Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2019/02550

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2019/02550

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

           Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах П /РД:6156053/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоотод байрлах И ХХК /РД:5417856/-д холбогдох,

 

И ХХК-д холбогдох зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 746 800 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, зөвлөх үйлчилгээний гэрээний үүргээ үл биелүүлсний улмаас учирсан хохирол 3 500 000 төгрөг, нууц задруулсны хохиролд 18 000 000 төгрөг нийт 21 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.                     

 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчтай 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний 2.2-т заасны дагуу 2017 оны санхүү, татварын тайлан гаргах, 2018 оны 1 дүгээр сарын орлого, зарлагын тооцоог нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гүйцэтгэх, 2018 оны санхүүгийн төлөвлөгөө хийх үйлчилгээг харилцагчид үзүүлнэ гэж тус гэрээний 3 дугаар зүйлд гэрээний төлбөрийг заасан байдаг. Үйлчилгээний төлбөрийг  эхний 2 сар буюу 2018 оны 2, 3 дугаар сард 1 000 000 төгрөг, 4 дүгээр сараас эхлэн сард 700 000 төгрөг байхаар, гэрээний хугацааг гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч өөрийн үүргээ гүйцэтгэх боломжоороо хийж гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заасан төлбөрөө огт төлөөгүй. Энэ нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах буюу гэрээний 8.1.1 болон 8.1.2-т заасны дагуу гэрээг цуцлах үндэслэл болсон. Гэрээг хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж үргэлжлүүлэх боломжгүй байсан. Учир нь хариуцагч компанийн санхүүгийн анхан шатны баримтуудаа гаргаж өгдөггүй, гэрээнд заасан төлбөрөө огт төлөөгүй. Иймд бид зөвлөгөө үзүүлсэн эхний 3 сарын төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүний дагуу нийт төлбөр 2 700 000 төгрөг, алданги 1 046 800 төгрөг, нийт 3 746 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зөвлөх үйлчилгээний гэрээний 5 дугаар зүйлд зааснаар нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын тайлан бэлтгэх, хүргүүлэх, татварын алба, холбогдох бусад этгээдтэй, харилцагчийг төлөөлөн харилцах гэх мэт гэрээний 5 дугаар зүйлд заасан үүргүүдийг нэхэмжлэгч тал биелүүлээгүй атлаа нэхэмжлэгч манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нэхэмжлэгч талд өөрийн санхүүгийн анхан шатны баримтуудаа хүргүүлсэн боловч одоо хүртэл буцааж аваагүй байна. Мөн нэхэмжлэгч компани шаардлагатай тусгай зөвшөөрлөө холбогдох төрийн байгууллагаас аваагүй байхад санхүүгийн болон татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ хариуцагч компанитай байгуулсан. Иймд бид нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Үндсэн гэрээний дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанийн нягтлан бодогч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу тухайн байгууллагын ерөнхий нягтлан бодогчийг орлож ажилладаг. Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасны дагуу тухайн нягтлан бодогч нь тухайн байгууллага дээр 7 хоногт 2 удаа ирж ажиллах ёстой байхад 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс хойш 1 удаа буюу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр И ХХК-д дээр очих талаар емэйлаар мэдэгдсэн. Гэрээнд 7 хоногт 2 удаа очиж ажиллах ёстой байсан боловч 1 удаа ирсэн нь емэйлаар нотлогдож байна. Нууцлалын гэрээний үндсэн нөхцөл болох манай байгууллагын мэдээллийг бусдад задруулахгүй гэж заасан боловч үүнийг нэхэмжлэгч зөрчсөн. Нэхэмжлэгч тал Улаанбаатар аудит буюу гуравдагч этгээдэд манай анхан шатны баримтуудыг дамжуулсан нь нотлогдож байна. Хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуульд зааснаар байгууллагын хөрөнгө болох анхан шатны нягтлан бодох бүртгэлийн мөнгө, санхүүгийн тайланг дамжуулах ёсгүй, түүнтэй холбоотой санхүүгийн тайлан мэдээллийг гүйцэтгэх захирлаас авах эрх үүрэгтэй боловч П нь цаашид дамжуулсан нь өмнөх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараас нотлогдож байна. Мөн П манай анхан шатны баримтуудыг бусдад дамжуулсан нь аудитын дүгнэлтээр нотлогдож байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь манай байгууллага санхүүгийн болон татварын тайлангаа холбогдох төрийн байгууллагуудад 1 удаа илгээгүйгээс болж Зөрчлийн тухай хуулийн дагуу хамгийн багадаа 1 500 000 – 4 500 000 төгрөгийн торгууль оноож хариуцлага хүлээлгэдэг. Иймд П-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсний улмаас өөр этгээдээр гүйцэтгүүлж буй санхүүгийн тайлан балансын ажлын хөлс болох 3 500 000 төгрөгийг гаргуулах, мөн нууц хадгалах гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсний улмаас учирсан хохиролд 18 000 000 төгрөг нийт 21 500 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Манайх нууцлалын гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Бид И ХХК-д хамааралгүй этгээдэд хариуцагчийн анхан шатны санхүүгийн баримтуудыг дамжуулаагүй. Бид И ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшдэг хувьцаа эзэмшигч н.Зд эдгээр баримтуудыг өгсөн. Нууц хадгалалтын гэрээний дагуу учирсан хохирлын хувьд И ХХК-д ямар нэгэн бодиттой хохирол учраагүй. Хэрвээ учирсан бол албан ёсны хуулийн шаардлага хангасан И ХХК хохирсон гэх нотлох баримт байх ёстой. Ирээдүйд тэгэх байх гэсэн хандлагатай хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Харин бодит байдал дээр учирсан хохирол байхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч П зөвлөх үйлчилгээний гэрээний үүрэгт 3 746 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч И ХХК зөвлөх үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3 500 000 төгрөг, нууц задруулсаны хохиролд 18 000 000 төгрөг нийтдээ 21 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.  

 

Зохигч  П, И ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан, гэрээний 2.1, 2.1.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үндсэн нөхцөл нь нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг хариуцагчид үзүүлэх, гэрээний 2.2 дахь хэсэгт энэхүү гэрээний хүрээнд 2017 оны санхүү, татварын тайлан гаргах, 2018 оны 01 дүгээр сарын орлого, зарлагын тооцоог нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу гүйцэтгэх, 2018 оны санхүүгийн төлөвлөгөө хийх үйлчилгээг харилцагч И ХХК-д  үзүүлэхээр харилцан тохиролцжээ. Талуудын хооронд эрх зүйн харилцааны хувьд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.

 

 Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 359.2 дахь хэсэгт “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө”, 360.2 дахь хэсэгт “шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно” гэж тус тус заажээ.

 

Зөвлөх үйлчилгээний гэрээний 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үйлчилгээнд төлбөрийг тухайн сар бүрийн 30-ны өдрийн дотор төлөх, тухайлбал үйлчилгээ эхэлсэн эхний 2 сар буюу 2018 оны 2, 3 дугаар сард 1 000 000 төгрөгийг, 2018 оны 4 дүгээр сараас  эхлэн гэрээний хугацаанд сарын 700 000 төгрөгийг тус тус төлөхөөр талууд гэрээний 3.1-д заасан, гэрээний 3.3-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцож, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөхөөр, 4.2-т  гэрээний хугацааг  нэг жил байхаар тохиролцсон байна.

 

Гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч П 2018 оны 2, 3, 4 дүгээр сарын төлбөрт 2 700 000 төгрөг, алданги 1 046 800 төгрөг нийтдээ 3 746 800 төгрөг гаргуулахыг шаардсан, харин хариуцагч тал эс зөвшөөрч П-ийг гэрээнд дурдсан ажил үүргийг хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж маргадаг.

 

Зөвлөх үйлчилгээний гэрээний 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.8 дахь хэсэгт зааснаар зөвлөх П нь харилцагчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын тайлан бэлтгэх, хүргүүлэх, татварын алба, холбогдох бусад этгээдтэй харилцагчийг төлөөлөн харилцах, санхүүгийн тайлан бэлтгэх, хүргүүлэх, санхүүгийн баримт, тайлангуудыг үдэж, хавтаслан, архивлахад бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргийг хүлээжээ.

 

П нэхэмжлэлдээ “...2018.02.10-ны өдрийн дотор санхүүгийн тайлан гаргах ажлыг гүйцэтгэсэн, харилцагч тал шаардагдах баримт бичгүүдийг цаг тухайд нь гаргаж өгөөгүй, гэрээнд заасан төлбөр төлөөгүйгээс 2018 оны 5 сараас эхлэн үйлчилгээ үзүүлэхийг зогсоосон” гэх нэхэмжлэгчийн тайлбар гэрч М.Зын “... П-ийн нягтлан бодогч нь нягтлан бодох бүртгэлийн буюу санхүүгийн анхан шатны баримтуудыг нэхсэн. Мэйлүүдийг н.Нд болон надад сс-дэж ирүүлдэг байсан. Хэд хэдэн удаа нэхээд н.Н өгөөгүй. Надаар дамжуулан хувьцаа эзэмшигч болон захиралдаа хэлээд өгөөч гэж мэйл ирсэн тул би н.Нд санхүүгийн баримтаа өг гэж хэлсэн боловч өгөөгүй. Мөн компанийн үндсэн үйл ажиллагаа дансны борлуулалт байдаг.Тэр дансны борлуулалтын мэдээг тайлан гаргахаас өмнө бас асуусан боловч санхүүгийн холбогдох баримтыг н.Н өгөөгүй. Тийм учраас тайлан хугацаандаа гараагүй байх. Холбогдох  баримт бичгийг хэд хэдэн удаа нэхээд өгөөгүй. Би хүртэл хэлээд н.Нгаас авч чадаагүй,  ... 2018 оны зардлын төсөв, бүтээгдэхүүний өртгийн тооцоо, 2018.1-2 дугаар сарын борлуулалтын мэдээ, цалин маркетингийн өр төлбөрийн төсөв, материалын тооцоо, цалингийн тооцоо гэх ажлуудыг миний санаж байгаагаар хийсэн, ... мэйлээр тухайн үед ирүүлж байсан. Хавтастай баримт бичгүүдийг хүлээж авсан, ... Уг баримтууд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст байгаа, ... ” –ийн мэдүүлэг, шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлүүдээр нэхэмжлэгч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т  Санхүү, эдийн засгийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрлийг заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан Зөвлөх үйлчилгээний гэрээний 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.8 дахь хэсэгт заасан ажил, үйлчилгээ тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөлд хамаарахгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

         Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй ба талуудын хооронд байгуулсан гэрээнд анзыг тохиролцсон байх тул ажлын хөлс 2 700 000 төгрөг, алданги 942 300 төгрөг /2018.05.01-2019.04.19 хүртэл, 349 хоног 1 хоног- 2700 төгрөг /, нийт 3 642 300 төгрөгийн шаардлагыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 104 500 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        

         Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагчийн сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

 

         Хариуцагч И ХХК Зөвлөх үйлчилгээний гэрээний 5.1, 5.1.1, 5.1.2, 5.1.3, 5.1.8 дахь хэсэгт зааснаар зөвлөх П нь харилцагчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, татварын тайлан бэлтгэх, хүргүүлэх, татварын алба, холбогдох бусад этгээдтэй харилцагчийг төлөөлөн харилцах, санхүүгийн тайлан бэлтгэх, хүргүүлэх, санхүүгийн баримт, тайлангуудыг үдэж, хавтаслан, архивлахад бэлэн болгож хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч байгууллага хуульд заасан хугацаанд татварын болон нийгмийн даатгалын байгууллагад тайлангаа хугацаандаа өгөөгүйгээс Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль төлөх тул уг хохиролд 3 500 000 төгрөгийн сөрөг шаардлагыг нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

 

       Нэхэмжлэгч  П нь Зөвлөх үйлчилгээний гэрээнд заасан ажлаа хариуцагчийн гаргасан анхан шатны санхүүгийн баримтын хүрээнд ажил, үйлчилгээгээ хийж гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч ажил гүйцэтгэхэд шаардагдах санхүүгийн анхан шатны баримтыг гаргаж өгөхгүй хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлэх боломжоор хангаагүй буруутай болох нь мөн нэхэмжлэгчийн гэрээний дагуу хийсэн ажлын баримт бичиг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хадгалагдаж байгаа болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул хохиролд 3 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.          

 

        Зохигчид 2018 оны 02 дугаар 05-ны өдөр Нууц хадгалах гэрээ байгуулж,  гэрээний 1.2-т “харилцагчаас зөвлөхөд итгэмжлэн задруулсан нууц мэдээллийг бусдад үл задруулах буюу чандлан хадгалах үүргийг зөвлөх хүлээх” –ээр заасан байх бөгөөд  И ХХК-ийн санхүүгийн мэдээллүүдийг гуравдагч этгээд буюу хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч М.Зд боловсруулсан баримт бичиг холбогдох мэдээллийг өгсөн нь нууц хадгалах гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэн хохирол 18 000 000 төгрөг нэхэмжилсэн сөрөг шаардлага үндэслэлгүй байна.

 

      М.З нь И ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 11/9182 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар нотлогдож байна.

 

          Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, ... компани гэнэ”, мөн 85 дугаар зүйлийн 85.2-т “Компанийн эрх бүхий албан тушаалтан ... хувьцаа эзэмшигч ... учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө”, 85.2.3-т “мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй” гэж заасан байх бөгөөд И ХХК-ийн хөрөнгө оруулагч буюу хувьцаа эзэмшигч М.З нь нэхэмжлэгчийн боловсруулсан И ХХК-ийн баримт бичиг, тус компанийн санхүүгийн баримт бичигтэй танилцсан нь нууцын гэрээ зөрчиж гуравдагч этгээдэд мэдээлэл тараасан гэж үзэх үндэслэлгүй.

 

          Компанийн хувьцаа эзэмшигч өөрийн хөрөнгө оруулсан компанийнхаа санхүүгийн баримт бичигтэй танилцах,  Компанийн эрх бүхий албан тушаалтан хувьцаа экэмшигчийн шаардсан мэдээлэл өгөх үүрэгтэй тул И ХХК –ийн хувьцаа эзэмшигч М.Зыг хариуцагч компанид хамааралгүй, хөндлөнгийн гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нууц задруулсаны хохиролд 18 000 000 төгрөг нэхэмжилсэн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

         Хариуцагч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг цааш хэлэлцүүлж, нэхэмжлэгч үндсэн шаардлагыг тайлбарлаж дууссаны дараа, хуралдааны дэг зөрчин хүсэлт хангаагүй үндэслэлээр хариуцагч тал шүүгчээс татгалзсан.

 

       Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.1, 91.1.2, 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзал байгаа эсэхийг хариуцагчаас дэгийн дагуу асуухад хариуцагч тал татгалзал байхгүй гэсэн, шүүх хуралдааны явцад хариуцагч хүсэлт хангаж шийдвэрлээгүй үндэслэлээр шүүгчээс татгалзсан.

 

        Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам буюу тогтоосон дэг нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулахгүй байх боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай юм. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус хүсэлт хангаагүй гэх үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм.

 

        Нөгөөтэйгүүр хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэж гэж үзэхээр байна.

 

         Хариуцагчийн өмгөөлөгчид 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13.30 цагт товлон зарласан шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн, өмгөөлөгч тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан, хурал хойшлуулах хүндэтгэн үзэх  нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  хариуцагч И ХХК-иас 3 642 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П-нд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас  104 500 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 21 500 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 265 450 төгрөгийг улсын төсөвт  тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73 226 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Ц.ОЮУНБИЛЭГ