Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01338

 

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2020/01338

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 0 хороо, 0 тоотод оршин суух, Х овогт Д-ийн Г /РД: 000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 хороо, 0 хороолол, 0 байр, 0 тоотод оршин суух, Б овогт Б-ийн Б /РД: 0000000000/-д холбогдох,

   Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Б.Б-тэй 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар 2018 оны 6 сарын 29-ний өдөр байгуулсан. Зээлийн гэрээнд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт цагаан хөтөл гэх газар байрлах 2,800 м.кв газрын барьцаалсан. Тухайн үед эрх зүйн мэдлэг дутмагаас барьцааны гэрээ байгуулах байсан боловч Б-ийн шаардлага, саналыг зөвшөөрч тухайн газрыг бэлэглэсэн мэтээр бэлэглэлийн гэрээ хийж газраа шилжүүлсэн. Зээлийн гэрээний үүрэгт Б.Б-ийн 5063296179 тоот дансанд 150,000 төгрөгөөр 4 удаа, нийт 600,000 төгрөгийг төлсөн. Бэлэглэлийн гэрээ нь зээлийн гэрээтэй шууд холбоотой бөгөөд уг хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн газрыг Б.Б-ээс Д.Г-т буцаан шилжүүлэх шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Б.Б-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын шүүхэд болон шүүх хуралдаад гаргасан тайлбарт: ... Тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг гардан авч дараахь тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Д.Г-ээс Төв аймгийн Аргалант сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний 2,800 м/к газрыг нэр дээрээ шилжүүлэн авсан юм. Энэ газар нь бид харилцан тохиролцож бэлэглэсэн газар юм. Учир нь барьцааны гэрээ хийснээр ямар нэгэн хэлбэрээр өмчлөх эрх надад шилжиж ирэхгүй, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэх хэлцэл тул хэлбэрийн хувьд ч бидний хэн хэнд маань амар байх байсан. Нэхэмжлэгч тал нь зээлийн гэрээний талаар ярьж байна. Гэтэл хавтаст хэрэгт зээлийн гэрээ байхгүй. Бэлэглэлийн гэрээний асуудал яригдах ёстой гэж бодож байна. Дүр үзүүлж хийсэн гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Гэвч гэрээг дүр үзүүлж байгуулсан, хууль зөрчсөн гэж нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Хавтаст хэргийн 4 дүгээр талд газар бэлэглэлийн гэрээ нь хуульд нийцсэн гэрээ юм. Нэхэмжлэгч хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ийм гэрээ байгуулсан гэдэг ч энэ нь нотлогдохгүй байна. Бэлэглэлийн гэрээг нотариатаар баталгаажуулж, энэ гэрээний хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгсний дараа Д.Г гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, энэхүү гэрээ нь хөөн хэлэлцэх хугацаатай. Ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдөж байсан бол энэ хугацаанд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэвч Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, дүр үзүүлж хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хаан банкны 5063296179 тоот данс бол Б.Б-ийн эзэмшдэг данс мөн. Иймд Иргэний хуулийн 283 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Д.Г хариуцагч Б.Б-эд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн газрыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэгч буюу бэлэглэгч Д.Г өөрийн өмчлөлийн Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөт Цагаан хөтөл хустай 1а гудамж 1 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар 4118021594, эрхийн улсын бүртгэлийн Г-1402001614 дугаарт бүртгэгдсэн, 2800 м/к талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 3,000,000 төгрөгийн үнэтэй газрыг хариуцагч буюу бэлэг хүлээн авагч Б.Бэд бэлэглэсэн байна. Талууд бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсгээ зурж баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн, бэлэглэлийн гэрээний үндсэн дээр дээрх газрыг үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлэн өмчлөрх эрх 2018 оны 8 сарын 7-ны өдөр хариуцагч Б.Б-эд шилжсэн нөхцөл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4-5, 27, 32-38 дугаар тал/

 

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ын Д.Г нь хариуцагч Б.Б-тэй 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2018 оны 6 сарын 29-ний өдөр байгуулсан. Зээлийн гэрээнд Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт цагаан хөтөл гэх газар байрлах 2,800 м.кв газрын барьцаалсан. Тухайн газрыг бэлэглэсэн мэтээр бэлэглэлийн гэрээ хийж газраа шилжүүлсэн гэх тайлбар, хариуцагч Б.Б-ийн шүүхэд гаргасан миний бие нь Д.Г-ээс Төв аймгийн Аргалант сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний 2,800 м/к газрыг нэр дээрээ шилжүүлэн авсан юм. Учир нь барьцааны гэрээ хийснээр ямар нэгэн хэлбэрээр өмчлөх эрх надад шилжиж ирэхгүй гэх тайлбар, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-ын ... 5063296179 тоот данс нь Б.Б-ийнх мөн гэх тайлбарууд, Д.Г-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 5022883675 тоот дансанд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 5063296179 тоот Б.Б-ийн данснаас 3,000,000 төгрөгийг зээл гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн талаарх дипозит дансны хуулга, мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр G.D гэх нэртэй фэйсбүүк хаягнаас B.B гэх фэйсбүүк хаяг руу бичсэн харилцан ярианд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Б.Б нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 29-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Д.Г өөрийн өмчлөлийн Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөт Цагаан хөтөл хустай 1а гудамж 1 тоот хаягт байрлах 2,800 м/к газрыг барьцаалсан, зохигчдын хооронд байгуулагдсан газар бэлэглэлийн гэрээ нь хууль зүйн үр дагавар үүсгэх зорилгогүй, нэхэмжлэгч Д.Г нь өөрийн өмчлөлийн дээрх газрыг хариуцагч Б.Б-эд бэлэглэх хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээний үүрэгт барьцаалахаар тохиролцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Б.Б нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан газар бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. гэж зааснаар Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар баг, Хөшөөт Цагаан хөтөл хустай 1а гудамж 1 тоот хаягт байрлах 2,800 м/к газрыг нэхэмжлэгч Д.Г-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй байна. Мөн нэхэмжлэгч Д.Г нь уг хэлцлээр шилжүүлэн авсан 3,000,000 төгрөгийг хариуцагчид буцаан шилжүүлэх үүрэгтэй ба нэхэмжлэгч Д.Г нь 2018 оны 7 дугаар сарын 30-нд 150,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 31-нд 150,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 30-нд 150,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 5-нд 150,000 төгрөг, нийт 600,000 төгрөгийг буцаан төлсөн нь Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байх тул төлсөн энэ төлбөрийг хасч, нэхэмжлэгчээс 2,400,000 төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 276 дугаар зүйлийн 276.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Б.Б нарын хооронд 2018 оны 6 сарын 29-ний өдөр байгуулагдсан газар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлээр хариуцагч Б.Б-ийн нэр дээр шилжсэн Төв аймгийн Аргалант сумын 2-р баг Хөшөөт Цагаан хөтөл хустайн 1а гудамж, 1 тоот, 2800 м.кв газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Д.Г-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Төв аймгийн улсын бүртгэлийн газарт даалгаж, нэхэмжлэгч Д.Гээс 2,400,000 төгрөг гаргуулж хариуцагч Б.Б-эд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.МӨНХТӨР