Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/00278

 

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/00278

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, ...........тоотод оршин суух Н /РД:......../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, ...........тоотод оршин суух Б /РД:ЙР78042319/-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 12.229.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н, хариуцагчийн өмгөөлөгч Б /........../, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Т.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Т.Нтэй зээлийн гэрээг бичгээр байгуулан 4 сарын хугацаанд буюу 2019 оны 06 дугаар саргын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар харилцан тохиролцож 12.229.000 төгрөгийг хүүгүйгээр зээлж авсан боловч зээлсэн мөнгөө одоог хүртэл өгөхгүй байна. Зээлсэн мөнгөө Б.Б нь тохирсон хугацаандаа төлөлгүй багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд зээлийг төлөхийг шаардсан боловч төлөхгүй хохироосоор байна. 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө урьдны мөнгө өгч авалцсан тооцоогоо нийлэхэд хариуцагч Б.Б 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар зээлийн гэрээ байгуулсан. Иймд тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр мөнгө өгөөгүй боловч өмнөх үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн, улмаар уг тооцоон дээр үндэслэж 12.229.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Иймд хариуцагч Б.Бээс 12.229.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Т.Нээс нэхэмжилсэн 12.229.000 төгрөгийг дараах нөхцөлтэйгээр буюу 2020 оны 04 дүгээр сарын 15-нд 5.000.000 төгрөг, 2020 оны 05 дугаар сард багтаан үлдэх төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Бийн шүүхэд урьд гаргасан нэмэлт тайлбарыг өмгөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч Т.Н нь тухайн үед чи надад 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй шүү дээ гээд байхаар нь би тийм байлгүй гэж бодоод Б.Б нь нэхэмжлэгчээс шаардсан мөнгийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд тайлбар гаргахдаа 4-5 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр зөвшөөрсөн тайлбарыг бичиж өгсөн юм. Харин өөрийн гэртээ очиж баримтуудыг нягтлан шалгаж үзтэл Т.Нд дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс илүүгээр төлсөн, харин ч эсрэгээр нь түүнээс авлагатай байна. Тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр Т.Нээс 12.229.000 төгрөгийг зээлж аваагүй, уг мөнгийг Т.Н шилжүүлэн өгөөгүй. Т.Н эгч над руу өөрийн ........... тоот данснаас миний өөрийн ............ дансаар мөнгө шилжүүлдэг, би ч өөрийн данснаас Т.Н эгчийн уг данс руу мөнгийг нь буцаан төлдөг байсан. Би урьд өмнө нь машины наймаа эрхэлдэг байсан. Т.Н эгч би чамд хөрөнгө оруулалт хийе, хамтарч бизнес хийе гэсэн санааг анх гаргасан. Тэгэхлээр нь хамтарч бизнес хийгээд яах вэ, та надад харин хэрэгтэй үед нь мөнгө зээлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Т.Н эгчээс над руу шилжүүлсэн мөнгийг нь би өөрийнхөө бизнест зарцуулдаг байсан ба нэгэнт миний бизнест хөрөнгө оруулж надад мөнгө зээлж байгаа болохоор би гомдоож болохгүй гээд боломжийнхоо хирээр буцааж мөнгө төлдөг байсан. Гэтэл нэг өдөр над руу утасдаж би тооцоогоо хийж үзлээ, чи надад 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй юм байна, хоёулаа нотариатаар ороод үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуулчихъя гэсэн. Тэгэхлээр нь би тэгэж болох юм уу гэж асуутал болно болно гэж хэлсэн. Түүнээс энэ хүнээс хүүгүйгээр 6-10 сар хүртэл хугацаатайгаар, бэлнээр мөнгө зээлж аваагүй юм. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардсан 12.229.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай талд бодитойгоор шилжүүлээгүй учраас нэхэмжилсэн 12.229.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Хариуцагч өөрийн дансны хуулгаа шалгаад үзэхэд нэхэмжлэгч 2016-2019 он хүртэл 61.490.000 төгрөгийг зээлүүлж, эргээд 156.257.000 төгрөгийг авсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Б.Бээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.229.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчид 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 12.229.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд хүүгүйгээр зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна. /хх-3/

Хариуцагч Б.Бийн зээлийн гэрээний дагуу 12.229.000 төгрөгийг аваагүй гэсэн тайлбар үндэслэлтэй хэдий ч тэрээр нэхэмжлэгч Т.Нээс 2016 оноос 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд хүүтэйгээр зээлсэн мөнгөний үлдэгдэл 12.229.000 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар тэдний өмнөх хүүтэйгээр зээлж байсан зээлийн харилцаа дуусгавар болж, зээлийн төлбөрийн үлдэгдэл 12.229.000 төгрөгийг хүүгүйгээр 4 сарын хугацаанд төлж барагдуулах тухай зээлийн гэрээ шинээр байгуулагджээ.

Хариуцагч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Т.Нтэй тооцоо нийлж, өмнөх зээлийн гэрээний үүргээс үндсэн мөнгө болон хүүгийн төлбөр нийлээд нийт 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэн, уг тооцоо нийлсэн баримтыг үндэслэж 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзэж, зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй байна. /хх-20/

2019 10 уаа 26-ы сан тул нэхэмжлэгч Т.Н зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Дээрх зээлийн гэрээний үүргээс хариуцагч Б.Б нь ямар нэгэн төлбөр төлөөгүй байна.

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Бээс 12.229.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгох үндэслэлтэй байна.

            Хариуцагч Б.Б нь 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө нэхэмжлэгчээс 61.490.000 төгрөгийг зээлдэн авч нийт 156.257.000 төгрөгийг төлсөн тул одоо төлөх төлбөр байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа боловч түүний энэхүү нэхэмжлэгчээс авсан болон өгсөн төлбөрүүд нь тэдний 2016 оноос 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх зээлийн гэрээний харилцаанаас үүдэлтэй төлбөрүүд байх бөгөөд тэрээр урьд нь өөрөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид хүүгийн болон үндсэн төлбөр төлж байсан гэж шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан, өмнөх зээлийн гэрээтэй холбоотой тооцоог тулган үзэж нэхэмжлэгчид 12.229.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар тооцоо нийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурсан байгаа зэргээс үзэхэд түүнийг дээрх үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан 12.229.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210.614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 210.614 төгрөгийг хариуцагч Б.Бээс гаргуулж, нэхэмжлэгч Т.Нд олгох нь зүйтэй байна.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 12.229.000 /арван хоёр сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210.614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид 210.614 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР