Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 183/2019/02468/И |
Дугаар | 183/ШШ2020/00374 |
Огноо | 2020-02-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2020/00374
2020 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2020/00374 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .......... тоотод оршин суух О овогт Э.Х /РД:00000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн ........ тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн ............тоотод оршин суух Ю овогт Б.Б /РД:000000000/
Хариуцагч:Чингэлтэй дүүргийн ..............тоотод байрлах Б ХХК /РД:0000000/ нарт холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 32.275 ам.доллар буюу 87.699.140 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б /ШТЭҮД:1973/, хариуцагч Б.- ийн төлөөлөгч Б.Р, хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Марал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Э.Хын шүүхэд анх гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг дэмжиж өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Иргэн Э.Х нь 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Б.Бд 15000 ам.долларыг сарын 30 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд тохиролцсны дагуу үүргээ биелүүлж мөнгийг Б.Бд Б ХХК буюу ажлын байран дээрээ байхад нь бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэтэл зээлдэгч Б.Б нь гэрээгээр тохиролцсон хугацаанд мөнгөө өгөөгүй учир зээлээ төлөхийг шаардаж 2019 оны 05 дугаар сарын 16-нд биечлэн уулзаж, зээлийг гэрээг 1 сараар сунган сунгалтын гэрээ хийсэн. Үүнээс хойш олон удаа ярьж, очиж уулзсан боловч зээлээ төлж барагдуулаагүй өдрийг хүрсэн байна. Иймд хариуцагч Б.Б болон Б ХХК нараас зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 15000 ам.доллар, зээлийн гэрээний дагуу бодсон хүү 6450 ам.доллар, алданги 10825 ам.доллар, нийт 32.275 ам.доллар буюу 87.099.140 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх нэхэмжлэл гаргаж тооцохдоо зээлийн хүүг 6650 ам.доллар гэж буруу тооцож нэхэмжилсэн байна гэв.
Хариуцагч Б.Бат-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б нь Б ХХК-ийг хэсэг нөхдийн хамт 2018 онд байгуулж, биткойн болон форексийн талаарх сургалтыг хөрөнгийн зах зээлийн талаар сонирхдог иргэдийн дунд явуулж, интернэтээр арилжаанд ордог байсан. Өөрсдөө хөрөнгийн зах зээлд тоглож, ашиг олох боломжгүй, зав муутай иргэдийн мөнгөн хөрөнгийг Б ХХК-д оруулж, гадаад валютын арилжаанд орж тодорхой ашиг олсон тохиолдолд ашгийг хуваах байдлаар ажилладаг байсан. Б.Б нь Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувьд иргэдтэй хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ гэж үйлдэн мөнгөн хөрөнгийг авч эргэлдүүлж ашиг олдог байсан бөгөөд нэхэмжлэгч Э.Хоос Б ХХК-ийн өмнөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15.000 ам.долларыг авч арилжаанд оруулсан байдаг. Э.Хтой хариуцагч Б.Б нь Б ХХК-ийн өмнөөс 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 19500 ам.долларыг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч Б.Бд холбогдох нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б ХХК нь гадаад валютын арилжаа буюу ашиг олох зорилгоор интернэтээр валютыг алт, зэс, газрын тос гэх мэт зүйлд хөрвүүлэн худалдан авч буцаан худалдах байдлаар хөрөнгийн зах зээлд ашиг олох үйл ажиллагаа явуулдаг. Б ХХК нь хөрөнгийн зах зээл дээр эргэлдүүлэх мөнгөн хөрөнгө бий болгох зорилгоор иргэн, хуулийн этгээдээс мөнгө босгож, ашиг хуваах байдлаар үйл ажиллагаа явуулж байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас тогтвортой үйл ажиллагаа алдагдаж эхэлсэн бөгөөд дахин тодорхой мөнгөн хөрөнгийг бий болгож, үйл ажиллагаа явуулахад хугацаа шаардлагатай байна. Б ХХК нь нэхэмжлэгч Э.Хтой 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15000 ам.долларыг хөрөнгийн зах зээл рүү оруулж ашиг олох, улмаар ашгийг хуваан авах талаар амаар тохиролцож, 1 сарын хугацаатай форексийн арилжаанд оруулсан. Улмаар нэхэмжлэгч Э.Х нь Б ХХК-ийн захирал Б.Бд ашиг олсон олоогүйг чи би хянаж мэдэхгүй тул өмнөх 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ашгийг тооцох боломжгүй байгаа тул зээлийн гэрээ байгуулж, хүүг сарын 30 хувь буюу 4500 ам.доллараар бодож, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гэрээний сунгалт гэж 15000 ам.долларыг зээлсэн байтал 4500 ам.долларыг нэмж, 19500 ам.долларын гэрээ гэх баримт бичгийг үйлдсэн байдаг. Б ХХК нь хөрөнгийн зах зээл дээр арилжаанд орох иргэдэд сургалт явуулж, өөрсдөө арилжаанд орох боломжгүй иргэдийн мөнгөн хөрөнгийг цуглуулж, арилжаанд оруулдаг байсан ба хууль зөрчсөн өндөр хүүтэй мөнгө зээлэх харилцаанд орох хүсэл зориг байгаагүй болно. Б ХХК нь Э.Хоос авсан 15000 ам.долларын хөрөнгө оруулалтыг авсан нь үнэн тул 15000 ам.долларыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 1 ам.долларыг 2671.89 төгрөгт тооцож, нийт 40.078.350 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б ХХК-тай байгуулсан гэрээ нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон үндэслэлгүйгээр 15000 ам.доллараас хүү гэж бодсон шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Б ХХК нь нэхэмжлэгч Э.Хтой 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээний сунгалт гэх гэрээг байгуулсан боловч 19500 ам.долларыг аваагүй, 15000 ам.долларыг авахдаа хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулаагүй тул хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Өнөөдрийн байдлаар банк санхүүгийн байгууллага нь жилийн 21 хувийн орчим хүүтэйгээр, банк бус санхүүгийн байгууллага нь жилийн 36 орчим хувийн хүүтэйгээр зээлийг олгож байхад Э.Хын сарын 30 хувь, жилийн 360 хувийн хүүтэйгээр зээл олгосон гэж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж заасны дагуу Б ХХК болон Э.Х нарын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байна. Нэхэмжлэгч Э.Х нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Э.Хын найз Мөнхчулуун гэх хүнтэй тооцоо нийлсэн акт гэх баримтыг үйлдсэн. Үүнээс харахад Э.Х болон Б ХХК-ийн хооронд зээлийн харилцаа үүсээгүй, харин хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа байсныг тодорхойлж байна. Иймд Б ХХК нь иргэн Э.Хт 15000 ам.доллар буюу 40.078.350 төгрөгийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байх тул хүү, алдангид тооцсон 17.475 ам.долларыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Э.Хт мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхээр мэдэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Б.Б, Б ХХК нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 32.275 ам.доллаар буюу 87.099.140 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх аас 66.380.407 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 20.718.733 төгрөгийн шаардлагыг элээ.
Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Б.Бтэй түүний эрхлэн явуулдаг форексийн арилжаанд хөрөнгө оруулан, олсон ашгийг хуваан авах талаар харилцан тохиролцож, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15000 ам.долларыг хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч нарын тайлбар болон 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч Э.Х нь дээрх форексийн арилжаанаас ашиг олсон эсэхийг хянаж мэдэхгүй тул өгсөн 15000 ам.долларыг, өмнөх сарын ашиг 4500 ам.доллар, нийт 19.500 ам.долларын хамт 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх санал тавьсныг хариуцагч Б.Б нь хүлээн зөвшөөрч өөрийн 100 хувь хувьцааг нь эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажилладаг Б ХХК-ийн хамт нэхэмжлэгч Э.Хтой 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн боловч зээлийн гэрээний зарим хэсэг хүчин төгөлдөр бус байна.
Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Б.Бд 15000 ам.долларыг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгө оруулалт болгон өгсөнөөс өөрөөр 4500 ам.долларыг хүлээлгэн өгсөн, зохигчид хөрөнгө оруулалтын 15000 ам.доллараас хичнээн хэмжээний ашиг олж, хэрхэн хуваасан байдал тогтоогдохгүй атлаа зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зээлийн хэмжээг 19.500 ам.доллараар байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог бөгөөд хариуцагч Б.Б, Б ХХК нар нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 19.500 ам.долларыг аваагүй гэсэн тайлбар үндэслэлтэй.
Зээлийн гэрээний 2.1-т заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь зээлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээнүүдийн бусад заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Учир нь зохигчдын хооронд нэхэмжлэгч Э.Хоос хөрөнгө оруулалт болгон 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр авсан 15000 ам.долларыг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлэхээр шинээр тохиролцоо үүсэж, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар тэдний өмнөх форексийн арилжааны хөрөнгө оруулалтын харилцаа дуусгавар болж, 15.000 ам.долларыг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр төлж барагдуулах тухай зээлийн гэрээ шинээр байгуулагдсан гэж үзнэ.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд огт төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан боловч гэрээний хугацааг талууд сунгаагүй байна.
Нэхэмжлэгч Э.Х нь үндсэн зээлийн төлбөр болон хүү, алдангийг хариуцагч нараас шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтуудтай нийцэж байгаа боловч зээлийн гэрээний хүү, алдангийг буруу тооцож нэхэмжилсэн байх тул шүүх зөвтгөн тооцлоо.
Иймд хариуцагч Б.Б, Б ХХК нараас 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 15000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 15000 ам.доллар, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 1500 ам.доллар, гэрээний хугацаа дууссан 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги нэхэмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 8250 ам.доллар, нийт 24.750 ам.долларыг гаргуулж нэхэмжлэгч Э.Хт олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөр болох 15000 ам.доллар буюу 40.078.350 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 15000 ам.долларыг анх авахдаа хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгээгүй тул хүү, алданги төлөхийг зөвшөөрөхгүй, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн сунгалтын гэх гэрээг байгуулсан боловч бодитоор 19500 ам.долларыг хүлээн аваагүй тул энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс, хариуцагч Б.Б нь Б ХХК-ийн нэрийн өмнөөс 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15000 ам.долларыг Э.Хоос авч арилжаанд оруулж, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзаж байна.
Хариуцагч нарын татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь зохигчдын тайлбар болон 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн актад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 15000 ам.долларыг Б.Б өөрийн биеэр авсан, үүнээс ашиг аваагүй гэж бичигдсэнээс өөрөөр зээлийн гэрээний гол нөхцөл болох зээлийн хүү, хугацааны талаар дурдагдаагүй байх тул 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй бөгөөд 15000 ам.доллараас сарын 30 хувийн хүү тооцож 4500 ам.доллар нэхэмжилснийг хариуцагч нар төлөх үүрэггүй юм.
Мөн уг хүүгийн төлбөр болох 4500 ам.доллар нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд орж тусгагдан нийт 19.500 ам.доллараас дахин 10 хувийн хүү тооцон 1950 ам.доллар нэхэмжилсэн нь хүүгээс хүү тооцсон шаардлагад хамаарч байх тул 15000 ам.доллараас гэрээгээр тохиролцсон хэмжээгээр хүүгийн төлбөр тооцох үндэстэй.
Харин зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө гэж заасан тул зээлийн гэрээгээр тохиролцсон алданги төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Э.Х нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
Иймд хариуцагч Б.-ийн Б ХХК-ийн нэрийн өмнөөс мөнгийг хүлээн авч зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд тэрээр зээлийг гэрээг өөрийн болон Б ХХК-ийн өмнөөс байгуулсан байх тул зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр үндсэн зээлийн төлбөр 15000 ам.доллар, зээлийн хүү 1500 ам.доллар, алданги 8250 ам.доллар, нийт 24.750 ам.долларын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүрэг болох 24.750 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч Э.Хыг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1 ам.доллар нь 2671.89 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги тооцож нэхэмжилсэн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1 ам.доллар 2702.33 төгрөгийн ханштай байсан болох нь Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар нотлогдож байх тул шүүхэд анх нэхэмжлэл гаргаж шаардсан зээлийн төлбөрөөс хангаж буй зээлийн үндсэн төлбөр 15000 ам.доллар, зээлийн хүү 1500 ам.доллар, нийт 16500 ам.долларыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2671.89 төгрөгөөр тооцож, 44.086.185 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжилсэн алдангиас хангаж буй 8250 ам.долларыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1 ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2702.33 төгрөгөөр тооцож, 22.294.222 төгрөг, нийт 66.380.407 төгрөгийг хариуцагч Б.Б, Б ХХК нараас гаргуулж нэхэмжлэгч Э.Хт олгох зүйтэй байх ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 751.514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 489.852 төгрөгийг хариуцагч Б.Б, Б ХХК нараас гаргуулж, нэхэмжлэгч Э.Хт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б, Б ХХК нараас 66.380.407 /жаран зургаан сая гурван зуун наян мөнгө дөрвөн зуун долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.718.733 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 751.514 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Б ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 489.852 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Хт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР