Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 223

 

Ш.Б, Х.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүгдэгч Х.Ц, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 167 дугаар цагаатгах тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалтай, 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ш.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Ш-ийн Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Х-ын Ц нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ш.Б, Х.Ц нарт холбогдох хэргийг нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ш.Б, Х.Ц нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Б гаргасан гомдолдоо “Ш.Б намайг Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Ц-д 2,000,000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэх хэрэгт прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хурлаар хэлэлцэж 167 дугаартай цагаатгах тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд хэргийг уг хэрэг гарсан газрын шүүх хянан шийдвэрлэх болон анхан шатны шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилагдсан шүүгч хэргийг шийдвэрлэхээр хуульчилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6-д зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилохоор, хэрэв тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгчийг татгалзан гаргасан тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар зохицуулсан байх ба татгалзан гаргасан тохиолдолд мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу дараагийн шүүгчид хэрэг маргаан хуваарилагдан хэргийг шийдвэрлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг  баримтлана гэснээс үзвэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд хамаарахгүй асуудлыг шийдвэрлэж байгаа нь уг зүйл, заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

Э.О шүүгч хэргийг шийдэх болсон тухай шүүгчийн туслах нь танилцуулж, нөлөөллийн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулж байсан. Ийм учраас Э.О шүүгч энэ хэргийг шийдэх тухай шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа. Томилогдоогүй шүүгч энэ хэргийг дур мэдэн шийдсэн гэж анхан шатны шүүх рүү буцааж байгаад гомдолтой байна. Төрийн нэрийн өмнөөс хэргийг шийдэж байгаа шүүгч би энэ хэргийг шийдье, тэрийг нь шийдэхгүй гэж дур мэдэн хэрэг маргааныг шийдвэрлэдэггүй байх гэж бодож байна.

Түүнчлэн иргэн Ш.Б миний бие шүүхийн байгууллагын алдаанаас болж хэрэг маргаан маань эргэж буцаж намайг чирэгдүүлж байгаад гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Б-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг хэлсэн саналдаа “Нөлөөллийн мэдүүлгийн баримтад хэргийн оролцогч нараар гарын үсэг зуруулж байсан тул хэрэг Э.Одхүү шүүгчид хуваарилагдсан гэж ойлгосон. Мөн шүүгдэгч Х.Ц хоёр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тул хэргийг Э.О шүүгчээс өөр хянан шийдвэрлэх шүүгч байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Мөн шүүх  хуралдаанд шүүгдэгч Х.Ц-ын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шүүгдэгч Ш.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнээр цагаатгах тогтоол гаргаж хуулийн ноцтой зөрчсөн байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг зөрчиж шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулаагүй, шүүх бүрэлдэхүүнийг томилоогүй байж хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн Ш.Б, Х.Ц нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилох бөгөөд ингэхдээ анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч хэрэг, маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, томилсон шийдвэрийг албажуулахаар хуульчилжээ.

Гэтэл Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот тогтоолоор шүүгч Р.А-ийг татгалзан гаргах тухай шүүгдэгч Х.Ц-ын гаргасан хүсэлтийг хэлэлцэж, улмаар хүлээн авч хэргийг мөн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 11 тоот тогтоолоор хуваарилахаар шийдвэрлэсэн атлаа шүүгчдийн зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг албажуулаагүй байхад шүүгч Э.О уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг  ноцтой зөрчсөнд тооцогдоно.

Иймд шүүгдэгч Ш.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Б-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН