Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 319

 

                  

 

 

 

     2020            3              19                                      2020/ДШМ/319                                 

Э.Лхагвасүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Баярбаатар,

хохирогч Д.Хүрэлбат, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

шүүгдэгч Э.Лөмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Хүрэлбатын гаргасан давж заалдах гомдлоор Э.Лхагвасүрэнд холбогдох 2003000300020 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны  өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Э.Лхагвасүрэн, 1992 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Монгол болон Англи хэлний багш мэргэжилтэй, “Сүү” ХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Махатма Ганди гудамжны 17 дугаар байрны 34 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:АЮ92071537/;

Э.Лнь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Номин” супермаркетын гадаа автомашины зогсоолд “Isuzu” загварын 09-76 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас Д.Хүрэлбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Лүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овогт Энхтайваны Лхагвасүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Энхтайваны Лхагвасүрэнг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Лхагвасүрэнд оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Лнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч Д.Хүрэлбат нь гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Хүрэлбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өглөө ажилдаа хоцорч очсон. “Номин” супермаркетын гадаа би шүүгдэгчийг 30 минут хүлээж зогссон. Намайг ухрахдаа машин хараад зогсож байгаач гэхээр нь би жолоочид харагдахаар байрлалд зогссон. Тэгээд би дохио өгч орилсон. Нэг мэдсэн би гэмтэлд ирсэн байсан. Би гэмтэлд 6 хоног хэвтэж, хагалгаанд орсон. Дараа нь “Монгол Хьюндэй” эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Орой унтахад яс янгинаж өвддөг. Өөрөө надад эмчилгээний мөнгө, эм, тариа, таяг авч өгсөн, өөр хохирол төлөөгүй. Байгууллагаас 1.637.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Э.Лнь эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгож өгнө гэсэн боловч өгөөгүй. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх гэхээр Э.Лнь үл тоож, өнөөдрийг хүртэл эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын шатанд хэргийг бүрэн дүүрэн тогтоогоогүй. Байгууллагын зүгээс үйлдвэрлэлийн осолтой холбоотой акт бүрэн дүүрэн гараагүй, байгууллагын гэм бурууг тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь гэм бурууг бүрэн дүүрэн тогтоогоогүй гэж үзэж болохоор байна. Хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараа буюу 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гарсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт байгаа. Дээрх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Шүүхээс хэргийг бүрэн дүүрэн хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ялын санкци нь 450 нэгжээс 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох, мөн 720 цаг хүртэл албадан ажил хийлгэх ял оногдуулахаар байдаг. Энэ нөхцөл байдлаас гэм буруутай этгээд болох Лхагвасүрэнд ялыг хөнгөн оногдуулсан гэж үзэж байна.

Одоогоор биеийн байдал хүнд, бага насны /9 настай, 6 настай, 4 настай, 10 сартай/ 4 хүүхэдтэй. Ажил хөдөлмөр хийх боломжгүй, 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр баруун хөлийн 2 байрлал тавхайд рентген зураг авахуулсан боловч өмнөх байдал нь хэвээрээ эдгээгүй байсан. Байнгын хүний тусламжтай хөдлөх, хоол ундаа ч хийж идэж чадахгүй нөхцөл байдалтай байна. Ээж маань өндөр настай, намайг асарч биеийн байдал ч дээрдэхгүй, цалингийн зээлтэй, өр зээлээ ч өгч чадахгүй байсаар өдий хүрлээ. Иймд хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоож, хэргийн холбогдогч нарын гэм бурууг бүрэн гүйцэт тогтоож, эцэслэн шийдвэрлүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн Э.Лхагвасүрэнд хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. ...” гэв.

Хохирогч Б.Хүрэлбатын өмгөөлөгч Б.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн автомашины техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй байсан. Энэ хэрэгт байгууллагын гэм буруугийн асуудлыг орхигдуулсан. Үйлдвэрийн осол мөн эсэхийг тогтоогоогүй байхад шүүх шийдвэрлэсэн нь учир дутагдалтай. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хариуцагчаас нэхэмжлэх боломжтой. Гэтэл энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй. Э.Лүл тоосон байдалтай байдаг. Хохирогч бага насны хүүхэдтэй бөгөөд эхнэр нь асардаг. Эхнэр нь нөхрөө асардаг учир өрхийн орлого зогссон. Б.Хүрэлбатын гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж байна. ...” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Баярбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани хохирогч Б.Хүрэлбатад 1.637.000 төгрөгийг эмчилгээний зардалд өгсөн. Мөн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 636.000 төгрөгийг өгсөн. Үйлдвэрийн осол гэж үзсэн учраас хохирогч лист авах боломжтой. Б.Хүрэлбат ажиллаж байхдаа буюу туршилтын хугацаандаа осолд орсон. Гэвч компанийн зүгээс хохирогчийг бүрэн эдгэрсний дараагаар ажилдаа орох боломжтой гэж үзэж үндсэн ажилтан болгосон. Одоогоор өвчтэй буюу листтэй байгаа. 

Цаашид гарах эмчилгээний бодит зардлуудыг компанийн зүгээс гаргаж өгөх боломжтой. ...” гэв.

Шүүгдэгч Э.Лөмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан бөгөөд Э.Лүйлдсэн гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасантай нийцэж байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Э.Лнь 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 11 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Номин” супермаркетын гадаа автомашины зогсоолд “Isuzu” загварын 09-76 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас Д.Хүрэлбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Хүрэлбатын “...2020 оны 1 дүгээр сарын 1-ний өглөө би ажилдаа хоцорч очсон. “Номин-Супер” маркетын гадаа би шүүгдэгчийг 30 минут хүлээж зогссон. Намайг ухрахдаа машин хараад зогсож байгаач гэхээр нь би жолоочид харагдахаар байрлалд зогссон. Тэгээд би дохио өгч орилсон. Нэг мэдсэн би гэмтэлд ирсэн байсан. Би гэмтэлд 6 хоног хэвтэж хагалгаанд орсон. Би дараа нь “Монгол Хьюндэй” эмнэлэгт 10 хоног хэвтсэн. Орой унтахад яс янгинаж өвддөг. Одоо гомдолтой байна. Өөрөө надад эмчилгээний мөнгө, эм, тариа, таяг авч өгсөн. Байгууллагаас 1.637.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Одоо баримтаар нэхэх зүйл байхгүй. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хөлний зургаа авахуулна. Тэгээд гишгэж болох эсэхийг шийднэ гэсэн. 1 жилийн дараа миний хөлөнд хадсан зүйлийг авна гэсэн. ...” /хх-17-20, 78/,

иргэний хариуцагчийн төлөөлөгч  Г.Баярбаатарын “...Хохирогч Д.Хүрэлбат нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажилд туршилтын хугацаагаар ажилд орсон. ...Компанийн зүгээс үйлдвэрийн осол гэж үзсэн учраас Хөдөлмөрийн аюулгүй байдлыг судлан бүртгэх дүрмийн 1.15-д зааснаар байгууллагаас анхан шатны зардал, эмчилгээний зардал болох 1.637.985 төгрөг гаргасан байгаа. Мөн манай байгууллагаас шүүгдэгчийн гаргасан 382.000 төгрөгийг төлнө гэж байгаа. ...” /хх-25-27/,

Э.Ляллагдагчаар өгсөн “...Тэр өдөр хохирогч Д.Хүрэлбат ажилдаа хоцорч ирсэн. Над руу залгасаар байгаад намайг “Номин” супермаркет дээр бараа буулгаж байхад ирсэн. Бараагаа буулгаж байхад нэг машин гаръя гэж хэлсэн. Тэгээд би тэр машины байсан зайнд орох гээд нилээн давчуу газар ухарч байсан. Хохирогч машин ухрахад хойно надад харагдахуйц газар зогсож, надад зааварчилгаа өгсөн. Ухрах үйлдэл хийж байхад гэрэл асдаг. Хохирогч амбаарын ардуур орсон байсан болохоор надад харагдаагүй. Уг нь ард харж байгаа хүн машин зогсох болоход машин цохиж дохио өгөх ёстой. Би өөрөөсөө хохирогчид 382.000 төгрөг өгсөн. Байгууллагаас 1.637.000 төгрөг өгсөн байгаа. ...” /хх-67-68, 70-72/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Хүрэлбатын биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, баруун хөлийн тавхайн 4-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. ...” 982 дугаартай /хх-45-49/,

Автотээврийн Үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн “...ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд зүүн урд дохионы гэрлийн гадар хагарсан, зүүн урд талын оврын гэрэл ажиллахгүй, хойд дохионы гэрэл ажиллахгүй, баруун тоормозны гэрэл ажиллахгүй, зүүн хойд оврын гэрэл ажиллахгүй, дуут дохио ажиллахгүй гэх зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. ...Автомашиныг суваг дээр үзэхэд доод эд анги, хөдөлгүүр хэсэг тос гоожилт багатай, дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 11 мм байна. ...Техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...” 0118 дугаартай /хх-53-59/ гэх дүгнэлтүүд,

Зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7-11/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-13/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-16/, мөрдөгчийн магадлагаа /хх-62-63/, хохирогч Д.Хүрэлбатын хүсэлт /хх-79/, хохирол төлсөн баримтууд /хх-80-83/, хохирогч Д.Хүрэлбатын ажил байдлын тодорхойлолт /хх-86-93/,  хохирогч Д.Хүрэлбатыг ажилд авах тухай тушаал /хх-150/, хохирогч Д.Хүрэлбатын өвчний түүх /хх-101-123/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Лхагвасүрэнг Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Лнь тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Д.Хүрэлбатыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Д.Хүрэлбатын “...Хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт шалгаж, хэргийн холбогдогч нарын гэм бурууг бүрэн гүйцэт тогтоож, эцэслэн шийдвэрлүүлэхээр мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Мөн Э.Лхагвасүрэнд хөнгөн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо, хохирогчийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, иргэний хариуцагч “Сүү” ХК-иас 1.637.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон тооцоолох боломжгүй хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

Түүнчлэн хохирогч Б.Хүрэлбат нь “Сүү” ХК-д борлуулалтын туслах ажилтнаар ажиллаж байхдаа автомашинд мөргүүлснээс гэмтэл авсан ба дээрх нөхцөл байдлыг үйлдвэрлэлийн осолд тооцсон /ОМ/ болох Үйлдвэрлэлийн осол тогтоосон 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн актаар тогтоогдож байна.

Ажил олгогч “Сүү” ХК, ажилтан Б.Хүрэлбат нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, ажилтан уг харилцааны явцад буюу хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлоо гаргуулах гомдол гаргажээ.

Үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд тусгагджээ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд, ажил олгогч үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан ялгамжтайгаар тодорхой хугацааны цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүрэгтэйг заасан байх бөгөөд хохирогч нь үйлдвэрлэлийн ослоос учирсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

Шүүгдэгч Э.Лнь хохиролд 382.000 төгрөгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, анхан шатны шүүх шүүгдэгч Э.Лхагвасүрэнг 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм бурууд нь тохирчээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Хүрэлбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/156 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Хүрэлбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ