Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2020/02109

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэртэй,

 

Т.Н-ийн нэхэмжлэлтэй, Б.Б-эд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12 229 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Энхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сараас хойш зохигчдын хооронд зээлийн харилцаа бий болсон. Хариуцагч Б.Б- нь хуучин автомашин худалдан аваад засч сэлбээд худалддаг байсан бөгөөд уг ажилд мөнгө шаардлагатай үед нэхэмжлэгчээс хүү тохиролцон зээлж, автомашинаа зарж борлуулсны дараа хүүгийн хамт буцаан төлж барагдуулдаг байсан. Тэрнээс хариуцагч хамтран ажиллаж, ашиг хувааж байсан зүйл байхгүй бөгөөд автомашинаа хэдэн төгрөгөөр зарж борлуулаад хичнээн хэмжээний ашиг олсон талаар мэддэггүй байсан.

Ингээд 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай өмнөх зээлийн гэрээний харилцаагаа дуусгавар болгож, тооцоо нийлэхэд хариуцагч Б.Б- нь 12 229 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн баримт үйлдсэн бөгөөд уг төлбөрийг 4 сарын хугацаанд төлж барагдуулахаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Т.Н-тэй зээлийн гэрээг бичгээр байгуулж, 2019 оны 06 дугаар саргын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд төлж барагдуулахаар тохиролцсон боловч одоог хүртэл өгөхгүй байна.

Иймд хариуцагч Б.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 12 229 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Т.Н- чи надад 12 229 000 төгрөгийн үлдэгдэлтэй гээд байсан учраас би тийм байлгүй гэж бодоод хяналгүйгээр гарын үсэг зурсан. Дараа нь баримтуудыг нягтлан шалгаж үзэхэд Т.Н-д дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс илүүгээр төлсөн, харин ч түүнээс авлагатай болж байсан.

Тухайн зээлийн гэрээ байгуулсан өдөр Т.Н-ээс зээлж аваагүй, уг мөнгийг Т.Н- шилжүүлэн өгөөгүй. Т.Н- 5037384817 тоот данснаас миний эзэмшлийн 5926014868 тоот дансаар мөнгө шилжүүлдэг, би ч өөрийн данснаас Т.Н- уг данс руу мөнгийг нь буцаан төлдөг байсан. Би урьд өмнө нь автомашины сэлбэг худалддаг байсан бөгөөд Т.Н- чамд хөрөнгө оруулалт хийе, хамтарч бизнес хийе гэсэн санааг анх гаргасан. Тэр үед хамтарч бизнес хийх хэрэггүй, та надад хэрэгтэй үед мөнгө зээлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд Т.Н-ээс над руу шилжүүлсэн мөнгийг би бизнест зарцуулдаг байсан ба нэгэнт миний бизнест хөрөнгө оруулж надад мөнгө зээлж байгаа болохоор боломжийнхоо хэрээр буцааж мөнгө төлдөг байсан.

Иргэний хуульд зааснаар эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог тул 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардсан 12 229 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-ээс 12 229 000 /арван хоёр сая хоёр зуун хорин есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Н-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 210 614 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч Т.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаагүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, үйл явдалд буруу дүгнэлт хийж, илтэд нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр шийдвэрийг бүхэл нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор талуудын байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хуулбарыг хэрэгт хавсарган өгсөн.

Анхан шатры шүүх нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хангаж, надаас 12 229 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.

Зээлийн гэрээг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, уг өдрөөс хойш үүссэн харилцааг нэхэмжлэгч шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж өмнө нь мөнгө зээлж байсан байна, өмнөх мөнгөний үлдэгдэл дээрээ зээлийн гэрээ байгуулсан тул өмнөх харилцаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар дуусгавар болж, шинэ зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө шилжүүлэн өгсөн үүргийг биелүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Н- нь хариуцагч Б.Б-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12 229 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т.Н- нь Б.Б-тэй 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд “зээлдэгч Б.Б- нь 12 229 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, хүүгүйгээр Т.Н-ээс бэлнээр зээлэв” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчээс зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талаар талууд маргаж байгаа боловч Б.Б- нь 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Т.Н-ээс тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг зээлж авсан гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

Анхан шатны шүүх Хаан банк дахь Б.Б-ийн эзэмшлийн 5926014868 тоот дансны хуулгыг, нэхэмжлэгчийг тооцоололтой харьцуулан дүгнэж хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Т.Н-ээс 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт 175 787 500 төгрөгийг зээлснээс 163 887 500 төгрөгийг буцаан төлж, 11 900 000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, мөн 19 090 000 төгрөгийг зээлийн хүүгийн төлбөрт суутгасан болохыг зөв тогтоожээ.

 

Түүнчлэн, хариуцагч Б.Б- нь “2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд хамтран бизнес хийгээгүй, өөрийн бизнесдээ зориулж түүнээс мөнгө зээлж байсан ба мөнгийг буцаан төлсөн, Т.Н- тооцоо хийж үзлээ, 12 229 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна, нотариат орж зээлийн гэрээ байгуулья гэсэн, хүнээс хүүгүйгээр 6-10 сар хүртэл хугацаатай бэлнээр мөнгө аваагүй” гэх агуулга бүхий тайлбарыг гаргажээ. Иймд талууд 2015 оны 11 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны зээлийн гэрээний үүргийн талаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тооцоо нийлсэн гэж дүгнэхээр байна.

 

Б.Б- нь зээлийн гэрээний үүрэгт Т.Н-д 12 229 000 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.

 

Хариуцагч Б.Б- нь “баримтуудыг нягтлан шалгаж үзэхэд Т.Н-д дээрх нэхэмжилсэн мөнгөнөөс илүү төлсөн, харин ч түүнээс авлагатай гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/01810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                 ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА