Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2020/01296

 


 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2020/01296

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х  Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.ХХК

 

СӨХ-ны оршин суугчдаас үндэслэлгүйгээр хураасан 51 791 967.58 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х  СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х  СӨХ-г 2016.8.14-ны өдөр 17 дугаар байны оршин суугч, иргэд өөрсдийн хүсэл сонирхлоороо санал нэгдэн байгуулж хууль, эрх зүйн үндэслэл дүрэм журмын дагуу ажиллаж эхлэхдээ барилга барьсан С  ХХК-ийн борлуулалтын албаар дамжуулан оршин суугч иргэдээс сар бүр хураах хураамжийг бусад хэрэглээний хураамжтай нэгтгэн нэг бичилтээр хамтатган хураалгаж СӨХ-ны 5925197091 тоот Хаан банкны дансанд төвлөрүүлж байхаар тохиролцон СӨХ-ны удирдах зөвлөлийн тогтоол гарч хамтран ажиллаж байсан. Х  СӨХ-ны удирдах зөвлөлийн 2 тоот тогтоол хавсаргав. Хураамж ч сар сардаа төвлөрч оршин суугчид үйл ажиллагаандаа урамшиж орц лифт, гадаад, дотоод орчны цэвэрлэгээ үйлчилгээ ч сайжирч эхэлсэн. Гэтэл 2017.1 сараас эхлэн Б.У  СӨХ-ны дансанд хураамжийг төвлөрүүлээгүй бөгөөд 2017.7.1-ний өдрөөс Б ХХК гэгч гарч ирээд СӨХ-ны хураамжийг хууль бусаар СӨХ-ны оршин суугч иргэдийн хэрэглээг хязгаарлах аргаар дарамтлан хураасаар 2018.3.31-ний өдрийн дуустал нийт 9 сар хураамжийн мөнгийг бэлэн болон бэлэн бусаар хурааж булаан авсан нь баримтаар бүрэн тогтоогддог. Энэ 9 сарын хугацаанд 9 төрлийн төлбөрөөр нийт 38 951 159.30 төгрөг хураан авсан боловч оршин суугч иргэдээс эрх зүйн талаар ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд 17 байр 2015.2.15-ны өдөр ашиглалтанд орж улсын комисс хүлээн авсан тул 2017.7.01-ний өдрөөс 2018.3.31-ний өдрийн дуустал ямар ч засвар үйлчилгээ гараагүй ба Б ХХК нь засвар гарсан ч хийгээгүй тул дээрхи хураамжийг компаниуд хоорондын зохион байгуулалттай булаалт гэж оршин суугч иргэд үзэж нэхэмжлэл гаргаж байгаа. 2017.01.01-ний өдрөөс 2017.12.31-ний өдрийг дуустал 6 сар 25 967 446 төгрөг 20 мөнгө, 2018.01.01-ний өдрөөс 2018.03.31-ний өдрийг дуустал 3 сар 12 983 723 төгрөг 10 мөнгө, 9 сард нийт хураасан дүн 38 951 169 төгрөг 30 мөнгө, 2017 оны алданги жилийн 12 хувь буюу 7-12 сарын 2 337 070 төгрөг 16 мөнгө, 2018 оны алдаги жилийн 12 хувь буюу 1-12 сарын 4 954 588 төгрөг 78 мөнгө, 2019 оны алданги жилийн 12 хувь буюу 1-12 сар 5 549 139 төгрөг 38 мөнгө, нийт алданги 12 840 798 төгрөг 28 мөнгө бөгөөд нийт нэхэмжлэх дүн 51 791 967 төгрөг 58 мөнгийг Б ХХК-иас нэхэмжлэхээр оршин суугч иргэд болон Х  СӨХ-ны хяналтын зөвлөлөөс шийдвэрлэсэн. Б ОСНААК-иас Монгол улсын сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.3, 13.2.2, 12.4.2, 12.4.3, 12.4.4, 21 дүгээр зүйлүүд, Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлүүдэд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. Уг асуудал хууль зөрчигдсөн бөгөөд нээнт хураагдсан хураамжийг буцааж Х  СӨХ-ны дансанд шилжүүлэн байршуулж өгөхийг удаа дараа албан бичгээр шаардсан боловч тайлангаа тавиагүй, үл ойшоож, сүүлийн үед хэл амаар доромжлох байгаа бөгөөд 17 байрны усан хангамж халаалт дулаан хэвийн тогтвортой биш, үйлчилгээ авахад цаг их алддаг, өмч хөрөнгөөрөө иргэд хохирох зэрэг асуудлаас болж оршин суугч иргэдийн хүлээлт тэвчээр дуусаж байгаад зохих ёсоор хүндэтгэлтэй хандаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б  ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЖСК ХХК-ийн хүсэлтээр С  ХХК-ийн захиалгаар баригдсан 76айлын сууцны ашиглалт буюу СӨХ-ны үүргийг гэрээний үндсэн дээр нэг жилийн хугацаатай ажиллаж байсан болно. Ажиллах хугацаанд жижүүр, цэвэрлэгч, лифтчин, нягтлан бодогч, цахилгаанчин нарыг ажиллуулж байсан бөгөөд нийтийн эзэмшлийн цахилгаан, дулаан, ус, лифтний үйлчилгээний, цэвэрлэгээний материал, орцны засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, тоноглол, хогны төлбөр оршин суугчдаас хураагдсан төлбөрийг харьяалагдах газруудад болон ажиллагсдын цалинд өгч байсан юм. Ингээд Х  СӨХ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт гаргасан тул бид ямар ч өр төлбөргүйгээр үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн болно. Манай компанийн зүгээс харин ч нилээдгүй хэмжээний алдагдалд орсон бөгөөд зарим оршин суугчдаас огт төлбөр төлөхгүй байсаар өдийг хүрсэн. Нэхэмжлэгч нь авах ёсгүй мөнгө авсан гээд байгаа юм уу, аль эсвэл илүү хураасан гээд байгаа юм уу, эсвэл хураах ёсгүй гээд байгаагийн аль болохыг ойлгохгүй байна. Манай компани харин ч төлбөр нэхэмжлэх ёстой бөгөөд Х  СӨХ нь нийтийн эзэмшлийн цахилгааны болон усны төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х  СӨХ нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан оршин суугчдаас 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 сарыг хүртэлх 9 сарын хугацааны 9 төрлийн төлбөрт үндэслэлгүйгээр хураасан 38 951 159.30 төгрөг, алдангийн 12 840 798.28 төгрөг, нийт 51 791 967 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч Х  СӨХ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017.7.1-ний өдрөөс Б ХХК гэгч гарч ирээд СӨХ-ны хураамжийг хууль бусаар СӨХ-ны оршин суугч иргэдийн хэрэглээг хязгаарлах аргаар дарамтлан хураасаар 2018.3.31-ний өдрийн дуустал нийт 9 сар хураамжийн мөнгийг бэлэн болон бэлэн бусаар хурааж булаан авсан нь баримтаар бүрэн тогтоогддог. Энэ 9 сарын хугацаанд 9 төрлийн төлбөрөөр нийт 38 951 159.30 төгрөг хураан авсан. Б ХХК нь энэ хугацаанд ямар ч засвар үйлчилгээ хийгээгүй, уг мөнгийг өөрсдөө авч ашигласан нь компаниуд хоорондын зохион байгуулалттай булаалт гэж оршин суугч иргэд үзэж нэхэмжлэл гаргаж байгаа. гэж тайлбар гаргасныг,

хариуцагч тал ...Х  СӨХ нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлт гаргасан тул бид ямар ч өр төлбөргүйгээр үйл ажиллагааг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбар гаргаж маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Х  СӨХ нь СХД-ийн 6 дугаар хороо, 17-р байрны оршин суугчдын хурлаар 2016 оны 10 сарын 04-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2016 оны 10 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүргүүлж, тус дүүргийн Засаг даргаас 73 дугаар гэрчилгээ олгогдсон байх ба энэ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасан хуулийн дагуу байгуулагдсан СӨХ болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн тус хурлаас Х  СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Г.Т-г томилсон байх ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болно./хх-ийн 6-7/

СХД-ийн 6 дугаар хороо, 17 дугаар байр 70 айлын сууцыг С  ХХК-ийн захиалгаар ЖСК ХХК нь барьж ашиглалтад оруулж, улсын комисс 2015 оны 02 сарын 15-ны өдөр хүлээн авснаар, уг байрны ашиглалт болон СӨХ-ны үүргийг С  ХХК нь хариуцан ажиллаж байгаад 2017 оны 06 сарын 20-ны өдөр Б ХХК-д шилжүүлэн өгсөн болох нь, түүнчлэн Х  СӨХ нь 2018 оны 4 сараас оршин суугчдаас СӨХ-ны зардлыг өөрсдөө хураан авч төвлөрүүлдэг болсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч тал дээрх байрны ашиглалт болон СӨХ-ны үүргийг гэрээний дагуу шилжүүлж авсан гэж тайлбар гаргаж нотлох баримтаар хамтран ажиллах гэрээг ирүүлснийг нэхэмжлэгч тал нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээг авчирсан нь үндэслэлгүй гэж маргасан хэдий ч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Х  СӨХ нь хариуцагчаас төлбөр гаргуулах шаардлагын үндэслэлийг 9 сарын хугацаанд хариуцан ажиллахдаа оршин суугчдаас нийт 9 төрлийн хураамжийг үндэслэлгүйгээр хураасан гэж тайлбарлаж байх ба энэ нь уг компани нь СӨХ-ны ажлыг хийж байсан талаар маргаагүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Х  СӨХ нь хариуцагч Б ХХК нь 17-р байрны 76 өрхөөс 1 сард хурааж авдаг /9 төрлийн хураамж авдаг/ талаарх тооцооллын задаргааг манай СӨХ-д гаргаж өгсөн бөгөөд бид хавтаст хэргийн 12-13 дугаар талд уг баримтыг гаргаж ирүүлсэн боловч хариуцагч нь уг хураамжийг бэлэн болон бэлэн бусаар хураасан баримтуудыг гаргаж ирүүлэхгүй нууж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Х  СӨХ нь 2016 оны 10 сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүргүүлж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, түүнчлэн дээрх хугацаанаас хойш 2018 оны 4 сар хүртэлх хугацаанд СӨХ-ны үйл ажиллагааг Б ХХК хариуцан ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байгийн дээр, Х  СӨХ нь 2018 оны 03 сарын 17-ны өдөр хуралдаж, уг хуралдаанаар Б ХХК-иас СӨХ-ийн үйл ажиллагааг авах асуудлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байх ба уг хуралдаанаар өр төлбөрийн асуудлаар хэлэлцсэн болон дээрх хугацаанд оршин суугчдаас илүү хэмжээгээр, үндэслэлгүйгээр төлбөр хураасан зүйл яригдаагүй байна.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт баримтаар нотолж чадаагүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Х  СӨХ нь хариуцагч Б ХХК-иас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020.03.20-ны өдрийн 3952 дугаар захирамжаар хангасан бөгөөд уг захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдаан 2 удаа хойшлогдсон бөгөөд хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч Х  СӨХ-ны гаргуулахаар шаардсан баримтууд нь ойлгомжгүй, тодорхой бус, дан ганц 17-р байрыг хариуцаж үйл ажиллагаа явуулдаггүй, шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн гэх тайлбар ирүүлснээр нэхэмжлэгч тал дээрх баримтуудыг гаргуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х  СӨХ-ны хариуцагч Б ХХК-иас 51 791 967 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ