| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 181/2019/02513/И |
| Дугаар | 101/ШШ2020/00513 |
| Огноо | 2020-02-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2020/00513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.А
Хариуцагч: Б.Б
19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхтунгалаг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Хариуцагч Б.Бгийн ээж ******* “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаад хүнд өвчний учир 2015 оны 8 дугаар сард нас барсан юм. Тэрээр нас барахаасаа өмнө өөрөөр хэлбэл биеийн байдал нь хүнд, олон cap хэвтрийн дэглэмтэй байх үедээ *******” ХХК-ийг ******* гэх хүнд шилжүүлсэн байдаг.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд:
Нэхэмжлэлд Ц.Ань 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б.Бд Ланд круйзер 100 маркийн автомашиныг 22.000.000 төгрөгөөр худалдахдаа “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”, “Зээлийн гэрээ” гэсэн хоёр гэрээг зэрэг хийсэн талаар дурьджээ.
Хариуцагч Б.Бгийн хувьд “Миний ээж ******* Ц.Алтанцэцэгээс автомашин аваад ир гэж намайг явуулсан, явах үед ямар нэгэн гэрээ хийхийг болон гэрээнд гарын үсэг зурах талаар юу ч хэлээгүй, Ц.Абол ээжийн найз, тэр хоёр чухам ямар тохиролцоо хийснийг би мэдэхгүй. Надад Ц.Алтанцэцэгээс автомашин худалдан авах шаардлага байгаагүй, би сонсгол муутай тул машин бариад байдаггүй. Ээж 3.000.000 төгрөгт тооцож плаш өгсөн” гэж тайлбарладаг. Иймээс дээрх хоёр гэрээг зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлая.
1. Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, хариуцагч Б.Б нарын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”-ний хувьд: Хариуцагч Б.Б автомашинтай болох зорилго өөртөө тавиагүй байсан, Ц.Ань хариуцагчийн ээжтэй нь автомашин өгч авалцах талаар тохирсон атлаа хариуцагчийг хуурч мэхлэх аргаар, төөрөгдүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан, Гэрээний хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан, Хариуцагч нь ямар нэгэн гэрээ байгуулах хүсэл, зориг байгаагүй, Ланд круйзер 100 маркийн автомашиныг авч ирээд ээждээ өгсөн, өөртөө унаж хэрэглэсэн зүйлгүй юм.
2. Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, хариуцагч Б.Б нарын 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний хувьд: Хуулиар заавал баримтлах хэлбэрийг зөрчин хийсэн хэлцэл хуулиас шууд хамааралтайгаар хүчин төгөлдөр бус байна, Зээлийг гэрээг бодитоор байгуулаагүй, учир нь энэ хоёр хүний хооронд мөнгө төгрөг өгсөн, авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг, хариуцагч Б.Бд холбогдуулан 19,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар зохигчийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 22,000,000 төгрөгийн үнэ бүхий Автомашин худалдах-худалдан авах гэрээ, мөн 22,000,000 төгрөгийн үнэ бүхий Зээлийн гэрээ тус тус байгуулагджээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч автомашины үнэ төлөөгүй учраас зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүргийг шаардсан шаардлага гаргасан талаар тайлбарлаж байна. хариуцагч талын хувьд зохигчийн хооронд худалдах-худалдан авах болон зээлийн гэрээний харилцаа бодитой үүсээгүй, энэ нь хариуцагчийн эхтэй холбоотой асуудал гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарлаж байна.
Зохигчийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 22,000,000 төгрөгийн үнэ бүхий Автомашин худалдах-худалдан авах гэрээ, мөн 22,000,000 төгрөгийн үнэ бүхий Зээлийн гэрээ тус тус нэг өдөр байгуулсан ба хариуцагч автомашины үнийг төлөхгүй байхаас сэргийлэн зээлийн гэрээ байгуулсан тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд талууд мөн өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг, үр шимийг бодитой бй болгох зорилгоор бус автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой зөвхөн гадаад илрэлийг бий болгохоор хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцсэнийг үндэслэлтэй гэж үзлээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1513 тоот Прокурорын тогтоолоор яллагдагч ******* /хариуцагч Б.Бгийн төрсөн эх/-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тогтоолд гомдол гаргаагүй тул тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Нэхэмжлэгч тус прокурорын тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гарах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний харилцаа энэ хугацаанд хамаарна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг дээрх хугацаагаар тооцоход нэхэмжлэгч прокурорын тогтоол гарсан 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс хойших гурван жилийн хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөрт багтаан нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй тул хариуцагч Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” байна. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 82 дугаар зүйлийн 82.4-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал энэ талаар шүүхэд хүсэлт, баримтыг гаргаагүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагчид холбогдуулан 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тухай тайлбарласан ба тус шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 9529 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй учир мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тус баримт үнэлэгдэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ