярилцаж байж шийд” гээд аваад гарсан. Энэ талаар Тунгалаг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн боловч давж заалдах шатны шүүх гэрчийн мэдүүлгийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Үүнээс хойш захирал Чинцэцэг над руу хэд хэд залгаж захирал нь чамд хатуурхсан байна, чи хүрээд ир үнийн дүнгээ тохирч байж шүүхэд өгье” гэх зэргээр дуудсан боловч уулзах бүртээ шаардангуй харьцаж, миний мэдэх мэдэхгүй зүйл дээр гарын үсэг зуруулдаг болохоор би айгаад очиж чадаагүй. 2016.05.31-ний өдөр 10 сая төгрөг, 5 сая төгрөгийн тус тус зээл аваагүй болох нь дараах байдлаар нотлогддог. Зээлийн гэрээг 2016.05.31-ний өдөр байгуулж, тухайн өдрөө зээлээ бэлнээр шилжүүлсэн кассын баримт нэхэмжлэгч тал үйлдсэнээ хэрэгт өгсөн. Гэтэл 2016.05.31-ний өдрийн Баталгаат ипотекийн гэрээг 2016.06.02-ны өдөр Улсын бүртгэгч бүртгэж баталгаажуулсан байдаг. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 156.3-т энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар заасан. Өөрөөр хэлбэл барьцааны гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад нэг өдрийн өмнө 2016.05.31-ний өдөр надад зээл олгосон гэх кассын баримт үйлдсэн нь үүгээр үгүйсгэгдэнэ. 2015.04.06-ны өдрийн зээлийн төлөлт графикийн дагуу төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн, би зээл төлөх боломж чадваргүй байгааг зээлдүүлэгч Чинцэцэг мэдэж байсан атлаа надад дахин 15 сая төгрөгийн зээл олгосон гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй, худал зүйл юм. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, захирал Чинцэцэг шүүх хуралдаан дээр “...2016.05.31-ний өдрийн авсан 15 сая төгрөгийн зээлээсээ 2015.04.06-ны өдрийн зээлийн үлдэгдэл 10 сая төгрөгийг төлж зээлээ хаасан юм” гэж хэлсэн. Гэтэл 2016.05.31-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээний 1.1-д зээлийн зориулалт нь Бизнесийн эргэлтийн хөрөнгө зориулалтаар олгоно гэж заасан байна. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох, мөн хуулийн 456 дугаар зүйлийн 456.1-д зээлдүүлэгч мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргийг заасан байна. Үүнээс дүгнэвэл зээлдэгч тухайн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх үүргийг зээлдүүлэгч олгох үүрэгтэй байгааг зөрчсөн, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглана гэж заасныг ноцтой зөрчсөн тайлбарыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр хэлсээр байхад давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Гэтэл зээлдүүлэгч нэхэмжлэгчийн төлөөлөгч Чинцэцэгийн хэлдэг 15 сая төгрөгийн зээлийг аваад 10 сая төгрөгөө шууд бэлнээр нь өмнөх зээлдээ төлсөн юм” гэж тайлбарлаж байгаа нь хуулийн хувьд ч 2016 оны зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус, хуульд заасан зээлийн гэрээнд тавигдах гол нөхцөлийг зөрчсөн болох нь нотлогддог.

4.3. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т зээлийн данс нээж, зээл олгоно, 21.4-т зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор тус тус заасан байгааг ноцтой зөрчсөн, бэлнээр кассаас мөнгө олгосон мэтээр тухайн үед надаар гарын үсэг зуруулсан байсан. Мөн хуулийн 23 дугаар зүйлд 23.1-д Зээлдүүлэгч нь зээлдэгч бүрийн нэр дээр зээлийн хувийн хэрэг нээж хөтөлнө гэж заасныг зөрчсөн, зээлийн хувийн хэрэг нээж хөтлөөгүйн дээр 23.2-т заасан зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэрүүд байхгүй. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Банк бус санхүүгийн байгууллага нь ашгийн төлөө ХХК, иргэдэд зээлсэн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлогоор санхүүжиж ашиг олдог гэдгийг хэдийгээр ойлгож байгаа ч өөрийн давуу эрхийг ашиглаж хуурамчаар зээлийн гэрээ байгуулж зээл олгосон мэтээр бүрдүүлж авч үлдсэн бодит байдалд огт олгогдоогүй зээлийн гэрээг давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа нь мөнгө угаах, иргэдэд үндэслэлгүй хүүгийн дарамт үүсгэж мөнгө хүүлж байгаа хууль бус үйлдлийг өөхшүүлсэн шударга бус шийдвэр болсон тул маш их гомдолтой байна. Миний хувьд 2015 онд авсан 10 сая төгрөгийн зээлээ төлж дуусаагүй байгаа, үүнийгээ ч төлнө гэдгээ удаа дараа шүүх хуралдаан дээр тайлбарлаж хэлсэн. Гэхдээ нэхэмжлэгч тал зөвхөн 2016 оны зээлийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж, намайг 2015 оны зээлээ бүрэн төлчихсөн гэж тайлбарладаг тул би 2016 онд огт зээл аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн болно. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.17-ны өдрийн 321 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “Болорзоос” ХХК нь хариуцагч Д.А, Б.Т, О.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,786,080 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч, хариуцагч нар /бусад/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А эс зөвшөөрч, ...2016.05.31-ний өдрийн 00-2016146 тоот барьцаат зээлийн гэрээ, 2016.05.31-ний өдрийн 00-2016147 тоот барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, ...хариуцагч Д.А, Б.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 9,786,080 төгрөгт холбогдох шаардлага, хариуцагч О.Төөс зээлийн төлбөр гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

8. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Агийн гаргасан “...давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, ...нэхэмжлэгч өөрийн давуу эрхийг ашиглаж хуурамчаар зээлийн гэрээ байгуулсныг ...хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь шударга бус...” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Д.А, Б.Т нар нь “Б ББСБ” ХХК-тай 2016.05.31-ний өдөр 00-2016146 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгөө сайжруулах зориулалтаар, 00-2016147 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн эргэлтийн хөрөнгөө сайжруулах зориулалтаар тус тус зээлж, талууд баталгаат ипотекийн гэрээ байгуулж, О.Тийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр багт байрлах Үнээний фермийн зориулалттай байр, нэгж талбарын 80301408 дугаар бүхий 0.78 га газрыг барьцаалсан байх ба зээлдүүлэгч гэрээний дагуу зээлийн мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгчээ.

11. Хариуцагч Д.Агаас ...бодит байдал дээр 2016.05.31-ний өдрийн зээлийн гэрээнүүдийн дагуу зээл авсан зүйл огт байхгүй, харин 2015 онд авсан зээлийн хүүг багасгасан гэж ойлгон, ноцтой төөрөгдсөний улмаас гэрээнд гарын үсэг зурсан гэж маргасан, гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан, дээрх барьцаат зээлийн гэрээ, зээл хүссэн өргөдөл, кассын орлого, зарлагын ордер, зээлийн дансны хуулга, Д.Агийн нэхэмжлэгчид зээл төлөх талаар бичсэн тодорхойлолт зэрэг баримт /хх-ийн 11-30, 84-85 тал/-уудаар түүний тайлбар үгүйсгэгдсэн байх ба хариуцагч нь 00-2016146 тоот зээлийн гэрээний дагуу хүүнд 1,603,250 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,750 төгрөг, 00-2016147 тоот гэрээний дагуу хүүнд 716,673 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 71,666 төгрөг төлсөн боловч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлээ хугацаанд төлөөгүй байна.  

12. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй, ...хэдийгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй боловч, нэхэмжлэгч нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 28,800,000 төгрөгийн үнийн дүн дээр хариуцагчтай эвлэрэх боломжтой гэсэн тайлбар гаргасныг үндэслэн ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу хариуцагч Д.А, Б.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 9,786,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн хэргийн баримтаар зохигчийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдэл зөв байна. Мөн шүүх тухайн маргаанд Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.  

13. Давж заалдах шатны шүүх маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцэх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 48 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.05.17-нд төлсөн 297,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

          ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                  Д.ЦОЛМОН