Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00399

 

“Х х б” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01002 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1479 дүгээр магадлалтай,

“Х х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.М, Л.А нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 448,259,333 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити, 2/4 байр, 1-1-3 тоот, 186 м.кв талбай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039108 дугаарт, Вива сити 3/12 байр, 1-2-4 тоот, 186 м.кв, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039106 дугаартай үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х х б” ХХК нь хариуцагч Б.М, Л.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 448,259,333 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01002 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/RCC180723016-2 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 438,982,500 төгрөгийг хариуцагч Б.М, Л.А нараас гаргуулж нэхэмжлэгч “Х х б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,276,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.М, Л.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.М, Л.А нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити 3/12 байр, 1-2-4 тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039106 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити, 2/4 байр, 1-1-3 тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039108 дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 2,469,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Л.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,352,865 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1479 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/001002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 183/ШШ2020/01002 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1479 дугаартай магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасныг хэрэглэн дүгнэлт хийж, зээлийн гэрээний хүү төлөх үүргийг 10 хувь буюу 9,276,833 төгрөгөөр багасгаж үлдэх зээлийн хүүнд 83,491,498 төгрөгийг хариуцагч Б.М, Л.А нараас гаргуулахаар дүгнэлт хийж, хариуцагч нараас нийт 438,982,500 төгрөгийг нэхэмжлэгч “Х х б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Хариуцагч Б.М, Л.А нарын зээл авсан зориулалт жоншны уурхай бизнесийн үйл ажиллагаа явуулан ашиг олох байсан ч өрөнд орсон, цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковид-19 амьсгалын замын өвчлөл гарч 2020 оны 01-р сард хорио цээрийн дэглэмд орж, дэлхийн улс орнууд улсынхаа хилийг хаасан, Монгол улсын эдийн засаг болон дэлхий эдийн засаг хямралд орсон хүнд байдлыг харгалзан зээлийн хүүг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.2-т заасны дагуу шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд болон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасныг хэрэглэн дүгнэлт хийж 9,276,833 төгрөгөөр биш 5,000,000 төгрөгөөр нэмж 14,276,833 /92,768,331-14,276,833=78,491,498/ төгрөгөөр багасгаж, үлдэх зээлийн хүү 78,491,498 төгрөг болгож, хариуцагч 433,982,500 төгрөгийг олгож шийдвэрлээгүйд гомдолтой ба уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулинд нийцсэн байна гэж дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Иймээс Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 183/ШШ2020/01002 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1479 дугаартай магадлалд нэхэмжлэлийн шаардлагаас 9,276,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байгааг 5,000,000 төгрөгөөр нэмж нийт нэхэмжлэлийн шаардлагаас 14,276,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч “Х х б” ХХК нь хариуцагч Б.М, Л.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 448,259,333 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

8. Хоёр шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс иргэнд олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцжээ. 

9. Хэрэгт авагдсан баримтаар Б.М, Л.А нар нь 2018.07.23-ны өдөр “Х х б” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар, 350,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлд хариуцагч нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Вива сити 3/12 байр, 1-2-4 тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039106 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити, 2/4 байр, 1-1-3 тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039108 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан байна.

10. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

11. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь зээлийн 350,000,000 төгрөгийг 2018.07.24-ний өдөр зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч гэрээний хугацаанд зээлийн хүүнд 36,223,449 төгрөгийг төлсөн, гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн нь тогтоогдсон, иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дэлхий нийтийг хамарсан Ковид-19 нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх хариуцагч нарын тайлбарт үндэслэн зээлийн гэрээний хүү төлөх үүргийг 10 хувь буюу 9,276,833 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.М, Л.А нараас үндсэн зээлийн 350,000,000 төгрөг, хүү 83,491,498 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,469,501 төгрөг, зардал 21,500 төгрөг, нийт 438,982,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 9,276,833 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцжээ.

13. Түүнчлэн хоёр шатны шүүх зээлийн төлбөрийг, барьцаа хөрөнгө болох Б.М, Л.А нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Вива сити 3/12 байр, 1-2-4 тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039106 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити, 2/4 байр, 1-1-3 тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206039108 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалданагэж заасныг зөрчөөгүй байна.  

14. Хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүх нөхцөл байдлыг харгалзан хууль болон гэрээнд заасны дагуу төлбөл зохих хүүгийн хэмжээг 9,276,833 төгрөгөөр биш, 5,000,000 төгрөг нэмж 14,276,833 төгрөгөөр багасган, ...зээлийн төлбөрт 433,982,500 төгрөг гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой...” гэсэн хяналтын гомдлыг хангах боломжгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийжээ. 

15. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01002 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1479 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.10-ны өдөр төлсөн 95,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                      ШҮҮГЧ                                                            Б.МӨНХТУЯА      

               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

               Д.ЦОЛМОН