Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2019/02536/и |
Дугаар | 183/ШШ2019/02549 |
Огноо | 2019-11-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2019/02549
2019 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2019/02549 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш Хурд оффисын байр 501 тоот хаягт байрлах Х ХХК /РД:2737302/-д холбогдох,
Батлан даалтын гэрээний үүрэгт 1 668 526 213 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Д.Батцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө хариуцагчийн өмгөөлөгч Б.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М ХХК болон С ХХК-иуд нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МС/СГКТ/018 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан юм. С ХХК нь М ХХК-иас гэрээний 2.4-д заасны дагуу МХХК-ийн харъяа Улаанбаатар хотод байрлах агуулахаас зээлийн гэрээний хавсралтанд тусгагдсан баазаас нийт 860 370 литр түлшийг 1 721 207 500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан билээ. Гэрээний 2.10-т заасны дагуу С ХХК нь ачсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлбөрийг хуваарийн дагуу буюу 2019.06.21-ний өдөр 260 000 000 төгрөг, 2019.06.24-ний өдөр 40 000 000 төгрөг, 2019.07.09-ний өдөр 150 000 000 төгрөг, 2019.08.09-ний өдөр 50 000 000 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. С ХХК нь гэрээний 2.10-т заасны дагуу шатахууны үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой боловч одоо болтол барагдуулаагүй сунжирч, санхүүжилт болон үйл ажиллагаа доголдсон, тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хэмээн албан хариултыг удаа дараа өгч энэ хугацаанд манай компани нь асуудалд хүлээцтэй хандан боломжийг олгосоор ирсэн юм. С ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс МХХК нь өндөр хүүтэй зээлийн хүү төлөх валютын ханшны алдагдал хүлээж байгаа нь компанид хохирол учруулж байна.
2019.08.20-ны СГКТ/01-210 тоот С ХХК-иас ирүүлсэн албан тоотыг үндэслэл болгон энэхүү гэрээний 1.9-д заасны дагуу 2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу Х ХХК-иас гэрээний үүргээ биелүүлнэ үү хэмээн удаа дараа хүргүүлсэн боловч захирал байхгүй байна, гадаадаас ирээгүй гэсэн шалтгаанаар хариу өгөөгүй өдийг хүрлээ. Иймээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу, мөн “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний 1.9, 2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болох Х ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 221 207 500 төгрөг, алданги 447 318 713 төгрөг, нийт 1 668 526 213 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
МХХК нь Х ХХК-тай 2019.05.13-ны өдөр байгуулсан гэх Батлан даалтын гэрээний 1.1-д “Энэхүү гэрээний зорилго нь МХХК болон Х ХХК-ийн хооронд байгуулсан 2019.05.13-ны өдрийн МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Батлан даагч өөрийн хууль ёсны өмчөөр баталгаа гаргаж, үүрэг гүйцэтгэж өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгэхгүй бол Батлан даагч өөрөө хариуцах, талуудын эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлоход оршино” гэж заажээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасны дагуу дээрх гэрээний 1.1 дэх хэсэгт заасан гэрээний зорилгыг тайлбарлавал Х ХХК нь өөрийн МХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Х ХХК нь өөрийн хөрөнгөөр баталгаа гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл Х ХХК нь М ХХК-тай ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй ба ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан аваагүй. М ХХК-ийн зүгээс ч манай компанид газрын тосны бүтээгдэхүүн огт хүлээлгэн өгөөгүй бөгөөд тус компанийн өмнө төлбөрийн үүрэг хүлээгээгүй болно.
Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэх хэсэгт “...2019.05.13-ны өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу гэсэн байх ба уг гэрээний 1.2-т Х ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулсан МС/СГКТ/018 тоот гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буугдсан, эсхүл үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэг, анз, учирсан хохирол, гэрээ дуусгавар болгохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал, торгууль бусад үүргийг батлан даагч хариуцна” гэж мөн л Х болон М ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр хариуцна гэж заасан. Дээр дурдсанчлан Х ХХК нь М ХХК-иас ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр аваагүй бөгөөд түүнд ямар нэгэн өр төлбөргүй. Гэтэл Х ХХК-иас 1 668 526 213 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас Иргэний хуулийн 459.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэж заасны дагуу батлан даалтын гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээнд Батлан даагч нь хэний гүйцэтгэх ёстой үүргийг батлан дааж, өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх болохоо тодорхой тусгасан байх ёстой. Гэтэл дээр дурдсанчлан талуудын хооронд байгуулагдсан гэх 2019.05.13-ны өдрийн Батлан даалтын гэрээгээр Х ХХК нь С ХХК-ийн төлбөрийн үүргийг батлан даах үүрэг хүлээгээгүй байна.
М ХХК болон С ХХК нар нь 2019.05.13-ны өдрийн МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээний 2.10-т заасны дагуу зээлээр худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүргийг С ХХК нь хүлээсэн байна. Тиймээс М ХХК нь С ХХК-тай 2019.05.13-ны өдөр байгуулсан МС/СГКТ/018 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу зээлээр худалдсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөр болон үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй алдангид нийт 1 668 526 213 төгрөгийг хариуцвал зохих этгээдээс шаардах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь С ХХК байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ С ХХК-тай үүссэн тооцоонд алданги бодсон тооцоолол, Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тооцооны баримтын жагсаалт зэрэг баримтуудыг хавсаргасан байна.Эдгээр төлбөр тооцоотой холбоотой асуудлыг нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулж, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр авсан С ХХК-ийг оролцуулахгүйгээр энэ маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Иймд дээрх үндэслэлээр Х ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Х ХХК-нд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 1 668 526 213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч М ХХК шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч МХХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... МХХК болон С ХХК-иуд нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МС/СГКТ/018 тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах” гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул мөн өдрийн 001 тоот Батлан даалтын гэрээний 1.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болох Х ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 221 207 500 төгрөг, алданги 447 318 713 төгрөг, нийт 1 668 526 213 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна ...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь “...Х ХХК нь өөрийн МХХК-тай байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Х ХХК нь өөрийн хөрөнгөөр баталгаа гаргасан гэж үзэхээр байна. Гэтэл Х ХХК нь М ХХК-тай ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй ба ямар нэгэн газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдан аваагүй. М ХХК-ийн зүгээс ч манай компанид газрын тосны бүтээгдэхүүн огт хүлээлгэн өгөөгүй бөгөөд тус компанийн өмнө төлбөрийн үүрэг хүлээгээгүй, мөн талуудын хооронд байгуулагдсан гэх 2019.05.13-ны өдрийн Батлан даалтын гэрээгээр Х ХХК нь С ХХК-ийн төлбөрийн үүргийг батлан даах үүрэг хүлээгээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь С ХХК байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Нэхэмжлэгч М ХХК, С ХХК нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МС/СГКТ/018 тоот газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. /х.х-ийн 5-13 хуудас/
Мөн дээрх гэрээний баталгаа болгон нэхэмжлэгч М ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Батлан даалтын гэрээг хариуцагч Х ХХК-тай байгуулж, уг гэрээгээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдсон, ... Х ХХК болон М ХХК-ийн нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МС/СГКТ/018 тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх чадвар, чадамжгүй болсон, татан буугдсан, эсхүл үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд үндсэн үүрэг, анз, учирсан гэм хор, гэрээ дуусгавар болохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардал, торгууль, бусад үүргийг бүрэн хариуцахаар хариуцагч Х ХХК тохирчээ. /х.х-ийн 14-16 хуудас/
Дээрхээс үзвэл хариуцагч Х ХХК нь М ХХК, С ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МС/СГКТ/018 тоот үндсэн үүргийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцоогүй байх ба зөвхөн батлан даагчийн хувиар хариуцлага хүлээхээр тохиролцож, батлан даалтын гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.”, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.
Батлан даалтын гэрээний үүрэг нь үндсэн гэрээний үүргээр тодорхойлогддог, түүнээс шууд хамааралтай байдаг тул үндсэн үүрэг үүссэн гэрээний хүчин төгөлдөр байдал, үндсэн үүргийн маргаан шийдвэрлэгдсэн байдал болон худалдах-худалдан авах гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон, мөн төлбөрийн чадваргүй болсон, батлан даагч нөхөх хариуцлага хүлээх үндэслэл бий болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний буюу үндсэн гэрээний үүргийг батлан даагчаас шууд шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК-нд холбогдох 1 668 526 213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 500 581.07 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ