Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

2020              03            19                                         2020/ДШМ/328                           

 

 

Б.Д-, Д.С-, С.Б-                                                                                                                            нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                       

            прокурор Э.Бадрал,

            шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэбаатар,

            иргэний хариуцагч “Атар-Ирээдүй” ХХК-ийн төлөөлөгч С.Болдбаатар,

            хохирогч Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “Атар-Ирээдүй” ХХК-ийн төлөөлөгч С.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-, Д.С-, С.Б- нарт холбогдох 1902003680302 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Б-ийн Д, Дорнод аймагт 1978 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Эрүүл ахуйч халдвар судлаач, төрийн захиргааны менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хилчин хотхон 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 0000000000/;

2. Ц овгийн Д-ын С, Баянхонгор аймагт 1978 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Мал амьтан, хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр Зайсангийн 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;

3. Б овгийн  С-ийн Б, Улаанбаатар хотод 1965 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Эмчилгээ, эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;

 

Шүүгдэгч Б.Д- нь 2010 оноос хойш Зэвсэгт хүчний жанжин штабын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтэст Орчны эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний “Тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг” Олон Улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010-2019 оны хооронд шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрлийн вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиомлоор бичиж, хамт ажилладаг Д.С-, С.Б-, Б.Оюунчимэг нартай бүлэглэн тэднээр дамжуулан “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-ийн дансаар 264,099,900 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө болон Т.Д-, Д.С-, С.Б-, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгож, нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан,

2012-2019 оны хооронд Халдварт өвчин судлалын үндэсний төв болон “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-ийн бичилт хийгдээгүй, хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Д.С-, С.Б- нартай бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан,

Шүүгдэгч Д.С- нь Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт, үнэлгээний газрын Хэмжил зүй, мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал, амьтан хорио цээрийн хяналтын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байхдаа Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрлийн вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах явцдаа Халдварт өвчин судлалын төвөөс бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр Б.Д- цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохиож бичин хуурамчаар үйлдснийг мэдсээр байж, түүний гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-ийн дансаар 107,684,400 төгрөг шилжүүлэн авч, өөртөө болон Б.Д-д давуу байдал бий болгосон,

2012-2019 оны хооронд “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д-, С.Б- нартай бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан,

Шүүгдэгч С.Б- нь Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт шалгалт, үнэлгээний газрын Эрүүл мэндийн хяналтын албаны цэргийн хөдөлмөр, хүнсний эрүүл ахуйч, их эмч-улсын байцаагчаар томилогдон ажиллаж байхдаа Умард Атлантын Гэрээний байгууллага /НАТО/-ын цэргийн хүчний “Тэргүүлсэн шийдвэртэй дэмжлэг” Олон Улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнд 2010 оны 6 дугаар сараас 2017 оны 8 дугаар сарыг дуусталх хугацаанд шар чичрэг, гепатит В, сахуу татран, балнад зэрэг 4 төрлийн вакцинжуулалтын ажлыг зохион байгуулах явцад Т.Д-ы өгсөн үүрэг, Б.Д-гийн гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК-ийн дансаар 156,415,500 төгрөг шилжүүлж өгсний төлөө өөртөө 24,444,290 төгрөг авч, нийтийн албан тушаалтны албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон Т.Д-, Б.Д-, Б.Оюунчимэг нарт давуу байдал бий болгосон,

2016-2017 оны хооронд “Предикат-Амар” ХХК-иас бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх авч цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг зохион бичиж Б.Д-, Д.С- нартай бүлэглэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Д-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон, мөн бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.С-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Б-г нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, мөн бүлэглэн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар, Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Д-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 18.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 төгрөгөөр торгох ялаар, Д.С-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 11.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 төгрөгөөр торгох ялаар, С.Б-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 11.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-, Д.С-, С.Б- нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “Атар-Ирээдүй” ХХК-иас 9,340,000 төгрөг, “Үлэмж тун” ХХК /“Их Тоонот”/ ХХК-иудаас 9,174,320 төгрөгийг тус тус гаргуулж Зэвсэгт хүчний хөгжлийн санд оруулж, иргэний хариуцагч “Атар-Ирээдүй” ХХК, “Үлэмж тун” ХХК /“Их Тоонот” ХХК/ нь хохирлоо гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, мөн шүүгдэгч Б.Д-гийн эзэмшлийн 19-53 УНГ улсын дугаартай цагаан өнгийн "Toyota harrier" загварын тээврийн хэрэгсэл, 54-12 УНН улсын дугаартай “Тoyota рrius” загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Д-, Д.С-, С.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Иргэний хариуцагч “Атар-Ирээдүй” ХХК-ийн төлөөлөгч С.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд манай “Атар-Ирээдүй” ХХК-д Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөр гэж 5 удаагийн гүйлгээгээр нийт 60,001,000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгөнөөс татварт суутгахаар 9,340,030 төгрөг манай байгууллагын дансанд үлдэж, 50,660,970 төгрөгийг Д.С-гийн хэлсэн данс руу тухайн үед нь шилжүүлсэн. Дээрх мөнгийг би өөрийн санаачилгаар, хууль зөрчин Д.С-гаас авч байгууллагын данс руу хийгээгүй. Д.С- болон түүний нөхдийн удаа дараагийн гуйлтаар “хэрэв ямар нэгэн асуудал гарвал бид хариуцна” гэсний дагуу байгууллагынхаа дансаа ашиглуулсан. Тухайн үед “нэг, хоёр удаагийн гүйлгээ хийнэ” гэж ярьж байсан чинь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 37,766,000 төгрөг манай байгууллагын данс руу Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас орсон. Хэдэн төгрөг, хэзээ орсон, буцааж ямар данс руу хэзээ, хэдэн төгрөг шилжүүлсэн, байгууллагын дансанд хэдэн төгрөг үлдсэн болох нь дансны хуулгаар маш тодорхой харагдана. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд нэг бүрчлэн тодорхой мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр иргэний хариуцагчаар татаж мэдүүлэг авсныг хүлээн зөвшөөрч байгаа. Харин 9,340,000 төгрөгийг манай байгууллагаас бүхэлд нь гаргуулж Зэвсэгт хүчний хөгжлийн санд төлүүлэх тухай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай “Амар-Ирээдүй” ХХК нь хэвийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хууль бус ажиллагааны улмаас ашиг олоогүй байж 9,340,030 төгрөгийг шүүхийн шийдвэрээр төлөх үүрэг хүлээсэн. Болсон асуудал, байгууллагад учирсан хохирлын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан эрхийн дагуу анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцож мэдүүлэг өгөх эрхтэй байсан боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх эрхийг эдлүүлэхгүйгээр намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний хариуцагч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд шүүх хуралдаанд оролцуулах арга хэмжээ авах” болохыг миний бие эрх зүйн боловсролгүй учир мэдээгүй, уг эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зорилтод нийцүүлэн мөрдөгч, прокурор, шүүхээс надад эдлэх боломжоор хангаж арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.

            Мөн миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдүүдээс байгууллагад учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байхад дээр дурьдсан ажиллагааг мөрдөн байцаалт, шүүхийн шатанд явуулаагүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад шийтгэх тогтоолын 7 дахь хэсэгт манай “Атар-Ирээдүй” ХХК-ийг баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх асуудлыг тусад нь шийдвэрлэх гэж байгааг ойлгохгүй байна. Шүүхийн энэ шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хүн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

            Манай “Атар-Ирээдүй” ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 9,340,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулахгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоогдож, уг гэмт хэрэгт холбогдсон Д.С-, Б.Д-, С.Б- нараас 9,340,000 төгрөг гаргуулж “Атар-Ирээдүй” ХХК-д олгохыг шүүхийн шийдвэрт тусгуулж, дээрх хүмүүс нь манай байгууллагад төлсний дараа Зэвсэгт хүчний хөгжлийн санд 9,340,000 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй болно. ...” гэв.

            Шүүгдэгч Д.С- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... С.Болдбаатар Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн мөнгөнөөс 15-17 хувийг татварт суутган авч үлдсэн. Ингэхдээ нэхэмжлэх дээр хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж, тамга дарж бидэнд өгсөн байдаг. Уг нэхэмжлэхийг би хуурамчаар бичиж үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэв.

            Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Г.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул иргэний хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Зэвсэгт хүчний жанжин штабын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Батлан хамгаалах яамнаас “Атар-Ирээдүй” ХХК-д 2018 онд нийт 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Татвар авсан тохиолдолд 10 хувь буюу 6,000,000 төгрөгийг улсад төлөх ёстой. Гэтэл 9,340,000 төгрөгийн зөрүү гарснаас үзэхэд “Атар-Ирээдүй” ХХК хэрэгт хамтран оролцож, өөртөө ашиг авсныг нотолж байна. Гэтэл энэ мөнгийг төлөхөөс татгалзаж, бусад хүмүүсээр төлүүлэх гэж байгааг ойлгохгүй байна. ...” гэв.

            Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Вакцинтай холбоотой мөнгө тухайн аж ахуйн нэгжүүдийн дансаар орсон. Тэд татвар ноогдох хувийг авч, бусдыг нь шүүгдэгч нарт өгсөн байдаг. Прокуророос тухайн мөнгөн дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тус компанийг иргэний хариуцагчаар татаж шалгасны үр дүнд шүүх мөнгийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шийтгэх тогтоолд С.Б-г 2 жилийн хугацаагаар нийтийн албан тушаалд томилогдох эрх хассан талаар бичигдээгүй орхигдуулсан байна. Шүүх хуралдаанд уг ялыг оногдуулсан тухай уншиж, сонсгосон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул техникийн шинжтэй алдаа гэж үзэж тогтоолд өөрчлөлт оруулах саналтай  байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Д-, Д.С-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ иргэний хариуцагчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Д-, Д.С-, С.Б- нарыг Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж байх хугацаандаа Олон Улсын ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бие бүрэлдэхүүнийг вакцинжуулах ажлыг зохион байгуулахдаа Халдварт өвчин судлалын үндэсний төв болон “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-ийн бичилт хийгдээгүй хоосон нэхэмжлэх дээр цэргийн бие бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн үнийн дүнг худал бичин, төлбөрийн зөрүү гаргаж дээрх нэр бүхий компаниудын дансаар их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан, мөн төлбөр нэхэмжилсэн санхүүгийн баримтуудыг хуурамчаар үйлдэж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокурорын яллах дүгнэлт үйлджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины төлбөрт шилжүүлсэн мөнгийг өөрийн дансаар хүлээн авч шүүгдэгч нарт гаргаж өгсөн “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудыг иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ. /3-р хх 208-233/

Эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээдүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж нэрлэн заасан байна. Хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд гэдэгт гэмт хэрэг үйлдээгүй боловч хууль тогтоомж, гэрээ, хэлцлээр гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн өмнөөс хариуцан барагдуулах үүрэг хүлээсэн этгээд байдаг онцлогтой. Тухайлбал: Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч, 499 дүгээр зүйлд заасан тээврийн хэрэгсэл, 500 дугаар зүйлд заасан барилга, байгууламж, 501 дүгээр зүйлд заасан мал, амьтан, 502 дугаар зүйлд заасан орчин тойрондоо аюултай барилга, байгууламж, эд хөрөнгө зэргийн өмчлөгч, эзэмшигчид болон 512 дугаар зүйлд заасан чанар муутай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд хамаарна.

Иймд хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татахдаа тэдний үйлдэл, эс үйлдэхүй гэмт хэргийн шинжтэй эсэх, хуулийн дагуу гэмт хэргийн хохирлыг барагдуулах үүрэг үүссэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл болон 8.6 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага гэж үзнэ.

Хэргийн материалыг судлахад иргэний хариуцагчаар татагдсан нэр бүхий компаниуд шүүгдэгч Б.Д-, Д.С-, С.Б- нарт бичилт хийгдээгүй хоосон төлбөрийн нэхэмжлэх өгч ашиглуулаад зогсохгүй, Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас шилжүүлсэн мөнгийг өөрийн компанийн дансаар хүлээн авч 10-20 хувийг суутган, үлдсэн мөнгийг шүүгдэгч нарт гаргаж өгсөн гэх ба эм ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн төлбөрийн нэхэмжлэх, дансыг ашиглахгүй бол Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас вакцины үнийн зөрүү үүсгэж мөнгө гарган авах боломжгүй байсан тухай хэргийн оролцогчдын мэдүүлэг, нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Хуулийн этгээдүүдийн дээрх үйлдэл гэмт хэрэг үйлдэх нөхцөл, боломжийг бүрдүүлсэн, дэмжлэг туслалцаа үзүүлсэн, үүний төлөө гэмт хэргийн замаар олсон мөнгөний тодорхой хэсгийг татвар нэрээр /шүүгдэгч нар шан харамж өгсөн гэж мэдүүлдэг/ авсан байж болзошгүй байхад тухайн гэмт хэрэгт нь хамтран оролцсон, эсхүл бие даасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр, “гэмт хэрэг үйлдээгүй боловч гагцхүү хуулийн дагуу хохирлыг барагдуулах үүрэг үүсдэг, эцэст нь гэм буруутай этгээдээс хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй байдаг” иргэний хариуцагчийн эрх зүйн байдалд хууль зүйн дүгнэлт өгөлгүй “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудыг иргэний хариуцагчийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд тодорхой үйлдлээр оролцсон, тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангасан тохиолдолд хамтран оролцсон гэж үзэх, эсхүл гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүнийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийвэл зохино. 

Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэнийг эргэлзээгүй, бүрэн нотолж чадаагүй, шүүгдэгч Б.Д-, Д.С-, С.Б- нарын гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулснаас тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “Их тоонот” ХХК, “Үлэмж тун” ХХК, “Предикат-Амар” ХХК, “Монлевзия” ХХК, “Атар-Ирээдүй” ХХК, “Палома” ХХК-иудыг үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.  

Хэрэг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасан учир иргэний хариуцагч “Атар-Ирээдүй“ ХХК-ийн төлөөлөгч С.Болдбаатарын гаргасан давж заалдах гомдолд энэ удаа хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хуагцаагаар хасах нэмэгдэл ял шийтгэхээр заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-д энэ зүйл, хэсэгт заасан нэмэгдэл ялыг хэрэглэхгүй орхигдуулж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/60 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Д-, Д.С-, С.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол Б.Д-, Д.С-, С.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН