Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2020/01002

 

2020 оны 04 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2020/01002 Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, -р хороо, Энхтайваны өргөн чөлөө  тоот хаягт байрлах, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, -р хороо, цэцэрлэг,  байр, тоотод оршин суух, А овогт Б-н М

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, цэцэрлэг,  байр, тоотод оршин суух, А овогт Л-н А-нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 448,259,333.9 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Вива сити, байр, тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, -р хороо, Вива сити байр,  тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюундарь шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.М, Л.А нар нь 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг тус тус байгуулан 350,000,000 төгрөгийн жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн, зээлдэгч нарт мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Иймээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар, шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлуулах бүрэн үндэслэлтэй. 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Үндсэн зээл 350,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 92,768,331.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,469,501.37 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 21,500 төгрөг, нийт 448,259,333.09 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулсан, зээлийн эргэн төлөлтөд 36,223,449.10 төгрөг төлсөн. Эрхлэн явуулдаг Жоншны уурхай зогсонги байдалд орж, цаашид ажиллахгүй болсон тул зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Х банкинд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ү-2206039106 тоот улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах зөвшөөрөл олгож зуучлалын байгууллагад хандсан боловч одоо хүртэл уг хөрөнгө зарагдаагүй. Гэрээг цуцлахад маргах зүйлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаа хөрөнгөөрөө хангуулахад татгалзах зүйлгүй, үндсэн зээлийн, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй. Харин зээлийн үндсэн хүү болох 92,768,331.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 5,469,501.37 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь жоншны уурхай зогсонги байдалд орсон, дэлхий нийтэд хамарсан Ковид-19 нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа, доголдсон тул хүүгийн хэмжээ өндөр байгаа тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөрдугаар Зээлийн гэрээний зүйл 350,000,000 төгрөг авсан, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоололд хариуцагч Б.М, Л.А нар маргаагүй, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/RCC180723016-2 дугаар зээлийн гэрээ цуцлах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хэрэгт дараах үйл баримтууд тогтоогдож байна.

 

Зохигч 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дугаар Зээлийн гэрээ байгуулж 350,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, нэг жилийн 22,8 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн хорин хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, зээлдүүлэхээр тохиролцож, мөн өдөр дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, -р хороо, Вива сити  байр, тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө, мөн өдөр дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити, байр тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалж, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дугаар барьцаалбарт бүртгүүлжээ. /хх 16-20/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээнүүд байна.

 

Зээлдэгч нар Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан ба хариуцагч Жоншны уурхай зогсонги байдалд орж, цаашид ажиллахгүй болсон, дэлхий нийтэд хамарсан Ковид-19 нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа, доголдсон гэх хариуцагч Б.М, Л.А нарын тайлбар нийтэд илэрхий үйл баримт гэж шүүх үзэж, хугацаа хэтрэхэд хүргэсэн зарим нөхцөл байдал нь зээлдэгч нарын гэм буруугаас болоогүй нөхцөл байдал үүссэн байна гэж шүүх дүгнэн зээлийн гэрээний хүү төлөх үүргийг 10 хувь буюу 9,276,833 төгрөгөөр багасгаж, үлдэх хүүнд 83,491,498 /92,768,331-9,276,833/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан ба банк гэрээгээр тохирсон хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхтэй болохыг хуульчилжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр тус тус дугаар барьцааны гэрээг талууд улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр барьцааны гэрээ байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д тус тус зааснаар зохигчид төрийн эрх бүхий байгууллагад барьцааны гэрээг бүртгүүлж, баталгаажуулсан ба нэхэмжлэгч тал шүүхийн журмаар маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдаж, үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад түүнээс гаргасан нэхэмжлэлийг шүүхээс хангасан тохиолдолд барьцааны зүйлийг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаагаар худалдана гэж зохицуулсан бол Иргэний хуулийн 175 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.

 

Үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээлийн хүүг төлөөгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ...-ыг хохиролд тооцно гэж заасан тул нэхэмжлэгчээс гарсан зардал 21,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох зүйтэй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дугаар Зээлийн гэрээний үндсэн зээл 350,000,000 төгрөг, хүү 83,491,498 төгрөг нэмэгдүүлсэн хүү 5,469,501 төгрөг, зардал 21,500 төгрөг нийт 438,982,500 төгрөгийг хариуцагч Б.М, Л.А нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дугаар зээлийн гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж, үлдэх 9,276,833 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 2 дугаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 438,982,500 төгрөгийг хариуцагч Б.М, Л.А нараас гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,276,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1, дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч Б.М, Л.А нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б.М, Л.А нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, -р хороо, Вива сити байр, тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын дугаартай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити,  байр, тоот хаягт байршилтай, 186 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 2,469,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М, Л.А нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,352,865 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ         Ц.ОЮУНБИЛЭГ