Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00363

 

“И ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00895 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1166 дугаар магадлалтай,

“И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

В.Тд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,576,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-Э, хариуцагч В.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь хариуцагч В.Тд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,576,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00895 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч В.Тгаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,288,285 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,288,285 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 51,562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1166 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00895 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11,” гэснийг хасч “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3,” гэж, “...2,288,285 төгрөг...” гэснийг “...4,576,570 төгрөг...” гэж, 2 дахь заалтын “...51,562 төгрөг...” гэснийг “...88,175 төгрөг...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,563 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч В.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...“И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэн В.Тд холбогдох Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1166 дугаартай магадлалд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх хэрэгт авагдсан үнэлбэл зохих нотлох баримтыг үнэлээгүй, дутуу үнэлж шүүхийн шийдвэр гаргасан тухай. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хэнээс ч үүргийг шаардах эрхтэй. Иймд хариуцагч В.Тгаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь 4,576,570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах хууль зүйн үндэслэлтэй” хэмээн үзсэн хуулийг буруу хэрэглэж шударга бус шийдвэрлэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу хариуцагч В.Тгаас 2,288,285 төгрөг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Мөн хэргийг хянан шийдвэрлэж эхэлсэн цаг хугацаанаас хариуцагч В.Т тус 2017.06.21-ний өдрийн зээлийн гэрээгээр 3,000,000 төгрөгөөс нэг ч төгрөг аваагүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн боловч хоёр шатны шүүхээс үүнийг хүлээн авч үнэлж дүгнээгүй байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч В.Тгийн фидуцийн гэрээгээр нэхэмжлэгч “И ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн 89-77 УНН улсын дугаартай, Isuzu ELF маркийн суудлын автомашинаар зээл, зээлийн хүүг бүрэн төлж хохирлоо барагдуулах боломжтой гэж давж заалдах гомдол үндэслэлгүй болно” хэмээн үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т “Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй” гэсэн хуулийн заалтын дагуу хууль ёсны өмчлөгч “И ББСБ” ХХК нь иргэн А.Нарангэрэлээс шаардаж тухайн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах бүрэн эрхтэй юм. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1166 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “И ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж тодорхойлон, хариуцагч В.Тгаас зээлийн гэрээний үүрэгт 4,576,570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

7. Хариуцагч В.Т нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...А.Нарангэрэл “автомашинаа барьцаалж зээл авах гэсэн юм” гэхээр нь “И ББСБ” ХХК-тай холбож өгсөн, тус компанийн эдийн засагч хамтран зээлдэгчээр орохыг хүссэн би татгалзсан, надаас гуйсаар гэрээнд гарын үсэг зуруулсан, энэ талаар хамт ажиллаж байсан хүмүүс мэднэ, ...мөнгийг би авч хэрэглээгүй... гэж маргажээ.

8. Хэрэгт авагдсан баримтаар А.Нарангэрэл, В.Т нар нь 2017.06.21-ний өдөр “И ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан байх боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөөгүй, өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 983,000 төгрөг, хүүд 160,000 төгрөг, нийт 1,143,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт, нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь болох 2,288,285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан буюу хариуцагч В.Тгаас 4,576,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулжээ.

8. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаанд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн гэж дүгнэлээ.   

9. Давж заалдах шатны шүүх ...хариуцагч В.Т нь зээлийн гэрээний 3.3.1-д “хамтран зээлдэгч нь зээлдэгчийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба гэрээний бүх нөхцөлийг мөрдөнө” гэж заасан үүргийг хүлээж, гэрээнд гарын үсэг зурсан... -/тул/ Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзнэ. ...иймд нэхэмжлэгч нь ...242.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч болон хамтран зээлдэгч нарын хэнээс ч шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч В.Тгаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,017,000 төгрөг, хүүд 2,154,355 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 405,215 төгрөг, нийт 4,576,570 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна. 

10. Харин, анхан шатны шүүх маргаанд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нэхэмжилсэн төлбөрийн 50 хувь болох 2,288,285 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдсэнийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн, мөн фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлтийг хийжээ. 

11. Иймээс хариуцагчийн “...би зээлээс нэг ч төгрөг аваагүй гэдгээ шүүхэд удаа дараа мэдэгдсэн байхад хоёр шатны шүүх үнэлж дүгнэсэнгүй. ...Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь ...барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

12. Хариуцагч В.Т нь зээлийн гэрээний улмаас өөрт учирсан хохирлыг хамтран зээлдэгч А.Нарангэрэлээс жич шаардахад шүүхийн магадлал, тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй юм.

13. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч В.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1166 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020 оны 07 дугаар сарын сарын 01-ний өдөр төлсөн 52,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН