Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/02753

 

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/02753

Улаанбаатар хот

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг  даргалж, шүүгч Ж.Сэмжид, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ихотхон 41 а байрны 0 тоот хаягт байрлах Ш /РД:9915567/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах У /РД:2646161/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 21, 685,310 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, түүний өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.                                                   

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа :

Манай Ш нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрчний гудамж Ихотхоны 41А, 41Б, 41В байрнуудын засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Ихотхоны орон сууцууд 2015.01.01-ний өдрөөс ашиглалтанд орсон. 2016 онд У ТӨХК-д барилга байгууламжийн эрчим хүчний 240 ширхэг тоолуурыг бүрэн хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгснөөс хойш эрчим хүч цахилгаантай холбоотой ямар нэгэн доголдол, асуудал үүсч байгаагүй. 2019 оны 2,3 дугаар саруудад У ТӨХК-ийн Хан-Уул дүүргийн хэрэглэгчийн үйлчилгээний төвөөс цахилгааны тоолуурын ээлжит баталгаажуулалт явагдаж байгаа талаар оршин суугчдад удаа дараа зарласан. Энэ зарлалын дагуу У ТӨХК нь 2019.02.15-аас 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд 41Б, 41В байрнуудын нийт 162 айлын тоолуурыг баталгаажуулалтанд оруулж буцаагаад тавьж өгсөн. 2019.04.03-ны өдрийн 23.00 цагийн үед 41Б байрны 8 давхрын зүүн жигүүрийн цахилгааны щит гэнэт шатаж гал гарснаас үүдэн босоо мегастрал шугамууд шатаж 41Б байрны зүүн жигүүрийн бүх айл өрхийн цахилгаан тасарсан. Ингээд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах 14 дүгээр ангид дуудлага өгснөөр гал унтраах ангийн бүрэлдэхүүн 23.20-00.50 цагийн хооронд галыг бүрэн унтраасан. Гал унтраасны дараа 41Б байрны тоолууруудыг шалган үзэхэд 4 айлын тоолуурыг У ТӨХК Хан-Уул ХҮТ нь ээлжит баталгаажуулалтанд оруулаад буцааж тавихдаа сайн бэхлээгүй, эрэг боолтыг чангалаагүй, тоолуур сул байсан, хэвийн ажиллагааг алдагдуулсан зөрчил илэрсэн. Иймд энэ зөрчлийг У ТӨХК Хан-Уул ХҮТ-д мэдээлж дуудлага өгснөөр тоолуурын инженер гэх хүн ирж Ш-ны цахилгаанчин Анхбаатартай хамт цахилгаан щитний  тоолууруудыг дахин шалгахад 41В байрны 4 айлын тоолууранд мөн л дээрх зөрчил илэрсэн.

Манай Ш нь 2019.04.04-ний өдөр, 4 дүгээр сарын 10-ны өдрүүдэд ХУД-ийн ОБХэлтэс, НОБГазар, ХУД-ийн МХГазар, У ТӨХК-ийн Хан-Уул ХҮТ-д гал гарсан шалтгаан, галын голомт хаанаас эхэлсэн, мөн нөхцөл байдлын талаар дүгнэлт гаргуулахаар албан бичиг хүргүүлж байсан. Нийслэлийн онцгой байдлын газраас гал гарсан шалтгааны талаар шинжээчийн дүгнэлт гаргасан. У ТӨХК нь айл өрхийн тоолуурыг ээлжит баталгаажуулалтанд оруулан буцаан тавихдаа хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэг, аюулгүй ажиллагааны норм, стандарт, холбогдох дүрэм журмыг зөрчиж  хэвийн ажиллагаа, оршин суугчдын эрүүл аюулгүй байдлыг алдагдуулж нийт 27 айлын тоолуур цаашид дахин ашиглах боломжгүйгээр шатаж, СӨХ-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөнд гэм хор учруулаад байна. Ш нь 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуримтлагдсан засвар үйлчилгээний төлбөр байхгүй байсан тул шатсан интернэт кабелийн утас, холбооны утас, галын дохиоллын утас, лифтний 2 тэжээлийн кабель, давхрын гэрэлтүүлгийн кабелууд, 27 ширхэг айлын тоолуурын автомат, цэнэг шавхагч зэрэг бусад зардлыг яаралтай арга хэмжээ авахын тулд Мон ИХХК-тай барилгын бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, засвар үйлчилгээгээ хийлгээд байна. Иймд хариуцагч У ТӨХК-иас Ш-ны дундын өмчлөлийн эд хөрөнгөнд учруулсан хохирол болох 21,685,310 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266, 376.55 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Барилга байгууламжид 4 утас хоолойгоор явж давхар бүрийг тогоор хангадаг. Тоолуур нь орон сууцны өмчлөгчийн өмч юм. 8 жил тоолуур баталгаажуулж, Баатар дулаан хаан ашиглалтыг хариуцдаг. 2019.02.13-2019.02.22-ны өдөр орон сууцанд тоолуурыг баталгаажуулж суурьлуулсан. Манайх сул боосноос болж гал гараагүй. Хэрэв буруу холболт хийсэн бол тог ирэхгүй, тог буудна. Сул боовол тог очихгүй. Хэрэглэгчийн босоо магистрал 8 давхраас гал гарсан. Барилга байгууламжид утас явдаг хоолоогойр 4 утас явдаг бөгөөд аль утаснаас гал гарсныг нь тодорхойлоогүй. Кабелийн, холбооны, цахилгааны утасны алинаас гал гарсныг мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр тоолуурын холболт буруу хийснээс гал гарсан гэж дүгнэлт гараагүй.  Щитэд байгаа дамжуулах утсыг манайх хариуцахгүй, дамжуулах утасны аюулгүй байдал, засвар үйлчилгээг Баатар дулаан хаан хариуцдаг бөгөөд дамжуулах утасны элэгдэл чанар, засвар үйлчилгээ хийгээгүйтэй холбогдон утас хоорондоо маасалж гал гардаг, тэгэхээр аль утаснаас гал гарсан талаар дүгнэлт байхгүй, тоолуурыг баталгаажуулснаас хойш 2 сараа дараа масс үүсэж гал гарах боломжгүй, дутуу сул боосон бол тог очих боломжгүй тул бид хариуцахгүй. Мөн  дамжуулах цахилгаан утаснаас хоорондоо хамгаалсан пускаталнууд шууд унтардаг. Баталгаажуулсан тоолуурыг хүлээлгэн өгөхдөө акт үйлддэг. Цахилгаан эрчим хүчний дүрэм 2001 оны №263 дугаар тогтоол. Утасны аюулгүй байдал хангасан, хэвийн байсан, урсгал засвар хэрхэн хийсэн талаар баримт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч У-д холбогдуулан нэхэмжлэгч Ш нь гэм хорын хохиролд 21 685 310 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нь “... У ТӨХК нь 2019.02.15-аас 2 дугаар сарын 22-ны өдрүүдэд 41Б, 41В байрнуудын нийт 162 айлын тоолуурыг баталгаажуулалтанд оруулж буцаагаад тавьж өгсөн. 2019.04.03-ны өдрийн 23.00 цагийн үед 41Б байрны 8 давхрын зүүн жигүүрийн цахилгааны щит гэнэт шатаж гал гарснаас үүдэн босоо мегастрал шугамууд шатаж 41Б байрны зүүн жигүүрийн бүх айл өрхийн цахилгаан тасарсан. Ингээд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын гал унтраах 14 дүгээр ангид дуудлага өгснөөр гал унтраах ангийн бүрэлдэхүүн 23.20-00.50 цагийн хооронд галыг бүрэн унтраасан. Гал унтраасны дараа 41Б байрны тоолууруудыг шалган үзэхэд 4 айлын тоолуурыг У ТӨХК Хан-Уул ХҮТ нь ээлжит баталгаажуулалтанд оруулаад буцааж тавихдаа сайн бэхлээгүй, эрэг боолтыг чангалаагүй, тоолуур сул байсан, хэвийн ажиллагааг алдагдуулсан зөрчил илэрсэн. Иймд энэ зөрчлийг У ТӨХК-иас гэм хорын хохирол 21,685,310 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

 

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь “Манайх сул боосноос болж гал гараагүй. Хэрэв буруу холболт хийсэн бол тог ирэхгүй, тог буудна. Сул боовол тог очихгүй, сул боосон, дутуу холбосон болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй. Хэрэглэгчийн босоо магистрал 8 давхраас гал гарсан. Аль утаснаас гарсныг нь тодорхойлоогүй. Кабелийн, холбооны, цахилгааны  утасны алинаас гал гарсныг мэдэхгүй. Шинжээчийн дүгнэлтээр тоолуурын холболтоос гал гарсан гэж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй ” гэж маргажээ.

 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг. Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс

үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

 

       Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр хариуцагч У нь 2019 оны  2 дугаар сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Ихотхоны 41Б байрны цахилгааны тоолуур баталгаажуулалтын ажлыг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

 

       2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 207/1093 тоот шинжээчийн дүгнэлтэд “... Хувьсах гүйдлийг хэмждэг цахилгаан тоолуур болон автомат гал хамгаалагчуудыг холбохдоо цахилгаан дамжуулах утсыг зохих стандартын дагуу чанга боох шаардлагатай ба сул боогдсон эсхүл зарим цахилгаан гүйдлийн утсыг сул орхисон тохиолдолд гал түймэр гарах боломжтой... ” гэж шинжээч дүгнэжээ.

 

        Хариуцагч У-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цахилгааны тоолуурыг сул боосноос гал гарах боломжгүй гэж татгалзаж байгаа боловч хариуцагчийн татгалзал шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байх ба хариуцагч нь 2019 оны  2 дугаар сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Ихотхоны 41Б байрны цахилгааны тоолуур баталгаажуулалтын ажлыг зохих стандартын дагуу хийж өгсөн, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь цахилгааны тоолуур баталгаажуулалтын ажлыг зохих стандартын дагуу ажлыг хийж өгсөн болохоо нотолж чадаагүй, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй байх тул тусгай мэргэжлийн ажлыг орон сууц өмчлөгчид тоолуурыг хүлээлгэж өгснөөр уг ажлыг зохих стандартын дагуу хийж гүйцэтгэсэн гэж шүүх үзэх боломжгүй байна.

 

        Хариуцагч У нь зохих дүрэм, журмын дагуу айл өрхийн  цахилгааны тоолуур баталгаажуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа бол уг ажлыг тухайн орон сууцыг хариуцсан СӨХ-ны цахилгааны инженер эсвэл орон сууцны цахилгааны засвар үйлчилгээг хариуцан ажиллаж буй мэргэжлийн байгууллагад нь цахилгааны тоолуур баталгаажуулалтын ажлыг хүлээлгэн өгч, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй нь хариуцагчийг доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгсөн гэж шууд үзэх үндэслэлгүй юм.

 

        Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д “... ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх” гэж зааснаар ажил гүйцэтгэгч доголдолгүй ажлыг хүлээлгэж өгөх үүрэгтэй байх тул доголдолгүй ажлыг хүлээлгэж өгсөн болох нь ажил хүлээлцсэн акт болон холбогдох баримт бичгээр нотлогдоно.

 

        Тэгвэл шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тоолуурыг айл өрхийн өмч тул айл өрхөд нь хүлээлгэж өгсөн гэх тайлбараас дүгнэвэл хариуцагч нь уг мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах тоолуурыг цахилгааны утаснаас салгах, холбох  ажлыг  айл өрхөд тоолуур хүлээлгэн өгч байгаагаар ажлаа хүлээлгэж өгсөн гэх хариуцагчийн уг ажиллагааг шүүх зөвтгөх үндэслэлгүй байна. Учир нь орон сууцны өмчлөгч бүхэн цахилгааны мэдлэгтэй байх боломжгүй бөгөөд цахилгааны ажил нь тусгай мэдлэгийн хүрээнд хийж гүйцэтгэдэг ажил болно.

 

        Иймээс уг гэм хорыг учруулсан этгээдийг хариуцагч У  гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн цахилгааны тоолуурын ажлыг баталгаажуулах ажлыг хариуцан ажиллаж байгаа этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

         Гэвч нэхэмжлэгч Ш  нь өөрийн ямар, ямар эд хөрөнгөд хэдэн төгрөгийн хохирлыг арилгахад хэдэн төгрөгийн зардал гаргасан талаараа баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

         Учир нь нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 14-35 хуудсанд авагдсан нотлох баримтыг өөрт учирсан гэм хорын хохирлыг арилгахад гарсан зардал гэж тайлбарлаж байх боловч уг баримтууд нь Мон ИХХК-ийн нэр болон регистрийн дугаартай  зарлагын баримт, Мон ИХХК-ийн шатахууны тасалбар, Мон ИХХК болон М.Х, Мон ИХХК болон Ч.М нарын хооронд байгуулсан барилгад засвар хийх тус тус гэрээнүүдээр нэхэмжлэгч Ш-оос  гарсан зардлын баримт гэж шууд үзэх үндэслэлгүй байна.

 

           Мөн оршин суугчийн өмч тоолуур болох түүний үнийг  нэхэмжлэгч Ш нь оршин суугч буюу өмчлөгчийн өмнөөс нэхэмжлэх эрхтэй болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул  уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, үүнтэй холбоотой баримтаа өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

         Хэрэг хэлэлцэх  явцад шүүх нэхэмжлэгчээс гарсан зардалтай холбоотой өөр нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад өөр баримт байхгүй, Мон ИХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ байхгүй гэж нэхэмжлэгч тус тус тайлбарласан, гарсан зардлыг нотлохоор хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлт болон нотлох баримт гаргуулах өөр хүсэлт гаргаагүй,   нэхэмжлэгч хууль зүйн туслалцааг мэргэжлийн өмгөөлөгчөөс авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иймд нэхэмжлэгч гэм хорыг арилгахад гарсан зардлыг нотлох нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаагүй, өөр баримт байхгүй гэж шүүхэд тайлбарлаж байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр нотлох баримт шаардаж,  шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй байна.

      

         Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 266 377 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118  дах хэсэгт заасныг удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч У-нд холбогдох гэм хорын хохиролд 21,685,310 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ш-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266 377 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

   

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ

 

                             ШҮҮГЧИД                                     Ж.СЭМЖИД

 

                                                                                              Ц.УРАНГУА