Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2020/ДШМ/347

 

Н.Гэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гансүлд,

шүүгдэгч Н.Г,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1902008700362 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Н-н Г, 1995 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 78-879 тоотод оршин суух бүртгэлтэй;

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            Н.Г нь 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Ар гүнт”-ийн салдаг уулзвар дээр 21-71 УБЦ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан, “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, 38 грамм жинтэй, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Н.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гэд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эд мөрийн баримт болох Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, хар өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны үед хураан авсан ургамал мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2019 оны 10 дугаар сард хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодис хадгалсан гэмт хэрэгт холбогдсон. Гэмт хэрэгт холбогдсон хугацаандаа байцаагч, прокурор, шүүхийн дуудсан цагт очиж, үйлдсэн гэмт хэргийн талаар анхнаасаа гэм буруугаа хүлээж, үнэн зөвөөр мэдүүлэг өгч байсан ба хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би өвс гэх нэршилтэй зүйлийг анх интернет, цахим орчноос мэдээлэл авч байсан. 2019 оны 9 дүгээр сард “Гранд плаза” төвийн замын урд талын сааданд адил төстэй зүйл ургаж байхыг хараад, зулгаан авч, маш бага хэмжээгээр нэг удаа хэрэглэж үзэж, үлдсэнийг нь машиндаа хийгээд мартсан байсан. Миний бие Чингэлтэй дүүргийн 17-р хороо, сурагчийн 78-879 тоотод аав Нн хамт амьдардаг. Миний эцэгт Н нь 59 настай, тэтгэвэрт гарсан, тал цус харваж байсан, 2 хөл дээрээ босож чаддаггүй. Миний эцэгт халамжлах хүн зайлшгүй хэрэгтэй байгаа ар гэрийн нөхцөл байдал, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах гэмт хэрэгт холбогдсон алдаагаа ухамсарлан ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж, нэг удаа боломж олгож, миний эдлэх ялыг хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мансууруурлах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн ухамсарт хор нөлөөтөй, аюултай гэмт хэрэгт тооцогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Гийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлсэн нь үндэслэлтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Шүүгдэгч Н.Гэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад, тухайн үед Н.Гтэй хамт явсан Х.Т нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2 жилийн хугацаагаар харгалзсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст тэмдэглэгджээ. /хх 87/

            Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6136 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Х.Т нь тетрагидроканнабинол хэрэглэсэн /хх 52/ болохыг тогтоожээ.

Гэтэл мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Н.Гэд холбогдох хэргийг шалгахдаа түүнтэй хамт явсан Х.Тийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх, Х.Тийг гэмт хэрэг үйлдсэн эсэх, эсхүл тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, эрхийн хязгаарлалтыг зөрчсөн эсэх талаар холбогдох шалгалтыг хийхгүйгээр зөвхөн Н.Гийн холбогдсон хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

            Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Гтэй хамт явсан Х.Тийн үйлдлийг шалгуулахаар анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

            Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.Гийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Гэд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

            2. Хэргийг прокурорт очтол Н.Гэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ПҮРЭВСҮРЭН     

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ