| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2017/0033/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2017-01-23 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Б.Долгион |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Жавхлан,
Улсын яллагч Б.Долгион,
Хохирогч У.Эрдэнэбулган,
Шүүгдэгч Б.Баттүшиг, түүний өмгөөлөгч Т.Даваажав /2359/ нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батзамын Баттүшигт холбогдох эрүүгийн 201626022230 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 26 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Цайзын 29-667 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 217А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 99 дугаартай захирамжаар 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овгийн Батзамын Баттүшиг /РД:УК90042336/.
Үйлдсэн хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичсэнээр/:
Шүүгдэгч Б.Баттүшиг нь ялтай байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” зочид буудлын өрөөнд болон гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас У.Эрдэнэбулганы эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баттүшиг мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй. Эмчилгээний хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч У.Эрдэнэбулганаас уучлал гуйж эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч У.Эрдэнэбулган шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр танил ах Бямбацэрэнтэй хамт хороолол орсон. Байрны голын сааданд Баттүшиг Бямбацэрэн нарын хамт пиво хувааж ууцгаасан. Миний хэл амнаас болж Баттүшигтэй маргалдаж зодуулсан. Эмчилгээний зардал 250.000 төгрөг гарсныг шүүгдэгчээс авсан. Шүүгдэгч Баттүшигтэй сайн дураараа эвлэрсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гэрч А.Өлзийжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 07-нд манайд Бямбацэрэн нэг шил архитай ирээд тэд нар архи уусан. Маргааш өглөө 08 цагаас хойш Бямбацэрэн нь ус бэлэн гоймон аваад ирээч гээд залгасаар байгаад манай нөхөр 10 цаг өнгөрч байхад Хадаа гэж найзтайгаа гараад явсан. …Тэгсэн нилээн байж байгаад манай нөхөр би зодуулчихлаа хүрээд ир гээд уйлаад над руу залгасан. Тэгээд би Бүрэн Плаза буудлын тэнд зам дээр ирэхэд манай нөхөр зогсож байсан, нүүр ам хувцас хунар нь цус болчихсон байхаар нь би буудал руу чинь очино гээд очиход тэнд Баттүшиг гэх залуу Хадаатай сууж байсан, би яагаад та нар хүн зодож байгаа юм гэхэд Хадаа нь босож ирээд би танай нөхрийг буудал дотор зодоход нь өмөөрөө биз дээ гээд пиджакаараа цохиж авсан. Тэгсэн Баттүшиг нь болиулангуутаа манай нөхрийг цааш нь түлхэж унагаад нүүр нүдгүй зодоод дэвсээд байсан. Би салгах гэсэн намайг ойртуулахгүй байсан...” гэжээ. /хх 23 хуудас/
Гэрч С.Эрдэнэхалиун мэдүүлэхдээ: “2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дүү Эрдэнэбулганы эхнэр Өлзийжаргал утасдаад манай нөхрийг хүн алах гээд байна, аймар зодоод байна, ухаангүй болчихлоо гээд уйлаад орилоод ярьсан. …Тэгээд Урансолонго эгч бид хоёр Баянгол дүүргийн бичил хорооллын тэнд “Бүрэн Плаза” зочид буудлын үүдэнд сандал дээр манай дүү Эрдэнэбулган уйлчихсан, цус нөжиндөө холилдоод сууж байсан, хэл ам нь ээдрээд ээжээ би уугаагүй шүү үнэртээд үз, ...толгой өвдөөд байна, дагзаар өвдөөд байна гээд уйлаад байсан. Би буудлын ресепшнтэй уулзахад ресепшн гэх эмэгтэй “зодсон хүмүүс нь өрөөнд унтаж байгаа” гэсэн. Тэгээд өрөөнд ороход хоёр залуу хэвтэж байсан. Бид нарыг очих үед цагдаа ирээд зодсон гэх залуугийн нэгийг нь аваад явсан байсан. ..Бямбаа гэдэг нь өөдөөс маргаад танай дүүг танихгүй, мэдэхгүй, ална шүү гээд байсан. Бас тэр өрөөний ширээ, ор, шал цус болсон байсан…” гэжээ. /хх 25 хуудас/
Гэрч Ш.Бямбацэрэн мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 07-нд би Эрдэнэбулганыд очиж архи уусан байсан. Тэгээд маргааш өглөө нь би гэрт хүрээд ир гэсэн чинь Эрдэнэбулган найз Хадаа гэх залуутайгаа ирсэн. Манайхаас гараад бид 3 Гандан орж баруун хаалганых нь хүнгүй газар нэг том пиво авч хувааж уусан. …Манай найз охин Одцэцэг найз эгчтэйгээ хороололд байна гэхээр нь очсон чинь Одцэцэг, нөгөө эгч нь бас Төмөрчөдөр, Баттүшиг нар байж байсан. Төмөрчөдөр, Баттүшиг нарыг өмнө нь таньдаггүй байсан, тэр өдөр танилцсан. Тэгээд сааданд бөөнөөрөө танилцаад 2-3 том сав пиво уусан. Эрдэнэбулган пивоноос уусан. Манай найз охин өөр нэг найз нь ирэнгүүт хамт яваад өгсөн. Манай найз Одцэцэгийн найз эгч гэх эмэгтэй нөхөртэйгээ хамт явж байсан бөгөөд буудалд ороход хамт ороод тусдаа өрөөнд орчихсон. Би Төмөрчөдөр, Баттүшиг, Эрдэнэбулган Хадаа бид нар нэг өрөөнд орсон. Төмөрчөдөрийн хоёр хүүхэд өөр өрөөнд ус цасанд орчихоод сүүлд нь бид нарын өрөөнд орж ирсэн. Буудалд байхдаа гаднаас нэг архи пиво зэргийг авч нэмж уусан.
Тэгээд л архи пиво ууж байгаад Төмөрчөдөр бид хоёр тасарсан. Эрдэнэбулган согтчихоод намайг банди гээд янз бүрээр хэлээд байсан, би тоогоогүй. Хажуунаас Баттүшиг ахыгаа янз бүрээр хэллээ гэж байсан. Тэгээд Баттүшиг надад хандаад бацаанаа давраасан байна энэ тэр гээд байсан. Тэгж байгаад Баттүшигийг унт гээд ор руу сууж байсан сандалтай нь аваад шидчихсэн, би буруу хараад сууж байсан болохоор цохисон энэ тэрийг бол хараагүй.
…Тэгж байгаад би тасраад унтчихсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг мэдсэн эрүүлжүүлэхэд л сэрсэн…” гэжээ. /хх 26 хуудас/
Гэрч А.Будням мэдүүлэхдээ: “...би тэр өдөр гадуур явж 15-16 цаг орчим байхаа манай ресепшн Цээгий гэж охин утсаар “энд зодоон болоод байна, цагдаа дуудах уу” гэж ярьсан. Тэгээд би цагдаа дууд гэж хэлчихээд өөрөө буудал руугаа очсон. Буудалд очиход буудлын гадаа 2 залуу сууж байсан чинь нэг жижигхэн нь нөгөө хоёрыгоо элдвээр хэлээд байсан. Би энэ ямар далдганасан залуу вэ гэж бодож байсан. Би тэд нарыг нөгөө зодолдсон гээд байгаа залуучууд гэж мэдээгүй байсан. Тэгсэн махлагдуу шар залуу /сүүлд тэр жижигхэн биетэй залууг зодсон/ нь эхлээд жижигхэн залууг “чи зүгээр бай л даа” гэж байсан. Нөгөө залуу нь бол бүр юм ч хэлэхгүй байсан. Тэгсэн тэр жижигхэн биетэй залуугийн эхнэр нь гэх эмэгтэй бас тэнд орилж хашгираад л байсан, нөгөө сандал дээр сууж байсан хоёр руу л дайраад байсан. Тэгээд би буудал руугаа ортол ресепшн маань “нөгөө зодолдсон залуучуудын зарим нь гадаа байгаа хоёр нь өрөөнд унтаж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би өрөөг нь заалгаад орсон чинь хоёр нь унтаж байсан, нэг нь зүс мэдэх Төмөрчөдөр байсан. Мөн өрөөний орон дээгүүр гуталтайгаа гарсан, гутлын мөр гарсан, нэг орны даавуу нь бага зэрэг цус болсон байсан. Би нэгнийх нь хамар амнаас цус гарсан байна гэж бодсон. Би аль нь зодуулсан юм бэ гэхэд гадаа байсан бусад руугаа дайраад байсан жижигхэн биетэй залууг зааж өгсөн. Тэгээд буудалдаа камер хараад сууж байтал гадаа байсан залуучууд зодолдоод унасан.
..махлаг шар залуу жижигхэн биетэй залууг цохиж байгаа харагдсан, гараараа цохисон. Тэгж байгаад шатны тийшээ бужигнаад байсан. Жижигхэн залууг цохиход доошоо суучихсан, суунгуут нь 2-3 удаа алгадаж авсан. Тэгж байтал цагдаа ирээд нөгөө махлаг шар залууг аваад явсан. …Өрөөндөө унтаж байсан хоёрыг нь сүүлд дахиад цагдаа ирээд аваад явсан гэсэн, тэгэхэд нь би байгаагүй...” гэжээ. /хх 27-28 хуудас/
Гэрч И.Сондормаа мэдүүлэхдээ: “Би өмнө нь Баттүшигийг таньдаг байсан. Би нөхөр Содбаярын хамт 2016.8.08-ны хорооллын бичилд Баттүшигтэй тааралдаад баарны голд байдаг сааданд сууж байсан. Тэгсэн дам дам бие биеэ таньдаг гээд залуучууд нэмэгдэж ирээд пиво ууцгаасан. Одоо зодуулсан гэх залуу хоёр найзтайгаа ирсэн, тэд нарыг тэр өдөр л харж таньдаг болсон.
Тэгээд Төмөрчөдөр гэх өмнө таньдаг байсан залуу гуйгаад байхаар нь өөрийн гар утсаа барьцаалаад Төмөрчөдөрийн мэддэг буудалд …2 өрөө аваад нэг өрөөнд нь Төмөрчөдөрийн хоёр хүүхэд, нөхрийн хамт орж унтсан. Бусад хүмүүс нь нөгөө өрөөнд орсон. Тэгээд унтаж байтал буудлын ресепшн ирээд бид нарыг гар гээд хаалга нүдээд байсан. Тэгээд хаалгаа нээхэд буудлын ресепшн “одоо та нар гар, хажуу өрөөнд орсон хэд чинь хоорондоо зодолдоод цагдаа сэргийлэх болоод явсан” гэж хэлсэн. Төмөрчөдөрийн хүүхдүүд тэр болтол бидэнтэй хамт байсан, би буудлаас гарахдаа гэр рүүгээ дагуулаад явсан. Дараа нь Төмөрчөдөр ирж хүүхдүүдээ авсан...” гэжээ. /хх 73-74 хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11444 дугаартай дүгнэлтэд: Эрдэнэбулганы биед тархи доргилт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүр мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ухаан алдаж унах, бөөр өвдөх олон шалгаан байдаг тул тогтоох боломжгүй байна гэж дүгнэжээ. /хх 31 хуудас/
Шүүгдэгч Б.Баттүшигийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43,44 хуудас/
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 217А дугаартай шийтгэх тогтоол /хх 48-49 хуудас/
Хохирлын баримт /хх 60, 61 хуудас/
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 65 хуудас/
Шүүгдэгч Б.Баттүшигийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 79/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.
Шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Баттүшиг нь ялтай байх хугацаандаа 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүрэн плаза” зочид буудлын өрөөнд болон гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас У.Эрдэнэбулганы эрх чөлөөнд халдаж хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч У.Эрдэнэбулган /хх 19-20, 21-22/, гэрч А.Өлзийжаргал /хх 23/, С.Эрдэнэхалиун /хх 25/, Ш.Бямбацэрэн /хх 26/, А.Будням /хх 27-28/, Б.Энхзаяа /хх 71-72/, И.Сондормаа /хх 73-74/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 11444 дугаартай дүгнэлт /хх 31/, шүүгдэгч Б.Баттүшигийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43,44/, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 217А дугаартай шийтгэх тогтоол /хх 48-49/, хохирлын баримт /хх 60, 61/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 65 хуудас/, шүүгдэгч Б.Баттүшигийн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 79/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Баттүшигийг ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Баттүшиг нь учруулсан хохирлоо төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ, ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаагүй, шүүгдэгч Б.Баттүшиг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Эрдэнэбулганд 250.000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч хохирогч нар сайн дураараа эвлэрсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан.
Гэтэл шүүгдэгч Б.Баттүшиг нь Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 217А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 99 тоот захирамжаар 1 жил 9 сар 20 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасан заалтад хамаарч байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал дуусаагүй байх тул өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Батзамын Баттүшигийг ялтай байх хугацаандаа бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батзамын Баттүшигийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Б.Баттүшиг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч У.Эрдэнэбулганд 250.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Баттүшигийн батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ