Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1316

 

 

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/01316

 

 

Г.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01181 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Э-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ПМФ” ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 2 703 135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Сүрэнхүү

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ууганбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 32 дугаар байрны баруун уулзвар дээр хариуцагч “ПМФ” ХХК-ийн өмчлөлийн, тус компанийн нэр дээр бүртгэлтэй 08-67 УБУ улсын дугаартай BMW-320 маркийн авто машиныг  жолоодон явахдаа жолооч Н.Лхагвацэнд намайг мопедтэй авто замын 1 дүгээр эгнээгээр уулзвар нэвтэрч байхад мөргөж гэмтээсэн.

Хариуцагч “ПМФ” ХХК-ийн жолоочийн буруутай үйлдлийн улмаас миний бүсэлхий нуруу, үе мөч хүчтэй доргиж, хөндүүр өвчтэй болж, ажлаасаа чөлөө авч эмчилгээ хийлгэсэн. Иймд хариуцагч “ПМФ” ХХК-иас эрүүл мэндэд учирсан хохирол болон мопедийн үнэлгээ, засвар, унаа тээврийн зардал, ажилгүй байсан 7-9 сарын хугацаанд аваагүй цалин, өмгөөлөгчийн зардалд нийт 2 703 135 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс нэхэмжлэгчийн шаардсан 2 703 135 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал зөрчсөн үйлдэлд манай компанийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтын үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээс зөрж байна. Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн мопедын төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэдэг ч тус компаниас эд хөрөнгөд учирсан хохирол нэхэмжлэх итгэмжлэл Г.Э-д албан ёсоор олгоогүй, итгэмжлэл авагдаагүй. “Дашваанжил” ХХК-иас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд мопедны хохирол нэхэмжлэхэд Г.Э- итгэмжлэлээр оролцоно гэх итгэмжлэл Цагдаагийн байгууллагад олгосноос мопединд учирсан төлбөр нэхэмжлэх хууль ёсны эрх үүсээгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Нэхэмжлэгч чөлөөтэй байсан 7, 8, 9 сарын хугацаанд аваагүй цалин 982 000 төгрөг нэхэмжилж буй нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч өөрийн ажиллаж байгаа байгуулгаасаа 33 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн 666 652 төгрөгийн тэтгэмж авсан.

Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Н.Лхагвацэндээс 863 780 төгрөгийн нөхөн төлбөр авахаар харилцан тохиролцсон байдаг.

Нэхэмжлэгч өмгөөлөгчийн зардалд 300 000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч иргэний эрх зүйн харилцаанд өмгөөлөл хууль зүйн туслалцаа авсан төлбөрийг хариуцагч хүлээх боломжгүй гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаагаар үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар “ПМФ” ХХК-ийн 1 330 330 төгрөг гаргуулан Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 372 805 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгөөс 58 200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, 12 000 төгрөгийг улсын орлогоос Г.Э-д буцаан олгож, хариуцагч “ПМФ” ХХК-ийн 36 235 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх хэргийн 49, 50, 51, 52, 53, 54, 56, 57; 60, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 74 дүгээр талд авагдсан бичмэл баримтуудыг үнэлэн хариуцагчаас 1 330 330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзжээ. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлага ажилгүй байсан хугацааны цалин, мопедны засварын зардал, авто тээврийн хэрэгсэлд бензин авсан авсан эсэх зардлуудыг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн.

Гэтэл, хэргийн 53 хуудсанд авагдсан Сонсголон ШТС-01 түгээлтийн 10 000 төгрөгийн Аи-92 бензиний баримт, 59 хуудсанд 13 000 төгрөгийн үнийн дүнтэй "Ай Си Ай Си" ХХК-ийн Аи-92 бензиний зардлуудыг гаргуулах үндэслэлгүй, хэрэгт хамааралгүй гэж шүүх үзсэн мөртлөө уг нотлох баримтуудыг үнэлсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувь хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, заалт, хэсгийг баримталсан байна. Тухайлбал, шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэхдээ Г.Э-гийн унаж явсан мопед "Дашваанжил" ХХК-ийн эзэмшлийнх, ...харин уг мопедод учирсан хохирол 262 600 төгрөгийг “Дашваанжил” ХХК Энхтүвшинд Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар шаардах эрхийг шилжүүлээгүй байна үзсэн байна. Харин шүүхийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

Хавтас хэргийн 57 хуудас /Монфа трейд ХХК-ийн 25 100 төгрөгийн НӨАТ тооцох баримт/, 70 хуудас /Зарлагын падаан №32257/, 74 хуудас /Тасалбар№38/-ууд авагдсан бичмэл баримтууд нь тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолтой бус, хөдөлбөргүй үнэн зөв нотлох баримтууд гэж үзэхэд эргэлзээтэй.

Мөн хэргийн 57, 70 дахь талд авагдсан баримтууд нь бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлын баримт гэж үзэхэд эргэлзээтэй “Монтрейд” ХХК-ийн баримтанд барааны нэр төрөл, тоо, нэгжийн дүн бүдгэрсэн, зарлагын падаан №32257 мөн адил барааны нэр төрөл, тоо хэмжээ, худалдсан өдрийн он, сар, өдөр бичигдээгүй нь үнэн зөв нотлох баримт гэж үнэлж хэргийн үйл баримтыг зардлыг тооцох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад эрүүл мэндэд учирсан хохирол, эд хөрөнгөд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэн шүүхээр эрх зүйн дүгнэлт хийлгэхийг хүсдэг. Анхан шатны шүүхээс өмгөөлөгчийн зардлыг зөрчлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлсэн зардал байна гэж үзэн хангаж шийдвэрлэсэнд бас гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргагч Н.Лхагвацэндээс 863 780 төгрөгийг эм тариа, сувиллын мөнгө авсан.

Анхан шатны шүүхийн үнэлсэн баримтуудын эм, тариа сувиллын зардалд зөрчил гаргагч Н.Лхагвацэндээс авсан нөхөн төлбөрийн үнийн дүн орсон байх тул анхан шатны шүүхийн хангасан 1 330 330 төгрөгөөс өмгөөлөгчийн зардал 300 000 төгрөг, “Монтрейд” ХХК-ийн 25 100 төгрөг, зарлагын падаан №32257 40 000 төгрөг, “Ай Си Ай Си” ХХК-ийн 13 000 төгрөгний бензиний зардал, Сонсголон ШТС-01 10 000 төгрөгийн бензиний зардал, Н.Лхагвацэндээс авсан нөхөн төлбөрийн 863 780 төгрөгийг тус тус хасаж үлдэгдэл мөнгийг хариуцагчийн зүгээс гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч “ПМФ” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 2 703 135 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            “ПМФ” ХХК-ийн өмчлөлийн “BMW” маркийн 08-67 улсын дугаартай тээврийг хэрэгслийг Н.Лхагвацэнд нь жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.12 дахь заалтыг зөрчсөнөөс Г.Э- жолоочтой мопедийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.Э-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд маргаагүй, зөрчил гаргагч Н.Лхагвацэндийн унаж явсан автомашины өмчлөгч нь хариуцагч байгууллага тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгч гэм хорын хохирлыг гэм буруугүйгээр хариуцна.

 

            Харин хариуцагч “ПМФ” ХХК нь уг хохирлыг хариуцах эсэх, түүнчлэн учирсан хохирлын хэмжээнд талууд маргажээ.

 

            “ПМФ” ХХК нь “BMW” маркийн 08-67 улсын дугаартай тээврийн хэрэгслийг Н.Лхагвацэндэд шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар “ПМФ” ХХК нь Г.Э-д учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь учирсан гэм хорын хохирлын хэмжээг 2 703 135 төгрөгөөр тодорхойлж уг хохирлыг нотлохоор холбогдох зардлын баримтуудыг шүүхэд ирүүлсэн.  

 

Нэхэмжлэгчийн унаж явсан мопед нь “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн зүйлс бөгөөд өмчлөгчөөс нэхэмжлэгч шаардах эрх шилжүүлээгүй, түүнчлэн итгэмжлэл олгох замаар нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэгч Г.Э-д эд хөрөнгөд учирсан хохирол шаардах эрхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин Г.Э-гийн биед уг ослын улмаас хөнгөн гэмтэл учирсан тул тэрээр уг хохирлоо Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэх эрхтэй талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх хэргийн 52 дахь талд авагдсан “Эм Би Эс Мэд” ХХК-ийн Кассын орлогын ордер /толгой томограф 160 000 төгрөг, дотор эхо 30 000 төгрөг/, luxmed эмнэлэгт MRI шинжилгээ /360 000 төгрөг/, “Мөнгөн гүүр” эмнэлэгт нурууны бүтэн зураг авахуулах /100 000 төгрөг/, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд гипс солиулах /15 000 төгрөг/, “Медикал интернэйшнл” ХХК-иас эрүүл мэндийн үйлчилгээ авах /15 000 төгрөг/, Шүүх эмнэлэгт үзүүлсэн төлбөр /8 000 төгрөг/, “Нью ремеди” ХХК-иас тохойвчтой таяг худалдан авах /40 000 төгрөг/, харааны шил хийлгэх /80 000 төгрөг/, эм тариа худалдан авсан баримтуудыг /222 330=44000 +2800 +6250 +26200 +25100 +13800 +4000+ 79400 +4000 +7480 +9300 төгрөг/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн баримтад тавигдах шаардлагыг хангасан гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар ослын улмаас учирсан хохирол тухайн үеийн цаг хугацаанд хамааралтай гэж зөв дүгнэжээ.

 

            Түүнчлэн өмгөөлөгчийн хөлс 300 000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсныг буруутгах үндэслэлгүй.

 

            Анхан шатны шүүх хариуцагчаас эрүүл мэндийн хохиролд нийт 1 330 330 төгрөг гаргуулж шийдвэрлэхдээ бензиний зардлыг оруулан тооцоогүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Зөрчил гаргагч Н.Лхагвацэндээс 863 780 төгрөгийн нөхөн төлбөр авсан гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул нэхэмжлэлээс хасч тооцох боломжгүй юм.

 

Нэхэмжлэлээс эд хөрөнгөд учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь зөв байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2018/01181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 36 300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА